| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/57 |
| Огноо | 2024-03-14 |
| Зүйл хэсэг | 23.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/57
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Б даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
орчуулагч, хэлмэрч А.А,
улсын яллагч Я.Д,
шүүгдэгч Х.Х,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ти нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, К ургийн овогт Хавылгажийн Хад холбогдох 2413000000031 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 14-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, К ургийн овогт Хаийн Х, 1977 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Сагсай сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ....,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Х нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Соёлын төвийн гадна хууль сахиулагчийг буюу Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад цолтой Х.Нг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: “..Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна....” гэв.
2. 2413000000031 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Цагдаагийн алба хаагч Х.Нгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 2 дахь тал),
2.2. Согтуурлын хэмжээг шалгасан тухай “Иргэн Х.Х архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад согтуурал шалгах багажийн заалт 2,89 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон”тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
2.3. Цагдаагийн албан хаагч Х.Нгийн албан үүргээ гүйцэтгэж байх үед өмсөж явсан гэх өвлийн хүрэмд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал),
2.4. Хохирогч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Баян-Өлгий аймгийн Сагсай сум хариуцсан эрүүгийн мөрдөгчөөр ажилладаг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцсан сум орон нутаг болох Сагсай сумын төвд "Шинэ жил"-ийн арга хэмжээний хүрээнд хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.К.ы хамтаар орой 19 цагаас хойш явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгтэл орой 22 цагийн орчимд Сагсай сумын сүлд модны наадам сумын Соёлын төвд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ үеэр би хэсгийн цагдаагийн хамт олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулан ажиллаж байх үеэр тус сумын 5 дугаар багийн иргэн Х.Х нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу, тухайн арга хэмжээ болж байгаа газарт бусадтай хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийх гээд байхаар нь би цагдаагийн хамт очиж, Х.Хад олон нийтийн газар биеэ зөв авч яваарай гэж хэлсэн. Удалгүй Сагсай сумын Засаг дарга Б. бид нарт дуудлага өгч Х.Х нь надтай хэрүүл маргаан үүсгэж байна гэж хэлсэн тул би хэсгийн цагдаагийн хамт тухайн газарт очиж иргэн Х.Хыг та архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явж байна, таныг ар гэрт чинь хүлээлгэн өгнө гэж хэлэх үед иргэн Х.Х нь миний тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, иргэн К.Ба.ай хэрүүл маргаан үүсгэж, гудамж талбайд танхайрсан тул Х.Хын гаргаж байгаа үйлдлийг нь хориглох үед Х.Х нь миний өвлийн дүрэмт хувцасны зүүн мөрдөснөөс гараараа татаж хүчээр тасалсан. Улмаар миний баруун шанаа хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Энэ үед хэсгийн цагдаа С..н бид хоёр Х.Хад тусгай мэх, тусгай хэрэгсэл хэрэглэж түүний хоёр гарыг гавлаж хөдөлгөөнийг нь хязгаарлаж албаны тээврийн хэрэгслээр аймгийн Цагдаагийн газарт авч ирж саатуулсан юм. Х.Хын биед С..н бид хоёр гар хүрч зодсон асуудал огт байхгүй. Дараа нь харахад миний нүүр хэсэгт цохисон хэсэг нь улайсан чинэрч өвдөж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),
2.5. Гэрч С.Кү.ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хариуцсан сум орон нутаг болох Сагсай сумын төвд байсан. Тухайн өдөр "Шинэ жил" арга хэмжээний хүрээнд Сагсай сумын нутаг дэвсгэрт өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд гудамж, талбай олон нийтийн газар, олон нийтийг хамарсан арга явагдаж байгаа газарт олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр сум хариуцсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Х.Нгийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тус өдөр орой нь 22 цагийн орчимд манай Сагсай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Соёлын төвд Шинэ жилийн баярын арга хэмжээ явагдаж байсан юм. Тэгтэл тухайн үед Сагсай сумын Засаг дарга К.Б.ы өгсөн дуудлага мэдээллийн дагуу Соёлын төвд очих үед тухайн газарт тус сумын иргэн Х.Х нь архидан согтуурч бусадтай хэрүүл маргаан үүсгэж, зүй бусаар биеэ авч явсан бөгөөд энэ үед иргэн Х.Хыг хэсгийн төлөөлөгч Х.Н нь та олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явж байна, бусадтай хэрүүл маргаан үүсгэж болохгүй, та намайг дагаад хэсгийн төлөөлөгчийн байранд очих хэрэгтэй, таныг ар гэрт чинь хүлээлгэж өгнө гэх үед Х.Х нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, "...битгий хуц, чамаар заалгах юм уу, чи өөрөө зайл" гэх зэргээр мөн хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд энэ үед Х.Хыг Х.Н бид хоёр авч явах гэхэд Х.Х нь эсэргүүцэж улмаар хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Нгийн хувцаснаас зууралдаж, албаны өвлийн хүрмийн мөрдөснөөс гараараа татаж таслаад Х.Нгийн зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа хүчтэй цохисон, тэр үед Х.Н бид хоёр Х.Хад тусгай мэх хэрэглэж түүний хоёр гарыг нь гавласан бөгөөд энэ үед Х.Х нь хүч өгөхгүй хэл амаар доромжилж, эсэргүүцсэн хэвээр байсан тул Х.Хыг Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирж хүлээлгэн өгсөн юм. Иргэн Х.Х нь цагдаагийн алба хаагч Х.Нгийн зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа хүчтэй цохисон, тэр үед Х.Н бид хоёр шууд Х.Хад тусгай мэх хэрэглэсэн. Дараа нь анзаарч харахад цагдаагийн алба хаагч Х.Нгийн зүүн шанаа, хацар хэсэг нь улайсан байсан, мөн албаны дүрэмт өвлийн хүрмийн зүүн мөрдөс тасарсан байсан юм. Өөр Х.Нгийн биед ил харагдах ямар нэгэн гэмтэл харагдаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
2.6. Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн БӨА-23-0005 дугаартай “...2023 оны 12-р сарын байдлаар Цагдаагийн албаны өвлийн хүрэм 150,000 төгрөг байх боломжтойг тодорхойлов...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29-33 дахь тал),
2.7. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч цолтой С.Р.ийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24/10 дугаартай “...1.Өвлийн хүрмийн зүүн мөр хэсэгт мөрдөс оруулдаг хэлний дардаг товч байхгүй, товч байдаг хавьцаа утас байгаа тул уг утаснууд нь тасарсан байх ба татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралд байх боломжтой байна. ...2. Дээрх хүрэмд үүссэн ханзралд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дэх тал),
2.8. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
2.9. Цагдаагийн алба хаагч Х.Нгийн албаны үнэмлэх, албан тушаалын тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 43-47 дахь тал),
2.10. Шүүгдэгч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баярын өдөр байсан, тэр өдөр танил найзуудтайгаа хамт архи уусан согтуу байсан. Миний санаж байгаагаар орой Сагсай сумын Соёлын төвд шинэ жилийн арга хэмжээ болсныг санаж байна, тухайн газарт би очоод сууж байхад манай сумын Засаг дарга Б. нь ирээд надад чи яах гэж явж байгаа юм, үүнийг энэ заалнаас гарга гэж хэлсэн. Тэгээд удалгүй сумын цагдаа нар намайг ирээд тухайн соёлын төвөөс авч гаргасан. Тухайн үед би юу болсныг сайн санахгүй байна, ямар ч байсан хэсгийн төлөөлөгч Х.Нн намайг аймгийн төвд цагдаагийн газарт авч ирсэн байсан. Зарим зүйлүүдийг би огт санахгүй байна. Би тэр үед нэлээд согтуу байсан. Тухайн үед яг юу болсныг үнэхээр санахгүй байна. Ямар ч байсан цагдаа нар ирээд намайг авч явна гээд намайг чирч байсан. Би цагдаагийн алба хаагчийг эсэргүүцэж, зодсон асуудлыг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал),
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дахь тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал)
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн,
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, (хавтаст хэргийн 2 дахь тал),
-Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),
-Цагдаагийн албан хаагч Х.Нгийн албан үүргээ гүйцэтгэж байх үед өмсөж явсан гэх өвлийн хүрэмд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 5-7 дахь тал),
-Хохирогч Х.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...иргэн Х.Х нь миний тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, иргэн К.Б.тай хэрүүл маргаан үүсгэж, гудамж талбайд танхайрсан тул Х.Хын гаргаж байгаа үйлдлийг нь хориглох үед Х.Х нь миний өвлийн дүрэмт хувцасны зүүн мөрдөснөөс гараараа татаж хүчээр тасалсан. Улмаар миний баруун шанаа хэсэгт гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Энэ үед хэсгийн цагдаа С.К. бид хоёр Х.Хад тусгай мэх, тусгай хэрэгсэл хэрэглэж түүний хоёр гарыг гавлаж хөдөлгөөнийг нь хязгаарлаж албаны тээврийн хэрэгслээр аймгийн Цагдаагийн газарт авч ирж саатуулсан юм....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),
-Гэрч С.Кны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Х.Х нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, "...битгий хуц, чамаар заалгах юм уу, чи өөрөө зайл" гэх зэргээр мөн хэл амаар доромжилж эхэлсэн бөгөөд энэ үед Х.Хыг Х.Н бид хоёр авч явах гэхэд Х.Х нь эсэргүүцэж улмаар хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Нгийн хувцаснаас зууралдаж, албаны өвлийн хүрмийн мөрдөснөөс гараараа татаж таслаад Х.Нгийн зүүн шанаа хэсэгт нь гараараа нэг удаа хүчтэй цохисон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
-Ашид Билгүүн ХХК-ний үнэлгээчний үнэлгээ тогтоосон 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн БӨА-23-0005 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 29-33 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч цолтой С.Ргийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 24/10 дугаартай “...1.Өвлийн хүрмийн зүүн мөр хэсэгт мөрдөс оруулдаг хэлний дардаг товч байхгүй, товч байдаг хавьцаа утас байгаа тул уг утаснууд нь тасарсан байх ба татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралд байх боломжтой байна. ...2. Дээрх хүрэмд үүссэн ханзралд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 38-40 дэх тал),
-Цагдаагийн алба хаагч Х.Нгийн албаны үнэмлэх, албан тушаалын тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 43-47 дахь тал),
-Зөрчлийн 2413000040 дугаартай хэргээс хуулбарлан авсан, Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч К.Баны мэдүүлэг (хавтаст хэргийн 61-63 дахь тал),
-Шүүгдэгч Х.Хын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баярын өдөр байсан, тэр өдөр танил найзуудтайгаа хамт архи уусан согтуу байсан. Миний санаж байгаагаар орой Сагсай сумын Соёлын төвд шинэ жилийн арга хэмжээ болсныг санаж байна. Тухайн газарт би очоод сууж байхад манай сумын Засаг дарга Ба нь ирээд надад чи яах гэж явж байгаа юм, үүнийг энэ заалнаас гарга гэж хэлсэн. Тэгээд удалгүй сумын цагдаа нар намайг ирээд тухайн соёлын төвөөс авч гаргасан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Х нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 22 цагийн орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сумын соёлын төвийн гадна Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Сагсай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Нгийн “олон нийтийн газарт хэрүүл маргаан үүсгэж, зүй бусаар биеэ авч явж байна, намайг дагаж явна уу” гэх шаардлагыг эсэргүүцэж “битгий хуц, чамаар заалгах юм уу, чи өөрөө зайл" гэх зэргээр хэл амаар доромжилж, улмаар хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Нгийн биед нь халдаж, албаны өвлийн хүрмийн зүүн мөрдсийг гараараа татаж тасалж, зүүн шанаа хэсэгт нь гараараа 1 удаа цохисон, тухайн үед хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахмад Х.Н нь сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Күы хамт албан үүргээ гүйцэтгэж байсан зэрэг үйл баримт тогтоогджээ.
3.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Х.Хын Сагсай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Х.Нгийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, түүний биед нь халдаж, эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг агуулсан, нийгэмд аюултай үйлдэл юм.
4.2. Хохирогч Х.Н нь Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Сагсай сумын хэсгийн төлөөлөгчийн /эрүүгийн мөрдөгч/ албан үүргийг гүйцэтгэдэг, цадаагийн ахмад цолтой, хэрэг учрал болох үед иргэн К.Бны өгсөн дуудлагын дагуу сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч С.Күы хамт очсон болох нь хэрэгт цугларсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул хохирогчийг албан үүргээ гүйцэтгэж байсан хууль сахиулагч гэж үзнэ.
4.3. Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Х.Хын биеэс авсан гэх цусанд 2.89% промилли этилийн спирт илэрсэн учраас түүнийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй. ( хавтаст хэргийн 3 дахь тал),
4.4. Шүүгдэгч Х.Х нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч, цагдаагийн ахмад Х.Нгийн шаардлагыг үл биелүүлж, хэл амаар доромжилж, биед нь халдаж, албаны өвлийн хүрмийн мөрдсийг тасалж, хүч хэрэглэж эсэргүүцсэн нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.5. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал албан үүргээ гүйцэтгэж байсан хохирогч биед нь халдаж эсэргүүцсэн учраас түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.6. Шүүгдэгч Х.Хын үйлдсэн гэмт хэрэг нь хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэв.
4.7. Иймд шүүгдэгч Х.Хыг хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.8. Шүүгдэгчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хэрэг учрал болох үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн байна.
5. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай
5.1. Шүүгдэгч Х.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Нгийн албаны өвлийн хүрмийн зүүн мөрдөс урагдсан бөгөөд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтээр албаны өвлийн хүрмийн үнэлгээг 150000 төгрөгөөр тогтоожээ.
5.2. Хохирогч Х.Нгаас мөрдөн шалгах ажиллагааны үед “хохирол, төлбөр нэхэмжлэхгүй” гэж мэдүүлж, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Х.Хыг шүүхээс “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х нь хувийн байдлын хувьд 46 настай, ээжийн хамт тус аймгийн Сагсай сумын 5 дугаар багт оршин суудаг, урьд нь гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. (хавтаст хэргийн 48-54 дэх тал),
2.4. Шүүгдэгчийн үйлдлийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх саналтай” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, өндөр настай ээжийн хамт амьдардаг тул түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.
2.6. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.Хын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “зан үйлдээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад” 5 удаа хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ял оногдуулахыг болон, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.Хад сануулах нь зүйтэй.
Гурав: Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч Х.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
3.2. 2413000000031 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К ургийн овогт Хайн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэж, хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хыг хорих ял оногдуулахгүйгээр 8 (найм) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Х.Хад “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад” 5 удаа хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх албадлагын арга хэмжээ авсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч Х.Хад сануулсугай.
6. 2413000000031 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Х.Н нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч Х.Хад хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.Б