| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0033/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/31 |
| Огноо | 2024-03-19 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/31
2024 03 19 2024/ШЦТ/31
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Азбаярт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304001900021 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч С.Баяр-Эрдэнэ
Шүүгдэгч О.Азбаяр нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “Багануур” ХК-нд оператор ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 4 дүгээр гудамжны 5 тоот хашаанд оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэл үгүй, Цагаагчин овгийн Оюунцэцэгийн Азбаяр /РД:МЗ85101312/
Шүүгдэгч О.Азбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 4 дүгээр гудамжны 5 тоотод хамт архи ууж байсан хохирогч Н.Эрдэнэзаяатай “өөдөөс нь салаавч гаргалаа” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан хийх явцдаа нүүр лүү нь нэг удаа цохисны улмаас хохирогчийн зүүж байсан нүдний шил хагарч, нүдний шилний хагархай зүүн нүдний доод зовхи хэсгийг зүсэж гэмтээн эрүүл мэндэд нь “зүүн нүдний эвэрлэгийн гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч О.Азбаярын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны үед өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр найз Эрдэнэзаяа хоёр хүүхдийн хамт манай гэрт ирсэн. Манайд Ерөөлтхүү байсан. Сод-Эрдэнэ, Эрдэнэзаяа, Ерөөлтхүү бид дөрөв хоёр ширхэг нэг литрийн савлагаатай эдэн архи хувааж уусан. ...Эрдэнэзаяа над руу салаавч гаргаад байсан, надаас зайтай сууж байгаад миний хажууд ирээд суусан. Би Эрдэнэзаяад хандан “...би танай гэрт чинь очоод ингэдэггүй биздээ” гэж хэлтэл дахин гараараа салаавч гаргасан. Би хариуд нь Эрдэнэзаяа руу салаавч гаргатал Эрдэнэзаяа гараараа миний шүд уруул хэсэгт цохисон. Тэр үед түүний нүдний шил таарсан юм шиг байна лээ. Нүдний доод хэсэг нь зүсэгдсэн байсан, эхнэр Гантуяа нь нойлын цаасаар арчиж байгаад Эрдэнэзаяаг хүүхдүүдтэйгээ аваад гарсан. Тухайн маргаанд Эрдэнэзаяа бид хоёроос өөр хүн оролцоогүй, Сод-Эрдэнэ бид хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Н.Эрдэнэзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багийн найз Азбаяр яриад “...манай хоёр хүүхдийг дөхүүлээд өгөөч...” гэж ярьсан байсан. Азбаярын гэр Багануур дүүрэгт байдаг ба Азбаяр ирэхдээ Налайхаас хоёр хүүхдийг болон найз Сод-Эрдэнийг аваад ирээч гэж хэлсэн учир хамт очсон. Азбаяр эхнэрийн хамт Номин дээр байсан ба хамт хоолонд ороод Азбаярын эхнэр ажил дээрээ үлдээд бид нар Азбаярын гэр лүү явсан. Гэрт нь очтол Азбаярын ажпын хүн унтаж байсан. Бид нар Азбаярын гэрт очоод нэг шил архи авч ороод юм ярингаа архиа уусан. Азбаярын хамт ажилдаг хүн удалгүй явсан ба би их согтоод юу болсныг сайн санахгүй байгаа. Нэг мэдэхэд Гэмтэл согог судлалын төв эмнэлэг дээр сэрсэн. Тэндээсээ Улсын төв нэгдүгээр эмнэлэг дээр очоод эмч нар нь хагалгаанд орсон байсан учир маргааш өглөө нь эрт очиж хагалгаанд орсон..., ...Азбаярын гэрт байсан ажлын хүн нь явах хүртэл санаж байна. Содбаяр бид хоёр Багануур явах замдаа хэдэн пиво уугаад явсан болохоор архи нэмээд уусан чинь их согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/
Гэрч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг Азбаярын гэр рүү орох үед нөхөр Эрдэнэзаяа найз Азбаярт хандан "...За хөгшин нь гэр рүүгээ явлаа..." гэж хэлэхэд Азбаяр "...манай гэрт хоноод яв. Эсвэл би та нарт буудал аваад өгье..." гэж хэлсэн. Тэд нар зурагт дээр хөгжим тавьсан бүжиглэж байсан ба нөхөр Эрдэнэзаяа найз Азбаяр руу гараараа салаавч гаргасан. Тэгж байгаад Эрдэнэзаяа найз Азбаяр дээр очоод "...За баяртай..." гээд хажууд нь очиход Азбаяр миний нөхөр Эрдэнэзаяагийн ам руу гараараа салаавч гаргаад тулгасан. Нөхөр Эрдэнэзаяа уурлаад "...Чи яаж байгаа юм бэ..." гэж хэлээд найз Азбаярыг гараараа цохиод авсан. Би тэр хоёрт "...Та нар чинь яаж байна аа..." гэж хэлээд салгатал Азбаяр зүгээр сууж байсан аа миний хажуугаар гараа оруулаад нөхөр Эрдэнэзаяагийн нүүр рүү гараараа цохиод авсан. Азбаярын гар нөхөр Эрдэнэзаяагийн нүд рүү цохисон ба Эрдэнэзаяа нүдний шил зүүдэг учир нүдний шил нь цохигдон хагарч нүднээс нь их цус гарч байсан. Содоо гэх эрэгтэй Азбаярыг түлхэж холдуулсан ба бид нар хувцсаа өмсөөд тэдний гэрээс гарч явсан... Маргаан болох үед Содоо, Эрдэнэзаяа, Азбаяр бид дөрөв байсан. Нөхөр Эрдэнэзаяа найз Азбаярын хэлсэн зүйлсийг үгүйсгэн гараараа салаавч гаргаснаас болж Азбаяр уурлан "...би танай гэрт очоод салаавч гаргаад байдаг уу чам руу ингээд байвал ямар байна..." гэж хэлээд ам руу гараараа салаавч гарган тулгаснаас болоод маргаан үүссэн. Маргаан болоход Азбаяр, Эрдэнэзаяа нар л оролцсон. Содоо сүүлд Азбаярыг түлхэж холдуулсан... Миний нөхөр Эрдэнэзаяа миний зүүн гар талд сууж байсан. Харин Азбаяр миний баруун гар талд сууж байгаад гэнэт манай нөхөр Эрдэнэзаяагийн нүд рүү баруун гараа зангидаж байгаад нэг удаа хүчтэй цохиод авсан. Нөхөр Эрдэнэзаяа цохиулаад нүдээ дараад доошоо тонгойх шиг болсон чинь маш их цус гарсан байсан. Тэр үед шил нь хагарч нүдийг нь гэмтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Багануур дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 058 дугаар “...Н.Эрдэнэзаяагийн биед зүүн нүдний эвэрлэгийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх зүүн нүдний эвэрлэгийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/
Иргэний нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хохирогч Н.Эрдэнэзаяа нь эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрийн зардлын мэдээллийг эрүүл мэндийн даатгалын цахим системээс шүүхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 855,000 төгрөгийн зардал гарсан байх тул нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан болно. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан иргэний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрийн задаргааг тухайн ЭМБ-аас авах боломжтой юм. Иймд хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.Азбаяраас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Азбаярын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэсэн тэмдэглэл /хх-н 116-р хуудас/
О.Азбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 125-131-рхуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...Шүүгдэгч О.Азбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Н.Эрдэнэзаяа нь гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийн зардал нэхэмжлээгүй, хохирогчид эрүүл мэндтэй холбоотой гарсан зардал 500.000 төгрөг, мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 855.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдуулах...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрийг төлсөн...” гэсэн дүгнэлтүүд гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд О.Азбаярт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч О.Азбаяр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Багагүний 4 дүгээр гудамжны 5 тоот хашаанд байх өөрийн гэртээ хамт архи ууж байсан Н.Эрдэнэзаяатай “өөдөөс нь салаавч гаргалаа” гэсэн шалтгаанаар хэрүүл маргаан хийх явцдаа нүүр лүү нь нэг удаа цохисны улмаас хохирогчийн зүүсэн байсан нүдний шил хагарч, нүдний шилний хагархай зүүн нүдний доод зовхи хэсгийг зүсэж гэмтээн эрүүл мэндэд нь зүүн нүдний эвэрлэгийн гэмтэл, зүүн нүдний доод хэсэг хавдаж хөхөрсөн, 2-3 см орчим зүсэгдсэн шарх, нүдний саластын улайлт бүхий хохирол учруулсан болох нь тус тус шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Азбаяр нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
О.Азбаяр нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийг нүүр лүү нь нэг удаа цохисны улмаас хохирогчийн зүүж байсан нүдний шил хагарч, нүдний шилний хагархай зүүн нүдний доод зовхи хэсгийг зүсэж гэмтээн эрүүл мэндэд нь “зүүн нүдний эвэрлэгийн гэмтэл” бүхий хохирол учруулсан үйлдлээр нь тогтоогдсон.
Энэ үйлдлийн улмаас хохирогч Н.Эрдэнэзаяад учирсан эрүүл мэндийн хохирол нь хүндэвтэр хохирол болох нь шинжээчийн “...Н.Эрдэнэзаяагийн биед учирсан зүүн нүдний эвэрлэгийн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн 058 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 74-75-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Азбаярын үйлдэл нь хохирогч Н.Эрдэнэзаяагийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг хохирогч, шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад О.Азбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.Азбаярыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
Хохирогч Н.Эрдэнэзаяа нь “...500.000 төгрөгийн хохирол төлбөр авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлжээ./хх-н12-р хуудас/
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагад 855.000 төгрөгийн хохирол учирсан гэх иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүгдэгч О.Азбаяр бүрэн төлж барагдуулсан болох нь 2024.03.19-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Азбаярыг хохирогчид учирсан хохиролд 500.000 төгрөг төлсөн, мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохиролд 855.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлсөн болохыг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй.
2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар
Улсын яллагчаас “...Шүүгдэгч О.Азбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.500 нэгж буюу 2.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...зээл ихтэй ам бүл олуулаа амьдардаг, хамгийн доод талын торгуулийн ялыг оногдуулж өгөөч. Хийсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Азбаяр нь эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, бусдад төлөх төлбөргүй гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болон хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч О.Азбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга таван зуун /1.500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган /1.500.000/ төгрөгийн торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг О.Азбаярт мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаагчин овгийн Оюунцэцэгийн Азбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Цагаагчин овгийн Оюунцэцэгийн Азбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мянга таван зуун /1.500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая таван зуун мянган /1.500.000/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан О.Азбаярт мэдэгдсүгэй
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Азбаяр нь хохирогч Н.Эрдэнэзаяад 500.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Азбаяр нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 855,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлсөн болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол О.Азбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. О.Азбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ