| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/01152/и |
| Дугаар | 1220 |
| Огноо | 2020-12-08 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 1220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01152/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Б ...-р баг, У ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, Ц овогт Г.О нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, М ... дугаар хэсгийн ... тоотод оршин суух, /утас .../, ...регистрийн дугаартай, Ч овогт Ө.Б холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би 2015 оны 9 дүгээр сард Дархан-Уул аймагт их сургуульд суралцаж байхдаа О.Бтой танилцсан. Улмаар 1 жил гаруй хугацаанд үерхсэн. Ө.Б нь үерхэж байх хугацаандаа надад ... Би чамд их хайртай чамтай л амьдарна, би чамайг хайр халамжаар дутаахгүй, бид хамтдаа амьдралаа босгоод сайхан амьдарнаа гэх мэтээр хэлдэг байсан. Мөн гэрийн ойролцоо байнга ирж уулзмаар байна гэдэг байсан. Би Ө.Быг намайг чин сэтгэлээсээ хайрладаг юм байна, үргэлж ийм хайраар хайрлах юм байна гэж итгэсэн.
Ингээд 2016 оны 5 сард би жирэмсэн болж 2016 оны 9 дүгээр сараас хамтран амьдрах болсон. Намайг жирэмсэн байх хугацаанд Ө.Бын зүгээс намайг гомдоох, хайр халамжгүй хандах, гар хүрсэн тохиолдлууд гарч эхэлсэн. Тухайн үед би жирэмсэн болохоор илүү дутуу зан гаргаад энэ хүнийгээ зовоосон болохоор л энэ маань ийм зан гаргасан байна гэж бодоод дээрх явдлуудыг чимээгүй өнгөрөөж тэвчдэг байсан.
2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Н мэндэлж бидний амьдралд аз жаргал нэмсэн. Бид хүүхэдтэй болж амьдралд маань шинэ хүн орж байгаа учраас Ө.Быг хайр халамжтай байж, охин бид хоёрт түшиг тулгуур болно гэж итгэж байсан. Гэтэл намайг жирэмсэн байхад гаргаж байсан үйлдлүүд үргэлж гарах болсон. Мөн хамтын амьдралтай байх хугацаанд байр түрээслэх, идэх уух, өмсөж зүйх зүйлийн ихэнх зардлыг би болон манай эцэг эхээс гаргадаг байсан. Ө.Бын зүгээс компьютер тоглох эсхүл найзуудтайгаа нийлж гадуур гарах нь ихэссэн. Амьдралд хичээл зүтгэлгүй, идэвх санаачилгагүй хандах, надад болон хүүхдэдээ хайр халамжгүй хандаж байгаа нь мэдэгдэх болсон. Эхэндээ “энэ хүн надад хайртай юм чинь жоохон тэсэх хэсэгтэй гэж бодсон бас үр хүүхдээ элэг бүтэн өсгөе” гэх бодлуудаасаа болж итгэсэн тэвчсэн. Гэвч эцэстээ эмэгтэй хүний хувьд тэсвэрлэх боломжгүй болсон. Иймээс 2018 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдарч эхэлснээс хойш охин Б.Нт өгөх хоол хүнс, өмсөж зүүлгэх хувцасны мөнгө, өвдсөн үед нь өгөх эмний мөнгө, тоглуулах тоглоомны мөнгө гээд миний олсон мөнгө яагаад ч хүрдэггүй байсан. Цалингийн зээл авч хамт амьдарч байх хугацаанд үүсгэсэн байрны төлбөр, усны төлбөр, дулааны төлбөр гэх мэт зардлуудыг төлсөн ба Ө.Бод хүүхэд өсгөхтэй холбоотой гарч байгаа зардлуудыг хэлж “тусалж өг” гэж хэлдэг байсан боловч “ажил төрөлгүй, мөнгөгүй байна” гэх шалтгаан хэлж, өгдөггүй байсан. 2019 оны 4 дүгээр сараас хойш ажилд орсон гээд ойр зуурын төлбөр мөнгөнд туслах болсон. Ө.Бын амьдралын идэвхигүй, зорилгогүй, хайр халамжгүй, надад гар хүрдэг, хүүхдэд муу үргэл дуурайл болсон зан, элдэв муухай үгээр намайг болон манай аав, ээжийг доромжилдог зэрэг нь бидний дундах хайрыг унтраах, хамтын амьдралаас татгалзах суурь шалтгаан нөхцөл болж өгсөн. Миний хувьд цаашид охиноо бодсон ч ирээдүйн амьдралаа бодсон ч Ө.Бтой хамт амьдрах боломжгүй. Бид хамтын амьдралын явцад хэрүүл маргаан тасраагүй болон бусад шалтгааны улмаас албан ёсоор гэр бүл болж гэрлэлт батлуулж байгаагүй. Охин Б.Н нь Г.О миний асрамжинд байгаа. Миний зүгээс хуулийн талаар сайн мэдэхгүй боловч эцэг хүүхдээ өсгөхөд тусалж өгөх үүрэгтэй гэж бодож байна. Ө.Бын зүгээс Б.Нийг өөрийн охин болох талаар, хүүхдийн асрамжийн асуудал маргадаггүй гэжээ.
Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Г.Огийн шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаж, хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Ө.Бод холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрч маргаагүй байна.
Нэхэмжлэгч Г.О, хариуцагч Ө.Б нар 2015 оны 9 дүгээр сард танилцаж, улмаар гэр бүл болох зорилгоор хамтран амьдарч байгаад 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр охин Б.Нийг төрүүлсэн байх бөгөөд албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж охин Б.Нийг төрсөн эцэг Ө.Боор овоглосон болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Ж сумын Засаг даргын тодорхойлолт, ...-р цэцэрлэгийн тодорхойлолт, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2018 оны 8 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар хэн аль санаачилга гаргаагүй байна. Энэ хугацаанд охин Б.Н нь эхийнхээ асрамжид эрүүл саруул бойжиж байгаа бөгөөд цаашид хүүхдийн асрамжийг өөрчлөхгүйгээр эхийнхээ асрамжид байлгах шаардлагыг хариуцагч үгүйсгээгүй болно.
Иймд 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Нийг эх Г.Огийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21 дүгээр зүйлийн 21.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус зааснаар эцэг Ө.Боор сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх талаар шүүхэд хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар тэднийг байлцуулахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.Нийг эх Г.Огийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Б.Нийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ө.Боор тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг Ө.Б, эх Г.О нарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 33 105 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА