Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 21

 

 

Т.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолтой, Т.Н-д холбогдох эрүүгийн 1935004280225 дугаартай, 2 хавтас хэргийг шүүгдэгч Т.Н, хохирогч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Д.Бунжаа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Х.Энхтуул, хохирогч Г.Батхишиг, түүний хууль ёсны төлөөлөгч З.Алтантуяа, шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 09-нд Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл-4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Залгамжлагчийн ... тоотод оршин суух Х овогт Т-ын Н.

Шүүгдэгч Т.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу төрсөн ах Т.Г-ын охин, насанд хүрээгүй Г.Б-ийг /15 нас 4 сар 2 хоног/ өөрийнхөө гэрт 2017 оны 09 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сар хүртэл, 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл, 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд тус тус хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хойд овогт Тулгын Нанжидсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-д заасан хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай арван зургаанд насанд хүрээгүй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Н-д зургаан жил хорих ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Т.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Н миний бие Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь хохирогч Г.Б нь өөрийн хүсэлтээр надтай бэлгийн харьцаанд орсон болно. Иймд хэргийг дахин хянаж өгнө үү, тухайн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч З.Алтантуяа, өмгөөлөгч Д.Бунжаа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч Г.Б миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Миний бие хүчиндүүлсэн асуудал огт байхгүй, ах бид хоёрын хооронд үүссэн харилцаа бол хайр сэтгэлийн үүднээс хийсэн үйлдэл юм. Бид хайр сэтгэлийн асуудлаа нууж байсан. Иймд хэргийг бодит байдалд нийцүүлэн дахин шийдэж өгнө үү, гомдол тэмцэл байхгүй” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:”Анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч Т.Н нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Н болон хохирогч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч З.Алтантуяа, өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран гаргасан гомдлуудыг тус тус үндэслэн Т.Нд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий болсон байна гэж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Н нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох  16 насанд хүрээгүй охин Г.Бийг Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, Залгамжлагчийн 402 тоотод байрлах өөрийн гэртээ анх 2017 оны 9 дүгээр сард   хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, улмаар үргэлжлүүлэн 2018 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд, мөн 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сар хүртэл, 2019 оны 9 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд хохирогчийн  хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн  мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 751 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Нгийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Г.Б нь 2002 оны 5 дугаар сарын 18-нд төрсөн болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р тал/-аар нотлогдож байх бөгөөд тэрээр 2017 оны 9 сард анх хүчиндэх гэмт хэрэгт өртөх үедээ 15 нас 04 сартай буюу 16 насанд хүрээгүй байсан байна.

Хохирогч Г.Б нь шүүгдэгч Т.Нгийн төрсөн ах Т.Гын төрсөн охин мөн болох нь, мөн тэрээр 2017 оны 9 дүгээр сард хичээлийн шинэ жил эхлэхэд Улаангом сумын Политехник коллежид суралцахаар Наранбулаг сумаас ирж, авга ах Т.Нгийн гэрт амьдарч эхэлсэн ба 2019 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд суралцах хугацаандаа байнга хамт амьдарсан зэрэг үйл баримт хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “ гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг ойлгоно”, мөн хуулийн 3.1.6-д “ садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг ойлгоно” гэж тус тус зааснаар бол хохирогч, шүүгдэгч нар гэр бүлийн гишүүд гэх ойлголтод хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд заасан хуульчилсан тайлбарт: Энэ хуульд заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжинд байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж зааснаар хохирогч Г.Б, шүүгдэгч Т.Н нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс гэж үзнэ.  

Иймд шүүгдэгч Т.Нг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Н болон хохирогч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч З.Алтантуяа, өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран гаргасан “ шүүгдэгч, хохирогч нар нь сайн дурын үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон “ гэх утга агуулга бүхий гомдол нь:

Хохирогч Г.Бт мэдүүлэг авахын өмнө түүнд хэргийн талаар мэдэх бүх зүйлээ үнэн зөв мэдүүлэхийн чухлыг тайлбарлан өгч, түүний хууль ёсны төлөөлөгч З.Алтантуяаг байлцуулан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр авсан “ ...нэг өдөр Цэрэнханд эгч ажилдаа явчихсан/ жижүүрт хонох ээлжтэй байсан/ , тэдний хүүхдүүд унтчихсан байхад шөнө Т.Н ах миний унтаж байсан ор луу орж ирээд миний түрсикийг тайлж, миний хөхнөөс барьж,  миний дээр гараад хүчээр бэлгийн харьцаанд орсон. Унтаж байхад миний ор луу гэнэт хүн орж ирэхэд  би айж цочоод ямар нэгэн зүйл хэлж чадаагүй, тухайн үед гэрт гэрэлгүй байсан.Нанжидсүрэн ах  тухайн үед бэлгийн харьцаанд оръё гэж асуугаагүй, надаас ямар нэг бэлгийн харьцаанд орох талаар зөвшөөрөл авсан зүйл байхгүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 92-24 дүгээр тал/,

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Г.Бээс түүний  хууль ёсны төлөөлөгч болох Увс аймгийн гэр бүл, Хүүхэд, Залчуудын хөгжлийн газрын мэргэжилтэн С.О, хохирогчийн өмгөөлөгч Д.Бунжаа нарыг байлцуулан авсан “ ..Д.Ц эгч ээлжийн ажилтай байх үед Т.Н ах надтай бэлгийн харьцаанд хүчээр ордог байсан“ гэх мэдүүлэг /хх-ийн 96 дугаар тал/-ээр тус тус үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн  хохирогч Г.Б нь “өөрийн авга ах Г.Нанжидсүрэнтэй бэлгийн харьцаанд орж, хүчиндүүлсэн талаараа Улаангом политехник коллежийн ангийн багш Б.А, Д.Н, нийгмийн ажилтан Б.О, эмч Э.Энхтүвшин нарт тодорхой ярьсан тухай гэрч Б.А, Д.Н, Б.О, Э.Энхтүвшин нар мэдүүлсэн байна.

Мөн хэрэгт Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нарын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаартай “Г.Б нь сэтгэцийн хувьд эрүүл, сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй байна. Г.Б нь болсон явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгч чадна” гэх дүгнэлтээр Г.Б нь болсон явдлыг зөв тусгаж мэдүүлэх чадвартай нь тогтоогдсон.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг  шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай  нийцсэн байна.

 Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гаргасан хохирогч Г.Бийн “ах бид хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан тул бэлгийн харьцаанд орсон“ гэх тайлбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Алтантуяагийн “Т.Нд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх тайлбаруудыг хүлээн авах боломжгүй. Учир нь :

Хохирогч Г.Б нь 16 насанд хүрээгүй байхдаа хүчиндэх гэмт хэрэгт өртсөн  байх ба хууль зүйн ойлголтоор 14-18 хүртэлх насны хүнийг “насанд хүрээгүй хүн” гэх бөгөөд сэтгэхүйн хувьд бүрэн хөгжиж төлөвшөөгүйн улмаас эр эмийн харилцаа, хурьцал үйлдэхийн мөн чанар, үр дагаврыг бүрэн ухамсарлаж ойлгох чадваргүй, нөгөө талаар шүүгдэгч Т.Н нь хохирогч Г.Бийн аав Т.Гын төрсөн дүү буюу төрөл, садангийн хүмүүс байх тул Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт : “төрөл садангийн хүмүүс хоорондоо гэрлэхийг хориглоно” гэх заалтаас үзэхэд удам зүйн хувьд болон  ёс суртахуун, зан заншилд  харш үйлдэл болно.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч Т.Нгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх бөгөөд  ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч  Т.Н болон хохирогч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч З.Алтантуяа, өмгөөлөгч Д.Бунжаа нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Шүүгдэгч Т.Нгийн анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 02 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч  Т.Н болон хохирогч Г.Б, түүний хууль ёсны төлөөлөгч З.Алтантуяа, өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Н-гийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ