Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1025

 

МАГАДЛАЛ

 

2018.05.02                                                     Дугаар 1025                                Улаанбаатар хот

 

 

 

Г А Н Э-ийн хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00714 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г А Н Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Д-д холбогдох,

 

11 329 745 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.П,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмчийн нарийн мэргэжил олгох 2 жилийн курст суралцах, төгсөж ирээд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажиллах гэрээ байгуулж суралцуулсан. Нэгдсэн эмнэлэг нь гэрээнийхээ үүргийг биелүүлж суралцах хугацааны цалин, сургалтын төлбөр, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн ба Х.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн эмнэлгийн даргатай байгуулсан мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтын гэрээ, 2016 оны 01 дүгээр сард Эрүүл мэндийн сайдад хандаж Х.Д-гийн гаргасан өргөдлийг тус тус үндэслэн түүнтэй байгуулсан гэрээг цуцалж, суралцах хугацаанд олгосон цалин шимтгэлийг нэхэмжилж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 10 дугаар сарын цалин 426 073 төгрөг, шимтгэл 46 868.03 төгрөг, нийт 472 941.03 төгрөгийг оруулан тооцсон байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Учир нь уг мөнгийг Х.Д-гийн данс руу шилжүүлээгүй байна. Иймд гэрээний 4.3-т зааснаар цалин 9 780 905 төгрөг, шимтгэл 1 075 898.97 төгрөг, нийт 10 856 803.97 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2013 оны 10 дугаар сарын 01-нд Мэргэжил эзэмшүүлэх сургалтын гэрээ байгуулсан боловч тухайн эмнэлэгт эргэж ажиллах боломжгүй нөхцөл байдал бий болсон бөгөөд одоо ч гэсэн энэ байдал арилаагүй байгаа болно. Х.Д нь суралцах хугацаандаа гэр бүлтэй болсон ба хадам ээж Ц.О-ийн эрүүл мэндийн байдал муу /мэдрэл, зүрх судасны хавсарсан хүнд өвчтэй/ байсан тул байнга хянах, харж асрах зайлшгүй шаардлагатай болсон бөгөөд одоо ч энэ байдал арилаагүй байгаа юм. Түүнчлэн хүүхэдтэй болсон бөгөөд өдгөө 5 сар 20 хоногтой байгаа. Хөдөлмөрийн тухай хуульд Эмэгтэй хүний хөдөлмөрийн харилцааг тусгайлан зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 106 дугаар зүйлд зааснаар хүүхдээ 3 нас хүртэл чөлөө авах эрхтэй байна. Энэ хуульд заасан үндэслэлээр хүүхдээ 2 нас хүртэл хугацаанд чөлөөтэй байх хүсэлтэй байгаа болно. Нөгөө талаас тухайн оны төсвөөс зарцуулсан болон төрийн сангийн зардалтай холбоотой асуудлыг эмнэлэгийн дарга болон нягтлан бодогч нар нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Харин Х.Д нь хүүхдээ 2 нас хүрсний дараа тус эмнэлэгт очиж ажиллах болно. Иймээс үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Д-аас цалин 9 780 905 төгрөг, шимтгэл 1 075 898.97 төгрөг, нийт      10 856 803.97 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г А Н Э олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагч Х.Д-аас нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 188 658 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г А Н Э огт хамааралгүй, гэрээний үүргийн харилцаа үүссэн субъект биш гэдгийг илтгэж байхад энэхүү гэрээний дагуу шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгосныг эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасан “Үүүрэг гүйцэтгүүлэхээр бус харин тодорхой үйлдэл хийлгэх буюу үйлдэл хийхгүй байхаар хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн тохиолдолд нөгөө этгээдийн үйлдэл буюу эс үйлдэхүй хөрөнгө шилжүүлсэн этгээдийн хүсэл зоригт нийцэхгүй бол шилжүүлсэн зүйлээ буцаан шаардаж болно.” гэж хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардах эрхтэй болохыг тогтоосон нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардахад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх гэсэн хуулийн нөхцөлийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Улмаар талуудын хооронд гэрээ байгуулсаны үндсэн дээр үүргийн харилцаа үүссэн, гэрээний хэрэгжилтийн хугацаа "Мэргэжил эзэмшүүлэх сургалтанд суралцагчтай хийх гэрээ"-ний 2.2-т зааснаар 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг дуустал 7 жилийн хугацаатай мөрдөнө гэсэн байхад талуудын хооронд ямар төрлийн гэрээ байгуулагдсан, нэгэнт тус гэрээний үүрэг дуусгавар болгох хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцлах гэрээнээс татгалзах зэрэг хуулийн аль үндэслэлийг авч үзэх, мөн түүнчлэн гэрээг дуусгавар болох талаар хууль, гэрээнд заасан журам ямар байсан, түүнийг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр, гэрээнээс үндэслэсэн шаардах эрхийг тодорхой болгохгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх энэхүү хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж төлбөр гаргуулсан атлаа эрүүл мэндийн яаманд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчаас гаргаж байсан гэх өнөөдрийг хүртэл хариуг нь ирүүлээгүй өргөдлийг үндэслэж хэргийг шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулалгүй тэдний мэтгэлцэх эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тухайн өдөр шүүх хуралдаан товлосон цагаасаа хойш 3 цаг өнгөрсний дараа хурлаа хийсэн. Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч хуралдаан товлосон цагтаа ирээд бүтэн 2 цаг хүлээсэн учраас дараагийн хурал, ажлын цаг болоод явсан. Иймд хуралдаан товлосон цагтаа болоогүйд харицагч буруугүй болно. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль хэрэглээ болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Г А Н Э нь хариуцагч Х.Д-д холбогдуулан 11 329 745 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Э М Х Т , Г А Н Э Г , Х.Д нар 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн санхүүжилтээр суралцагчтай байгуулах гэрээг байгуулж, өрхийн эмч ажилтай Х.Д-ааг мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ мэргэжлээр мэргэшүүлэх 2 жилийн сургалтанд төрийн санхүүжилтээр суралцуулахаар гурвалсан гэрээг харилцан тохиролцож байгуулсан байна. Х.Д нь мэргэшүүлэх сургалтыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төгссөн тул “Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч” мэргэшлийн үнэмлэхийг олгосон байна. Хариуцагч нь сургалтаа дуусган дээрх гэрээний дагуу Г А Н Э очиж ажиллах байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна./хх 57-58/

Тодруулбал, хариуцагч нь тус эмнэлэгт очиж ажиллах боломжгүй гэх байдлаа “...гэр бүлтэй болж тодорхой шалтгаантай болсон...” гэж тайлбарласан боловч энэ нь үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанай байсан гэх үндэслэл болохгүй байна. Иймд нэхэмжлэгч байгууллага нь гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцалсан нь зөв байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн сурч байх хугацааны цалингийн хэмжээгээр хохирлоо тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...Г А Н Э хамааралгүй...” гэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь гурвалсан гэрээ буюу “Төрийн санхүүжилтээр суралцагчтай байгуулах гэрээ”-нд заасан сургалтын төлбөр, тэтгэлгийг буцаан төлөхийг шаардах эрх Э М Х Т д, харин Г А Н Э нь цалин олгосон үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч байгууллагад учирсан хохирлыг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

Анхан шатны шүүхээс хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй гэх байдал тогтоогдоогүй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00714 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Д-аас 10 856 803.97 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 188 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ЗОЛЗАЯА

 

          ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

 

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ