| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
| Хэргийн индекс | 128/2021/935/З |
| Дугаар | 128/ШШ2022/0423 |
| Огноо | 2022-06-02 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2022/0423
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х***********” ХХК
Хариуцагч: С*** с*****,
Хариуцагч:Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С********* нарын хоорондын тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан талаарх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х***********” ХХК-ийн ерөнхий захирал Д.Б************* хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*********, хариуцагч С*** с*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж************* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х***********” ХХК-иас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*********гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлт, С*** с*****ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалын “Х***********” ХХК”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч тус шүүхэд 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
3. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2021/9517 дугаар шүүгчийн захирамжаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр татгалзсаныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 817 дугаар магадлалаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
4. “М********** к*****” ХХК-иас Сангийн яаманд 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20/2078 дугаар албан бичгээр “Х***********” ХХК-ийн талаар гомдол гаргасан. /х.х-н 150-151/ Гомдолд “... Тендерт оролцогч “Х**** ч*****” ХХК нь дээрх тендерт оролцохдоо “Монголын барилгын үндэсний ассоциаци”-иас 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дугаар 20/02/553 тоот албан бичгээр БА-5.1 ажлын төрлөөр тусгай зөвшөөрөл эзэмшдэг тухай тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Манай байгууллагаас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 20/1717 тоот албан бичгээр хандаж “Х**** ч*****” ХХК-ийг тусгай зөвшөөрөл авсан эсэх талаар тодруулга авах хүсэлт гаргасан бөгөөд... “Х**** ч*****” ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Барилга угсралтын БА-5.1 ажлын төрлөөр тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй болно гэх тодорхойлолтыг гаргаж өгсөн. Монгол улсын Сангийн яамнаас Зам, тээврийн хөгжлийн яаманд гомдол хянасан тухай албан бичигт “Х**** ч*****” ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дугаар 20/02/553 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна. ... “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дугаар 20/02/553 тоот албан бичгээр “Х**** ч*****” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд “Х**** ч*****” ХХК-ийг ... тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэж өгнө үү гэжээ.
5. Уг гомдлын дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч хяналт шалгалт хийж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Х***********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлэжээ.
6. Улмаар С*** с*****ын 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 213 дугаар тушаалаар “Х***********” ХХК-ийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах эдгээдийн жагсаалтад оруулсан байна.
7. Нэхэмжлэгч “Х***********” ХХК-ийн ерөнхий захирал Д.Б*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Б.С********* нь "М********** к*****" ХХК-ийн гаргасан гомдлоор манай компанид шалгалт явуулж, "Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ийн албан бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаартай дүгнэлтээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5, 521 дүгээр зүйлийн 52 2.1-д заасны дагуу "Х**** ч*****" ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар санал болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. "М********** к*****" ХХК нь уг тендерт манай компанитай орж өрсөлдөн ялагдсан байсан, одоо уг тендерийн дахин явуулж байгаа энэ үед ба ийнхүү өрсөлдөгч компанийн үндэслэлгүй гомдлоор манай компанийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд буюу нийтийн хэлж заншсанаар хар жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Нэхэмжлэгч "Х**** ч*****" ХХК нь ЗТХЯ/202003081 дугаартай Зам тээврийн хөгжлийн яамны зарласан "Арабын эдийн засгийн хөнжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөр хаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Багц-1 Барилга"-ын тендерийн шууд гэрээ байгуулах аргаар тендер шалгаруулах саналын дагуу оролцож, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 03/4598 дугаар албан бичгээр "хамгийн сайн" үнэлгээтэй тендер ирүүлж, ялагчаар шалгарсан тул гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүлээн авсан юм. Гэтэл уг шууд гэрээ байгуулахаар шалгаруулсан шийдвэрт уг тендерт шалгараагүй "М********** к*****" ХХК нь Сангийн яаманд хандан гомдол гаргасан байсан бөгөөд тус гомдлыг хянаад Сангийн яам 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6-1/6660 дугаартай албан бичгийн 5 дахь хэсэг, мөн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин тендер нээлттэй тендер шалгаруулахыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс манай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх илт нэг талд үйлчилсэн гэж шударга ёс, хууль ёсонд огт нийцээгүй гэж үздэг билээ. Түүнчлэн Улсын байцаагчаас манай компанийг "Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ийн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 20/02/533 дугаартай албан бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзжээ. Энэхүү албан бичгийг "Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ийн дарга зун цагт ээлжийн амралттай гэх үндэслэлээр ахлах мэргэжилтэн нь "-ыг" гэж зурсан байдаг бөгөөд энэ нь манай компанийн буруутай ажиллагаа биш байсан болно. Сангийн яам нь шаардлагатай бол уг бичигт хэн гарын үсэг зурсныг шалгаж тогтоосон ёстой байсан, манай компани Сангийн яамнаас явуулсан сонсох ажиллагаанд анх оролцохдоо "манай ажилтан алдаатай баримт гаргасан" гэж ойлгож байсан боловч энэ нь огт ийм биш байсан ба энэ талаарх нэмж гаргасан нотолгоо, тайлбарыг хүлээж авсангүй ийнхүү шийдвэр гаргажээ. Нөгөө талаас Зам тээврийн яам нь анх 2020 оны 04 дүгээр сард энэ тендер шалгаруулалтыг зарласан байсан бөгөөд анхны тендер шалгаруулалтад манай компани оролцоогүй юм. Уг анх зарласан тендерийн баримт бичигтээ БА-5.1 тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагыг тогтоосон байсан юм билээ. Энэ тендер шалгаруулалтад "М********** к*****" ХХК гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг нь хүлээн авч дахин тендер шалгаруулалт зарласан байхад нь манай компани анх уг тендерт оролцсон. Манай компани 2 дахь удаагийн тендер шалгаруулалтад орохдоо тендерийн баримт бичигт тусгасан "БА-5.1 тусгай зөвшөөрлийг нэгдүгээрт, барилга барих тендерт ялсан тохиолдолд, хоёрдугаарт, зөвхөн тухайн барилгад зориулж өгдөг, түр хугацаатай олгоод барилга угсралтын ажлыг дуусмагц хүчингүй болдог тул ийм зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж гэж байдаггүй" гэж шаардсаныг Зам тээврийн яам хүлээн зөвшөөрч тендерийн баримт бичгээс уг шалгуурыг хассан болно. Иймд манай компани хуурамч баримт гэх албан бичигт агуулагдаж байгаа гэх БА 5.1 тусгай зөвшөөрлийг хуурамчаар үйлдэх хэрэгцээ шаардлага огт байгаагүйгээс гадна "тусгай зөвшөөрлийн БА-5.1 заалт нь дээрх тендерийн баримт бичгийн ТОӨЗ 3.1(г)-д тусгагдаагүй тул дээрх албан тоотыг хуурамчаар ашиглаж тендерт ялсан хууль бус үйлдэл гаргаагүй" болно. 2 дахь удаагийн тендерт шалгаруулалтад манай компани анх оролцож, ялагчаар шалгарсан талаарх мэдэгдлийг 08 дугаар сарын 14-ний өдрийн 03/3785 дугаар албан бичгээр авч гэрээ байгуулахад бэлэн болоод байсан тул "Монголын барилгын үндэсний ассоциаци” ТББ-ийн төвд хандан уг тусгай зөвшөөрлийг хүссэн ба тус байгууллага нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгийг хийж өгсөн байсан. Гэтэл мөн л "М********** к*****" ХХК нь дахин Сангийн яаманд хандан гомдол гаргаж, түүний гомдлын дагуу Сангийн яам тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан юм. Дээрх нөхцөл байдлыг хариуцагч бүрэн шалгаж тогтоогоогүй, Улсын байцаагч юу байгаа нйь Захиргааны ерөнхий хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, шаардсан тодорхойгүй зөвхөн албан бичиг хүргүүлж, үүнийгээ шалгасан гэж тайлбарлаж ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан зарчим, үзэл санаанд нийцээгүй, хууль бус байна. Ийнхүү Улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаа тайлбарласаар байхад С*** с***** 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд бүртгэх тухай" тушаалын Хавсралтын 1 дэх заалтаар "Х**** ч*****" ХХК-ийг хар жагсаалтад оруулсан байгаа ба энэхүү актаа эдлүүлээгүй хууль бус байгаа ба Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Б.С********* болон С*** с*****ын шийдвэрүүдийн үндэслэл нь нэг болно. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий актууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу асуудлаа шударгаар шийдвэрлүүлэх эрх, бодит үнэнийг тогтоолгох, тендерт оролцох эрхийг хөндсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан "..., шударга ёс, .... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасныг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6 дахь заалтад нийцээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу Сангийн яамны Худалдан авах ажиллагааны Улсын байцаагч Б.С*********гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаартай дүгнэлт, С*** с*****ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулах этгээдийн бүртгэлд бүртгэх тухай" тушаалын хавсралтын "Х**** ч*****" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тендерийг хэвийн үргэлжлүүлэх боломжоор хангаж өгнө үү.” гэжээ.
8. Хариуцагч Б.С********* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь уйл ажиллагаандаа авах тухай хууль, Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолоор батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм", "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ыг тус тус мөрдлөг болгон ажилладаг билээ. Нэхэмжлэгч "Х**** ч*****" ХХК нь нэр бүхий хоёр худалдан авах ажиллагаанд оролцохдоо хуулийн дагуу тендерт оролцох эрхийг хязгаарлах зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлаар тендерт оролцогч болон захиалагч байгууллагуудаас хүсэлт, мэдээлэл ирүүлсэн бөгөөд түүний дагуу худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас удирдамж гарч хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн болно. Удирдамжид заасан хугацааны дотор цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн мэдээлэл хангалттай бүрэн нотлогдоогүй тул уг асуудлыг дүгнэлт гаргах үндэслэлд хамааруулаагүй. Харин "М********** к*****" ХХК-аас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн шалгахад тус компани Зам тээврийн хөгжлийн яамнаас зарласан Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтий аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-Барилга" нээлттэй тендер шалгаруулалт 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ЗТХЯ/202003081/02/01 дугаар урилгаар зарлаж, 2020 оны 8 дугаар сарын 10-ний өдөр нээхэд "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын тодорхойлолтыг өөрийн тендерт хуурамчаар үйлдэн хавсаргаж, тоон гарын үсгээр баталгаажуулан илгээсэн болох нь тогтоогдсон. Тус компанийн илгээсэн тендерт буй бүх баримт бичиг нь тендерийн нэг хэсэг гэж тооцогдох бөгөөд барилга, угсралтын ажлын тусгай зөвшөөрлийн мэдээллийг ирүүлэхийг захиалагч тендерийн баримт бичигт шаардсан баримт бичиг болно. Захиалагч дээрх тендер шалгаруулалтыг 2020 оны 9 сард дахин зарлахдаа гэрээ шууд байгуулах аргыг хууль бусаар хэрэглэсэн болохыг Монгол Улсын дээд шүүх 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 126 дугаар тогтоолоор эцэслэн тогтоосон байдаг. Улмаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу тухайн маргаанд “Х**** ч*****" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болсон байхад одоогийн энэхүү маргаанд нэхэмжлэгч өмнө Улсын Дээд шүүхийн тогтоолыг "илт нэг талд үйлчилсэн гэж шударга ёс, хууль ёсонд нийцээгүй гэж үздэг билээ" гэх гүтгэлгийн шинж чанартай, хуульд нийцээгүй тайлбар бичсэнийг ойлгох боломжгүй байна. Түүнчлэн нэхэмжлэлд "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын бичгийг тус байгууллагын ахлах мэргэжилтэн"-ыг гэж байгаад зурсан гэх урьд өмнө нь хэзээ ч яригдаж байгаагүй, баримтаар нотлогдохгүй үндэслэлийг дурджээ. Хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч “Х**** ч*****" ХХК 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 139 тоот албан бичгээр тайлбар ирүүлж байсан ба тус албан бичгээр өгсөн тайлбартаа "Тендер боловсруулах ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан ажилтан Б.Г********* нь "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон тул гэрээг цуцалж шүүхийн байгууллагаар асуудлыг шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайгаа дурдаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбарыг хүртэл ирүүлж байсан. Гэтэл одоо Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг хууль бус гэж шүүхэд маргахдаа "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ-ын ахлах мэргэжилтэн гарын үсэг зурсан гэх зүйлийг зохиож байгаа нь тус компанийн хууль бус, ёс бус байдал нь тендер шалгаруулалтад оролцохдоо худал, хуурамч баримт бичиг бүрдүүлэхээр зогсолгүй Монгол Улсын шүүхийн өмнө ч худал мэдүүлэхэд хүргэж байгаад харамсалтай байна. Маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлтэд би "Монголын барилгын Үндэсний ассоциаци” ТББ-аас дээрх асуудлаар тодруулсан болохоо тодорхой дурдсан ба тус төрийн байгууллага 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 21/699/Т3 тоот албан бичгээрээ "Х**** ч*****" ХХК-д тодорхойлолт олгоогүй гэдгээ дахин нотолсон байдаг. С*** с*****ын 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 255 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам"-ын 7.4 дэх заалтад "Тендерт оролцогч нь өөрийн ирүүлсэн тендер, түүнд хавсаргасан аливаа баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлах, алдаатай тохиолдолд тендер хүлээж авах эцсийн хугацаанаас өмнө залруулах үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагыг дангаар хүлээнэ" гэж заасан тул тендерт оролцогч хуулийн этгээд худалдан авах ажиллагаанд холбогдох хариуцлагыг өөр бусад этгээд үүрүүлэх гэж оролдох боломжгүй юм. Тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцдаг бөгөөд тэрхүү хуурамч баримт бичгийг хэн үйлдсэн нь тендерт оролцогч хуулийн этгээд "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн" гэдгийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Харин албан бичгийг хуурамчаар үйлдсэн хувь хүн буюу иргэнд Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудал нь холбогдох хууль хяналтын байгууллагын шалган тогтоох бурэн эрхэд хамаарах асуудал болохыг дурдах нь зүйтэй. Нэмж дурдахад, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс нэхэмжлэгч "Х**** ч*****" ХХК-д хяналт шалгалт явуулах тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн байхад тус компани сайн дураар сонсох ажиллагаанд оролцолгүйгээр удаашруулж байснаас гадна дүгнэлттэй холбоотойгоор гомдол гаргах журмыг тусгайлан дурдсаар байхад Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид зохих ёсоор гомдол гаргаагүй зэргээр төрийн байгууллагын хууль ёсны шийдвэр, үйл ажиллагааг удаа дараа үл тоож ирсэн болно. Улмаар шүүх хууль ёсыг баримтлан тухайн компанийн анхны нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасны дараа л анх удаа Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид хаяглан гомдол гаргаж байсан. Улсын ерөнхий байцаагчид хугацаа хэтэрсэн гомдлыг хянан үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт ирүүлээгүй тул 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн УБ/53 дугаартай албан бичгээр гомдлыг буцаасан байдаг. Гэтэл нэхэмжлэлд энэхүү гомдол буцаасан албан бичгийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг хангуулсан гэж мушгин тайлбарлажээ. Хэрэв шүүх тус компанийн хугацаа хэтрүүлэн гаргасан гомдлыг Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч хянан шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байгаа бол "Гомдол буцаах тухай" УБ/53 тоот албан бичигтэй холбоотойгоор маргаан үүсгэж байж хамтатган шийдвэрлэх нь зүйтэй. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С********* би нэхэмжлэгчийг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах боломжтой хугацаа өнгөрсний дараагаар дүгнэлтээ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлсэн нь дүгнэлттэй холбоотой маргаантай асуудал дууссаны дараагаар тухайн компанийн эрхийг хязгаарлах шийдвэр гаргах боломжийг С*** с*****ад олгосон юм. Харин шүүх тодорхой бус үндэслэлээр захиргааны байгууллагын дотооддоо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол хянан шийдвэрлэх боломжийг үгүйсгэж, уг журмаар гомдлоо гаргаагүй, хууль тогтоомжид заасан хугацаанд гомдол гаргах боломжгүй байсан талаар аливаа тайлбар хийгээгүй "Х**** ч*****" ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч маргаан үүсгэж буй нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомж ноцтой зөрчиж буй явдал болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
9. Хариуцагч С*** с*****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*************** шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2020 оны 8 дугаар сарын 03-ны өдөр тухайн компани нь тусгай зөвшөөрөлтэй гэдэг албан бичгийг хуурамчаар үйлдэж ирүүлсэн нь илт худал мэдээлэл бүхий тендер гэж үзэж, улсын байцаагч 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дүгнэлт гарсан. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр улсын ерөнхий байцаагчид албан бичиг ирсэн бөгөөд тус албан бичиг нь “Гомдол гаргах тухай” гэсэн тэргүүтэй атлаа “манай компанийг хар жагсаалтад оруулахгүй байхыг хүсье” гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувилбарыг хавсаргасан мэдэгдлийн шинж чанартай гаргасан. Өөрөөр хэлбэл хууль зүйн үндэслэлээ тодорхой заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гаргасан гомдол биш байсан. Хариуцагчийн зүгээс 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан бичгээр 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг буцаасан мэтээр тайлбарладаг. Нэхэмжлэгч 11 дүгээр сарын 11-ний өдөр анх удаа гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргаагүй байна гэж үзсэн учраас гомдол гаргасан байдаг. Тухайн үед гомдол гаргах хугацаа дуусгавар болсон байсан учраас С*** с*****ад шилжүүлж, үүний дагуу С*** с***** 12 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргасан. Төрийн захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ өөрөө хянах боломж нэхэмжлэгч компанид олгоогүй. Зам тээврийн хөгжлийн яам 2020 оны 7 дугаар сард зарласан тендерт БА.5.1 гэсэн шаардлага тавьсан. Үүнийг хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч өнөөдөр анх удаа ярьж байна. Хэрэв дээрх тавьсан шаардлага нь хууль зөрчсөн гэж үзэж байсан бол тендер нээхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах боломжтой байсан. Гэвч тус компани тендер шалгаруулалтад оролцсон. Мөн нэхэмжлэгч нь БА 5.1 зөвшөөрөлтэй гэсэн баримтаа ирүүлсэн. “М********** к*****” ХХК-тай Сангийн яам болон улсын байцаагч хуйвалдаад байна гэж нэхэмжлэгч ойлгоод байдаг. Гэхдээ тийм асуудал байхгүй. Тендерт шалгарсан компанийн материалыг бусад компани үзэх эрхтэй бөгөөд БА5.1 гэсэн асуудлаар тухайн салбарын байгууллага тодорхойлолт гаргуулж, гомдлоо ирүүлсэн. Үүний дагуу хяналт шалгалт хийж, Сангийн яамны гомдол, хянасан тухай албан бичгээр захиалагчийн шийдвэрүүдийг хүчингүй болгосон. Үүний дараа 9 дүгээр сарын 06-ны өдөр Зам тээврийн хөгжлийн яам руу албан бичиг явуулсны Зам тээврийн хөгжлийн яамнаас гэрээ шууд байгуулах тендер зарласан. Гэхдээ гэрээ шууд байгуулах замаар тендер зарлах ёсгүй байсан бөгөөд энэ талаар Улсын Дээд шүүхийн тогтоолд тодорхой дурдсан. Хяналт шалгалтыг улсын байцаагч хуульд заасны журмын дагуу явуулж, оролцох боломжийг хангасан. “Х**** ч*****” ХХК-ийн хувьд дүгнэлт гарахаас хэдхэн хоногийн өмнө ирж тайлбараа өгсөн. 2020 оны 7 дугаар сард ирүүлсэн тендер нь ил тод тендер мөн эсэхийг улсын байцаагч дүгнэх үүрэгтэй. “Х**** ч*****” ХХК нь БА 5.1 тусгай зөвшөөрөлтэй гэх албан бичгийг хэн үйлдсэн гэдгийг улсын байцаагч тогтоох үүрэггүй. Зөвхөн улсын байцаагч эрх хэмжээнийхээ хүрээнд дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Х***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй С*** с*****, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С********* нарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2019-2020 онд ЗТХЯ/202003081 дугаартай “Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх Хэнтийн аймгийн Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төслийн гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах багц-I Барилга”-ын тендерийг хэд хэдэн удаа зарласан байх бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн цахимаар нээсэн тендерт “Х***********” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон боловч “М********** к*****” ХХК-иас уг тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг Сангийн яаманд гаргаж, улмаар тендерийг дахин үнэлэх шийдвэр гаргасан байна. Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцээгүй тэендер гэж татгалзсан байна. /Зам, тээвэр хөгжлийн яамны тайлбараас х.х-н 185/
3. Уг тендерийн баримт бичгийн ТОӨЗ 4.4 /в/-д Уг ажлыг хийж гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх “тийм” Тусгай зөвшөөрөл:Барилга хот байгуулалтын яамны БА-5.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил гэж тусгажээ. /х.х-н 184/
4. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Х***********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй байна.
5. Учир нь хэрэгт авагдсан хуурамч гэх “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20/02/553 тоот албан бичигт ““Х**** ч*****” ХХК /РД:*******/ нь Барилга угсралтын 2.1.6 буюу БА-5.1 заалтыг нэмэлтээр авахаар холбогдох материалыг бүрдүүлэн ирүүлсэн болно. Тус төрийн бус байгууллага нь материалыг хянан судалж дээрх нэмэлт зөвшөөрлийг олгох талаар холбогдох хурлаар оруулж зөвшөөрөл олгох шатандаа явагдаж байгааг үүгээр тодорхойлж байна.” гэснээс үзвэл “Х***********” ХХК барилга угсралтын БА-5.1 зөвшөөрлийг авсан талаар дурдаагүй байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг...” гэж заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Хэрэв “Х**** ч*****” ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дугаар 20/02/553 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн шаардлагад нийцсэн гэж Тендерийн үнэлгээний хороо, захиалагч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзвэл Сангийн яам уг шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалттай бөгөөд Сангийн яамны 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 6-1/5784 дүгээр гомдол хянасан тухай албан бичигт “...дээрх тусгай зөвшөөрөлгүй “Х***********” ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн дугаар 20/02/553 тоот албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь үндэслэлгүй байна...” гээд тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан шийдвэрийг хүчингүй болгожээ. /х.х-н 189-191/
7. Нэхэмжлэгчийн тендертээ хавсаргасан уг албан бичигт “Барилга угсралтын БА-5.1” зөвшөөрөлтэй гэж тусгагдаагүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд уг тэмдэглэгээ байхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй байх тул хариуцагч уг хяналт шалгалтыг хийхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэх үндэслэлтэй.
8. Харин нэхэмжлэгчээс Барилга угсралтын БА-5.1 тусгай зөвшөөрлийг тендерийн баримт бичигт тусгах ёсгүй байсан, дараа нь зарласан тендерийн баримт бичигт уг зөвшөөрлийг шаардаагүй байсан гэж маргаж байх боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар тендерийн нээлт хийхээс өмнө уг асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдлоо гаргахаар байсан байх тул энэ тайлбарыг шүүх хүлээн аваагүй.
9. Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагчаас сонсох ажиллагааг хийхээр удаа дараа мэдэгдсэн, нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээн авч, тайлбараа ирүүлсэн байх тул сонсох ажиллагааг хийгээгүй гэж хариуцагчийг буруутгаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй юм.
10. Иймд Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*********гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг дүгнэлтийг хүчингүй болгож, мөн түүнийг үндэслэн гаргасан С*** с*****ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалын “Х***********” ХХК”-д холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
11. Уг шийдвэр нь “Х**** ч*****” ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 20/02/553 тоот албан бичгийг хуурамчаар үйлдсэн эсэхийг хууль хяналтын байгууллагад шалгуулах эрхийг хязгаарлаагүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х***********” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.С*********гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/32 дугаар дүгнэлт, С*** с*****ын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 213 дугаар тушаалын “Х***********” ХХК”-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сангийн яамнаас гаргуулж, илүү төлсөн 140400 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ