Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

 

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Билгүүтэй /томилолтоор/, хохирогч ******, шүүгдэгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны  тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

********

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ****** нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ****** хотхонд хохирогч ******тай маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч ******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирогчийг урьд таньдаггүй байсан ба анх удаа айлд таарсан. Тухайн үед яг юунаас болоод маргаан цохион болсныг сайн санахгүй байгаа юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Хохирогчид учирсан гэмтлийг гараараа цохих байдлаар учруулсан. Хохирогч ****** нь эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй тул хохирол хор уршигт одоогоор барагдуулсан зүйл байхгүй байна.  Миний шүд бас хөдөлж хугарсан байсан, уг асуудалд би гомдолгүй гэж мэдүүлсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг,

2. Хохирогч ******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр найзындаа очихдоо эхнэрт нь сүү тараг бариад очсон. Манай найз яриад, “****** ах ирсэн, ганц юм бариад ир” гэхээр нь 5 буудлаас такси бариад очсон. Би найз нартайгаа жоохон юм уусан байсан. Гэхдээ тийм их согтоогүй байсан. ****** гуай барьж байсан архиа асгаад байхаар нь “айлын хивсэн дээр битгий асгаад бай” гэж хэлсэн “чинь чи юу гээд байгаа юм бэ” гээд намайг цохиод авсан. ****** гуай эхлээд цохихдоо уучлалт гуйсан. Дараагийн цохилт дээрээ уучлалт гуйгаагүй. Тухайн үед шөнө орой болсон байхад “ална” энэ тэр гээд айлд агсам согтуу тавиад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Би цагдаагийн газарт байхдаа “эр хүн шиг уучлалт гуйчих” тэгээд салъя гэж хэлсэн чинь уучлалт гуйхгүй гэсэн.  Би шүүгдэгчээс нэг л зүйл хүсмээр байна. Миний хүндэлж явдаг ахын хажууд эвгүй байдал гаргаж тав тухыг нь алдагдуулсан. Тиймээс ****** ахаас уучлалт гуйгаарай гэж хүсмээр байна Миний хувьд энэ хүнээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн ****** дугаартай хэргээс:

 

1. Хохирогч ******ы гар утсаар хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт баримтууд 7-9, 10-16 дахь тал),

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ы хохирогчоор өгсөн:

Би 2023 оны 10 дугаар сарын 15-ний өдөр найз ***** уулзахаар гэрт нь орой 23 цагийн үед очсон. Тэднийх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ****** хотхон ***** дугаар байранд 3 дугаар давхарт байсан тоотыг нь мэдэхгүй байна. Тэднийд ороход тэдний гэрт ******, ******гийн найз ах болон намайг цохидог залуу нар байсан ******гийн эхнэр нь жижиг өрөөндөө унтаж байсан. Би ороод том өрөөнд нь мах шарж идээд юм яриад сууж байтал надтай маргалдсан залуу гэв гэнэт босож ирээд “чи юу юм хэн юм” гээд миний зүүн хацар руу нэг удаа цохисон.

Тэгэхээр би дуугүй өнгөрөөсөн. Тэгээд би нойлын өрөө ороод цусаа угаах гэхэд миний араас аяга шидэх шиг болсон. Би цусаа угаагаад нүүрнийхээ зургийг дараад нойлын өрөөнөөс гарч ирээд, том өрөө рүү нь орсон чинь босож ирээд дахиад зүүн хацар руу нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гэсэн өөдөөс гутлаа шидсэн. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Бид маргасан зүйл байхгүй, гэв гэнэт босож ирээд цохиод авсан. Одоо миний толгой дүүрээд, зүүн нүдний доод хэсэгт хавдсан, хацар зүсэгдсэн юм шиг байна. Намайг цохисон залууг танихгүй. Хуулийн дагуу шалгаж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20-21 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* гэрчээр өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би өөрийн амьдарч байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны ****** тоот гэртээ байж байсан чинь найз ****** над руу утсаар яриад, найз нь архи уусан. Гэрээ бариад гэхээр нь би “манай гэрт хүрээд ир” гэж хэлсэн. Би өөрөө тухайн үед бас архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Удалгүй ****** такси бариад ирэхээр нь би таксины мөнгийг өгсөн юм шиг байна лээ. Яг давхцаад найз ****** гаднаас архи, согтууруулах ундаа аваад орж ирсэн. Ингээд бид нар хоорондоо ярилцаад танилцаад архи согтууруулах ундаа хэрэглэж байсан.

Тэгтэл ****** гаднаас орж ирэхдээ согтуу орж ирсэн учраас гэрийн маань хойморьт гарч суучхаад эхнэр болон ******, миний хуурай ах ****** нар руу “эд нар чиний барлагууд биз дээ” гээд ******тай маргалдаад хоорондоо барьцалдаж аваад зууралдаад байсан. Би өөрөө нэлээн согтуу байсан болохоор зарим үйл явдлыг нь санахгүй байгаа. Миний санаж байгаагаар бол бие биеэ боогоод байсан.

Удалгүй ****** цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар ирээд ******,  ****** хоёрыг аваад явсан. ****** над руу утсаар яриад би танай гэрт очиж болох уу хөгшин нь архи уусан байна гэхээр нь би хүрээд ирэх гээд байгаа бол хүрээд ирээч гэж хэлсэн чинь за гэж хэлээд ****** манай гэрт ирсэн. Миний санаж байгаагаар бол ****** ******ыг боож унагаасныг нь л санаж байна бусдыг нь сайн санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь ******ы хацар нь цус болсон байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь хуудас),

 

4. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13205 дугаартай:

“1. ******ы биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 34-35 дахь тал),

 

5. Хохирогч ******ы биед үзлэг хийсэн гэрэл зураг (хэргийн 75-77 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 15-ны орой 22 цагийн орчимд би найз ****** гэр болох нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****** хотхоны ****** тоотод очсон чинь ****** эхнэр болон ах нь зээтэйгээ байсан. Ингээд намайг ороод удаагүй байхад ****** гэдэг залуу орж ирсэн. Би ****** гэрт нь очихдоо нэлээн согтуу очсон. Ингээд бид нар юм яриад архи согтууруулах ундаа хэрэглэсэн.

Миний санаж байгаагаар бол би ******тай маргалдаад заамдалцаж аваад намайг боосон. Боож байхад толгойны ар хэсэг рүү нэг хүн цохисон. Хэн цохисныг санахгүй байна. Тог тасарчихлаа гэж бодсон чинь би ухаан алдсан байсан. Нэг сэрсэн чинь би сууж байсан газраасаа өөр газарт сууж байсан. Би ******д хандаж “та нар найзыгаа яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь ****** гэдэг залуугийн хацар нь шалбарсан байдалтай цус нь гараад хатсан байсан.

****** гэдэг залуу “чи намайг цохисон” гээд байхаар нь би “чамайг цохиогүй” гэж хэлсэн. Миний шүд болон нүүр хөл хөндүүр болсон байсан. Удалгүй цагдаа нар орж ирээд ****** бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Би ******ыг цохисноо санахгүй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 55 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 52 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 59 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 60 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 61 дэх тал), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 62 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ****** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, ****** хотхонд айлд зочилж байхдаа согтуурхан “чи хэн юм бэ, барлагууд” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч ******ы нүүр, хацар хэсэгт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч ******ы эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт, цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ****** түүний нүүр хэсэгт гараараа цохисон үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.  

 

Шүүгдэгч ******ын хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч ****** нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч ******ы биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч ****** нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлсэн баримттай байх байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч ****** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 57 дахь талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч ******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн,

шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож,

гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч ****** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан ******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон          

                                                            

ТОГТООХ нь:

 

1. ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан ******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД