Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1026

 

МАГАДЛАЛ

 

2018.05.02                                                     Дугаар 1026                            Улаанбаатар хот

 

 

 

 

С. Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00529 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С. Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Э-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 659 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ү.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Г нь өөрийн эзэмшлийн 5399 УБЧ улсын дугаартай, Тоёота приус загварын автомашинаар 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 19 цагийн үед Баянгол дүургийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу 25 дугаар эмийн сангийн уулзварын зүүн талын гэрлэн дохион дээр улаан гэрлээр зогсож байхад О.Э нь 00-98 УНП улсын дугаартай, Лексус 470 загварын автомашинаар Замын хөдөлгөөний дүрмийн 8.11-д заасныг зөрчиж, миний машины араас мөргөж осол гаргасан. Энэхүү ослоос учирсан хохирлыг А Б ХХК нь 1 041 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, машинд зорчиж явсан С.Б нарын эрүүл мэндийн шинжилгээ хийлгэсэн, эмчилгээний зардалд тохирсон үнэлгээ биш юм. Баянгол дүүргийн замын цагдаагийн тасаг ослыг шалгаад 100 хувь О.Э-ын улмаас зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон. С. Г-ийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шинжээч А Б ХХК нь 1 041 000 төгрөгөөр үнэлсэн боловч нийт 2 629 860 төгрөгийн хохирол учруулсан. С.Г нь өөрийн машиндаа 1 420 000 төгрөгийн сэлбэг худалдаж авсан, засварын зардалд 560 000 төгрөгийн үнэлгээний төлбөрт 48 000 төгрөг, эрүүл мэндийн буюу томографийн зураг авахуулахад 180 000 төгрөг, такси дуудаж явсан зардалд 114 860 төгрөг, нотариатын зардалд 16 800 төгрөг, О.Э-ыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 300 000 төгрөг төлсөн. Иймд О.Э-аас 2 629 860 төгрөгөөс даатгалаас төлөгдсөн 1 041 000 төгрөгийг хасаад     1 659 060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн нутаг, 25 дугаар эмийн сангийн уулзвар дээр 5399 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөсөн нь үнэн, тухайн үед цагдаа болон даатгалд мэдэгдсэн А Б ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг      1 041 000 төгрөгийг даатгалын байгууллагаас бүрэн төлсөн, хохирол санал гомдолгүй гэсэн учир цагдаа дээрээс үнэмлэх бичиг баримтаа авсан. Тухайн осол болох үед миний бие жирэмсэн байсан бөгөөд С.Г нь мөнгөө авсны дараа түүний эхнэр С.Б гэх хүн өдөр болгон утсаар залгаж "танай 2 хүүхэд чинь О  сургуулийн формтой байсан тэгэхээр танайх боломжтой айл байна лээ шдээ, одоо бие үзүүлээд ахиад мөнгө нэхэх болно эсвэл нэмээд мөнгө өгчих" гэх зэргээр дарамтлах болсноос болоод би дутуу төрсөн. Мөн намайг зугтааж алга болсон мэтээр миний нэр хүндэд халдаж эрэн сурвалжлуулж, хилийн хориг тавиулснаар миний ажил хэрэгт ноцтой хохирол учруулсан үйлдэл болсон. Харин томографикт харуулсан гэх 180 000 төгрөгийг төлөх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Э-аас 180 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Г-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх             1 479 060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 6 050 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.  

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Даатгалаас нөхөн төлбөрт үнэлгээгээр тогтоогдсон 1 041 000 төгрөг нь тухайн авто ослоос болж эвдэрсэн төлбөрийг бүрэн барагдуулаагүй юм. Энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар гэм хорыг арилгаж, гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу мөнгөөр нөхөн төлнө гэж заасанд нийцэхгүй байна. Эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулж, цагдаагийн байгууллагаар хаяг тогтоох ажиллагаа хийлгэж анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байхад зайлшгүй гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг төлсөн эсэхэд эргэлзэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөн дүнгийн хэмжээг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч С.Г нь хариуцагч О.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд 1 659 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагчаас 1 041 000 төгрөгийг авсан боловч 2 629 860 төгрөгийн хохирол учирсаны зөрүү 1 659 060 төгрөгийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...А Б ХХК нь хохирлын үнэлгээг 1 041 000 төгрөг гэж тогтоосноор даатгалын байгууллагаас бүрэн төлсөн, нэхэмжлэгчийн машинаар зорчиж явсан Ц.Б эмнэлэгт үзүүлэхэд гарсан зардал 180 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө...” гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч О.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн 00-89 УНП улсын дугаартай “Лексус 470” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөсөн, хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй, нэхэмжлэгчийн машинд учирсан хохирлыг А Б ХХК-ийн үнэлгээний тайлангаар 1 041 000 төгрөгөөр тогтоосон, уг мөнгийг хариуцагч нь даатгалын байгууллагаар төлүүлсэн зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хариуцагчаас гаргуулбал зохих мөнгөн дүнг буруу тооцсон байна. Гэвч давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэж, шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хангах боломжтой.

Тухайлбал, хариуцагчийн зөвшөөрсөн 180 000 төгрөг, түүнийг шүүхээр эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд төлсөн төлбөр 48 000 төгрөг, бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд төлсөн 3000 төгрөг, бүгд 301 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Учир нь дээрх зардлуудыг хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоотойгоор гарсан хохирол гэж үзнэ.

Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2018/00529 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...180 000 төгрөг...” гэснийг “...301 200 төгрөг...” гэж, “...1 479 060 төгрөг...” гэснийг “...1 357 800... төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2-т “...6 050 төгрөг...” гэснийг “...9 686 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Ч-с төлсөн улсын тэмдэгтийн хураамж 38 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ЗОЛЗАЯА

 

    ШҮҮГЧИД                                              Д.БАЙГАЛМАА

 

                                                                     М.НАРАНЦЭЦЭГ