Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

Шүүгдэгч Ч.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***** овогт **** Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 2333000000106 тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймаг ***** суманд төрсөн, ** настай, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, * хүүхдийн хамт, **** аймгийн **** сумын *** баг хөдөө оршин суух хаягтай, ***** овогт Ч.Л (РД:************). 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Лхагвасүрэн нь 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг "Шандын даваа" гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойд мод бэлтгэсэн, ***** УНК улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 7.4м3 м.куб Шинэс модыг тээвэрлэж экологи эдийн засагт 594,309 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 1,782,927 / нэг сая долоон зуун наян хоёр мянга есөн зуун хорин долоо/ төгрөгийн хохирол учруулсан гэмт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь шинжлэн судлав.

Нэг. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ч.Лхагвасүрэн нь 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг "Шандын даваа" гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойгоос 16.5м3 мод бэлтгэсэн, **** улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 16.5м3 Шинэс модыг тээвэрлэж экологи эдийн засагт 1,325,148 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 3,975,444 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

1.Шүүгдэгч Ч.Лхагвасүрэнгийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр модны эрхийн бичиг авсан. Аав руу тухайн үед утсаар яриад төвд явж байхаар нь 4 машинд модны бичиг авсан. Тухайн үед бороо ороод хугацаандаа хийж амжаагүй тул 08 дугаар сарын 20-ны үед мод бэлтгэсэн. Шандын даваа дээр хөрөө янзлуулах гээд очиход Батдорж таарсан. Би эндээс мод бэлтгэж болох уу гэхэд гоожингийн хугацаа хэтэрсэн байна гэсэн. Сунгаад өгөөч гэхэд үзэг бал байхгүй байна дараа нь төв ороод сунгуулаарай гээд яваад өгсөн. Илүү мод бэлтгэсэн зүйл байхгүй. 4 портер мод зуслан дээр аавын гэрийн урд буулгасан байж байгаад 9 сарын 10-ны үед өвөлжөө рүү гээ зөөсөн. Хадлан хийхдээ бага багаар ачаад өвөлжөөн дээр аваачсан. Батдорж нь аавыг эхлээд ирж уулз гээд аав очиж уулзсан. Аав мориноос унаад бэртсэн Дархан руу явж байсан тул намайг очоод уулз гэж байна гэж хэлсэн. Маргааш нь би очиж Батдоржтой уулзсан. Чиний мод хэмжээнээсээ илүү байна гэхээр нь би илүү бэлтгэсэн зүйл байхгүй хэмжээндээ байгаа гэсэн. 5 хоногийн дотор дахиад ирж уулз гэхээр нь би хадландаа гарсан байсан тул очиж уулзаж чадаагүй. Би завгүй байна ахаа миний мод хэмжээнээсээ илүү биш гээд өөртөө итгэлтэй байсан тул би дахиж очиж чадаагүй. Гэтэл нэг өдөр цагдаа дуудсан. Батдоржийн хэмжилтээр 6 портер  мод байна гэсэн. Уул нь 4 портер мод бэлтгэсэн. Эхлээд хэмжихэд 20м3 мод байсан. Сүүлд мэдүүлэг өгөхөд 24м3 мод байна гэсэн. Би өмнөх жилийн 5, 6 бүдүүн мод дээр буулгасан тул энэтэй хамт хэмжсэн юм шиг байна лээ. Батдорж мод илүү байна гээд шалгуулсан. Би үнэнээ хэлээд байхад хүний үгэнд итгэхгүй байна лээ...  Батдорж тухайн үед надад мод бэлтгэ гэж хэлсний дагуу би мод бэлтгэсэн учраас өөрийгөө хууль зөрчсөн гэх үзэхгүй байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Төгсбаатарын өгсөн: “...Манай сумын 1-р багийн нутагт Шандын даваа гэх газраас Ч.Лхагвасүрэн нь түлээний мод бэлтгэхдээ хэмжээ хэтрүүлэн бэлтгэсэн байсан тул цагдаад шалгуулж байгаа гэж хэлсэн. Би мод бэлтгэх үед ээлжийн амралттай байж байгаад ажилдаа 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хэлэн ажиллаж байна. Тухайн хийсэн модыг би үзээгүй. Тухайн мод бэлтгэсэн Шандын даваа гэх газар зөвшөөрөл олгогдсон ***** гэх газрууд хоорондоо сумын төвөөс 26 км тухайн газар нь хоорондоо 2-3 км зайтай байдаг юм. Нэг хамрын наана цаана байдаг ойролцоо газар. Нэг амны 2 салаа юм. Түлээний модны зөвшөөрөл олгохдоо сийрэг шоо метрээр олгох журамтай байдаг учраас тэгж бодож олгогдсон байгаа. 1 Портер модыг4 м/куб-ээр боддог. Харин сум дундын ойн ангийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд нягт шоо метрээр бодоод хоорондоо зөрүү гаргасан байна. Ойролцоогоор 3 портер мод байх боломжтой байна..., ...Байгаль орчинд учруулсан хохирлын нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

             2.Гэрч Б.Чулуунхүүгийн өгсөн: “...Би өөрийн түлээний модны бичиг хүү Лхагвадоржийн түлээний модны бичгийг 2023 оны 07 дугаар сарын сүүлээр авсан санагдаж байна. Тэрнээс өөр модны бичиг энэ онд аваагүй. Би Сант сумын ойн байцаагч Ч.Төгсбаатараас өөрийн болон Лхагвасүрэнгийн модны бичгийг нийт 4 машин мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Миний авсан эрхийн бичигт 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 04-ний өдрийн хооронд мод бэлтгэх хугацаа нь байсан санагдаж байна. Уг нь бол модоо 08 дугаар сарын 01-нээс эхэлсэн агаарын саатал бороо ороод хэд хоног хойшлогдсон. Мод бэлтгэх эрхийн бичиг дээр  уг нь Хойд булаг гэх газраас бэлтгэхээр бичүүлсэн боловч Хойд булаг гэх газарт мод байхгүй байсан тул Шандын даваанаас мод бэлтгэсэн. Өөр газраас мод бэлтгэсэн талаар сум орон нутагтаа хэлээгүй. Манай хүү Лхагвасүрэн нь модоо бүрэн бэлтгэсэн гэсэн хэмжээнээс нь хэтрүүлж мод бэлтгэж болохгүй талаар анхааруулж байсан. Хугацаа дууссан эрхийн бичгээр мод бэлтгэж болохгүй талаар би сонсох нь сонсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62-р хуудас/,

            3.Гэрч Б.Алтангэрэлийн өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын арван хэднээр өдрийг нь сайн санахгүй байна. Хадам ах Лхагвасүрэнтэй түлээний мод бэлтгэсэн. Түлээний мод бэлтгэхдээ би Төгсбаатараас модны гоожин аваад хадам ах Лхагвасүрэн хадам аавын дүүгийн хүүхэд Хосбаяр бид 3 Шандын ам гэх газраас мод бэлтгэсэн. Мод бэлтгэхдээ гоожингийн дагуу мод бэлтгэсэн. Мод бэлтгээд гэр гэрийнхээ гадна модоо буулгасан. Би 2 машин мод, Хадам ах хадам аав 2 нийт 4 машин мод Хосбаяр 2 машин  мод бэлтгэсэн. Лхагвасүрэн ах бид 2 Лхагвасүрэн ахын машинаар Хосбаяр өөрийнхөө машинаар тээвэрлэсэн. Бид нар мод бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Мод бэлтгэх хэмжээнээсээ илүү мод бэлтгээгүй заасан хэмжээндээ л бэлтгэсэн. Модоо бэлтгэхдээ хөрөөдөөд чирч буулгаад машинд ачаад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65-р хуудас/,

4.Гэрч  Б.Алтангэрэлийн өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 20-ны үед Лхагвасүрэн, Хосбаяр бид гурав өөр өөрсдийн модыг Шандын давааны аманд бэлтгэж байхад бид нартай ойролцоо Ариунбулган гэх хүн мод бэлтгэж байсан. Тэгээд бид нарын хөрөө болохгүй Ариунбулган гэх хүнээр хөрөөгөө үзүүлээд байж байхад Батдорж байцаагч ирсэн. Тэгээд би нарыг мод бэлтгэх эрхийн бичгийг шалгасан. Тэгээд Лхагвасүрэнтэй ярихдаа заасан газраас өөр газар мод хийхгүй шүү энэ удаа яахав хийчих. Дахиж хийхгүй шүү эрхийг бичгийг чинь сунгаж өгнө одоо бал байхгүй байна. Хойноос очоод сунгуулаарай гэж хэлээд явсан. Лхагвасүрэн өөрийнхөө 2 портер аавынхаа 1 портер мод гээд нийт 3 портер мод бэлтгэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-р хуудас/,

5.Гэрч Н.Хосбаярын өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын сүүлээр Алтангэрэл, Лхагвасүрэн нарын хамтаар Шандын ам гэх газраас бид 3 хамтарч мод бэлтгэсэн. Бид 3 тус бүр 2 машин модны зөвшөөрөлтэй байсан. Тус тусын 2 машин модоо бэлтгэн авсан. Ууланд модоо цахилгаан хөрөөгөөр хөрөөдөөд тус тусын машиндаа тээвэрлэж явсан. Би мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байсан Лхагвасүрэн, Алтангэрэл нарыг хэзээ авсан талаар мэдэхгүй. Миний мод бэлтгэх эрхийн бичиг дээр Шандын амнаас мод бэлтгэхээр заасан байсан. Лхагвасүрэн, Алтангэрэл нарын мод бэлтгэх эрхийн бичгийг хаанаас гэдгийг нь хараагүй. Миний мод бэлтгэх эрхийн бичиг 5 хоногийн хугацаатай байсан. Алтангэрэл, Лхагвасүрэн нарын хугацааг бол мэдэхгүй /хх-ийн 69-70-р хуудас/,

           6.Гэрч А.Батдоржийн өгсөн: “...Би **** Лхагвасүрэн нарыг танина манай сумын малчид учраас танина. Өөр ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Сант сумын байгаль хамгаалагч Ч.Төгсбаатарын мод бэлтгэх эрхийн бичиг олгосон жагсаалтаас шүүхэд өрх бүртээ 8 метр куб түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авсан байна лээ. Сант сумын иргэдэд жилд дунджаар 350-400 ширхэг мод бэлтгэх эрхийн бичиг бичигддэг эдгээрээс ой хээр болон зам дээр бүүр зарим нэг тохиолдолд гэрт нь очиж түлээний модыг нь шалгадаг бүгдийг нь хянах боломж байдаггүй. Мод бэлтгэх эрхийн бичгийн хугацааг хуулийнд бол хугацааг тодорхой заадаггүй. Манай сумын хувьд бол эрхийн бичгийг богино хугацаанд буюу 3 хоногоор бичиж байгаа. Манай сумын ойн сангийн ихэнх хэсэгт нь ашиглалтын бүсийн ойн сантай. Иймд иргэдийн хүсэлт гэрийн байршлаас хамаарч газрыг нь сонгож олгодог. 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр ойн санд очиход иргэн Лхагвасүрэн нь мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуулж байсан тэгэхэд эрхийн бичиг нь **** гэх газраас бэлтгэхээр заасан байсан. ***** Лхагвасүрэнтэй таарч мод бэлтгэх эрхийн бичгийг нь бол үзсэн. Хэсэглэл нэг байсан боловч газрын нэр нь өөр байсан...

            Хойд булаг гэх газарт Лхагвасүрэнгийн гэрт очиход гэтээ байгаагүй. Тэгээд дүү Буянхишигт нь очиж уулзаарай модыг нь хэмжсэн мэдээллээ өгөөрэй гэж хэлээд явсан. Тэгээд Лхагвасүрэн дараа нь сумын төвд ирж уулзсан.  Би Лхагвасүрэнд бэлтгэсэн мод чинь 16куб м байхаас 20куб м байна та млүү мод бэлтгэсэн байна гэсэн чинь үгүй 3 портер мод бэлтгэсэн илүү биш гээд байсан. Би болохоор сийрэг шоо метрээр хэмжилт хийсэн юм. Тэгээд маргаад байхаар нь өөрийг н хэмжээд ир гээд хэмжих аргачлалыг нь зааж өгөөд явуулсан чинь явад алга болсон. Тэгээд сумын төвд таараад яагаад алга болчихвоо гэсэн чинь зав гарахгүй байна. Дараа тан дээр ирье гэхээр нь би тэгвэл цагдаагийн багууллагаар шалгуулъя гэж хэлсэн... гэх мэдүүлэг   /хх-ийн 74-75, 78-79-р дугаар хуудас/,

 7.Гэрч М.Ариунбулган өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1-р багийн нутаг Шандын даваа гэх газар өөрийн түлээний модоо хийж байхад Лхагвасүрэн болон өөр 2 залуу мод бэлтгэж байсан. Тэгээд тэр залуучууд хөрөө янзлаад өгөөч гэхээр нь янзлаад байж байхад Батдорж байцаагч ирж шалгаад эндээс дахин мод хийхгүй шүү гэж  хэлсэн. Тэгээд би явсан юм..., Би хөрөө янзлаад сууж байсан. Тэг үед тэд нар юм яриад байх шиг байсан яг юуны талаар ярьсан гэдгийг мэдэхгүй, сонсоогүй..., Лхагвасүрэн надад хэлэхдээ 2 явчихсан одоо 1 яваад болно гэж ярьсан юм. Би 3 портер мод бэлтгэсэн гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/,

8.2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Капитал зууч ХХКомпанийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн ...Хятад улсад үйлдвэрлэгдсэн модын цахилгаа хөрөө /хуучин/ 1ш, “Хьюндай портер-2” маркийн **** УНК улсын дугаартай хөх өнгийн бага оврын ачааны автомашин /№***** тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй, 2004 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, 2021 оны 12 дугаар сард Монгол улсад орж ирсэн, ********/ тоот арлын дугаартай, ашиглалтын хугацаа дууссан/ зэрэг эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 09 дүгээр сарын 25-ны байдлаар 6580000=00 төгрөг байна. /Хавсралт №01/,

Модны цахилгаан хөрөө хуучин 80000=00, тоо хэмжээ  1, нэг бүрийн үнэ 80000, бүгд 80000=00, “Хьюндай портер-2” маркийн **** УНК улсын дугаартай хөх өнгийн бага оврын ачааны автомашин /2004/, тоо хэмжээ 1, нэг бүрийн үнэ 650000=00, бүгд 650000=00... гэх дүгнэлт /хх-ийн 34-35-р хуудас/,

 

9.2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай ******** бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай шинжээчийн... Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Балбарын экологи эдийн засгийн үнэлгээ гаргуулах шинжээч оролцуулах тухай 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг ТОГТООХ нь:

1.Иргэн **** овогтой ***** нь ойгоос түлээний зориулалттай Шинэс төрлийн хуурай мод бэлтгэсэн болно.

            2.**** аймгийн **** сум ***** 2 дугаар багийн нутаг "Шандын эх" гэх газраас Ц.Лхагвасүрэн нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй түлээний зориулалттай бэлтгэсэн Шинэс төрлийн хуурай модонд хэмжилт хийхэд 7.4м3 мод бэлтгэсэн байна.

            3.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 сарын 16-ны өдрийн тоот тушаалын 1-дүгээр хавсралтын дагуу экологи эдийн засгийн үнэлгээг тооцон үзэхэд 3 дугаар мужийн ойн сангийн 1м3 "Бүх төрлийн хуурай модны экологи эдийн засгийн үнэлгээ" нь 80,312 төгрөг байна. Нэг шоо.метр модны экологи-эдийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу /хуурай түлээ/-1.0 итгэлцүүрээр бодно. Нийт бэлтгэсэн шинэс төрлийн хуурай модыг хэмжиж дүгнэхэд:

7,4м3 *80312*1,0=594,309 төгрөг болж байна.

4.Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 3 дугаар зүйлийн 4 заалт, Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн ойгоос мод бэлтгэх эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэсэн Ч.Лхамсүрэн нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 594,309 төгрөгийн хохирол учруулсан байна.

5.Ойн сангийн 1 шоо метр модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон А/176 тоот тушаалын 1 дүгээр хавсралтыг хавсаргав...” гэх дүгнэлт /хх-ийн 44-р хуудас/,

 

10.2023 оны 10  дугаар сарын 06-ны өдрийн 01-29-02/279 дугаартай Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Улсын байцаагчий акт” ...Ч.Лхагвасүрэн нь Монгол улсын  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т  Ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 594309 x 3=1,782,927 төгрөгийн хохирол учруулсан байна... гэх акт /хх-ийн 52-р хуудас/,

11.******** бүсийн сум дундын ойн  ангийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/02 дугаартай шинжээчийн “Монгол улсын стандарт MNS5413:2011-Түлшний модыг сийрэг шоо метр эзэлхүүнээр хэмжиж хүлээн авна, түлшний модны тоо хэмжээг  эзэлхүүнийг тодорхойлохдоо түүний урт өндөр, өргөнийг хэмжин үржүүлж гаргана гэж заасны дагуу иргэн Ч.Лхагвасүрэнгийн бэлтгэсэн гэх хураалттай байгаа модонд хэмжилт хийхэд Модны урт нь 6,9м, Өргөн 1,55м, Өндөр 1,55 буюу 1,55 x 1,55м x 6,9=16,5 м3 болж байна, Модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход хуурай Шинэс мод 16,5 м3 x 80312 =1,325,148 төгрөг болж байна, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т  Ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу тооцоход 1,325,148 x 3= 3,975,444 төгрөгийн хохирол учирсан байна... гэх дүгнэлт /хх-ийн 183 хуудас/

12. 2023 оны 10 дугаар сарын 08-ний өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6, 7-12-р хуудас/,       

13.2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Бэлтгэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15, 16-18-р хуудас/,

14.2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21, 22-23-р хуудас/,

15.2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-27-р хуудас/,

16.Мод бэлтгэх эрхийн бичиг олгох тасалбар /хх-ийн 120-р хуудас/ зэрэг  болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар Ч.Лхагвасүрэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.

 

Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Лхагвасүрэнг 2023 оны 09 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг "Шандын даваа" гэх газраас зөвшөөрөлгүйгээр модны цахилгаан хөрөө ашиглаж ойд мод бэлтгэсэн, **** УНК улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр 7.4м3 м.куб Шинэс модыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ***** нь “байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Б**** нь мод бэлтгэх гэж байхад наад газраасаа модоо бэлтгэчих гэж амаар зөвшөөрөл өгсөн учраас би хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхгүй байна” ... гэх мэдүүлгийг өгсөн бөгөөд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөөгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан бол” гэж үйлдлийн шинжийг хуульд тодорхойлжээ.

 

Шүүгдэгч Ч.Л**** нь өөртөө 8м3, аав Б.Ч**** нэр дээр 8м3 нийт 16 м3 мод бэлтэх эрхийн бичгийг авсан бөгөөд мод бэлтгэж, тээвэрлэх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар зүйлийн 04-ний өдөр хүртэл хугацаанд, Сэлэнгэ аймгийн Сант сумын “Хойд булаг” гэх газраас мод бэлтгэх эрхийн бичгийг авсан байна. /хх-ийн 120 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ч.Л**** нь эрхийн бичигт заасан болзол, журмыг зөрчсөн буюу мод бэлтгэх эрхийн бичгийн хугацаа хэтрүүлж 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед модоо бэлтгэж, тээвэрлэсэн, эрхийн бичигт заагдсан газраас модоо бэлтгээгүй “*****” гэх газраас мод бэлтгэсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх бөгөөд энэ байдал нь зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан “ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, тээврэрлэсэн” гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

              Иймд шүүгдэгч Ч.Л***** Ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 Эрүүгийн 2333000000106 тоот хэрэгт цугларсан нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эрхийг зөрчиж, хязгаарлаагүй, хэрэгт нотолбол зохих байдлуудыг нотолсон байх тул дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

Орхоны бүсийн сум дундын ойн ангийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай нь шинжээчийн: …Ч.Л****** Экологи, эдийн засагт учруулсан хохирлыг 594,309 төгрөгөөр тогтоож,

 Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01-29-02/279 дугаартай “...Ч.Л***** нь Монгол улсын  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т  Ойн санд учирсан хохирлын ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу 594309x 3=1,782,927 төгрөгийн хохирол учруулсан байна... гэх актыг тогтоож шийдвэрлэжээ.

Хэдийгээр Прокуророос Ч.Л***** холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй боловч хохирлын хэмжээг бодитой тогтоогоогүй байсан тул тус шүүхээс 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/шз/16 дугаартай “Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, шинжээч томилох тухай” захирамжаар  2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 07 дугаартай Орхоны бүсийн сум дундын ойн ангийн “Экологи, эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай шинжээчийн дүгнэлтэд модны эзлэхүүнийг хэмжихдээ нягт шоометр /м3/, сийрэг шоометр /м3/ -ийн алинаар нь тооцож, эзлэхүүнийг хэмжсэн нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэх үндэслэлээр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Хараагийн бүсийн сум дундын ойн ангийг шинжээчээр томилсон байна. /хэрэгт цугларсан нотлох баримтаар модны эзэлхүүнийг буруу тооцсон талаар гэрчүүд мэдүүлсэн, шүүгдэгч бэлтгэсэн модны хэмжээг хэтрүүлээгүй гэж маргасан/,

 

****** бүсийн сум дундын ойн ангийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2021/02 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ...4.1 Түлшний мод гэж "өөрийн хэмжээ ба шинж чанараараа хэрэгцээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай, чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан, түлшний зориулалттай мод, модлогийг;

Мөн техникийн шаардлага 6.12 “1.т уртаар нь шилмүүст ба навчит төрлийн мод 6 см голчоос дээш, түлшний модны урт 2,20м байна” гэж заасны дагуу иргэн Ч.Л******* бэлтгэсэн гэх мод нь түлшний модны ангилалд хамрагдаж байна.

Монгол улсын стандарт MNS5413:2011 –д

7.Түлшний модыг хүлээн авах. "7.3 Түлшний модыг сийрэг шоометр эзлэхүүнээр хэмжиж хүлээн авна"

8.Түлшний модыг хэмжиж тооцох. "8.1 Түлшний модны тоо хэмжээг / эзлэхүүн/ тодорхойлохдоо түүний урт өндөр, өргөнийг хэмжин үржүүлж гаргана" гэж заасны дагуа Иргэн Ч.Л****** бэлтгэсэн гэх хураалтай байгаа модонд хэмжилт хийхэд:

  • модны урт нь 6,9м,
  • өргөн нь 1,55 м,
  • өндөр нь 1,55 м буюу 1,55 м х 1,55 м х 6,9 м = 16.5 мЗ болж байна.

Бэлтгэсэн гэх 11,5 мЗ хуурай шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчны сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ний өдрийн 325 дугаар тушаал, 1-р хавсралт “Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлал”-аар С*** аймгийн ***** сум нь ашиглалтын бүс, 3-р мужид хамаардаг. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн "Ойн-экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай" А/176 тоот тушаалд 3-р муж, ашиглалтын бүсийн 1 шоометр бүх төрлийн хуурай мод 80312 төгрөг байхаар тогтоосон ба нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг мод, модон материалд шилжүүлэхэд бэлтгэсэн мод, модон материалын ашиглалтын гарцын дагуу итгэлцүүрээр үржүүлнэ гэж заасан байдаг. Түлээ/хуурай/-1,0

Дээрх 16,5 м3 /сийрэг шоометр/ модны нь экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход:

    - Хуурай шинэс мод 16,5м3 * 80312 төг * 1,0 = 1,325,148 төгрөг.

Нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 1,325,148 /Нэг сая гурван зуун хорин таван мянга нэг зуун дөчин найман / төгрөг болж байна.

 

Байгаль орчинд учирсан хохирлыг тогтоохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.9 дэх заалт, 49 дүгээр зүйл 49.4.1 дэх заалтыг үндэслэн " Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно" гэж заасны дагуу тооцов.

 

Нийт хохирлыг тооцоход: 1,325,148 төгрөг * 3 дахин = 3,975,444 төгрөг хохирол /сийрэг шоометр/ учирсан байна....” гэх дүгнэлтийг гаргаж ирүүлжээ.

 

Хэрэгт экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон хоёр шинжээчийн дүгнэлт байх бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлтийг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.

 

Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаартай Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын 4.2-т “Эрхийн бичгийг олгохдоо хэрэглээний модны эзлэхүүнийг нягт шоометр /м3/ -ээр, түлээний эзлэхүүнийг сийрэг шоометр /м3/ -ээр тооцно” гэж заасны дагуу тогтоож ирүүлсэн Хараагийн бүсийн сум дундын ойн ангийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн №2021/02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хэргийн бодит байдлыг тогтоосон, үнэн зөв, эргэлзээгүй гэж шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.5-д зааснаар шүүгдэгч Ч.Л****** экологи эдийн засагт учруулсан хохирол болох 3,975,444 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т ...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ... гэсэн зарчмын дагуу шүүгдэгч Ч.Л***** шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  шүүгдэгч Ч.Л***** эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч: “...Шүүгдэгч Ч.Л***** ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд ял оногдуулах нь үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Д*** шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. *** нь  мал малладаг малчин тул одоо хаврын цагт цас зуд ихтэй малын асаргаа, маллагаа зайлшгүй шаардлагатай тул нийтэд тустай ажил хийх боломжгүй.  Өдөрт 4 цаг ажил хийгээд бусад үед нь мал маллах боломжгүй тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Зорчих эрх хязгаарлах ялыг Сант сумаар хязгаарлаж өгнө үү. Малчин хүн тул өвөлжөө, хаваржаан дээрээ нүүнэ. Онд орсон малаа хорогдуулахгүй маллах шаардлагатай байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдэх боломжгүй малчин хүний хувьд зохимжгүй ял байна...” гэх саналыг гаргасан.

 

Шүүдэгч Ч.Л****** шүүх хуралдаанд: ... Торгож шийдвэрлэж өгнө үү.  эрх хасах ялаар шийтгэвэл манайх сүлжээгүй газар амьдардаг. Нийтэд тустай ажил хийхээр малаа маллах боломжгүй байна. Өнгөрсөн оны мал тооллогоор 600 гаран мал тоологдсон... гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино... гэж тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Л****** үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Л******600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Л***** мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Л******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

**** УНК улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь хэдийгээр Ч.Л****** нэр дээр шилжээгүй байгаа ч тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авсан, Ч.Л**** өмчлөлийн зүйл болох нь шүүгдэгч Ч.Л******** мэдүүлэг, гэрч ***** мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ***** УНК улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг тогтоолыг хүчингүй болгож улсын орлогод оруулах, эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон Шинэс төрлийн 16.5 м3 модыг хураан авч улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.  

 

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л***** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10-т  заасныг тус тус удирдлага бол

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт Ч******* Ойд зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу **** төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Л**** мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.5-д зааснаар шүүгдэгчээс экологи эдийн засагт учруулсан хохирол болох 3,975,444 төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

5.Шүүгдэгч ****** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **** УНК улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг тогтоолыг хүчингүй болгож улсын орлогод оруулах, эд мөрийн баримтаар хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон Шинэс төрлийн 16.5 м3 модыг хураан авч улсын орлогод оруулсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Л**** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ДЭЛГЭРСАЙХАН