Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 213/МА2018/00022

 

*******гийн нэхэмжлэлтэй *******, *******,

******* нарт холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00454 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 50.305.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мгийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагч нарын өмгөөлөгч ******* нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянхонгор аймгийн 1-р баг, 17-р байрын 3-р орц 28 тоотод оршин суугч Ц нь 2013 оны 12 дугаар сард сарын хугацаатай 46.000.000 төгрөгийг зээлээд 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр буцааж өгөхдөө энэ мөнгөө манай дүү *******, ******* нарт зээлчих гээд 46.000.000 төгрөгийг бэлнээр тоолж өгөөд итгэлцлийн үүднээс бичгээр хэлэлцээр хийж зээлсэн. Мөнгө зээлсэн 2 хүнийг би огт танихгүй, Ц би хариуцна мал хөрөнгөтэй хүний мөнгийг аваад өгөхгүй тийм хүмүүс биш гээд 9 сарын хугацаатай зээлүүлсэн. Гэрээ хийсэн хугацаандаа мөнгөө төлж дуусаад мөнгөө авах гэтэл мал махны үнэ өсөхгүй байна дахин 1 жилийн хугацаатай зээлье гээд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сунгаж, нотариатаар баталгаажуулж гэрээ хийсэн. Гэрээ хийсэн нийт 27.950.000 төгрөгийг өгсөн үндсэн мөнгө 46.000.000 төгрөгийг төлөөгүй өдий хүрсэн.

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эвлэрүүлэн зуучлах албанд өргөдөл гаргаж уулзсан боловч эвлэрэхгүй гэсэн учир шүүхэд хандаж байна. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойшхи авлагыг тооцвол үндсэн зээл 46.000.000 төгрөг, хүүний 14 сарын мөнгө 32.200.000 төгрөгөөс нийт төлсөн 27.950.000 төгрөгийг хасч үлдэгдэл 4.250.000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах албанд хандсан хураамж 30.000 төгрөг, нотариатын 25.000 төгрөгийг үндсэн мөнгө дээр нэмж нийт 50.305.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Одоо шүүхийн шатанд зээлийн гэрээний үүрэг 43.810.000 төгрөг гаргуулж үлдэх хэсгээсээ татгалзаж байна. Яагаад гэвэл хариуцагч нар 51.100.000 төлсөн тул үндсэн мөнгөнөөс 2.190.000 төгрөг хасч байгаа юм. Бид гэрээ хийж нотариатаар батлуулах үед нотариатын төлбөр 50.000 төгрөг болсныг би төлсөн юм. Тэгээд 50 хувь болох 25.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан юм. Одоо энэ шаардлагаасаа татгалзаж байна. Эвлэрүүлэн зуучлалд хандахдаа 30.000 төлсөн үүнийгээ төлүүлнэ. Анх ******* надаас гуйсны дагуу *******, ******* нарт зээл өгсөн. ******* бол надаас урьд олон удаа зээлдэг байсан. Тэр утгаараа надад санал гаргаад дүү нартаа зээл өгөөч гэж гуйснаар би би 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр *******, ******* нарт зээл өгөхдөө өөрсдөөр нь бичүүлж авсан юм. Ингэхдээ ******* энэ гэрээг өөрийн гараар бичсэн. Би бичээгүй. Ингэж бичихдээ гэрээний хүүг 0.5 гэж бичээд 0 ийн дарсан байгаа юм. Одоо үед 0.5 хувиар банк ч зээл олгодоггүй юм. Тэгээд эргэн төлөлт хийхдээ хүүгээ дандаа 5 хувиар бодож төлсөн байгаа. Эхний 9 сарын зээлийг авсан хугацаанд 21.000.000 төгрөг төлсөн. Гэтэл эхний зээлийн гэрээний үүрэгт 51.100.000 төлсөн мэтээр тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. ******* бид найз юм. Тэр үед ******* манай нөхрийн дүү нар гээд л 9 сарын хугацаанд мөнгө зээлүүлээч гэсний дагуу зээлүүлсэн. Ингээд 9 сарын хугацаанд мөнгөө төлөөгүй, дараа нь над дээр сүү цагаан идээ барьж ирээд зээлээ сунгаач гээд гуйсан. Энэ дагуу нь зээлийн хугацааг 1 жилээр сунгаж гэрээ хийсэн.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь *******гаас 46.000.000 төгрөгийг *******ы хамт 2015 оны 01 дүгээр сарын 13-нд 5 хувийн хүүтэй авсан нь үнэн. Нийт 46.000.000 төгрөг авснаас 51.100.000 төгрөг төлснөөр үндсэн мөнгийг төлсөн гэж үзэж байна.

2014 оны 05 дугаар сарын 27-нд 9.300.000, 2014 оны 07 дугаар сарын 08-нд 2.350.000, 2014 оны 10 дугаар сарын 27-нд 9.660.000, 2015 оны 05 дугаар сарын 31-нд 4.300.000, 2015 оны 07 дугаар сарын 04-нд 2.650.000, 2016 оны 04 дүгээр сарын 07-нд 1.840.000, 2017 онд 4500.000, мөн 6.500.000 төгрөгийн ноолуур өгсөн ба Бадамцэцэг эгчээр дамжуулан 10.000.000 төгрөг өгснөөр нийт 51.100.000 төгрөг өгсөн. Цаашид бидний хувьд нэхэмжлэлийг бүтнээр нь төлөх боломжгүй байна. Учир нь бид дээрх мөнгийг төлөхдөө махны үнэ унаж бид өөрсдөө шатсан учир авсан үнээрээ үхрүүдээ борлуулсан, хүмүүсээс мөнгө зээлсэн, айлаар зээл авахуулсан, банкны зээлээ нэмэгдүүлсэн. Ноолуурын орлого нийлүүлэх зэргээр аргалж төлсөн.

Одоогоор бид банкны 17.000.000 төгрөгийн зээлтэй. Хоёр оюутан хүүхдийн сургалтын төлбөр, зээлийн хүү төлдөг. Бидний ийм нөхцөл байдлыг харгалзан үзэж, зээлийн хүүгийн төлбөрийг бууруулж өгнө үү. Иймд бидний боломж 2018 оны 06 дугаар сарын 20-нд 15.000.000, 2019 оны 06 дугаар сарын 20-нд 15.000.000 төгрөг өгөх боломжтой гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие *******, *******, ******* нарыг холбож мөнгө зээлэх ба зээлдүүлэхэд зуучилсан нь үнэн. Би *******тай өөрийн нэр дээр зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлээгүй учир энэ 50 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй..гэжээ.

Хариуцагч *******, ******* нараас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

******* нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр *******д 46.000.000 төгрөгийг 0.5 хувийн хүүтэй зээлдүүлж энэ хугацаанд нийтдээ 51.100.000 төгрөгийг *******д бэлнээр болон дансаар ноолуур мал махаар төлбөрийг төлж барагдуулсан.

Харин 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр *******гаас 46.000.000 төгрөгийг *******, ******* нарт зээлдээгүй бөгөөд ******* нь ч зээлдүүлээгүй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлсэн эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгийг бодитойгоор гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болох талаар зохицуулсан байх бөгөөд ******* нь 46.000.000 төгрөгийг *******, ******* нарт бодитоор зээлдүүлээгүй байх тул 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргалаа гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* гэдэг хүн бол энэ зээлийн гэрээний оролцогч биш болох нь тогтоогдож байгаа. Харин 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээг хүлээн зөвшөөрч байгаа, хариуцагч нар энэ үед 46.000.000 төгрөг аваад 51.100.000 болгон төлөөд дуусгавар болсон. Энэ гэрээнд гэрээний хүүг 0.5 хувь гэж бичсэн байгаа. Энэ гэрээ *******, ******* нарын хооронд байгуулагдаж гэрээний үүргээ ******* бүрэн биелүүлсэн. Харин сүүлийн буюу 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн гэрээг бид гэрээ байгуулагдаагүй буюу 46.000.000 төгрөг огт аваагүй тул энэ гэрээг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. *******, ******* нар 2014 оны зээлийн гэрээний оролцогч биш тул энэ хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.3-д өр төлөх үүргийг зохицуулахдаа эхний ээлжинд үндсэн өрийг төлөхөөр заасан. Энэ дагуу дүгнэхэд ******* 2014 оны гэрээний үүрэгт 51.100.000 төгрөг төлсөн тул үндсэн өр төлөгдсөн гэж үзэх үндэстэй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэг 43.200.000, улсын тэмдэгтийн хураамж 30.000, нийт 43.230.000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 610.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул 2015 оны 01 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцуулахыг хүссэн хариуцагч *******, ******* нарын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох зээлийн гэрээний үүрэг 50.305.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн төлсөн 409.475 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн зарим хэсэгт ногдох 374.100 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч *******, ******* нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 409.475 төгрөгийн 339.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч нарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч *******гаас нь хх-ийн 10 талд өгсөн байгаа Зээлийн гэрээ 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулахдаа *******тэй байгуулсан бөгөөд уг гэрээгээр *******, ******* нар нь 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 46.000.000 дөчин зургаан сая төгрөгийг 0,5 % хүүтэйгээр зээлдсэн 9 сарын хугацаанд хариуцагч М. Х нь 51.100.000 тавин нэгэн сая нэг зуун мянган төгрөгийг нэхэмжлэгч *******д төлсөн болохыг зохигчдын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд энэ нь хэн хэнгүй өр төлбөрийг төлсөн болох нь харуулж байгаа юм.

Гэтэл шүүгч нь 2014 оны 1 дүгээр сарын 27 -ны зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн мөн өмнө нь байгуулсан гэрээний нөхцөл тохиролцоогоо тодорхой болгож бичгэн хэлбэрт оруулж албажуулсан байна гэж хэт нэг талын дүгнэлтэд тулгуурлан зээлийн гэрээг дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй болоод байгаа юм.

Нэхэмжлэгч ******* нь 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээгээр 46.000.000 дөчин зургаан сая төгрөгийг зээлдүүлсэн гэж, ингэхдээ өөрийн эмнэлгийн хяналтанд байдаг хөдөлмөрийн чадвар алдалтын 79% хувиар тогтоолгосон *******ийг хамтран зээлдэгч болгосон ба ******* нь өнөөдрийг хүртэл хүчтэй эм тариагаар амьдарч байгаа бөгөөд *******гаас дээрхи зээлийн гэрээгээр мөнгө төгрөг аваагүй байгаа нь иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан байх бөгөөд ******* нь ямар ч мөнгө төгрөг аваагүй нь зээлийн гэрээний зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй байгаа юм.

*******ээс эхний зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбар өгсөн байх бөгөөд ******* нь хоёр дахь гэрээ буюу 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 46.000.000 дөчин зургаан сая төгрөгийг аваагүй байхад 43.230.000 дөчин гурван сая хоёр зуун гучин мянган төгрөгний төлбөр төлөгч болгосон үндэслэлгүй гэж үзэж байна.

******* нь *******д 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний төлбөрт 51.100.000 тавин нэг сая нэг зуун мянган төгрөгийг төлсөн байгааг иргэний хуулийн 216 зүйлийн 216.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй . Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ гэсэн зохицуулалтаас үзэхэд зохигчдын хооронд эхний гэрээгээр нийт төлөөд байгаа 51.100.000 тавин нэгэн сая нэг зуун мянган төгрөгийг тооцоход үндсэн зээл 46.000.000 дөчин зургаан сая төгрөг хүүд 5.100.000 таван сая нэг зуун мянган төгрөгийг төлсөн байх бөгөөд ******* нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн төлбөр, зээлийн хүүгийн хамтаар бүрэн төлсөн байхад хариуцагч нарт хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж төлбөр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн шүүх хуралдааныг мэтгэлзэх эрхээр хангаагүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн хэлэлцээгүй, зөвхөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцсэнээр шүүх хуралдаан явагдсан гэж үзэж байна. Энэ нь ИХШХШТ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар мэтгэлзэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэсэн хуулийн зохицуулалтыг алдагдуулж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хуралд хэлэлцээгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тайлбар гаргах эрхийг ч бүхэн хангаагүй, сөрөг нэхэмжлэлд өгсөн гэх хариуцагчийн тайлбартай танилцуулаагүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******, *******, ******* нараас зээлийн гэрээний үүрэг 50.305.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх хариуцагч *******үрэлчлуун, ******* нараас нийт 43.230.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 610.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******, ******* нар нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан /хх-ийн 195 дугаар тал/ бөгөөд сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч талд гардуулж хариу тайлбар авсан байна. Гэвч нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мд танилцуулаагүй, анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхдээ хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцээгүй, /хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн хэлэлцүүлсэн/ шүүх хуралдаан дээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мд сөрөг нэхэмжлэлийн талаараа тайлбар гаргах эрхийг нь хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.4, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар талуудын мэтгэлзэх эрхийг бүрэн хангаагүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 385.000 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 131/ШШ2018/00454 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 385.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР