Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/196

 

 

 

 

 

   2024              03           12                                            2024/ШЦТ/196      

                                        

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ************ холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Бат-Орших, шүүгдэгч ****** нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

**************

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ****** байрны гаднаас хохирогч ******ын эзэмшлийн “Трек” брендийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.  

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ****** нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч ******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“Хэргийн үйл баримт болон зүйлчлэл дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө гэрээсээ гараад Дунд голын замд байдаг байрнуудын дундуур явж байсан чинь модонд дугуй түгжээтэй байсан. Хүн харсан чинь байхгүй байсан. Тэгэхээр нь дугуйн түгжээг жижиг бахиар таслаад авч явсан.

Дугуйг авсан зорилго нь би хүмүүсээс мөнгө авсан байсан. Хүмүүс нь мөнгөө нэхээд байхаар дугуйг авсан. Гэхдээ хохирогчид дугуйг биет байдлаар буцаан өгсөн. Би цаашдаа ажил хөдөлмөр хийгээд, зөв амьдарна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн *********** дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 12-13 дахь тал),

2. Хан-Уул дүүргийн ****** байрны хойд орц руу харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 22-23 дахь тал),

 

3. “... Шар өнгийн, 29 инчийн дугуйтай, суудалгүй, их бие дээрээ халцархайтай Трек брэндийн унадаг дугуй нэг ширхгийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримт (хэргийн 14-15, 16 дахь тал),

 

4. “шар өнгийн усочка буюу таслагчийг /нийт 16 см, ажлын хэсэг 4 см, их бие нь 12 см/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцсон  мөрдөгчийн тогтоол (хэргийн 18-19, 20, 21 дэх тал)

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ын хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн оройны 19:00-20:00 цагийн орчимд ажлаа тараад дугуйтайгаа гэрийн гадаа ирээд байрны хойд талд байрлах модноос цоожлоод гэртээ орсон. Тэр өдрөөс хойш өөрийн унадаг дугуйгаа унах боломжгүй цас орчихсон байсан тул машинтайгаа ажилдаа явж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 08:30 цагийн орчимд ажилдаа явах гээд, мөн дулаахан байсан тул унадаг дугуйгаа унаад явъя гэж бодоод түгжсэн газар нь очиход байгаагүй.

Тэгэхээр нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны цагдаа дээр очиж уулзаад СӨХ-ийн  хяналтын камерын бичлэгийг шүүж үзээд цагдаад өргөдөл гаргасан. Камерын бичлэгээс царай зүс нь харагдахгүй байгаа ч 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг шилжих шөнө 02:00 цаг өнгөрч байхад 17-18 насны болов уу эрэгтэй хүүхэд ирээд цоожтой ноцолдож байгаад унаад авч явж байгаа нь харагдсан.

Би уг дугуйгаа 2022 оны 4 дүгээр сард Атилла дэлгүүрээс 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан, содон шинэ нь гэвэл  шар өнгийн, Трек брэндийн, 29 инчтэй унадаг дугуй байсан. Тухайн дугуйнд нэмэлт тоноглол, эвдрэл гэмтэл байхгүй. Дугуйгаа түгжиж орхихдоо суудлыг нь авчихсан байсан. Би одоо унадаг дугуйгаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний дугуйг хулгайлсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 27-28 дахь тал),

6. Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1307 дугаартай:

“...Трек брэндийн 29 инч унадаг дугуйг 2023 оны 4 дүгээр сарын байдлаар ижил төсөөтэй байдлаар зэх зээлийн үнэ цэнийг 1.500.000 төгрөг гэж тооцлоо.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 31-33, 34 дэх тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...Би 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийн хүргэлтийн ажлаа дуусаад ****** тоотод гэртээ ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад орой 00 цагийн үед гэрээс гарсан. Тухайн үед би хүмүүст өртэй,  мөнгө хэрэгтэй байсан учраас гэрээс тасдагч багаж авч гарсан. Тэгээд шууд Хан-Уул дүүргийн 19-ийн үйлчилгээний төв ороод, тэр хавиар алхаад явж байтал ****** байрны хойд талд, мод түшүүлээд түгжчихсэн дугуй байхыг би харсан. Тэгээд хэсэг хүн харж байгаад эзэнгүй байхаар нь би очоод цоожийг тасдаад дугуйг авч гэртээ харьсан.

Дугуйг гэртээ байлгаж байгаад найз Эрхэмбилэгт түр өгөх гэж байгаад фэйсбүүк дээр ****** гэх хүн тухайн унадаг дугуйг алдсан тул олж өгсөн хүнд шагнал өгнө гэсэн байхаар нь би дугуйг аваад, хүнтэй нь холбогдоод дугуйг гэрийнх нь гадна өгөх гэж байтал цагдаа нар ирсэн.

...Өмнө нь унадаг дугуй хулгайлж байгаад баригдаад тэнсэн харгалзах ял авч байсан. Одоо Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэрэг байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 47-48 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 50 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 51 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 52 дахь тал), хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лавлагаа (хэргийн 53 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 57 дахь тал), Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 854 дугаар шийтгэх тогтоол (хэргийн 65-74 дэх тал), ялын тооцоо хүргүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 04/5985 дугаартай албан бичиг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлсэн болно.

 

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ****** нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ****** байрны гадна талбайд, модноос түгжиж байрлуулсан байсан иргэн ******ын эзэмшлийн, 29 инчийн дугуйтай,  Трек маркийн, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг түгжээг нь таслагч багажаар тайлж аван, өөрийн эзэмшилд хууль бусаар авсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

-  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 12-13 дахь тал),

- Хан-Уул дүүргийн ****** байрны хойд орц руу харсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 22-23 дахь тал),

- “... Шар өнгийн, 29 инчийн дугуйтай, суудалгүй, их бие дээрээ халцархайтай Трек брэндийн унадаг дугуй нэг ширхгийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримт (хэргийн 14-15, 16 дахь тал),

- “шар өнгийн усочка буюу таслагчийг /нийт 16 см, ажлын хэсэг 4 см, их бие нь 12 см/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд мөрийн баримтаар тооцсон  мөрдөгчийн тогтоол (хэргийн 18-19, 20, 21 дэх тал)

- хохирогч ******ын: “...Би 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн оройны 19:00-20:00 цагийн орчимд ажлаа тараад дугуйтайгаа гэрийн гадаа ирээд байрны хойд талд байрлах модноос цоожлоод гэртээ орсон. Тэр өдрөөс хойш өөрийн унадаг дугуйгаа унах боломжгүй цас орчихсон байсан тул машинтайгаа ажилдаа явж байгаад 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 08:30 цагийн орчимд ажилдаа явах гээд, мөн дулаахан байсан тул унадаг дугуйгаа унаад явъя гэж бодоод түгжсэн газар нь очиход байгаагүй.

Тэгэхээр нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны цагдаа дээр очиж уулзаад СӨХ-ийн  хяналтын камерын бичлэгийг шүүж үзээд цагдаад өргөдөл гаргасан. Камерын бичлэгээс царай зүс нь харагдахгүй байгаа ч 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг шилжих шөнө 02:00 цаг өнгөрч байхад 17-18 насны болов уу эрэгтэй хүүхэд ирээд цоожтой ноцолдож байгаад унаад авч явж байгаа нь харагдсан.

Би уг дугуйгаа 2022 оны 4 дүгээр сард Атилла дэлгүүрээс 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан, содон шинэ нь гэвэл  шар өнгийн, Трек брэндийн, 29 инчтэй унадаг дугуй байсан. Тухайн дугуйнд нэмэлт тоноглол, эвдрэл гэмтэл байхгүй. Дугуйгаа түгжиж орхихдоо суудлыг нь авчихсан байсан. Би одоо унадаг дугуйгаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний дугуйг хулгайлсан хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 27-28 дахь тал),

- Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1307 дугаартай:

“...Трек брэндийн 29 инч унадаг дугуйг 2023 оны 4 дүгээр сарын байдлаар ижил төсөөтэй байдлаар зэх зээлийн үнэ цэнийг 1.500.000 төгрөг гэж тооцлоо.” гэсэн үнэлгээний тайлан дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 31-33, 34 дэх тал) болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******ийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 47-48 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

 

Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил, өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж, бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч ****** нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн ****** байрны гадна талбайд, модноос түгжиж байрлуулсан байсан иргэн ******ын эзэмшлийн, 29 инчийн дугуйтай,  Трек маркийн, 1.500.000 төгрөгийн үнэ бүхий, унадаг дугуйг түгжээг нь таслагч багажаар тайлж аван, өөрийн эзэмшилд шилжүүлэн авч явсан  үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр, бусдын эд хөрөнгө өмчлөх эрхэд  халдаж буй гэмт үйлдэл болох ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” буюу “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч ****** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчийн дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч ******ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” үүрэгтэй байна.

 

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч ******ын хулгайд алдсан Трек маркийн унадаг дугуйг шүүгдэгчээс биет байдлаар нь бүрэн бүтэн хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан “... Шар өнгийн, 29 инчийн дугуйтай, суудалгүй, их бие дээрээ халцархайтай Трек брэндийн унадаг дугуй нэг ширхгийг хураан авч, хүлээлгэн өгсөн тухай эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл баримтаар нотлогдсон байна. (хэргийн 14-15, 16 дахь тал),

 

Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлж арилгасан гэж үзнэ.  

 

Шүүгдэгч ****** нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсан,

- Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн  547 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай болохыг тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 854 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсэн” зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийтгүүлсэн ба дээрх ялаас 15 хоногийн ялыг эдэлж, эдлээгүй үлдсэн 11 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байгаа нь хэрэгт авагдсан шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримтууд, ялын тооцоо хүргүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 сарын 12-ны өдрийн 04/5985 дугаартай албан бичиг баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүх, шүүгдэгч ******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлсөн болон хохирогч ****** нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор нийтэд  тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэснийг журамлан шүүгдэгч ******ид энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өмнөх шийтгэх тогтоолоор буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр шийдвэрлэсэн зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 16 см урттай, ажлын хэсэг 4 см, их бие нь 12 см хэмжээтэй, шар өнгийн таслагч бахь нэг ширхгийг зохих журмын дагуу устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                      

 

ТОГТООХ нь:

 

1. *************** “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******ид 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 597 дугаар шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр шийдвэрлэсэн зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ******ид энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн нийт 16 см урттай, ажлын хэсэг 4 см, их бие нь 12 см хэмжээтэй, шар өнгийн таслагч бахь нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт ****** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт   битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ****** “алдагдсан дугуйг биет байдлаар хүлээн авсан, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.БАЗАРХАНД