| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/01110/и |
| Дугаар | 1106 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 1106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01110/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...-р гудамж, ... тоотод оршин суух, утас ..., ... регистрийн дугаартай, Б овогт Б.Б нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... тоотод оршин суух, утас ...,...регистрийн дугаартай, Б овогт Б.М д холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.Мтэй 2015 онд танилцсан. Бидний дундаас 2017 оны 06 дугаар сарын 28-нд хүү Б.Б. төрсөн. Танилцаад сар болоогүй байхад надад гар хүрсэн. Би тэгээд ээжийндээ хүүгийн хамт очсон. Маргаан гарснаас хойш тусдаа амьдарч байгаа. Хүү Б.Б. 13 дугаар цэцэрлэгт явдаг, одоогоор бие тааруу болоод цэцэрлэгтэй явахгүй байгаа. Тусдаа амьдарснаас хойш эцэг нь нэг ч удаа эргэж анхаарал хандуулж байгаагүй. Б.М нь удаа дараа авир гаргаж миний хүүхэд биш гэх мэтээр уцаарладаг. Б.Мэс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Б.Б.ын төрсөн эцэг нь мөн бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би улирлын чанартай ажил эрхэлдэг тул олсон орлогоосоо өөрийн хүүхдээ тэжээн тэтгэнэ гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Б. нь хариуцагч Б.Мд холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын ****** багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, “*******” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байна гэсэн эмчийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч Б.М нь хүүхдийн эцэг болохыг зөвшөөрч маргаагүй бөгөөд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Б., хариуцагч Б.М нар нь 2015 онд танилцаж, гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байх хугацаандаа 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Б.Б.ыг төрүүлсэн байна.
Зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй үндэслэлээр Б.Б.ыг эх Б.Б.эр овоглосон байх бөгөөд хүүхдийн эцэг мөн болохыг хариуцагч зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Б.ын төрсөн эцэг нь Боржигон овогт Боовонгийн М мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Зохигчид нь хамтран амьдарч байх хугацаандаа зан харьцааны таарамжгүй байдалтай байсан байх бөгөөд улмаар хариуцагч Б.М нь эхнэр Б.Б.н эрх чөлөөнд халдсаны улмаас шүүхээр ял шийтгүүлж байсан талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй ба цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх боломжгүй талаар тайлбар гаргаж, хүүхдээ өөрийн асрамжинд байлгаж, эцгээс нь тэтгэлэг гаргуулах шаардлагын талаар хариуцагч маргаагүй болно.
Иймд хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид эрүүл саруул өсөн бойжиж байгаа талаар ирүүлсэн ******* өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт болон эхийн асрамжийн талаар дутагдалтай байдал тогтоогдохгүй байх тул хүүхдийн насны байдал, эхийн халамж, ахуй нөхцөл бололцоо зэрэг нөхцөл байдлыг харгалзан хүү Б.Б.ыг эх Б.Б.н асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар Б.Б.ыг эцэг Б.Мэр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Б.ын төрсөн эцэг нь Б овогт Б.М мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Б.Б.ыг эх Б.Б.н асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Мэр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Б.М, эх Б.Б. нарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 140 400 төгрөг, мөн нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 33 105 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА