Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 1115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/01105/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, ******* сум, ...-р баг, ... тоотод оршин суух, утас ..., ... регистрийн дугаартай, Ц овогт А.Б нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ******* сум, ...-р баг, ... тоотод оршин суух, утас ...., ... регистрийн дугаартай, С овогт Ш.Б.д холбогдох

23 229 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие А.Б. нь Ш.Б.д 23 000 000 төгрөгийг сарын 1.3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн болно. Үүнээс төлсөн нь 2017 оны 9 сард 3 000 000 төгрөг, 2017 оны 11 сард 3 000 000 төгрөг төлсөн. Ш.Б. зээл төлөх хугацааг олно сар жилээр хэтрүүлж хуурч мэхлэн төлөхгүй байгаа тул зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 8 229 000 төгрөг, нийт 23 229 000 төгрөгийг гаруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Ш.Б. миний бие 2017 оны 5 сард А.Б.гаасс 23 000 000 төгрөг зээлсэн нь үнэн. Уг мөнгийг 4 сарын хугацаанд буцаан төлөх харилцан тохиролцоотой байсан боловч хувийн бизнесийн доголдлын шалтгааны улмаас 2017 оны 9 сард 5 000 000 төгрөг, 2017 оны 11 сард 3 000 000 төгрөгийг буцаан төлсөн. А.Б.д үндсэн зээлийн үлдэгдэл болох 15 000 000 төгрөгийг 2020 ондоо багтаан төлнө гэдгээ илэрхийлсэн. Уг зээлийг харилцан тохирсон хугацаа болох 4 сарын буюу /2017.5-2017.09/ хүүг сарын 1.3 хувиар тооцож төлнө. Энэ хугацаанаас хойших хүүг төлөх боломжгүй. Учир нь А.Б.тай 2017 оны 11 сард аман хэлбэрээр тохирч зөвшилцөлд хүрсэн байсан гэжээ.

Нэхэмжлэгч А.Б.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ш.Б. шүүхэд гаргасан тайлбартаа үлдэгдэл зээлийн төлбөр 15 000 000 төгрөгийг, 4 сарын хүүгийн хамт төлнө гэж хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн тайлбарын дагуу үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15 сая төгрөг, 4 сарын хүү 1 196 000 төгрөг нийт 16 196 000 төгрөг болгож нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б. нь хариуцагч Ш.Б.д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг, зээлийн хүү 8 229 000 төгрөг, нийт 23 229 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд үндсэн зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөг дээр зээлийн хүүг 4 сараар тооцож, нийт 16 196 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг бууруулжээ.

Хариуцагч нь зээлийн гэрээнд зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөгийг, гэрээнд заасан хүүгийн хамт төлнө гэж тайлбар гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан  хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан хэрэгт хариуцагч Ш.Б.гийн гарын үсэг бүхий баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримтад Ш.Б. нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр А.Б.гаас 23 000 000 төгрөг зээлсэн. Зээлийг төлбөрийг 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төлнө. Энэхүү мөнгөөр North Benz шалаанзыг худалдан авах зорилгоор зээлсэн. Сарын хүүг 1,3 %-иар тохирсон гэж дурдаж, гарын үсэг зурсан байна.

Дээрх баримтад зурсан гарын үсгийг хариуцагч үгүйсгээгүй ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсэг зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцохоор зохицуулсан тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж тус тус заажээ.

Хариуцагч нь зээлийн төлбөрт 2017 оны 9 сард 5 000 000 төгрөг, 2017 оны 11 сард 3 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй болно.

Иймд хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш төлбөр шилжүүлсэн байх тул үндсэн зээл 23 000 000 төгрөг х 1,3%= 299 000 /сарын төлбөр/, 4 сарын хүү х 299 000 төгрөг= 1 196 000 төгрөг, 23 000 000 төгрөг + 1 196 000 төгрөг=24 196 000 төгрөг төлөх үндсэн үүргээс төлбөрт төлсөн 8 000 000 төгрөгийг хасч үлдэх 24 196 000 – 8000 000= 16 196 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Хариуцагч А.Б.д шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул түүнийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар хариуцагч Ш.Б.гөөс 16 196 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б.д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274 095 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 238 930 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл албадан биелүүлэх учиртайг мэдэгдсүгэй.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.        

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АЛТАНТУЯА