| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/01076/и |
| Дугаар | 1134 |
| Огноо | 2020-11-05 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 1134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01076/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, С овогт Т.Н. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Ж овогт Г.П.ид холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Н, хариуцагч Г.П, түүний өмгөөлөгч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2014 онд Г.П.той танилцаж, гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас 2015 оныы 05 сарын 29-ний өдөр охин Н.У. төрсөн. Г.П. цэрэгт явсан байсан тул гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон гэргүй эцэг, эхийндээ амьдарч байсан. Тэрээр охиноо 3 нас хүрсний дараагаас биднийг эргэж тойрох нь багассан. Одоо охин маань 5 настай. Би өөрийн гэсэн ажилгүй байгаа тул 2015 оны 05 сарын 29-ний өдөр төрсөн охин Н.У.гийн төрсөн эцэг нь Г.П. мөн болохыг тогтоож, Г.П.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.П. түүний өмгөөлөгч Л.Ц нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Т-ын Н.ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Охин Н.У.гийн төрсөн эцэг гэдэгтэй маргахгүй. 2014 оны 7 сараас Т.Н.тэй танилцсан. 2014 оны 10 сард цэрэгт явсан. Нэг сар гарантай жирэмсэн гэж хэлж байсан. 2015 оны 10 сарын 15-ны өдөр цэргээс ирэхэд охин гарсан байсан, ирж очиж байгаад 2019 оны 02 сарын 27-ны өрдөөс хойш холбоо тасарсан. Говь яваад өөр хүнтэй болоод хүүхэд гаргасан гэж сонссон. Т.Н. охиноо тэжээж чадахгүй бол надад өгөхийг хүсч байна. Би өсгөөд тэжээгээд аваад явж чадна. Тэр анх салаад явахдаа охиноо аваад явж чадна, болж бүтнэ чиний хэрэг байхгүй гээд л явсан байх. Одоо яагаад надаас тэтгэлэг нэхээд байгааг ойлгохгүй байна. Эргэж тойрох гэдэг асуудал дээр өөр амьдралтай хүний араас би явж очоод байх тиймхэн, гэхдээ би очиж байсан. Хүүхдээ авч уулзаж байсан. Сүүлд уулзахад Тулгаа аавтай болсон гэж хэлж байсан. Хэрэв намайг эцэг нь гэж байгаа бол эцэг охины харилцааг муутгахгүй байх ёстой гэтэл, тэгэхгүй байна. Охиноо би өөр дээрээ авна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.Н. нь хариуцагч Г.П.ид холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, “Түвшинхолбоо” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байна гэсэн эмчийн тодорхойлолт зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
Хариуцагч Г.П. нь хүүхдийн эцэг болохыг зөвшөөрч маргаагүй бөгөөд хүүхдээ өөрийнхөө асрамжид авна гэж хариу тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд хариуцагч нь хүүхдийг эхийнх нь асрамжид өгөхийг зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Т.Н., хариуцагч Г.П. нар нь 2014 онд танилцаж, хамтын амьдралын хугацаанд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр охин Н.У.ийг төрүүлсэн байна.
Зохигчид нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй үндэслэлээр Н.У.ийг эх Т.Н.ээр овоглосон байх бөгөөд хүүхдийн эцэг мөн болохыг хариуцагч зөвшөөрч, маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр охин Н.У.ийн төрсөн эцэг нь Ж овогт Г.П. мөн болохыг тогтоох нь зүйтэй.
Хариуцагч нь хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул хүүхэд төрсөн цагаасаа эхийнхээ асрамжид эрүүл саруул өсөн бойжиж байгаа нь Түвшинхолбоо өрхийн эрүүл мэндийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа бөгөөд эхийн асрамжийн талаар дутагдалтай байдал тогтоогдохгүй байх тул хүүхдийн насны байдал, эхийн халамж, ахуй нөхцөл бололцоо зэрэг нөхцөл байдлыг харгалзан охин Н.У.ийг эх Т.Н.ийн асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар Н.У.т сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Г.П.оор тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Н.У.ийн төрсөн эцэг нь Ж овогт Г.П. мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Н.У.ийг эх Т.Н.ийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.П.оор тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Г.П., эх Т.Н. нарт даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 70 200 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 33 105 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА