| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2020/01109/и |
| Дугаар | 1223 |
| Огноо | 2020-12-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 1223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2020/01109/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, ... дүгээр хороолол, ...-р байр, ...-р орцны ... тоотод оршин суух, /утас .../, ... регистрийн дугаартай, Б овогт Ц.А нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, .. дугаар багт байрлах, ...регистрийн дугаартай, О ХХК-д холбогдох
2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр худалдан авсан бөгж, 340 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гэрч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр О ломбардаас алт гэж 227 000 төгрөгөөр бөгж авахад монет байсан. Тухайн үеийн авсан зураг, үнийн дүн ломбардны тэмдэглэлд одоо хүртэл байгаа тул одооний алтны үнээр гаргуулж өгнө үү. Тус ломбардны хүн одоо болтол алт гээд байна. Би тухайн ломбарданд бөгжөө буцаагаад тавихад монетны ханшаар үнэлж аваад үнэн учраа хэлтэл таньж байна гээд загнаад байх тул хариуцагч О ломбардаас мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О ХХК-ийн захирал Т.О, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Манай байгууллага нь 1999 оноос өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа хууль дүрэм, журмын дагуу явуулж иргэдэдээ үйлчилж байна. Манай байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг ба иргэдийн авах боломжгүй болсон, барьцаанаас гарсан үнэт эдлэлийг олон нийтэд нээлттэй худалдаалдаг. 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр иргэн Ж манай байгууллагаар үйлчлүүлж өөрийн алтан бөгж болох 1 ширхэг, 1,7 грамм сорьцтой, үйлдвэрийн алтан бөгжөө барьцаанд тавьж зээл авсан. Түүнээс хойш сар бүр сунгалт хийж байгаад хүлээлгийн 2 сарыг дуусгаад авах боломжгүй болсон тул зарж борлуулахыг зөвшөөрсөн. Тиймээс уг үнэт эдлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр зарахаар гаргаж үнэ, грамм, сорьцны зургийг баталгаажуулж олон нийтийн цахим сүлжээнд байршуулан зар тавьсан. 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манай ломбардаас иргэн А 1,7 граммтай, сорьцтой алтан бөгжийг 227000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл 2020 оны 7 сард буюу 3 сарын дараа манай ломбарданд охин, хүү хоёрын хамт ирж, танайхаас худалдаж авсан бөгж алт биш байна гэж орж ирээд уурлаж урдаас нь тайлбар хэлүүлэхгүй гадаа хаалган дээр орилж, хэл амаар доромжилж, олны анхаарлыг татаж, танайхыг шүүхэд өгнө, шалгуулна гэж хувь хүн болон байгууллагын нэр хүндэд халдаж байгаад явсан. Бидний зүгээс ямар нэгэн буруу зүйл хийгээгүй учраас чимээгүй доромжлуулж загнуулаад өнгөрсөн. Б.Ат уг асуудлыг олон удаа тайлбарласан боловч өөрийн зөв мэтээр орилж, хашхирч байсан. Б.А нь худалдаж авсан алтан бөгжөө сольж, хольж хэвэнд оруулж сорьцгүй болгосон байсан. Гэтэл иргэн Б.Аийн худалдан авсан алтан бөгжний зураг, үнэ, грамм, баримттайгаа байгаа. Гэвч 2020 оны 7 сард иргэн Б.Аийн авч ирсэн бөгж нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр манайхаас худалдаж авсан алтан бөгжөөс өөр бөгж байсан. Тэгээд 3 сарын дараа ирж хэл ам хийж, олны анхаарлыг санаатайгаар татаж, амьдралын боломж бололцоо муутай гэсэн шалтаг, шалтгаанаар мөнгө нэхэж биднийг ажил хийлгэхгүй дарамталж байна. Албан байгууллагын нэр төрд халдаж байгаад гомдолтой байна. Энэхүү асуудлыг үнэн зөвийг тунгаан шүүж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.
Нэхэмжлэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2020 оны 4 сарын эхээр О ХХК-аас алтан бөгж гэж 227,000 төгрөгөөр бөгж авсан. Сарын дараа миний авсан бөгжний өнгө нь сонин болоод байхаар нь яагаад тэгээд байгааг нь гайхаад О ХХК-д очиж алт биш юм биш үү гэхэд Сингапур алт, алт мөн гэж хэлсэн. Би хувь хүнээс биш ломбардаас авсан тул итгэсэн. Тэгээд тоохгүй явж байгаад бөгж сугарах гээд байхаар нь алт мөнгөний дархан ороод бөгжнөөс хасуулаад гагнуулсан. Тэгсэн алт мөнгөний дархан энэ алт биш юм биш үү, өнгө нь яасан сонин юм бэ гэж хэлсэн. Би дахиад О ХХК-д очиж алт яг мөн үү гэхэд мөн гэсэн. Сүүлд надад 340,000 төгрөг хэрэг болоод О ХХК-д бөгжөө барьцаанд тавих үед бөгжийг алт биш монет гэж үнэлсэн. Би танайхаас авсан бөгж гэх хэлэхэд грамм нь адил байгаа хэдий ч өнгө нь өөр байна. Манай бөгж биш гэж хэлсэн. Тэгээд би өөрийн ээмэг болон бөгжийг нийлүүлээд ломбардад тавьсан. Дараан нь би ээмгээ авсан. Бөгжийг одоо болтол аваагүй. Хий дэмий мөнгө төлөөд сунгаад явж байгаа. Би анх алтан бөгж авах гэсэн боловч надад та нар монет бөгж өгсөн байна буцаагаад ав гэхээр манай бөгж биш гээд байгаа юм гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бөгөөд иргэдийн авах боломжгүй болсон, барьцаанаас гарсан үнэт эдлэлийг цахим сүлжээнд үнэ грамм зурагтай нь байршуулан нээлттэй худалдаалдаг. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэн Ж манай байгууллагаар үйлчлүүлж өөрийн алтан бөгж болох 1,7 грамм, сорьцтой алтан бөгжөө барьцаанд тавьж зээл авсан. Түүнээс хойш сар бүр сунгалт хийж байгаад хүлээлгийн 2 сарыг дуусгаад авах боломжгүй болсон тул зарж борлуулахыг зөвшөөрсөн. Тиймээс уг үнэт эдлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 17-нд зарахаар гаргаж, үнэ зургийг байршуулсан. Иргэн А 2020 оны 04 дүгээр сарын 18-нд манай ломбардаас 1,7 граммтай сорьцтой алтан бөгжийг 227,000 төгрөгөөр худалдан авсан. Гэтэл 2020 оны 07 дугаар сард А манай байгууллага дээр танай бөгж алт биш байна монет байна. Би алт мөнгөний дархан болон бусад газруудаар шалгуулсан гэж хэлсэн. Гэтэл тэр авч ирсэн бөгж нь манай байгууллагын бөгж биш байсан. Алт мөнгөний дарханаар янзлуулаад ямар ч сорьцгүй, засвар орсон байсан. Хэрвээ яг манайхаас авсан бөгжөө буцаагаад өгвөл бид 227,000 төгрөгийг нь буцаагаад өгөх боломжтой гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч О ХХК-д холбогдуулан алтан бөгж гэж монетон бөгж худалдаж авсан зөрүүг алтны үнээр тооцож ломбардад тавьсан бөгж болон 340 000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж ирүүлсэн боловч шүүх хуралдаанд алтан бөгжний үнэд төлсөн 227 000 төгрөгийг буцаан гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй учир шүүх нэхэмжлэлийн татгалзсан шаардлагаас бусад шаардлагын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.А нь О ХХК-ийн О барьцаалан зээлдүүлэх газраас цахим сүлжээнд худалдахаар оруулсан зарын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 1,7 граммын сорьцтой, алтан бөгжийг 227 000 төгрөгөөр худалдан авсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг худалдан авсан алтан бөгж томдоод байхаар нь алтны дархан дээр очиж хуваалгаж, хуваасан хэсгээ давхарлаж гагнуулахад дархан алт биш гэж хэлсэн. Үүнийг О ломбардад орж хэлэхэд Синга алт гэж хэлсэн. Тэгээд буцаагаад эднийд барьцаалан зээлдүүлэх гэрээ хийж тавихад монет гэж барьцаалсан. Би зөндөө хүү төлсөн. Одоо бөгжийг авахгүй, алтан бөгжний төлбөрт өгсөн 227 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь шүүх хуралдаанд ... алтан бөгжийг өөрөө дархан дээр орж таслуулж гагнуулсан байсан. Манайд барьцаалсан бөгж манай худалдсан алтан бөгж биш байсан. Бид алтан бөгжийг өгсөн тохиолдолд үнийг нь буцааж өгнө гэж татгалзлын үндэслэлийг тайлбарлаж, нотлох баримтаар О ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ, цахим сүлжээнд байршуулсан зарыг ирүүлжээ.
Хариуцагчаас ирүүлсэн дээрх нотлох баримт, болон шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Б хууль сануулж авсан мэдүүлэгээр иргэн Б.Ж 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалсан эд зүйл болох 1,7 грамм, алтан бөгжийг гэрээний хугацаанд төлбөр төлөөгүй үндэслэлээр зарж борлуулсан үнийн дүнгээс төлбөрийг барагдуулахаар тохиролцсоны дагуу, цахим сүлжээнд худалдан борлуулахаар зураг болон зар оруулсны дагуу нэхэмжлэгч Ц.Ат худалдсан болох нь тогтоогдож, нэхэмжлэгч дээрх баримтыг үгүйсгээгүй.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг ... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгө чанар байдлын доголдолтой бол худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.
Нэхэмжлэгч нь эд хөрөнгө нь чанар байдлын хувьд доголдолтой байсан талаар 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр худалдан авсан бөгжний чанар байдлын талаар худалдагч талд мэдэгдсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн энэ хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасныг зөрчөөгүй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хуулийн хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч эд зүйлийг доголдолтой байсан талаар нотлох баримт ирүүлээгүй өөрөөр хэлбэл худалдан авсан алтан бөгж нь монетон бөгж байсан болохыг ямар баримтаар нотлож байгаа болон бөгжийг О зээлийн төвд барьцаалан зээлдүүлэх гэрээгээр барьцаалсан бөгж нь худалдан авах гэрээний зүйл болох алтан бөгж мөн гэж тайлбар гаргаж байгаа боловч маргааны зүйл болох алтан бөгж мөн эсэхийг нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрөө нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Аийн нэхэмжлэлтэй О ХХК-д холбогдох 227 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА