| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2024/0137/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/146 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/146
2024 02 20 2024/ШЦТ/146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******д холбогдох эрүүгийн 23100 4127 0087 хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Сүрмандах, шүүгдэгч ****** нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч ****** нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Монгол Плазагийн Хаан банкны киоск машинаас хохирогч ****** нь өөрийн нагац дүү ****** эзэмшдэг Хас банкны ****** тоот данс руу 17.875.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад Хас банкны ******ы эзэмшдэг ******тоот данс руу андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээний 17.875.000 төгрөгийг хувьдаа завшиж, ******д 17.875.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******ы өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв тайлбар өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Прокуророос гардуулсан яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу болон хэргийн үйл баримтад маргахгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна. Би тухайн мөнгийг ашиглана гэж бодоогүй. Миний өөрийн охин нас бараад 5 хүүхдийг хувцаслах гэтэл миний дансанд мөнгө орсон байсан. 17.875.000 төгрөгийг буцаагаад хохирогчид шилжүүлсэн. Ийм хэрэгт холбогдсондоо харамсаж, маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг.
Хоёр: Эрүүгийн ******* дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******гийн хохирогчоор өгсөн:
“...Би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 44 минутад Хаан банкны киоск машинаас өөрийн нагац дүү ***** эзэмших Хас банкны ****** данс руу 17.875.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад ****** данс руу алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн байсан. Тэгээд тэр үедээ мэдээгүй байж байгаад энэ оны 10 дугаар сарын 16-ний өглөө банкнаас лавлахад ”өөр хүний дансанд орсон байна” гэж хэлснээр мэдсэн.
Тэгээд Хас банкны ажилтантай уулзахад ************* гэх эзэмшигчтэй дансанд орсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд надад холбогдох дугаарыг өгөөгүй. Банкнаас ************* гэх хүнтэй холбогдоход хөдөө банкгүй, сүлжээгүй газар явж байна гэж хэлсэн гэсэн. Дахиж банкнаас асуухад” утсаа авахгүй байна, та цагдаагийн байгууллагад ханд” гэж зөвлөсөн.
Миний бие Хас банкны дансанд мөнгө шилжүүлж байгаад өөрөө данс андуурч хийсэн 17.875.000 төгрөгийг ******аас хүлээн авсан тул гомдол саналгүй. Данс андуурч хийсэн нь миний буруутай үйлдэл тул иргэн ******д гомдол саналгүй байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 13, 35- 6 дахь тал),
2. Хас банкны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №56/4896 дугаартай:
“************ /***************/ нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл тус банкны ******************** тоот данс эзэмшиж байна.” гэсэн албан бичиг, дансны хуулга (хэргийн 30-32 дахь тал),
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******ы сэжигтэн, яллагдагчаар өгсөн:
“...Хас банкны ****** тоот данс миний данс мөн. Миний утсанд мэдээлэл ирдэггүй болохоор эхэндээ би 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17.875.000 төгрөг орсон талаар мэдээгүй. Хотоос гарч явж байхад Хас банкны ажилтан гэх эмэгтэй залгаад таны дансанд хүн мөнгө андуураад хийчихсэн байна гэж хэлэхээр нь би сүлжээтэй газар очоод хийе гэж хэлээд салгасан. Тэгээд би шилжүүлээгүй мартсан байна лээ. Банкны ажилтан надад шилжүүлэх дансыг хэлээгүй. Интернэтээр банкаар орж мөнгө шилжүүлэх үйлдэл хийсэн боловч хөдөө миний интернэт уншаад байсан. Тэгээд мартчихсан байна лээ. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.
Миний эзэмшлийн Хас банкны ****** дугаарын данс руу мөнгө орсон талаар мэдээгүй. Би бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд 03 дугаар сарын үед орж байсан. Тэгээд дархлаагаа дэмжиж амрах хэрэгтэй гэхээр нь би Налайхаас цаашаа Өлийн булан гэх газарт амрахаар очсон байсан. Тэгтэл гэнэт 70-тай дугаараас Хас банкнаас над руу залгаад “эгч ээ таны данс руу хүн андуурч мөнгө шилжүүлсэн байна, та буцаагаад явуулаад өгөөч” гэж хэлсэн. Би “сүлжээгүй газар байна” гэдгээ хэлээд “энд интернэт банк ордоггүй, буцаагаад шилжүүлнэ” гэж хэлээд өнгөрсөн.
Тэгээд маргааш нь би уулан дээр гараад сүлжээтэй газар хайгаад интернэт ороод үзэх гэсэн ороогүй. Би тэр сүлжээгүй газар бараг 20-иод хоносон. Тэгээд байж байтал миний ганц охин өнгөрөөд, ажил явдал гараад мөнгө орсон гэдгийг мартаад яваад байсан. Тэгээд 01 дүгээр сарын 20-ны өдөр очиж уулзаж болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн.
Би хот руу талийгаач охины хүүхдүүдийг хувцаслах гээд хадгаламж барьцаалсан зээл авах санаатай Хас банканд хандсан. Би хуучин зээлээ төлж зөрүү мөнгө гаргаж авахаар байсан. Тэгээд Хаан банкны данснаасаа 9.000.000 төгрөг бэлэн аваад банкин дээр байсан. Банкны ажилтан “таны дансанд мөнгө байна, энэнээс суутгаад авчих уу” гэж асуусан. Тэгэхээр нь би “тэг тэг” гэж хэлээд хадгаламжийн зээл төлж зөрүү мөнгийг авсан.
Ажил явдал гараад, хагалгаанд наркозтой ороод мартаж санаад байдаг болсон байсан. Тэгээд ганц охиноо алдсан болохоор маш хэцүү байдалтай юун мөнгө санахтай үе байсан. Тухайн хүний мөнгийг бүрэн төлж барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 16-17, 21-22 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 25 дахь тал) иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 26 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 27 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хэргийн 28 дахь), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 29 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ бичгээр гаргасныг (хэргийн 37 дахь тал) прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 10 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэн, улмаар прокуророос шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж (хэргийн 40-42 дахь тал) эрүүгийн ********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******ы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч ****** нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Монгол Плазагийн Хаан банкны киоск машинаас хохирогч ****** нь өөрийн нагац дүү ****** эзэмшдэг Хас банкны ****** тоот данс руу 17.875.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад Хас банкны ****** дугаартай шүүгдэгч ******ы эзэмшдэг данс руу андуурч шилжүүлснийг шүүгдэгч нь зээлийн төлбөр хаах зэргээр хувьдаа завшиж, алдаатай гүйлгээний 17.875.000 төгрөгийг завшсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн шүүгдэгч ****** нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Монгол Плазагийн Хаан банкны киоск машинаас хохирогч ****** нь өөрийн нагац дүү ****** эзэмшдэг Хас банкны ****** тоот данс руу 17.875.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад Хас банкны ******ы эзэмшдэг ****** тоот данс руу андуурч шилжүүлсэн алдаатай гүйлгээний 17.875.000 төгрөгийг хувьдаа завшиж, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 8.876.215,8 төгрөгийн зарлага гаргасан нь Хас банкны дансны хуулга (хэргийн 31-33 дахь тал) баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч ******ыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч ****** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч ****** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч нь хохирогч ******д нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулга баримтууд, хэргийн 35 дахь талд хохирогчийн бичгээр гаргасан “17.875.000 төгрөгийг буцаан авсан тул гомдол саналгүй” гэсэн хүсэлт баримтаар нотлогдсон байна.
Шүүгдэгч ****** нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлөгдсөн, хохирогч, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар шүүхэд мэдэгдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох ба шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас шүүгдэгч ******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял санал болгосныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн ба түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч торгох ялын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ******ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 17.875.000 /арван долоон сая найман зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдаатай гүйлгээг хувьдаа завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ****** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, мөн хохирогч ****** нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД