Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

              С.Галсанпунцагийн нэхэмжлэлтэй Х.Дэлгэрмаад холбогдох

иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Л.Нямдорж,  Г.Уламбаяр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны  4  дүгээр сарын 23-ны  өдрийн 131/ШШ2018/00394  дүгээр  шийдвэртэй

Нэхэмжлэгч Сосорбарамын Галсанпунцагийн  нэхэмжлэлтэй   

Хариуцагч  Хархүүгийн Дэлгэрмаад холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Х.Дэлгэрмаагийн  давж  заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Х.Дэлгэрмаа,  нарийн бичгийн дарга  Д.Сайннямбуу нар оролцов. 

Нэхэмжлэгч  Сосорбарамын Галсанпунцагаас  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.Галсанпунцаг нь 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Х.Дэлгэрмаатай гэр бүл болж, 11 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд бид ярилцан тохиролцож охин Г.Буяннэмэхийг үрчлэн авч С.Галсанпунцаг, Х.Дэлгэрмаа бид хууль ёсны эцэг эх нь болсон. Х.Дэлгэрмаа бидний харилцаа таарамж, тохиромжгүй болсон учраас бид 1 жил орчим тусдаа амьдарч байгаад миний бие тус шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 131/ШШ2018/00016 шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, охин Г.Буяннэмэхийг түүний эцэг С.Галсанпунцаг миний асрамжид үлдээсэн шүүхийн шийдвэр гарсан болно. Уг шүүхийн шийдвэрт Х.Дэлгэрмаа давж заалдах журмаар гомдол гаргаагүй учир шийдвэр хүчин төгөлдөр болсон.   Гэр бүлийн тухай хуульд зааснаар охин Г.Буяннэмэхийг 18 насанд хүртэл нь Х.Дэлгэрмаагаас хүүхдийн тэтгэмж тогтоож өгнө үү. Мөн төрөөс сар бүр олгодог 20.000 төгрөгийг охин Г.Буяннэмэхийн асран хамгаалагчаар тогтоогдсон С.Галсанпунцагийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Төрөөс олгодог  хүүхдийн 20.000 төгрөгийг  нэхэмжлэгч С.Галсанпунцагийн нэр дээр шилжүүлж  өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. С.Галсанпунцаг нь 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Х.Дэлгэрмаатай гэр бүл болж, 11 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд тэд ярилцан тохиролцож охин Г.Буяннэмэхийг үрчлэн авсан. Охин Г.Буяннэмэх нь одоо 7 настай. Эмээ аавтайгаа хамт амьдардаг. Хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Х.Дэлгэрмаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие нь С.Галсанпунцагийн гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Би түүний гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би С.Галсанпунцагтай 2006 оны 09 сарын 27-ны гэр бүл болж 11 жил хамт амьдарсан. Бидний дундаас хүүхэд төрөөгүй учраас бид ярилцаж байгаад Г.Буяннэмэхийг 2011 онд үрчилж авсан. Бид хоорондоо таарч тохирохгүйн улмаас С.Галсанпунцаг нь 2018 оны 01 дүгээр сарын 02-нд шүүхэд хандан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж тухайн үед би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч охин Г.Буяннэмэхийг С.Галсанпунцагийн асрамжид үлдээж гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед С.Галсанпунцаг надад хэлэхдээ охиноо би өөр дээрээ авна чи ойр ойрхон уулзаж байна биз охины асрамжин дээр маргалдвал хугацаа их орно би одоо удахгүй хөдөө явах учраас энэ асуудлаа хурдан дуусгая гэж хэлсэн. Би тэр үед итгээд за гэж хэлээд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл энэ шийдвэрийн дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргаж охин Г.Буяннэмэхэд хүүхдийн тэтгэлэг, тэтгэмж тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, мөн сар бүр төрөөс олгодог хүүхдийн 20.000 төгрөг өөрийн дансанд шилжүүлэхийг хүссэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо миний бие 8 сартай жирэмсэн, тодорхой эрхлэсэн ажилгүй гэрт байдаг. Хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Иймд С.Галсанпунцагийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү тайлбарыг бичиж байгааг хүлээн авна уу гэжээ.

Хариуцагч Х.Дэлгэрмаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна. Би төрөөд 14 хонож байна. Тодорхой орлого байхгүй учраас хүүхдийн мөнгө төлөх боломж байхгүй. Би бүх хөрөнгөө үлдээсэн. Би орлого байхгүй. Хүүхдээ хардаг. Хүүхдийн тэтгэлэг төлөх боломж байхгүй. Боломжтой болохоороо төлнө гэв.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан  2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Галсанпунцагийн Буяннэмэхийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эх Эрдэнийн эрх овогт Хархүүгийн Дэлгэрмаагаас гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлж, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн нь Төрөөс хүүхдэд сар бүр олгодог 20.000 төгрөг авах эрхийг эх Х.Дэлгэрмаагаас эцэг С.Галсанпунцагт шилжүүлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг баримтлан хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар тэтгэмжтэй холбоотой нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Дэлгэрмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие нь тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Галсанпунцаг нь намайг хуурч мэхлэн буруу ойлголт өгч гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож түүний дараа надад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж тус шүүхээс надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож шийдвэрлэсэн шүүгч дахин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэж болох эсэхэд эргэлзээ төрж байна. Учир нь жирэмсэн бол гэрлэлт цуцлахыг хориглодог гэдгийг миний бие өнөөдөр л мэдлээ гэтэл анхан шатны шүүх намайг жирэмсэн байхад гэрлэлтийг минь цуцалж шийдвэрлэсэн байна. Мөн би үрчилж авсан охиныхоо саналыг харгалзаж үзнэ гэдгээ хариу тайлбартаа бичсэн. Миний охин 7 настай гэтэл хүүхдийн санал шүүхээс аваагүйгээр асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн байсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хүүхдийн эрх ашиг сонирхолыг бодолцоогүйгээр барахгүй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж хэргийг шийдвэрлэж байсан байдаг. С.Галсанпунцаг бид хоёр хамт амьдарч байх хугацаандаа хүүхэд гаргаагүй учир 2011 онд харилцан ярьж хүүхэд үрчилж авахаар шийдэж үрчилж авсан. Би хүүхэддээ өөрийн хүүхэд шигээ ханддаг байсан, харин манай нөхөр байсан С.Галсанпунцаг архи, согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, хамт амьдарч байх хугацаанд охин бид хоёрыг байнгын айдас түгшүүр дунд байлгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан. Охин бид хоёр айдас түгшүүр дунд амьдарч байсан учраас хүнд мэдэгдээд байдаггүй, харин ч нуудаг байсан. Нэг удаа гэртээ хүчирхийпэл үйлдээд байхаар нь цагдаад дуудлага өгч баривчлуулж байсан боловч засрах нь битгий хэл бүр занах болсон учраас айгаад дахин цагдаад хандаагүй. С.Галсанпунцаг нь охиноо өөрийн асрамжид авах шийдвэрийг анхан шатны шүүхээр гаргуулсан атлаа өнөөдөр хүүхдийг минь айлд орхичихоод Өмнөговь аймагг хэдэн сараар яваад ирээгүй л байна. Тэгсэн атлаа төрсөн дүүгээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт оролцуулж байгаад гомдолтой байна. Өнөөдөр намайг юу ч мэдэхгүйгээр минь далимдуулж охиныг минь өөр дээрээ авчихаад асран хамгаалж байгаа юм байхгүй айлд хаяж хүүхдийн минь эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Тиймээс миний хувьд охин Г.Буяннэмэхийг өөрийн асрамжид авна, хууль зөрчиж гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дээд шүүхэд хандаж байгаа болно. Тиймээс Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23 ны өдрийн 131/ШШ2018/00394 дугаартай шийдвэртэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэл гарсан гэж миний зүгээс үзэж байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 131/ШШ2018/00394 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Галсанпунцаг нь  Х.Дэлгэрмаагаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.  Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 00016  дугаар шийдвэрээр С.Галсанпунцаг   Х.Дэлгэрмаа нарын гэрлэлтийг цуцалж,  үрчилж  авсан охин Г.Буяннэмэхийг  эцэг С.Галсанпунцагийн асрамжинд  үлдээж  шийдвэрлэжээ.  Өмнө нь  гэрлэлтийг цуцлах явцад охин Г.Буяннэмэхийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар  зохигчидын хэн аль нь маргаан гаргаагүй байна.

Хариуцагч Х.Дэлгэрмаа нь  анхан шатны шүүхэд охин Г.Буяннэмэхийн асрамжийг өөрчилж  өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг  гаргажээ.  Сөрөг нэхэмжлэлдээ  “..С.Галсанпунцаг нь архи уудаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг,  2018 онд эрүүлжигдэж байсан,  гэрээсээ хол Өмнөговь аймагт алтны уурхайд  ажилладаг,  хүүхдийг асран хамгаалж  байгаа юм байхгүй айлд хаячихаад  хэдэн сараар  хөдөө явдаг  иймд  охин Г.Буяннэмэхийн асрамжийг өөрчилж  шийдвэрлэж  өгнө үү..”   гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 00016  дугаар шийдвэрээр охин Г.Буяннэмэхийн асрамжийг эцэг С.Галсанпунцагийн асрамжинд  үлдээх болсон шаардлага үндэслэлээс огт өөр үндэслэлээр гэр бүлийн  нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй  холбогдуулж  хүүхдийн асрамжийг  өөрчилж  шийдвэрлүүлэхээр  сөрөг нэхэмжлэл гаргасан байхад  анхан шатны шүүх хариуцагч Х.Дэлгэрмаагийн  сөрөг нэхэмжлэлийг  хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэлгүй орхигдуулсан нь  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг  хангаагүй гэж үзнэ.   

Иймд анхан шатны шүүх  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглсэн байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.5,  168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны  өдрийн 131/ШШ2018/00394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар  хариуцагч Х.Дэлгэрмаа нь  улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.  

                                                                                   ДАРГАЛАГЧ                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  М.МӨНХДАВАА

                                                             ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                                                                                 Г.УЛАМБАЯР