Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/185

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,   

                 улсын яллагч Э.Номин-Эрдэнэ,

                 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э

               шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Б.С************т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *************** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ****** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ********* дүүргийн ** дугаар хороо, ********** дүгээр байр ****** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

**** овогт *****ын С************ /РД:***************/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2023 оны 06 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “********” ХХК-ийн агуулахын хашаанаас “**********” загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан үргэлжилсэн үйлдлээр нийт 48 ширхэг дулаалгын хөвөнг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад нийт 4.704.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С****** өгсөн мэдүүлэгтээ: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Аав маань хүнд өвчтэй, эхнэр, хүү маань өр зээлтэй үлдэж байгаа. Үүнийг харгалзаж өгнө үү...” гэсэн,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э********ийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн бараа материалын агуулахаас дулаалгын ****" брэндийн гадуураа цагаан боодолтой 24 ширхэг бүхий нэг боодол тавиур дээр байсан 5см зузаантай барилгын дулаалгын шилэн хөвөн алдагдсан. Улмаар тухайн өдөр 15 цагийн орчимд агуулахын ахлах нярав М******** гэх эмэгтэй над руу залгаад “манайд ажилладаг жолооч С********** Кпаи( брэндийн гадуураа цагаан боодолтой дотроо 24 ширхэгтэй нэг боодол тавиур дээр байсан 5см зузаантай барилгын дулаалгын шилэн хөвөнг ******** улсын дугаартай ********** ачааны автомашинд ачаад зөвшөөрөлгуй аваад явчихлаа" гэж хэлэхээр нь агуулахын машин орж гардаг төв хаалга руу харсан хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд манай компанийн жолоочоор ажилладаг *************аар тус 24 ширхэг буюу 1 боодол шилэн хөвөнг ачуулаад гарч байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан. Улмаар нийт бараа материалдаа тооллого хийхэд 48 ширхэг Кпаи( брэндийн гадуураа цагаан боодолтой дотроо 24 ширхэг бүхий нэг ширхэг тавиур дээр байсан 5 см зузаантай барилгын дулаалгын шилэн хөвөн дутсан байсан бөгөөд ***** луу манай нярав М********** утсаар холбогдон “чи яагаад шилэн хөвөн зөвшөөрөлгүй аваад явчхаж байгаа юм бэ” гэж асуутал “надад өөр арга байсангүй, дараа нь шилэн хөвөнгийн мөнгөө өгчихнө” гээд утсаа салгасан. Тэгээд тухайн явдлаас хойш 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр С****** манай ажил дээр ирээд өөрийн гараар 48 боодол шилэн хөвөн зөвшөөрөлгүй авч явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна, нийт төлбөр болох 4.700.000 төгрөгийг төлж барагдуулна гэсэн утга бүхий бичгийг гараараа бичиж өгсөн. Түүнээс хойш 2023 оны 07 дугаар сард манай компанийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд мөнгөө шилжүүлснээс хойш 2.700.000 төгрөгийг одоо хүртэл өгч барагдуулаагүй байна. Манай компанид 2019 оноос хойш 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажилласан бөгөөд ***** улсын дугаартай “Нinо Rаngег” загварын ачааны автомашины жолоочоор ажилладаг байсан. Мөн ***** эд хариуцагч буюу тухайн бараа материалыг зарж борлуулах эрхгүй этгээд учраас ямар шалтгаанаар 48 ширхэг шилэн хөвөнг авч явсанг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э*********ийн дахин өгсөн: “...Манай байгууллагаас бараа материал хулгай хийсэн Б.С******** хохирлын мөнгө болох 4.750.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан манай байгууллагаас түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг/хх-22 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Э************ийн өгсөн: “...Миний үүрэг бол агуулахаас шилэн хөвөнг ачааны авто машин дээр ачиж өгөх, ачихдаа нярвын хийсэн падааны дагуу ачдаг. Агуулахын нярав падаан бичээд жолоочид өгнө, тухайн жолооч падааныг надад авчирч үзүүлэх үед би падаан дээр заагдсан зүйлийн тоо ширхгээр нь тухайн машин дээр ачиж өгдөг. 2023 оны 6 дугаар сарын сүүлд байсан санагдаж байна байгууллагын агуулахын төв хашаанд С********той таарч нярав М*********ийн хийж өгсөн падааныг харах үед “барилгын дуулаалга хийдэг хөөс, хар цаас ачна” гэсэн байсан. Би урд байх агуулах дээрээс сэрээт өргүүрээр юм ачиж байсан чинь С*********** компанийн ************ улсын дугаартай ачааны машинтай хүрч ирээд падаанд бичсэн байсан хар цаас машин дээрээ ачуулаад надад хандаж “шилэн хөвөнгөөс 2 боодлыг тавьчих 1 боодол нь 12 ширхэг нийт 24 ширхэг” гэхээр нь “чиний үзүүлсэн падаан дээр чинь шилэн хөвөн байхгүй байсан шүү дээ нэмэгдсэн юм уу” гэсэн чинь “тиймээ” гэж хариулаад би түүнд ачиж өгөөд явуулсан. Тэгээд би М******** дээр очоод “2 боодол хөвөн С********** аваад явсан. Түүнээс асуух үед нэмэгдсэн гэж хэлээд аваад явсан энэ үнэн юм уу” гэсэн чинь “шилэн хөвөн падаан дээр нь байхгүй байсан хөвөн нэмсэн зүйл байхгүй” гэж хариулаад М********* нь С********** луу залгаад “чи яагаад хөвөн зөвшөөрөлгүй ачаад явж байгаа юм” гэсэн чинь уучлаарай эгчээ маргааш авчраад тавина гэж байсан. Тэгээд С********** удалгүй ажлаасаа халагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дахь тал/,

Гэрч Ш.М**************ийн өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед сэрээт өргүүрийн жолооч Э************ надад хандаж “С*********** падаан дээр хөвөн байхгүй байсан юм тэгсэн намайг 2 хөвөн нэмж ач гэсэн тэгэхээр нь хөвөн гэж алга сүүлд нэмэгдсэн юм уу гэж асуусан чинь тийм гэж хэлэхээр нь тийм юм байх гэж бодоод түүнд ачиж өгөөд явуулчихлаа” гэхээр нь угүй, тийм юм байхгүй гэж хариулаад тэр дариуд нь С************ын дугаар луу залгаж “чи яагаад худлаа хэлээд шилэн хөвөн ачаад явчихсан юм бэ” гэсэн чинь “уучлаарай хэрэг болоод ганц хоёр хоногийн дотор мөнгийг нь хийнэ” гэхээр нь “үгүй, тийм юм байхгүй яг одоо аваад ир” гэж хэлсэн боловч тэр ирээгүй. Тэгээд энэ талаар ****д хэлсэн. Тэгээд тооллого хийсэн чинь 2 боодол 24 ширхэг шилэн хөвөн дутсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дэх тал/,

Гэрч Ж.В***********ын өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр би дэлгүүр дээрээ байж байсан чинь “*********” ХХК-ийн ачааг зөөдөг машиныг барьж ирсэн жолооч залуу надад хандаж “нийт 24 ширхэг 2 боодол шилэн хөвөн байна урамшуулал болгож байгууллагаас надад өгсөн юм” гэхээр нь “манай дэлгүүр наад шилэн хөвөнг чинь зардаг учир хэрэггүй” гэж хариулах үед “танаас өөр авах хүн байхгүй байна та авчих л даа нэгийг нь 65.000 төгрөгөөр бодоод 1.560.000 төгрөгөөр авчих” гэж хэлээд гуйгаад байхаар нь би авахаар болсон. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрийн *********** дугаартай данснаас тухайн хүний ********* дугаартай данс руу 1.560.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би дэлгүүр дээрээ байж байсан чинь “********” ХХК-ийн ачааг зөөдөг машиныг унаж ирсэн жолооч залуу бараа хүргэж ирээд надад хандаж “2 боодол шилэн хөвөн байна өмнө нь өгсөн шилэн хөвөнгийн үлдэгдэл байгаа юм аа” гэхээр нь өмнө нь түүнд итгээд авсан болохоор 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр, ...1.440.000 төгрөгийг мөн адил шилжүүлсэн. Хулгай хийж олсон талаар би мэдээгүй, Тухайн худалдаж авсан шилэн хөвөн одоо байхгүй зараад дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дэх тал/,

Яллагдагч Б.С************ын өгсөн “...************ дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” ХХК-нд барилгын материал зардаг байгууллагад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс агуулахын ачигч гэсэн албан тушаал дээр томилогдон ажиллаж байгаад 2022 оны 04 дүгээр сарын эхээр тус байгууллагад жолооч хийх болсон. Би **** улсын дугаартай ачааны машин унадаг байсан. Ажил хийгэд авсан цалингаа 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цахим мөрийтэй тоглоомын мөрийнд тавиад алдсан. 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 24 ширхэг шилэн хөвөн байгууллагын агуулахаас хулгай хийж авч гараад барилгын материал зардаг 100 айл худалдааны төвд нэг ширхгийг нь 60.000 төгрөгөөр нийт 1.440.000 төгрөгөөр зараад өөрийн Хаан банкны *********** дугаартай данс руугаа аваад тухайн мөнгөөр цахим мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан. 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 24 ширхэг шилэн хөвөн байгууллагын агуулахаас хулгай хийж авч гараад барилгын материал зардаг 100 айлын худалдааны төвд нэг ширхгийг нь 60.000 төгрөгөөр бодоод нийт 1.440.000 төгрөгөөр зараад өөрийн Хаан банкны ******** дугаартай данс руугаа аваад тухайн мөнгөөрөө цахим мөрийтэй тоглоом тоглоод дуусгасан. Тухайн шилэн хөвөн худалдаж авсан хүнд шилэн хөвөн хулгай хийж авсан талаараа хэлээгүй. Шилэн хөвөн худалдаж авсан хүн хулгайн шилэн хөвөн худалдаж авсан талаар мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дэх тал/,

-“*****” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1708 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Эрдэст хөвөнг 4.704.000 төгрөгөөр үнэлнэ.” гэх дүгнэлт /хх-ийн 47-50 дахь тал/,

-*******ын эзэмшлийн Хаан банкны ********* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 87-88 дахь тал/,

-***** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн агуулахын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 92-94 дэх тал/, Б.С**** нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “*******” ХХК-нд 2.750.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-ийн 80-81 дэх тал/, Б.С*********ын 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “*****” ХХК-нд бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 4 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.С********** нь 2023 оны 06 дугаар сарын 22,23 ны өдрүүдэд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*********” ХХК-ийн агуулахын хашаанаас “****** загварын ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан үргэлжилсэн үйлдлээр нийт 48 ширхэг дулаалгын хөвөнг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 4.704.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч “шүүгдэгч Б.С**** нь тээврийн хэрэгсэл ашиглан үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулж, ...” гэх дүгнэлтийг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э**** тусгайлан гаргасан саналгүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлага нь хоорондоо тохирсон байх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт болон гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн бол 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэж заасан. Энэ хуулийн тусгай ангид заасан хорих ялын 2/1-ээс багагүй ял онооно гэж заасан. Хувийн байдлын хувьд хэрэгт дэлгэрэнгүй байдлаар тогтоосон зүйл байхгүй. Уг компанид 5 жил ажилласан. Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Гомдол мэдээлэл гарахаас өмнө гэм буруугаа хүлээн зөвшөөрч 2.000.000 төгрөг төлж дараа нь 2.700.000 төгрөгийг төлсөн. 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн дүгнэлтийн талаар мэтгэлцээгүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С******** нь хохирогч /хуулийн этгээд/ “*****” ХХК-д 4.704.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Мөн шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр нийт 48 ширхэг дулаалгын хөвөнг учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан байх тул дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.   

Шүүгдэгч Б.С*********** нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж “********” ХХК-ийн агуулахын хашаанаас “****** загварын ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан үргэлжилсэн үйлдлээр нийт 48 ширхэг дулаалгын хөвөнг хулгайлж түүнд 4.704.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг, бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус шинжтэйг ухамсарлаж шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан  нь 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.С********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууц далд аргаар авсан буюу “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь  зүйтэй.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч Б.С************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч /хуулийн этгээд/ “*****” ХХК-д учирсан 4.750.000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан тул шүүгдэгч ******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хугацаанд хорих ял шийтгэж,  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

                 Бусад асуудлаар:

Эрүүгийн ************** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирол 4.750.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх ба түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ******** овогт *********ын ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасны дагуу ********* овогт *****ын С*********ыг 1 /нэг/ жилийн хугацаанд хорих ялаар шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч **********т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

        4.Шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

       5.Шүүгдэгч Б.C********ын холбогдсон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлын 4.750.000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд төлж барагдуулсан байх ба түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

             7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

           8.Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С*********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН