Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Давагийн Алтантуяа |
Хэргийн индекс | 135/2020/01120/и |
Дугаар | 1160 |
Огноо | 2020-11-11 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 1160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01120/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг Дархан сум ...-р баг, ...-р хороолол, ...-р байрны ... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт Т.М нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин 14 626 210 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.М, хариуагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн нярав албан тушаалд 2018.08.28-ны өдрийн сургуулийн захирал Н.С ... тоот тушаалын дагуу ажилд томилогдон ажиллаж байсан ба 2018.12.20-2019.01.18 хүртэл Холбооны бүгд найрамдах улсад явах шаардлага гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасан мөн сургуулийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу 1 сарын хугацаагаар чөлөө олгохыг ажил олгогч Ж.М хүссэн. 2019.01.19нд ажилдаа иртэл ажилд оруулаагүй бас халагдах тушаал өгөөгүйгээс маргаан үүсч 2019.06.26-ны өдрийн Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн №64 тоот шийдвэр, мөн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны ******* тоот тогтоолын дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захирлын №Б/38 тоот тушаалын дагуу ажилд эгүүлэн томилогдсон. Иймд 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, урамшуулал, түүнтэй адилтгах орлого болох 14 626 240 төгрөгийг нөхөн олгуулах ба Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захирал Ч.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно гэж заасан байдаг. Гэтэл Т.М нь илүү цалин хөлстэй ажил эрхэлж байсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Т.Мын үндсэн цалин 453149 төгрөг, хавсарсан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй тул хавсран ажилласны нэмэгдэл хөлс олгохыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М нь хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 14 626 210 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Т.М нь Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн... дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн гомдлоор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Т.Мыг Дархан-Уул аймаг, Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн даатгалын дэвтэр, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хянан хэлэлцэж Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн захирлын 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасныг үндэслэн Т.Мыг шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс няравын ажилд эгүүлэн томилсон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй, 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэжээ.
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай магадлалаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг ажилтны нийгмийн даатгалын дэвтэр дэх сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож 2 232 815 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ хугацаанд нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ажилд эгүүлэн тогтоосон өдөр хүртэл хугацааны цалинг гаргуулж олгох нь зүйтэй.
Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “дундаж цалин хөлстэй тэнцэх олговор”-ыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу хэрэгт авагдсан ажилтны нийгмийн даатгалын дэвтэр дэх сүүлийн гурван сарын дундажаар тооцож 2018 оны 10-12 сарын дундаж / 657409+654409+994138/ 2 305 956 төгрөг, 2 305 956 : 3=768 652 сарын дундаж цалин, 768 652 : 21,5 =35 751 төгрөг нэг өдрийн цалин , 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 346 хоногийн цалин 346 х 35751 =12 369 846 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, 2 256 364 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар дээрх цалин орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Т.М нь 2019 оны 10 дугаар сараас одоог хүртэл Э ХХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн нийгмийн даатгалын санд шимтгэл төлсөн тухай архивын лавлагаа, Т.Мын ... дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх бөгөөд дээрх хугацаанд авч байгаа цалин хөлс нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговор олгох зохицуулалтанд хамааралгүй юм.
Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байгаа ажилтныг ажил олгогчийн шийдвэрээр ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бол түүнийг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох бөгөөд ингэхдээ түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох, ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах, ингэхдээ урьд авч байсан цалин хөлс буурсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох зохицуулалт юм.
Иймд нэхэмжлэгч Т.Мын Э... ХХК-д ажиллаж авч байсан цалин орлого нь дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуулиас 12 369 846 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Мд олгож, 2 256 364 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар дээрх цалин орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Дархан сумын Ерөнхий боловсролын ... дугаар сургуульд даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231081 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 212867 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА