| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0027/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/29 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/29
2024 03 12 2024/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхзоригт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2302007510034 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч С.Баяр-Эрдэнэ
Шүүгдэгч Д.Мөнхзориг нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, 23 настай, эрэгтэй, “Оюу толгой” MCSP ХХК-нд конневэр угсрагч ажилтай, ам бүл ганцаараа амьдардаг, Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 36 тоот орон сууцанд оршин суух хаягтай, урьд нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овгийн Дэлгэрмөнхийн Мөнхзориг /РД:УЮ00232431/.
Шүүгдэгч Д.Мөнхзориг нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 36 тоот өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин нь 250,1 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Мөнхзоригийн шүүхийн хэлэлцүүлэгт “...мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Мөнхзоригийн өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө найз Байдраг, Ган-Эрдэнэ нарын хамт пиво уугаад нойр хүрээд өөрийн гэртээ унтаж байтал хаалгаар хүмүүс орж ирээд босож ирээд хартал гаднаас цагдаа орж ирсэн. Би юу болсон талаар асууж тодруулахад хүн дуудлага өгсөн, үзлэг хийх ёстой гэж хэлээд хойноос нь бас цагдаа нар ирсэн. Манай гэрт үзлэг хийгээд тагтан дээрээс, жижиг өрөөний хувцасны шүүгээн дотроос, том өрөөний тавиурын шургуулганаас, гал тогооны угаалтуур дотроос канабис төрлийн өвсийг намайг байхад цагдаа нар илрүүлж хурааж аваад тэгээд манай гэрт байсан хүмүүсийг цагдаа дээр авчирч шинжилгээ авч мөн шалгаж, 4 хүнийг саатуулсан..., ...би 2000 онд Багануур дүүрэгт айлын ганц хүү болж төрсөн, ээж Бямбадэлгэр намайг 1 нас 3 сартай байхад ааваас салаад би 2017 он хүртэл аав Дэлгэрмөнхийн хамт Багануур дүүрэгт амьдарч байгаад аав намайг 17 настай байхад талийгаач болоод түүнээс хойш би ганцаараа аавынхаа үлдээсэн байранд амьдарч байна. Би одоо хийж байгаа ажилдаа 2023 оны 05 дугаар сард орсон одоогоор амарч байгаа юм. Би урьд өммнө хэд хэдэн удаа торгууль, албадан ажил хийлгэх зэрэг ялуудаар шийтгүүлж байсан. Надад Багануурт ямар нэгэн хамаатан садан байхгүй, би найз нөхдийн хүрээлэл дунд амьдардаг, надад өөр нэмж хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны үед Д.Мөнхзоригийн дахин өгсөн “...үнэн хэрэгтээ манай гэрээс олдсон өвс бүгд минийх байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52-р хуудас/
Гэмт хэргийн талаарх мэдээллийг 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 09-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн “...байранд ороход үл мэдэх үнэр үнэртэж байв. ...хивсэн дээр байх шар өнгийн зурагтны тавиурын зүүн талын жижиг шүүгээнд байх шаазан аяга дотор тайрсан усны саванд ногоон өнгийн ургамал байсныг 2 тоо тавьж гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авлаа. Цааш байрны тагтан дээр саарал өнгийн пүүзэнд хийгээд бор шүүгээнд байсныг гаргасан гэх цагаан уутнаас гаргаж цайвар ногоон өнгийн даавууг задалхад байсан гэх ногоон өнгийн ургамал байх газрыг 1 тоо тавьж тухайн ургамлыг эд мөрийн баримтаар хурааж авлаа. Үзлэг хийх явцад байрны тавилгануудыг хөдөлгөж үзэхэд угаалтуур дотор ундааны саванд ногоон өнгийн ургамал байх бөгөөд 3 тоо тавьж гэрэл зургаар бэхжүүлэн хурааж авлаа. Цааш жижиг өрөөнд үзлэгийг дахин үргэлжлүүлэхэд жижиг өрөөний бор шаргал өнгийн шүүгээний хойно газар байх тайрсан хөх саван дотроос хэрэглэсэн хуучин бээлий хоёр хос, нүдний шилний ягаан өнгийн гэрэнд тугалган цаас 3 ширхэг, хуйлсан 50, 10 төгрөг тус бүр нэг ширхэг, жижиг гялгар уут нэг ширхэг байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17-р хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 18-20-р хуудас/
Д.Мөнхзоригийн биеэс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр биологийн дээж авч, урьдчилсан байдлаар тест ашиглан шалгасан “...ТНС бодис илрэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 25-31-р хуудас/
Гэрч Т.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Улаанбаатар хотоос 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө найз Хонгорзул гэдэг найзтайгаа таксигаар Багануурт ирсэн. Ирээд найз Чинбаттай утсаар ярьж уулзаад бид гурав Багануур дүүргийн 3 дугаар хороо 47-36 тоотод байх Хонгорзулын найз залуу Золжаргалтай уулзхаар найз Д.Мөнхзоригийн гэрт ороход 2 цагдаа Мөнхзоригийн гэрт үзлэг хийж байсан. Удалгүй дахиад цагдаа нар ирж шалгалт хийгээд бид нарыг цагдаа дээр авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/
Гэрч Г.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...гэтэл унтаж байхад цагдаа нар ирээд намайг өшиглөж сэрээгээд...цагдаа дээр авчирсан. Би Мөнхзоригийг багаасаа мэднэ, найзалж нөхөрлөдөг. Би гадаадаас 2023 оны 8 дугаар сард ирээд түүнтэй нэг удаа Нарангийн лоунжид уулзаад, сүүлд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өдөр уулзаж, түүнээс хойш гэрт нь очсон. Би Мөнхзоригийг гэртээ тийм юм хадгалж байгаа гэдгийг мэдээгүй....” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 56-р хуудас/
Гэрч Б.Байдрагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2 долоо хонгийн өмнө байхаа хэзээ гэдгээ санахгүй байна. ШУТИС-ийн гадна найз Жаргалсайхантай таараад тэгээд бид хоёр Жаргалсайханы машинд хэрэглэсэн байсан. Би Жаргалсайхантай анх 2021 онд сургуулийн тэмцээн дээр таарсан ба тэрнээс хойш бие биеэ таньдаг болсон. Утасны дугаар нь байхгүй зөвхөн фейсбүүкээр холбогдоод байхгүй ч гэсэн фейсбүүк найзууд. Сургууль дээр л бид хоёр таардаг...Би Д.Мөнхзоригийн гэрт хэрэглээгүй. Байгаа гэдгийг нь мэдээгүй...Би анх 2022 оны 6 дугаар сард Улаанбаатар хотод байхдаа хэрэглэж үзэж байсан. Тэрнээс хойш олдвол хэрэглэдэг болсон...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 71-72-р хуудас/
Гэрч Б.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би гэртээ хадгалж байгааг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-р хуудас/
Гэрч Н.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Мөнхзоригтой багийн найз ба бид хоёрын гэр ойрхон байдаг байсан болохоор их нийлдэг байсан. Би Мөнхзоригийг гэртэй тийм зүйл хадгалж байгаа гэдгийг мэдээгүй. Намайг тус өдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Зоригоогийн гэрт ороход Зоригоо гэртэй унтаж байсан..., Би Д.Мөнхзоригийг саяхнаас мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа талаар нь хүнээс сонссон. Ингээд би Д.Мөнхзоригоос тэр талаар нь асуухад надад ямар нэг зүйл хэлдэггүй байсан. Гэртээ Д.Мөнхзориг нь ганцаараа байдаг болохоор гэртэй юу хадгалж юу байлгаж байгааг нь би мэдэхгүй. Байнга гэрээр нь орж гараад байдаггүй болохоор надад мэдэх зүйл байхгүй..., урьд өмнө Мөнхзоригийн гэрт ирж байхад тийм зүйл хэрэглэж байгаагүй. Хэрэглэж байгааг нь харж байгаагүй. Надад санал болгож байгаагүй. Би хэрэглэдэг гэдгийг нь мэдэхээс биш ямар нэг байдлаар надад тэр талаараа огт ярьж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/
Гэрч Г.Чинбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би тус өдөр Б.Хонгорзул, Баясгалан гэдэг ах эгч хоёрыг Улаанбаатар хотоос Багануур дүүрэгт ирэхээр нь Залуус төвийн урдаас тосож авсан. Ингээд бид 3 такси бариад Мөнхзоригийн гэр луу лүу очсон ба гэр лүү нь бид 3 ороход цагдаа нар ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 67-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Бүртгэлийн дугаар 1290 ундааны саван дотор хийж 0,085 гр өвс ургамал" гэсэн хаягтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ- ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3. "Бүртгэлийн дугаар 1290 ундааны саван дотор хийж 0,085 гр өвс ургамал гэсэн хаягтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин 88,4 г, цэвэр жин 47,4 г байна. (Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг буцаан хүргүүлэв)...” 4997 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-80-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн №4998 дугаартай“...1.2. Ирүүлсэн энгийн даавуунд хийхэд тэнцэж байна. "Бүртгэлийн дугаар 1290 цайвар ногоон даавуунд боодолтой 0,135 грамм өвс, ургамал” гэсэн хаягтай ногоон өнгийн даавуунд боодолтой гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3. "Бүртгэлийн дугаар 1290 цайвар ногоон өнгийн даавуунд боодолтой 0,135 грамм евс, ургамал" гэсэн хаягтай ногоон өнгийн даавуунд боодолтой гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 145,7 г, цэвэр жин 119,8 г байна. (Жич: Шинжилгээнд ирүүлсэн дээжийг буцаан хүргүүлэв.)...” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 83-84-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн №4996 дугаартай “...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. АҮ4982596 гэсэн сери дугаартай 50-тын мөнгөн дэвсгэрт, притка зэргээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Бээлий, мөнгөлөг цаас, гялгаруут, А03141822 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй...” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 88-89-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн №4999 дугаартай “...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Бүртгэлийн дугаар 1290 цэнхэр өнгийн хадагт боолттой 0,090 гр өвс ургамал" гэсэн хаягтай цэнхэр өнгийн даавуунд боодолтой гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (с1е11а 9 1е1ЬгаЬус1госаппаЫпо1) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нелөелөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3. "Бүртгэлийн дугаар 1290 цэнхэр өнгийн хадагт боолттой 0,090 гр өвс ургамал" гэсэн хаягтай цэнхэр өнгийн даавуунд боодолтой гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 55,4 г, цэвэр жин 15,5 г байна...” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 93-94-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн №5000 дугаартай “...1.2. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. "Бүртгэлийн дугаар 1290 тайрсан усны саванд хийгээд түүнийгээ жижиг гялгар уутанд хийсэн 0,080 гр өвс ургамал" гэсэн хаягтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта тетрагидраканнабинол (tethrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3. "Бүртгэлийн дугаар 1290 тайрсан усны саванд хийгээд түүнийгээ жижиг гялгар уутанд хийсэн 0,080 гр өвс ургамал" гэсэн хаягтай хуванцар савтай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн хуванцар савтай жин 85,4 г, цэвэр жин 67,4 г байна...” дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 98-99-р хуудас/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч №5003 дугаартай “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн "Д.Мөнхзориг” гэсэн хаягтай цус, "Мөнхзориг УЮ00232431" хаягтай шээснээс тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 103-105-р хуудас/
Шүүгдэгч Д.Мөнхзоригийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус ял шийтгэгдэж байсан... ” гэсэн тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 177-193-р хуудас/
Д.Мөнхзоригийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн халамж дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт лавлагаа, нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй тухай лавлагаа /хх-н 194-201-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…шүүгдэгч Д.Мөнхзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна, намайг уучлаарай, дахиж ийм зүйлд хэзээ ч орооцолдохгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Мөнхзооригт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байна.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, шинжээчийн дүгнэлтүүдээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч Д.Мөнхзориг нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүргийн 3 дугаар хороо, 47 дугаар байрны 36 тоот өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай зэрлэг олсны төрлийн ургамал болох цэвэр жин 250,1 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, 3, 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Мөнхзориг нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.
Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн хувийн байдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад шүүгдэгч Д.Мөнхзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Мөнхзоригийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Шүүгдэгчээс энэ хэрэгт холбогдуулан хохирол, хор уршиг нэхэмжлээгүй байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “…Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхзоригийг нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ундааны саванд хийсэн 47,4 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, цайвар ногоон өнгийн даавуунд боодолтой гялгар уутанд хийсэн 119,8 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн бээлий 4 ширхэг, мөнгөлөг цаас 4 ширхэг, АУ4982596 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, А03141822 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, притка 1 ширхэг, цэнхэр өнгийн хадганд боолттой 15,5 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, тайрсан усны саванд хийсэн жижиг гялгар ууттай 67,4 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйлийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс ”... Хийсэн бүх зүйл миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй, намайг уучилаарай...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүгдэгч Д.Мөнхзориг нь эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, бусдад төлөх төлбөргүй гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Мөнхзоригийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хоёр төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч Д.Мөнхзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Мөнхзоригт шүүхээс оногдуулсан хорих ялыг үйлдсэн гэмт хэргийнхээ талаар шударгаар мэдүүлж, гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мөнхзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан АУ4982596 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, А03141822 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг Монгол банкинд шилжүүлэх,
Мөн тус газарт хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан ундааны саванд хийсэн 47,4 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, цайвар ногоон өнгийн даавуунд боодолтой гялгар уутанд хийсэн 119,8 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн бээлий 4 ширхэг, мөнгөлөг цаас 4 ширхэг, притка 1 ширхэг, цэнхэр өнгийн хадганд боолттой 15,5 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, тайрсан усны саванд хийсэн жижиг гялгар ууттай 67,4 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйлийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шилжүүлсэн, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгах нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигин овгийн Дэлгэрмөнхийн Мөнхзоригийг “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхзоригийг нэг /1/ жил, зургаан /6/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Мөнхзоригт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
-мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан АУ4982596 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, А03141822 серийн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг зохих журмын дагуу Монгол банкинд шилжүүлэх,
Мөн тус газар хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан ундааны саванд хийсэн 47,4 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, цайвар ногоон өнгийн даавуунд боодолтой гялгар уутанд хийсэн 119,8 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, цэнхэр өнгийн бээлий 4 ширхэг, мөнгөлөг цаас 4 ширхэг, притка 1 ширхэг, цэнхэр өнгийн хадганд боолттой 15,5 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйл, тайрсан усны саванд хийсэн жижиг гялгар ууттай 67,4 грамм цэвэр жинтэй ургамал мэт зүйлийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, шилжүүлсэн, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгасугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Мөнхзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Д.Мөнхзоригт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ