| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2023/00040/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/49 |
| Огноо | 2023-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Дамдинбазар |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/49
2023 06 27 2023/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Ш.Дамдинбазар
Шүүгдэгч Р.Эрдэнэшоо нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ш.Дамдинбазараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Луугийнхан овогт Рэнжавын Эрдэнэшоод холбогдох эрүүгийн 2340000000036 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 1972 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, 51 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монгол-Алт” ХХК-д галч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулан 3 дугаар хэсэг 22 дугаар гудамж 4156 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Луугийнхан овогт Рэнжавын Эрдэнэшоо. /РД:ДЕ72120615/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 7-715 тоотод байрлах Н.Мөнхжингийн гэрийн хажуу талын жижиг гэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.Сансардумыг “чи надаас сална гэсэн үү, чи энд нөхөртэй болоод салъя гээд байгаа юм уу” гэх шалтгааны улмаас түүний цээж, баруун, зүүн гар, нуруу хэсэг, баруун, зүүн шанаа, баруун, зүүн гуяны хэсэгт өшиглөх, үснээс нь зулгаах, хазах зэргээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Р.Эрдэнэшоогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлттэй бүрэн танилцсан. Шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хүсэлт байхгүй. Хохирогч Г.Сансардумын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Прокурорын санал болгосон торгуулийн ялыг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Уг ялыг төлнө” гэх мэдүүлэг.
Хоёр: Эрүүгийн 2340000000036 дугаартай хэргээс улсын яллагч:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас)
-Хохирогч Г.Сансардумын 2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2022 оны 05 дугаар сарын эхээр нөхрөөсөө салахаар шийдээд 2 хүүхдээ аваад Бор-Өндөр суманд өөрийнхөө гэрийг ачаад ирсэн. Ирээд гэрээ ээжийнхээ хашаанд барьж орхиод 47 дугаар байранд төрсөн дүү Сансартуяагийнд 2 хүүхдийнхээ хамт амьдарсан. Ирснээсээ хойш нөхөртэйгээ хааяа утсаар яриад хот орохоороо хааяа ганц хоёр уулзаад буцаад наашаа ирдэг байсан. Сая энэ оны 05 дугаар сарын эхээр манай нөхөр Р.Эрдэнэшоо ирээд манай ээж, дүү хоёртой уулзаад уучлалт гуйгаад, би дахиж гар хүрэхгүй, зодохгүй, хүүхэнтэй орооцолдохгүй гээд уучлалт гуйгаад миний авч ирсэн гэрийг ачаад Улаанбаатар хот руу буцсан. Би энэ оны 05 дугаар сарын 14-нд Улаанбаатар хот руу эмнэлэгт хэвтэхээр яваад 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгүүлсэн юм. Би эмнэлгээс 05 дугаар сарын 25-ны өдөр гараад өөрийнхөө гэрт нөхөр лүүгээ очиход гэртээ ганцаараа жоохон уучихсан байсан. Би Бор-Өндөр сумаас ирэхдээ хүүгээ авч очоод аавтай нь үлдээгээд эмнэлэгт хэвтсэн. Гэрт ороход хүү маань унтаж байсан. Гэртээ ороод хувцсаа тайлаад хоол унд идээд унтах гэж байхад манай нөхөр нэг 2.5 литрийн том пиво гаргаж ирээд хамт уух уу гэхээр нь би тэгье гээд нэг аяга уусан. Уугаад хүүгийнхээ хажуугаар ороод хэвтсэн чинь энийг хамт уугаад дуусгачих гэхээр нь би уухгүй гэсэн чинь босоод ирээчээ гээд байхаар нь би босоод хажууд нь очоод нөгөөдөх пивоноос нь уугаад сууж байтал үхэж байсан муу пиздааг алж байгаад санаа амарна гээд хэлсэн. Би тэгэхээр нь чимээгүй л сууж байсан. Тэгээд өөр юм ярихгүй байхаар нь хэвтээд өгтөл миний толгой руу ар хэсэгт 2-3 удаа гараа зангидаад цохисон. Би ч юм хэлээгүй хөнжлөө нөмрөөд буруу хараад унтаад өгсөн. Нөхөр ч бас унтаад өгсөн. Маргааш нь хүүгээ аваад шууд Бор-Өндөр суманд ирсэн. Ирснээс хойш Улаанбаатар луу гэр лүүгээ очоогүй, энд ажлаа хийгээд байж байхад өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 03-ны орой ирсэн. Бор-Өндөр суманд ирчихсэн байна. Буудал хайгаад явж байна гэхээр нь буудалд хонохгүй ээ би гараад очъё гээд гараад очсон. Би нөхөртөйгөө уулзаад буудал яахын манай ахынх хүнгүй байгаа гээд бэр эгчтэй ярихад манай хажуу жижиг гэр хүнгүй байгаа тэнд хонуул хоно гэхээр нь би нөхөртөйгөө очиж хоносон. Хотоос ирэхдээ манай нөхөр жоохон уучихсан байсан. Ахынд очоод гэрт нь ороход 02 цаг болж байсан. Бид 2 тэгээд амрах гэж байхад хаалга цоожлоод чи надаас сална гэсэн үү, чи энд нөхөртэй болоод салъя гээд байгаа юм уу, би чамайг алаад хаячихая, тэгээд 2 хүүхдээ аваад яваад өгнө гээд миний цээж хэсэгт гараараа олон удаа цохисон мөн баруун, зүүн, гар, нуруу хэсэг, нүүрний баруун, зүүн, шанаа хэсэгт гараа зангидаад цохисон. Би яг хэдэн удаа гэдгийн бол мэдэхгүй байна. Маш олон л цохисон. Мөн зүүн гарын булчингийн дотор хэсгээс хазсан. Чамайг ална гээд хутга бариад зүүн эгэмний доод хэсэгт үзүүрээр нь тулгаад байсан. Мөн зүүн гуя хэсэгт өшиглөөд баруун гуяны гадна хэсэгт өшиглөсөн. Бас миний уруул хэсэгт нэг удаа гараараа цохиод үснээс маань зулгаагаад татаад байсан. Энэ бүх асуудал 02 цагаас 05 цаг 30 минут хүртэл үргэлжилсэн. Намайг зодож байхдаа миний гар утсыг нуучихсан байсан болохоор цагдаад мэдэгдэж чадаагүй. Өглөө 08 цаг 15 минутын үед нөхөр гэрээс шээхээр гарахаар нь утсаа хайтал гэрийн шаланд дэвссэн хивсний доор нуучихсан байсан. Би утсаа олоод гялс асаагаад охин Элбэгзаяа руугаа чат бичээд аав нь өчигдөр ирээд ээжийг нь зодчихлоо. Би Мөнхжин ахынд нь байна. Эмээ, Сансартуяа эгчдээ хурдан хэлээрэй гээд утсаа буцаагаад унтраацан. Шээхээр гарахдаа дэлгүүр ороод том пиво авч ирээд бас уугаад байсан. Тэгээд намайг хараад чи наадах хөхөрсөн хэсэг дээрээ оо түрх гэхээр нь би үгүй гэсэн чинь өөрөө миний нүүрний хөхөрсөн хэсэг дээр оо түрхэж өгсөн. Би бол чамайг зодоогүй зүгээр л чимхсэн гээд байсан. Тэгээд байж байхад өдөр 13 цагийн үед Сансартуяа ирээд араас манай ээж Гансүх ирсэн. Араас нь цагдаа нар ирээд нөхрийг маань наашаа цагдаа руу аваад ирсэн” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 04-06 дугаар хуудас)
-Иргэний согтуурлыг “Драгер” багажаар шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дугаар хуудас)
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Ж.Ариунзаяагийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 274 дугаартай дүгнэлтээр:
1.Г.Сансардумын биед зүүн чихний хэсэг, эрүүний зүүн хэсэг, цээж, хэвлийн урд хэсэг, 2 бугалга, шуу, нурууны хажуу хэсэг, баруун, зүүн гуяны хэсэг, өвдөг, шилбэ хэсгүүдийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, (хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас)
-Шүүгдэгч Р.Эрдэнэшоогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас) зэрэг нотлох баримтууд шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Жаргалантын 7-715 тоотод байрлах Н.Мөнхжингийн гэрийн хажуу талын жижиг гэрт гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Г.Сансардумыг “чи надаас сална гэсэн үү, чи энд нөхөртэй болоод салъя гээд байгаа юм уу” гэх шалтгааны улмаас зодож, түүний биед зүүн чихний хэсэг, эрүүний зүүн хэсэг, цээж, хэвлийн урд хэсэг, 2 бугалга, шуу, нурууны хажуу хэсэг, баруун, зүүн гуяны хэсэг, өвдөг, шилбэ хэсгүүдийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь:
-шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан хохирогч Г.Сансардумын мэдүүлэг /хх-ийн 04-06 дугаар хуудас/, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 274 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь хохирогч Г.Сансардумын биед зүүн чихний хэсэг, эрүүний зүүн хэсэг, цээж, хэвлийн урд хэсэг, 2 бугалга, шуу, нурууны хажуу хэсэг, баруун, зүүн гуяны хэсэг, өвдөг, шилбэ хэсгүүдийн цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учруулсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Энэ гэмт хэргийг шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж хуульчилсан.
Шүүгдэгч нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны шөнө хохирогчийн толгой ар хэсэгт 2-3 удаа цохиж, бие махбодид халдаж, зодсон, 2023 оны 06 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Р.Эрдэнэшоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь хохирогч Г.Сансардумын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд хохирогч Г.Сансардум нь шүүгдэгч Р.Эрдэнэшоогоос нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэх хүсэлтийг гаргасан байна.
Иймд шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгосон шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн заалттай нийцсэн байна.
Шүүгдэгч нь уг гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн, түүнд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Эрдэнэшоод урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Луугийнхан овогт Рэнжавын Эрдэнэшоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Луугийнхан овогт Рэнжавын Эрдэнэшоог 700 (долоон зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянган) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч Р.Эрдэнэшоо нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эрдэнэшоод урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Эрдэнэшоод авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ