Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/00725

 

 

 

 

                                               2021        03          05

                      101/ШШ2021/00725

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: ХХЗХ-ны нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Н з ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 410,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Н з” ХХК-д 2 жилийн хугацаатай радио давтамж ашиглах эрхийн бичгийг олгож, гэрээ байгуулсан. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар “Н з” ХХК нь 2014-2015 онд 245,000 төгрөг, 2015-2016 онд 245,000 төгрөг, нийт 490,000 төгрөгийн төлбөртэй байна. Уг төлбөрөөс 2014 онд 80,000 төгрөгийг төлж, үлдэх 410,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд “Н з” ХХК-иас радио давтамж ашигласны төлбөрт 410,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Н з” ХХК-ийн төлөөлөгч Ч.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

   Харилцаа холбооны зохицуулах хороотой 2014 онд радио давтамж ашиглах

гэрээ байгуулсан боловч манай компани уг давтамжийг ашиглаагүй. Учир нь компанид Нийслэлийн цагдаагийн газраас тусгай зөвшөөрөл олгоогүй тул үйл ажиллагаа явуулаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны шаардлага гаргах гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие Ковид-19 цар тахлын хамгаалалтад өндөр эрсдэлтэй газар үүрэг гүйцэтгэж байгаа. Иймд шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ХХЗХ нь хариуцагч “Ноён занги” ХХК-д  холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 410,000 төгрөг гаргуулах  тухай  нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан  байна.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 101414 тоот Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ХХЗХ нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хэт богино долгионы аналоги радио станцын зориулалтаар ашиглуулах, хариуцагч “Ноён занги” ХХК нь уг долгионыг харуул хамгаалалтын үйл ажиллагаанд зарцуулж, тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Хариуцагч “Н з” ХХК нь Радио давтамж ашиглах гэрээ байгуулсан  боловч гэрээний зүйлийг ашиглаагүй, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан. 

 

Нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Нэхэмжлэгч ХХЗХ нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Радио давтамж ашиглах гэрээний хугацаа дууссанаас хойш буюу шаардах эрх үүссэн үеэс эхлэн хариуцагч “Н з” ХХК-иас гэрээний үүрэг шаардаагүй байна.

 Нэхэмжлэгчийн гэрээний үүрэг шаардах хугацаа 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс тоологдож, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дууссан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа  түр зогссон, тасалдсан, эсхүл сэргээх нөхцөл байдал үүссэн талаархи баримт авагдаагүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч “Н з” ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 410,000 төгрөг гаргуулах тухай ХХЗХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БЯМБАЖАРГАЛ