Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124 

 

 

 

 

 

 

        2024            02           07                                         2024/ШЦТ/124     

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн **************** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ч.Батбаатар, хохирогч ******, иргэний хариуцагч ******, шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***********,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг 19 үйлчилгээний төвийн хойд талын замд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цаг 01 минутын орчим “Тоёота приус-20” маркийн ****** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ******ийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.         

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“Тухайн тээврийн хэрэгсэл ****** гээд манай ахын машин бөгөөд ахынхаа зөвшөөрлөөр тухайн өдөр би унаж явсан. Одоогоор би ажил хийхгүй байгаа. Цаашдаа хохирогчийн хохирол төлбөрийг нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч ******ээс ****** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр найз нөхөдтэйгээ тараад кароакед орсон. Би зам гарах гэж яваад замын боржуур дээр унасан. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Хойноос нь шидэгдэж гарсан гэж хэлсэн. Энэ хүн хурд хэтрүүлж явсан байх. Дунд чөмөгний хугаралтай дунд чөмөгт төмөр суулгуулсан. Цаашид хэдий хугацаанд эдгэхийг мэдэхгүй байна. Дунд чөмөг удаан эдгэдэг. Байнга өвдөөд өвчин намдаах эм ууж байж унтдаг.

Удаан зогсож болон сууж чадахгүй. Шүүгдэгч намайг эмнэлэгт байхад 1 удаа ирсэн. Дараа нь сувилалд хүргэж өгсөн. Мөнгөгүй болоод энэ хүн рүү залгахад “дараа нь залгая” гэж хэлээд залгадаггүй. Оргил рашаан сувиллын зардлыг төлсөн байсан. Нийт үнийн дүнг сайн мэдэхгүй байна. Оргил рашаан сувилалд хэвтсэн 1.100.000 төгрөгийг төлсөн. Одоо хэдий хугацаанд хэвтэхээ мэдэхгүй байна. Ажилгүй байсан хугацааны зардал хэдэн төгрөг, сэтгэл санааны хохирлыг би сайн мэдэхгүй байна. гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн ********** дугаартай хэргээс:

 

1. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 6-11 дэх тал),

2. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хэргийн 12 дахь тал),

3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 13-14 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ийн хохирогчоор өгсөн:

“...Би хоёр найзтайгаа хамт явж байсан. 19-ийн үйлчилгээний төвийн арын аркаар гарсан. Явган хүний гарцаар алхаж яваад цаашаа зам гарсан. Мөргүүлж шидэгдээд ухаан алдаад уначихсан. Эмнэлэгт ирээд мэдсэн. Өөр юм мэдэхгүй байна. Сэрсэн чинь хөлөө хадуулчихсан, нүүр ам халцарсан, нуруу янгинаж өвдөөд байсан. Дунд чөмөг сүүжний нарийн толгойгоор хугарсан хагалгаанд орж хадуулна гэсэн. Гуч тэр чигтээ хөндүүр хавдсан. 2 гар зулгарсан, нүүр шалбарсан. Сахар өссөн байдалтай байна. Одоогоор хохирлын баримт гэх юм байхгүй. Манай хүн хажууд явсан учраас гэрчилнэ. Хагалгаанд орох зардал, хагалгааны хүндрэл, цаашдаа зардал гарна. Ажилдаа явах чадваргүй болчихсон. Миний нэг сарын цалин 2.500.000 төгрөг. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ би дүрэм зөрчөөгүй.

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зам тээврийн осолд орсон. Одоогоор миний бие явж чадахгүйн улмаас хөдөлгөөний дэглэм барьж хүний асаргаанд байна. үүний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж бие болоод сэтгэл санааны хохирол учраад байна. Одоогоор хохирол барагдуулсан зүйл байхгүй. Бөгөөд цаашид сэтгэл санааны хохирол ажилгүй байсан үеийн орлого, цалин, эмчилгээний зардал мөн эхнэр болох ****** өнөөдрийг хүртэл намайг асарч ажилдаа явж чадахгүйн улмаас орлого байхгүй хохирч байна. Иймд дээрх хохирлуудыг холбогдогчоос гаргуулж өгнө үү. Бид одоогоор сэтгэл санааны болон санхүүгийн тал дээр хохирол гомдол саналтай байна. Уг хүн нь миний биеийг эмнэлгээс гараад сувилалд хэвтсэнээс хойш огт холбогдоогүй, утсаа салгах зэргээр анхаарал халамж тавиагүй. Ар гэртээ нь холбогдоход бидэнд хамаагүй зэргээр үл тоодог. Үүнээс харахад гэс буруугаа ухамсарлаж байгаа гэдэгт эргэлзэж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 29-31 дэх тал),

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч, хариуцагч Т.******ын өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн орчим эмнэлэг дээр хөнжил гудас аваад ир гэхээр нь очсон. Надаас машины талаар даатгал асуусан. *********** жолоодож явсан тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн машин бөгөөд ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 56, 59 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагч ******ын өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 01-ний  өдөр болсон ослын талаар мөрдөгчөөс сонссон. Тоёота приус-20” маркийн ****** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зарахаас өмнө миний эзэмшилд байсан. Тухайн иргэн мөнгөө шилжүүлж, 1 дүгээр хороолол, Саппорогийн тойрогт байдаг нотариатад итгэмжлэл хийлгэсэн. Тухайн тээврийн хэрэгсэл надад байхдаа бол даатгалтай байсан. Тухайн иргэн авснаас хойшхи  асуудлыг би мэдэхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэсэн мэдүүлэг (хэргийн 65 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******гийн гэрчээр өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дөрвүүлээ караокед орсон. Хойшоо зам гарах гээд тухайн шавар шавхайтай хэсэгт ****** согтуу байсан болохоор хальтарч унаад босохгүй байсан. Цуг явж байсан хүн болох ********* татсан боловч босгож дийлэхгүй байсан. Утсаар ярих гээд эргээд хартал хамаад явчихсан. Хамт явж байсан хүн болох ****** биед нь битгий хүрээрэй, цагдаа иртэл хүлээ гэсэн. Ухаангүй хөдөлгөөнгүй байж байсныг хараад байтал гар нь бага зэрэг хөдлөхөөр нь баярласан. Тэгээд ухаан алдсан. Түргэн цагдаа ирсэн. Жолооч 1 удаа ч утсаар яриагүй. Эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсан, амьдралаа авч явах чадваргүй болсон.” гэсэн мэдүүлэг (хэргийн 68 дахь тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ****** гэрчээр өгсөн::

“...2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн оройн 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төвийн ард караокед орсон. Тэгээд дөрвүүлээ аркаар гараад машин барих гээд зогсож байсан. Манай найз болох ****** болон ****** хоёр утсаар ярих гээд явсан. ****** бид хоёр зогсож байгаад замын хажуу талын шавхайн дээр ойчиж, босох гэтэл буцаад уначихсан. Өргөх гээд дийлэхгүй байхаар нь нөгөө хоёр руу хараад эргэх гэтэл машин дайраад явчихсан. Би машин дээгүүр нь гараад явчихаар нь орилоод зогсооч ээ гэсэн чинь машин огцом тооромз гишгээд зогсооход дугуй доороос нь мултраад араас нь гараад ирсэн. Жолооч нь бууж ирээд түргэн тусламж дуудсан. ****** нь аркны харалдаа газар буюу гарцнаас хажууд байсан. Өөрийнх нь унаснаас 5 алхам яваад явган хүний гарц байсан. Тухайн замын зорчих хэсгийн зах хэсэгт ертөнцийн зүгээр зүүн чиглэлтэй ****** нь хэвтэж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 73 дахь тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******гийн гэрчээр өгсөн::

“...****** нь миний төрсөн дүү. Манай дүү их тусч нөхөрсөг, дандаа хүнд тусалдаг, сайхан сэтгэлтэй хүүхэд. Хүүхэд насандаа томоотой дөлгөөн зантай байсан. Ер нь эрх танхил байсан учраас одоо өсөж хүмүүжсэн байдал нь зөөлөн залуу байгаа. Ах эгч нартаа дотно байдаг. Бид нарыг холбож зохион байгуулж дандаа санаачилга гаргаж нэг нэгэндээ туслах ажлыг зохион байгуулж явдаг. Миний хамгийн хайртай дүү. ****** өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй. Хохирогч нартай уулзаж сэтгэл санааны байдал дээр тусалж дэмжиж байгаа. Гэмтсэн хүн хурдан эдгэрч гайгүй байгаасай гэж хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 75 дахь тал),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******* гэрчээр өгсөн::

“...Миний хүү болох ****** нь 1992 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн. Дээрээ 2 эгч, 2 ахтай, айлын бага хүү болж төрсөн. Бага насны л мөрөөрөө томоотой хүүхэд байсан. **** 2000 онд элсэн суралцсан. 10 жилийн сургуульд байхдаа нэр хүндтэй сайтай багш нартайгаа аав ээж шиг л харьцдаг байсан. ********** зэрэг автобус компанид нийтийн тээврийн жолоочоор ажиллаж байгаад Таван толгой түлш компанид жолоочоор ажиллаж Өмнөговь аймгийн Цагаан хаданд нүүрсний жолоочоор ажиллаж байгаа. Ажил төрөл дээрээ хариуцлага өндөр, цаг сайн барьдаг, хамт олон дундаа нэр хүнд харилцаа сайтай, архийг огт хэрэглэдэггүй. Ах дүү нартаа нэр хүнд сайтай, хүмүүжил сайтай хүн байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 78 дахь тал),

 

11. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн өгсөн:

“...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч ****** эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.616.000 төгрөгийн зардал гарсныг жолооч ****** гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хэргийн 89 дэх тал),

 

12. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухаан шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14952 дугаартай:

1. ******ийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, нүүр, 2 шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 112-113 дахь тал),

 

13. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 5399 дугаартай:

1, 2. Шинжилгээнд ирүүлсэн ****** гэж хаягласан цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ****** гэж хаягласан цуснаас 3.7 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хэргийн 103-104 дэх тал),

 

14. “Авто тээврийн Үндэсний төв” ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 34251658 дугаартай:

Асуулт 1. Тоёота приус-20 маркийн ****** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаа эсэх:,

Хариулт 1. Уг тээврийн хэрэгсэл урд буфер доод хэсгээр цуурч хагарсан, урд буферын доод сетик хугарсан, зүүн нэмэлт асахгүй, иж бүрдэл байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -21,7 мм /стандартаар +-0-5 мм/, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3900cd, хол дээрээ 3100cd. Баруун гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 3600cd, хол дээрээ 5000cd /стандарт 10000-225000cd/ байгаа нь баруун талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй байна.

Асуулт 2. Хэрэв бүрэн бус бол ямар ямар эд ангиуд нь эвдрэлтэй байгаа эсэх:,

Хариулт 2. Уг тээврийн хэрэгсэл урд буфер доод хэсгээр цуурч хагарсан, урд буферын доод сетик хугарсан, зүүн нэмэлт асахгүй, иж бүрдэл байхгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -21,7 мм /стандартаар +-0-5 мм/.

Асуулт 3. Тоормозны ямар системтэй болох:,

Хариулт 3. Уг тээврийн хэрэгсэл нь шингэн ABS дамжуулгын тоормозны системтэй.  

Асуулт 4. Тоормос хэвийн ажилтай байна уу, хэрэв эвдэрсэн бол чухам юу нь хэзээ яаж эвдэрсэн байж болох:,

Хариулт 4.  Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,7кН, баруун талдаа 0,7 кН, зөрүү нь 0% /стандарт <20%/, хойд дугуйн тоормосны хүч үүн талдаа 0,3 кН, баруун талдаа 0,3 кН, зөрүү 0% /стандарт <30%/ буюу хойд тоормосны хүч стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогсож байсан.  

Асуулт 5. Тоёота приус-20 маркийн ****** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021, 2022 онд оношилгоонд орсон эсэх, орсон бол тэнцсэн эсэх:,

Хариулт 5. Тоёота приус-20 маркийн ****** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2021, 2022 онд оношилгоонд орон тэнцсэн байна.

Асуулт 6. Оношилгооны хугацаа дууссан эсэх:,

Хариулт 6. Оношилгооны хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байна.

Асуулт 7. Асуултад дурьдаагүй боловч шинээр илэрсэн нөхцөл байдлыг тусгах:,

Хариулт 7. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй болно” гэсэн автомашин, техникийн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 138-143 дахь тал),

 

15. Тээврийн Цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 1306 дугаартай:

1.Явган зорчигч ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх...” гэснийг зөрчсөн байна.

2. Жолооч ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 12.3-т “”Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэсэн Мөрдөгчийн магадлагаа (хэргийн 149-150 дахь тал)

 

16. ******ээс гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд (хэргийн 33-44 дэх тал),

 

17. ****** ХХК-ийн захирлын ******ийг ажилд томилох тухай тушаал, ажлын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 45-47 дахь тал),

 

18. Мөрдөн шалгах ажиллагаанд ****** яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр 18 цагийн үед ****** тоот гэрээсээ гараад ертөнцийн зүгээр урагш чиглэлтэй Баянмонгол хороолол орох гээд явж байсан. 20 цагийн орчим Хан-Уул дүүргийн 19 үйлчилгээний төвийн арын замаар явж байсан. Тухайн үед цастай байсан. 19 үйлчилгээний төвийн арын замд таксины зогсоол дээр 4 согтуу хүн зам руу ороод гараад байсан. Тэд нар машины урдуур орох вий гээд хурдаа хасаад нөгөө 4 согтуу хүний хажуугаар өнгөрөх явцад эмэгтэй хүн зам руу орж ирээд байсан. Тэгэх үед машин налаад уначих вий гээд толинд харж байгаад нөгөө хүнээ өнгөрөөд урагш хартал зам дээр хэвтэж байсан хүний дээгүүр нь гарсан. Тэгээд цагдаа болон түргэн тусламж өөрөө дуудсан. Түргэн тусламж эхэлж ирээд эхнэр болох хүнийг цуг аваад явсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийгээд машин ачаад аваад явсан. Хэвтэж байсан хүнийг хараагүй, тухайн үед машин доогуур хар юм орж байх үед харсан. Тэрнээс өмнө юу ч харагдаагүй. Буугаад харахад хүн хэвтэж байсан. Хохирогчийн эмнэлгийн эм тариа, хоол цай, оргил сувилалд хэвтүүлсэн, шаардлагатай эм тариа авч өгсөн. Дансны хуулгаар харагдаж байгаа. Хохирогчийн өөрийн эзэмшлийн данс руу нь эхлээд 80,000 төгрөг, дараа нь 500,000 төгрөг, дахиад 50,000 төгрөг, Оргил сувилалд хэвтэхэд 1,100,000 төгрөг, бусад ойр зуурын хэрэглээний зардал 700,000 нийт 2,430,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Гэм буруу дээрээ маргаан байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 181 дэх тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 156 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 157 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хэргийн 159 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хэргийн 160 дахь тал), жолоодох эрхийн лавлагаа (хэргийн 161 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 162 дахь тал), хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа (хэргийн 163 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 164 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 173 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгагдаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ****** гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч ****** нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг 19 үйлчилгээний төвийн хойд талын замд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20 цаг 01 минутын орчим “Тоёота приус-20” маркийн ****** УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийнхээ хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч ******ийг дайрч, уг ослын улмаас ******ийн биед “...зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, нүүр, 2 шууны зулгаралт” бүхий Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан. 

 

Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Түүнчлэн тухайн зам тээврийн осол хэргийн хохирогч ****** нь замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12-т “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах, б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх...” гэснийг зөрчсөн зохих буруутай байдал хэргийн 149 дүгээр талд авагдсан мөрдөгчийн магадлагаа баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх үндэслэлээр шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Хэргийн хохирогч ****** нь  Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч ******ийн эрүүл мэндэд нь учирсан хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохиролд тооцогдох юм.

 

 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасан.   

 

Хэргийн хохирогч ****** мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэгтээ: “...Эмчилгээний зардал, ажилгүй байх хугацааны цалин нэхэмжилнэ” хэмээн мэдүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг болон эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн ба хохирогч ******ээс бодитой гарсан эмчилгээний зардал 885.125 төгрөгийн баримтыг хэргийн 33-44 дүгээр хуудсанд хавсарган бэхжүүлснийг шүүх шинжлэн судлахад шүүгдэгчээс дансаар 629.300 төгрөгийг, сувилалын зардал 1.100.000 төгрөг нийт 1.729.300 төгрөгийг шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид нөхөн төлсөн.

 

Хохирогчийн нэхэмжилсэн хоол тэжээл болон бусад зардал 255.825 төгрөг, цалингийн зөрүү буюу хэргийн 47 дахь талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 11 сарын цалин 550.000 төгрөг байх бөгөөд сарын 1.600.000 төгрөгийн цалинтай /хэргийн 46 дахь тал/ гэж тогтоогдож байх тул цалингийн зөрүү 1.050.000 төгрөг нийт 1.305.825 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хохирогч ******ийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлөгдсөн 1.616.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгч ****** гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.

 

Дээрх байдлаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршигт баримтаар тогтоогдсон төлбөл зохих хохирлын дүн нийт 2.921.825 төгрөгийг шүүгдэгч ****** гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 1.616.000 /нэг сая зургаан зуун арван зургаан мянган/ төгрөгийг, хохирогч ******т 1.305.825 /нэг сая гурван зуун таван мянга найман зуун хорин тав/ төгрөгийг тус тус олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлуулсан хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд нөхөн төлсөн баримттай байна.  

 

Хохирогч ****** нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин олговор, эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохирол зэрэг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч ****** нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 173 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх гэмт хэрэг юм.  

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан,

- эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг цөөрүүлж, хүндрүүлсэн өөрчлөлт оруулсан байх тул “...оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”, “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан шүүгдэгч ******д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн осол хэргийн бичлэг бүхий CD нэг ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан журмын дагуу эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                     

   ТОГТООХ нь:

 

1. ********** Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар ******д 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ****** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт ****** нийт 2.921.825 /хоёр сая есөн зуун хорин нэгэн мянга найман зуун хорин тав/ төгрөг гаргуулж,

- 1.616.000 /нэг сая зургаан зуун арван зургаан мянган/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт,

- 1.305.825 /нэг сая гурван зуун таван мянга найман хорин тав/ төгрөгийг хохирогч ******т тус тус нөхөн төлсөн болохыг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ****** нь шаардлагатай гэж үзвэл цаашид гарах эмчилгээний зардал төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин олговор, эдийн бус гэм хор буюу сэтгэл санааны хохирол зэрэг нэхэмжлэлийн шаардлагад хамаарах нотлох баримтаа тус тус бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тэдгээрт тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргуулахаар үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД