Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1133

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2020/01067/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, шүүгч М.Оюунцэцэг, шүүгч З.Тунгалагмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, Н.эх хөдөө тоотод оршин суух, утас ..., ... регистрийн дугаартай Б овогт Н.Ц нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, М. задгай тоотод оршин суух, утас ...., ... регистрийн дугаартай, Т овогт З.М холбогдох

Гэм хорын хохирол 803 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч Л.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагч З.М, түүний өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.М гэгч нь 2020 оны 7 сарын 17-ны өдөр намайг зодож бие, эрх чөлөөнд халдан хөнгөн гэмтэл учруулсан ба гадаа байсан хоттой хонин дундуур машинтайгаа орж 1 хонийг маань дайрч алсан. Мөн дайрсан хонио үд гэж намайг хэлэхэд хэрүүл хийж үсдэж зодсон. Элдэв үг хэлээр доромжилсон. Үүнээс болж миний зүрх дэлсэн даралт ихсэж эмнэлгээр явж, ажлаа ч хийж чадахгүй хохирсон юм. Энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж түүнд хуульд заасан арга хэмжээ тооцсон ч надад учирсан хохирлыг минь төлж барагдуулахгүй байгаа учир би шүүхээр нэхэмжилж байна гэв.

Хариуцагч З.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Н.Ц нь надаас хонины үнэ 160 000 төгрөг, эмчилгээний зардал 253 000 төгрөг, 13 хоногийн олох ёстой байсан орлогын 390 000 төгрөг, нийт 803 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Би түүний хонийг машинаар дайраагүй. Би өөрөө мал малладаг монгол хүн. Мал дайрч буяндаа нүгэл хураах хүн биш. Н.Ц нь гэртээ намайг байхад ирж хонь малын хөл дайрсан гэж хэл ам хийж надтай барьцалдаж аваад бид харилцан бие биенээ цохилцсон. Энэ байдлаас болж аль аль нь зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авагдсан. Түүнд гэмтэл учиртал зодож цохиогүй. Тиймээс эмчилгээний төлбөрийг төлөхгүй. Мөн Н.Ц нь биедээ гэмтэл авч хөдөлмөрийн чадварыг нь ямар нэг байдлаар алдаагүй учраас борлуулалтаа хийгээд явж л байсан. Намайг гүтгэн үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна гэж үзэж байгаа юм. Цагдаагийн алба хаагч тухайн үед ирээд хонь чинь хаана байна, яаж гэмтсэн юм бэ гэж асуухад нядлаад гаргачихсан гэж байсан. Үнэхээр би тэр хонийг нь дайрч гэмтээсэн бол бодит байдлаар нь байлгаж  цагдаад үзүүлэх байсан. Өөрсдийн идэш уушиндаа хэрэглэсэн хонио намйг дайрсан болгож гүтгэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч З.Мт холбогдуулан гэм хорын хохирол 803 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч Н.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр М миний эрх чөлөөнд халдаж зодож, хөнгөн гэмтэл учруулсан, гадаа байсан хоттой хонин дундуур машинтайгаа орж нэг хонийг маань дайрч алсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандахад түүнд хуульд заасан хариуцлага тооцсон тул хонины үнэ 160 000 төгрөг, эм тарианы зардал 253000 төгрөг, 13 хоног ажлаа алдаж хохирсны нэг өдрийг 30 000 төгрөгөөр тооцож 390 000 төгрөг нийт 803 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан Мөнхийн тун эмийн сангийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 6875 төгрөгийн эм авсан нөат-ийн баримт, Улаанбаатар төмөр замын 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 14600 төгрөгийн тасалбар, төрийн банкны зарлагын мэдүүлэг, иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, зүрхний бичлэг зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх материалыг ирүүлсэн байх бөгөөд Н.Цгийн хонь дайрсан болон маргалдаж зодсон гэсэн гомдлыг шалгаж Дархан-Уул аймгийн Дархан сумын Н хөдөө задгай тоотод оршин суух З овогтой М нь 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн Н.Цгийн эрх чөлөөнд халдсан гэж зөрчил үйлдсэн нь тогтоогдсон үндэслэлээр 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгож шийтгэсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн ...хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь хотонд байсан хонийг дайрч алсан үндэслэлээр хонины үнэ нэхэмжилж байгаа боловч Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх материалаар З.Мыг Н.Цгийн эрх чөлөөнд халдсан зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож захиргааны шийтгэл ногдуулсан нь тогтоогдож байх тул хонины үнэ шаардах эрхгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч З.Мын хууль бус үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгийг устсан, гэмтсэн байдал буюу түүний гэм буруутай байдал тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар зөрчлийн материалд дурдаагүй байна.

Нэхэмжлэгч нь эм тарианы үнэ 253 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нотлох баримтаар иргэний эрүүл мэндийн дэвтрийн хуулбарыг ирүүлсэн боловч дээрх нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн Төрийн банкны зарлагын баримт нь гаргацгүй нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг нотлож байгаа нь тодорхойгүй байх бөгөөд Улаанбаатар явж эмнэлэгт үзүүлсэн гэж нотлох баримтаар Улаанбаатар төмөр замын галт тэрэгний тасалбар ирүүлсэн боловч зөрчлийн материалд авагдсан Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтэд Н.Цгийн биед ...зүүн нүдний  зовхи хацарт зулгаралт тогтоогдлоо, ...эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй гэж дүгнэсэн байхад зайлшгүй явж үзүүлэх эмнэлэгтийн тусламж, үйлчилгээ авах шаардлагатай талаар холбогдох баримтыг ирүүлээгүй, Мөнхийн тун эмийн сангаас 6875 төгрөгийн эм авч хэрэглэсэн баримт ирүүлсэн боловч эмнэлгийн үйлчилгээ авч эмчийн бичсэн жорын дагуу дээрх эм тариаг хэрэглэсэн, дээрх эм тариа нь ослоос үүдэн гарсан эрүүл мэндтэй холбоотой асуудалтай холбоотой эсэх нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь 13 хоног ажлаа алдсаны хохирол буюу сүү, сааль, цагаан идээгээ Дархан захад борлуулж нэг өдөрт 30000 төгрөгөөр тооцож 390 000 төгрөгийн шаардлага гаргасан боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийнхээ шаардлага, түүнтэй холбоотой нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н.Цгийн хариуцагч З.Маас гэм хорын хохирол 803000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Цгийн хариуцагч З.Маас гэм хорын хохирол 803000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23822 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА

 

                                  ШҮҮГЧИД                                  М.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                       З.ТУНГАЛАГМАА