Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 20

 

Э.Н-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Н-т холбогдох эрүүгийн 1935004980015 дугаартай, 1 хавтас хэргийг шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Э.Нийн өмгөөлөгч Б.Цагцалмаа нар оролцов.

Монгол Улсын иргэн Ш ургийн овогт Э-ийн Н, 1995 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын ... багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ...

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын эрүүл мэндийн төвийн 03 тоот өрөөнөөс хохирогч Н.Эын хүрэн цоохор өнгийн хатгамал даалинтай шүрэн толгойтой, халтар манан хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 6’020’000 /зургаан сая хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Э-нийн Н-гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүгчдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Нт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Э.Н үйлдсэн гэмт хэргийнхээ гэм бурууг ойлгон гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан, хохиролоо  барагдуулсан, хөөргийг тухайн үед буцаагаад өгсөн. Э Наранцэцэг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ба 0- 3 насны хоёр нялх хүүхэдтэй, нөхрийнхээ хамт мал маллан амьдардаг малчин юм.

Э.Нт анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн амьдралын нөхцөл байдал буюу 0- 3 насны хоёр нялх хүүхэдтэй, хувиараа мал маллан амьдардаг, сумын төвөөс 70 гаруй километр хол оршин суудаг, одоо мал төллөх ажил эхэлсэн зэрэг байдлуудаас болоод “Нийтэд тустай ажил хийх” ялыг биеэр эдлэхэд хүндрэлтэй байна. Дээрхи нөхцөл байдлуудын улмаас Э.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулан, Э.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар тэнсэж, ялыг өөрчилж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрсөн шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Э.Нт холбогдох эрүүгийн 1935004980015  дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байхдаа тус эмнэлгийн 03 тоот өрөөнөөс хохирогч  Н.Эын 6.020.000 төгрөгийн үнэ бүхий, шүрэн толгойтой, халтар манан хөөргийг хулгайлсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох эд мөрийн баримт хураан авсан, үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд, хохирогч Н.Э, гэрч Ө.Эрх, З.Норов, Н.Лхамжав, Б.Цэнгэлдорж нарын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 454 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Нийн  гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр   зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж хуульзүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын гаргасан  “ Э.Н нь  анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их гэмшиж, хохирол төлбөрөө бүрэн арилгасан,0-3 насны хоёр хүүхэдтэй  тул шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэн хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Э.Нийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялаас хамгийн хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулахдаа уг ялын хамгийн доод хэмжээ буюу  хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулсан нь эрүүгийн хариуцлага  тохирсон байх зарчимд нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                       Л.АЛТАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН