| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-03-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0086/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч С.Энхжин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сувдмаагийн Энхжинд холбогдох эрүүгийн 2318000000641 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2002 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Анд гал” ХХК-д зохион байгуулагч ажилтай, ам бүл 2, найз охины хамт Улаанбаатар хот Баянгол дүүргийн 13 дугаар хороо 14 дүгээр байрны 172 тоотод түрээслэн амьдардаг, урьд:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,
Боржигон овогт Сувдмаагийн Энхжин /РД:ТЕ02210439/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Энхжин нь согтуурсан үедээ 2023 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 05 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сакура” авто угаалгын газарт иргэн Б.Амарсайханыг “чатны хариу бичсэнгүй” гэх шалтгаанаар баруун гарын алга хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны хүүхдүүд” асрамжийн газар болон гадна хашаатай залгаа байрлах “Сакура” авто угаалгын газарт 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-13-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 14-р хуудас/, хохирогч Б.Амарсайханы мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 42-43-р хуудас/, гэрч О.Бямбадоржийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1030 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-54-р хуудас/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 28-р хуудас/ гэх нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд шүүгдэгч С.Энхжин нь согтуурсан үедээ 2023 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 05 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сакура” авто угаалгын газарт иргэн Б.Амарсайханыг “чатны хариу бичсэнгүй” гэх шалтгаанаар баруун гарын алга хэсэгт хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл зжиллагаа явуулдаг “Нарны хүүхдүүд” асрамжийн газар болон гадна хашаатай залгаа байрлах “Сакура” авто угаалгын газарт 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 08-13-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хавтаст хэргийн 14-р хуудас/,
- Хохирогч Б.Амарсайханы “...2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө би өөрийн ажилладаг “Сакура” гэх нэртэй авто угаалгын газарт хонохоор болсон. Тухайн үед би ганцаараа байсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө үүрээр 05 цаг 30 минутын орчимд намайг угаалгын газрын амрах өрөөнд унтах гээд утсаар юм үзээд хэвтэж байхад гаднаас зүс таних Энхжин гэх залуу согтуу гартаа хутга барьчихсан орж ирээд чатны хариунд яагаад лайк явуулдаг юм, чи ямар том болчихсон юм гэж хэлээд намайг хөнжил дотор хэвтэж байхад хөнжпийн гадна хэсгээс хутгаараа хатгасан. Тэгээд миний биеийн өгзөг хэсэгт хатгахад өвдөөд байхаар нь би гараараа өөрийн өгзөг хэсгээ хамгаалах үйлдэл хийхэд Энхжингийн барьж байсан хутга хөнжил цоолоод миний гарыг нэвт хатгахад гарнаас цус гарахаар нь би орноосоо босоод Энхжинд хандаж гараа угаагаад ирье гэж хэлээд доошоогоо шатаар буугаад ариун цэврийн өрөө ороод гарныхаа цусыг арилгачихаад тэндээсээ шууд гүйж гараад Шинжлэх ухааны технологийн их сургууль хүртэл гүйгээд манай авто угаалгыг хариуцдаг ах болох Бямбадорж ах руу өөрийн гар утсаараа залгаад болсон асуудлын талаар хэлээд “та хүрээд ирээч” гэж хэлэхэд удалгүй Бямбадорж ах ирээд намайг дагуулаад эмнэлэг орсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19, 42-43-р хуудас/,
- Гэрч О.Бямбадоржийн “...Б.Амарсайхан гэх хүнийг танина. Нарны хүүхдүүд асрамжийн “Сакура” гэх нэртэй угаалгын газарт ажилладаг. Б.Амарсайхан нь манай угаалгын газарт ажиллаад 6 сар болж байна, таньдаг дүү байгаа юм. Харин Энхжин манай асрамжийн төвд амьдарч байсан, насанд хүрээд бие даагаад Улаанбаатар хот руу явсан хүүхэд байгаа юм. 2023 оны 09 дүгээр сарын 26-ны 05 цаг өнгөрч байхад Амарсайхан над руу утсаар залгаж яриад Энхжин миний гарыг хутгаар зүсээд гэмтээчихлээ, би яах вэ гэж хэлэхээр нь би яваад очъё гэж хэлээд Амарсайханы байгаа газар машинтайгаа яваад очиход гараа барьчихсан, баруун гараас нь цус гарчихсан зам дагуу алхаад явж байхаар нь би дагуулаад эмнэлэг орсон. Энхжин ямар учраас хутга барьж хүний биед халдсан талаар би мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1030 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээгээр “...Б.Амарсайханы биед баруун гарын алганд хатгагдсан шарх гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох шалгуур шинжээрээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 52-54-р хуудас/,
- Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 28-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Энхжиний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Энэхүү үйл баримтаар шүүгдэгч С.Энхжин нь хохирогч Б.Амарсайханы биед баруун гарын алганд хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1030 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Энэ нь шүүгдэгчийн өөрөө хүсэж үйлдсэн, ухамсарт үйлдэл мөн ба уг үйлдлийн улмаас хохирогч Б.Амарсайханы биед хөнгөн хохирол учруулсан шалтгаант холбоотой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч С.Энхжиний үйлдлийн улмаас хохирогч Б.Амарсайханы биед баруун гарын алганд хатгагдсан шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1030 дугаартай шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 52-54/-ээр нотлогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл мөн.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч С.Энхжинийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Энхжин нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 68/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 69/ зэргээр тогтоогдож байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “Шүүгдэгч С.Энхжинг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.Энжинд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршиг, гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч С.Энхжинд 2024 оны 02 сарын 19-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 14 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, эдлэх ялаас торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, 240,000 төгрөгийг хасаж, 660,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 660,000 төгрөгийн торгох ял дээр өмнөх биелэгдээгүй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 24-ний өдрийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн 1,660,000 төгрөгөөр торгох, мөн Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын тэнсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ялтан оногдуулсан ялыг эдлэж дуусаагүй байхдаа шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсвэл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тухайн хэрэг ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолыг эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заасан байх тул энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хулгайлах гэмт хэрэгтэй нэгтгэсэн бол тэнсэх боломжгүй байсан. нөгөө талаасаас харахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх боломжтой, Улсын дээд шүүхийн тогтоол мөн байгаа. Шүүгдэгч нь өмнөх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шийдвэрлүүлэх үедээ өнөөдрийн энэ гэмт хэргийг хэлж, эрх зүйн байдлаа дээрдүүлэх боломжтой байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжинд 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, 1,260,000 төгрөгийн 15,000 төгрөгийг 1 хоногийн хорих ялаар тооцож, 84 хоногоор хорих ял, нэмж нэгтгэн нийт 1 жил 8 сар 24 хоногийн хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн шар өнгийн ноосон хөнжил 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цааш хэвээр үлдээх” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжинг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, үүнээс цагдан хоригдсон 240 нэгж буюу 240,000 төгрөгийг хасаж, өмнөх шийтгэх тогтоолын 600,000 төгрөгийг нэмж нэгтгэж, нийт 810,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх гэмт хэрэг нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тухайн гэмт хэрэг нь ял шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтооно гэж байгаа. Тэнсэн харгалзах ялыг хорих ял болгох заалт байхгүй гэж Эрүүгийн хуульд заасан байгаа. Тэнсэн харгалзах ялыг зөрчсөн бол ялыг өөрчлөх заалт байхгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэрвээ ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хорих ялаар солих заалт байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар өөр өөр гэмт хэрэгт тухайн ялыг тус тусад нь оногдуулж болно гэж заасан байдаг тул тэнсэн харгалзах ялыг эдэлж дууссаны дараа торгох ялыг эдлүүлэх” саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгж буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,
2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч С.Энхжин нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн бөгөөд уг ялын биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 02/5460 дугаар албан бичгээр,
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн болох нь уг шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолд дурдсанаар тухайн хэрэг болсон цаг хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэж тогтоосон бөгөөд шүүгдэгч С.Энхжингийн энэ гэмт хэргийг үйлдсэн гэх цаг хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 05 цагийн орчим гэж тогтоосон.
Иймд шүүгдэгч С.Энхжинийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй,
мөн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол” гэж заасныг шүүгдэгчид өмнө шийтгэх тогтоолоор ямар нэгэн ял оногдуулсан байхыг ойлгох бөгөөд үүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдлыг хамруулан авч үзэхгүй гэж тус тус шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг түүнд ял оногдуулсан гэж үзэхгүй учир Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 409 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэнийг тус тусад нь эдлүүлэх, эсхүл нэмж нэгтгэх талаар шүүх дүгнэх боломжгүйг дурдав.
Шүүхээс Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжинд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт 1,600 нэгж буюу 1,600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 17 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгөөр торгох ялаар тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
2.Хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэл:
Хохирогч Б.Амарсайхан нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч С.Энхжин нь бусдад төлөх төлбөргүй байна.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн ноосон хөнжил 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхжинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Сувдмаагийн Энхжинийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжинд 1000 нэгж буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжинд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 549 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт 1,600 нэгж буюу 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхжиний цагдан хоригдсон нийт 17 хоногийн 1 хоногийг 15,000 төгрөгийн торгох ялаар дүйцүүлэн сольж, нийт 255,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Энхжин нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн ноосон хөнжил 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхжинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Энхжинд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ