| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2023/0426/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/01 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/01
2023 12 21 2024/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж, шүүгч, Ц.Алтангадас, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б
Иргэдийн төлөөлөгч Ж.Д
Улсын яллагч Ц.Л
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А
Хохирогчийн өмгөөлөгч А.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц,
Шүүгдэгч У.А нарыг оролцуулан хийж, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зээрд адуу овгийн Уламбадрахын Ат холбогдох эрүүгийн 2225004600141 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, У.А.
Холбогдсон хэргийн талаар:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор,шүүгдэгч У.Аыг 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг үйл ажиллагаа явуулдаг “Х” хүнсний захын гадна амь хохирогч Д.Бн нүүрэн тус газар гараараа цохисны улмаас цементэн гадаргуу дээр дагзаараа унаж “гавал тархины битүү гэмтзл буюу дагз ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт” гэмтлийн улмаас нас барж, хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч У.Аын мэдүүлсэн: Би Бтэй маргалдах шаардлагагүй. Би хааяа Бд тусалдаг, тэр өдөр тусалсан нь үнэн. Их бодсон. Би зодоогүй. Хааяа ганц нэг юм хувааж ууж байсан. Ээж дүү 2-ыг зах дээр явж байхад нь адууны гэдэс зардаг хүмүүс “хохирлыг нь төлөөч, төлбөл Дд мөнгө өгөх юм шиг байна” гэж ярьсан гэсэн. Энэ ямар учиртай юм бол гайхаад байгаа. Би 7 сарын 19-нд шүүх хуралд орно гээд 17-ноос хойш гэрээс гараагүй гэх мэдүүлэг,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн мэдүүлсэн: Маш гомдолтой, хохирол төлөөгүй. Аыг цохиж унагасан гэж гэрчүүд хэлээд байгаа шүү дээ гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2225004600141 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалсан :
-Хэргийн газар үзлэг хийсэн тухай 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн...хэрэг учрал болсон гэх газар нь ............зүүн урд хэсэгт үзлэгийг явуулахаар тогтов. Тус газар дээшээ харсан байрлалтай толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийш чиглэсэн байрлалтай хөлдөө гуталгүй, өмдгүй, шаргал өнгийн дотоожтой, хүрэн бор өнгийн хоолой хэсэгтэй цахилгаантай цамцтай 162 см урттай, толгойдоо 3 см хүрэн үстэй, мах мариа дунд зэрэг арьс бор, хоёр гар тохойн үеэр нугаларсан. Хөл шулуун гуяны дээд хэсгээс доош хөл шороо мэт зүйл болсон. 2 хүд хамар амнаас өт гарсан 0.2 см урттай, 2 нүд зовхи хаалттай, хүүхэн хараа тодорхойлох боломжгүй сааралтсан. Ам хагас ангайж үзэгдэх шүд бүтэн. Их биеийн арьс хуурсан хүүрийн хөшилт бүх булчинд тод үүссэн... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 14-18-р тал/,
-Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хх-ийн 19-22-р тал/
-Талийгаачийн биенээс авсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн хамт /1-р хх-н 23-25-р тал/,
-Эд зүйл,баримт бичиг, бусад баримт бичгийг / амь хохирогчийн хувцас/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 26-р тал/
-Эд зүйл/баримт бичиг, бусад баримт бичгийг хүлээлэн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 29-р тал/
- Орхон аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн...”Х” захын хяналтын камерын бичлэгийг үзэхэд камерын бичлэг устсан,Нэг цонх дээр “Х” зах руу харсан хяналтын камер байхгүй...-гэх тэмдэглэл/1-р хх-ийн 28-р талд/
-Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл,гэрэл зураг /1-р хх-ийн 32-34-р тал/
-амь хохирогч Д.Бнь Бүсийн оношилгоо эмчлгээний төвд яаралтай тусламж үйлчилгээ авсан тухай эмнэлэгийн хуудас /1-р хх-ийн 39-41-р тал/
-цогцост үзлэг хийхэд шинжилгээнд зориулж авсан үс,цус,хумс зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-имйн 42-р тал/
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр би, ээж Даваасамба, төрсөн ах, түүний эхнэр О нарын хамт Д ахын машинтай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум руу уламжпалтын хүнд үзүүлэх гээд явсан. Намайг гэрээс ирж авсан тул би би аавын гэрт очоогүй. Бид нар 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгаас буцаж явахад манай ээж рүү дүү С залгаад “дүү Бг нас барсан байж болзошгүй” талаар хэлсэн. Ингээд бид нар Орхон аймагт ирээд дүү Бг нас барсныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 46-49-р хуудас/
-Гэрч Д.С-ийн мэдүүлсэн...2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө эрт би хөдөө гэрээсээ Эрдэнэт рүү орж ирээд Х зах дээр сүүгээ бөөндөж зарсан. Ингээд барагцаагаар өглөөний 06 цагийн орчимд аавын гэрт очиход дүү Б гарах гээд хувцсаа өмсөж байсан. Тухайн үед аав гэртээ байхгүй байсан, нойл орчихсон байсан байж магадгүй. Би цайны сүү өгчихөөд удалгүй гараад явсан. Талийгаач дүү гэртээ үлдсэн. Талийгаач дүүгийн биед ил харагдах шарх, гэмтэлгүй, ямар нэгэн өвчин ярихгүй байсан. Тус өдрийг 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байсан гэдгийг яаж санаад байна гэхээр өмнөх өдөр нь буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Орхон сум Мааньт гэх газар морин уралдаан болсон бөгөөд тус уралдаанд морио уралдуулчихаад маргааш өглөө нь сүүгээ аваад Эрдэнэт явсан. Тухайн үед манайх Оросын булаг гэх газар малтайгаа зусаж байсан ...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 61-р хуудас/
-гэрч Н.Д-ын мэдүүлсэн:.. Бид нар Хөвсгөл аймаг руу явах үед амь хохирогч Д.Бг гэртээ аавыгаа хараад хамт байж байгаарай гэж хэлээд явсан. Тухайн үед Д.Бгийн биеийн байдал зүгээр, ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй байсан. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгаас Орхон аймаг руу явж байхад миний утас руу хүү С залгаж ....Б нас барчихсан юм шиг байна, цагдаагаас залгасан, та хэд ирж байна уу, би одоо очиж талийгаачийг мөн бишийг харах гэж байна гэсэн. Тэр орой Орхон аймагт ирсэний дараа нас барсан хүн нь Б мөн байна гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-р тал/
-гэрч Д.ын мэдүүлсэн:...Сүүлд уулздаг өдөр би талийгаач Б болон Д хоёроор Х захын дотор хөргүүрээс 40 литрийн хоёр сав сүү зөөлгөж Х захын гадна байсан машин дээр ачуулсан. Тухайн үед Б, Д нар сүүгээ өргөөд явж байтал хажуунаас А гэх нэртэй залуу ирээд би хамт өргөе гэтэл талийгаач Б “би чамаар өргүүлэхгүй” гэж хэлсэн чинь А нь “би хамт өргөлцөе" гэж хэлээд дагаад яваад байсан. Ингээд Б, Д нар сүүг миний машин дээр гаргаж тавьчихаад явах гэтэл Б, А хоёр хоорондоо маргалдаж, нэг нэгнийгээ түлхээд байсан. Энэ үед А нь гараараа Бгийн нүүрэн тус газарт цохих шиг болсон.Энэ үед Б эгц хойшоо цементэн талбай дээр толгойгоороо савж унасан /тас гэж дуу гарсан/. Аймаар хүчтэй унасан би толгойноос нь цус гарах байх гэж дотроо бодсон боловч гараагүй. Б газарт унаад хэсэг ухаангүй хэвтсэн, энэ үед Д нь хамрын доор, уруулны дээр нь гарынхаа хуруугаар хэсэг дарж байтал Б сэргэж ухаан орсон. Энэ үед Бг А, Д нар хоёр талаас нь сугадаж өргөж босгоод захын зүүн урд талын сүүдэрт суулгасан. Энэ үед би Б дээр очиж Б зүгээр үү, яаж байна, цагдаа дуудах уу, гэж асуусан чинь “яах юм бэ, би жаахан хэвтээдхье” гэж хэлээд хэвтсэн. Ингээд би буцаад ажиллаж байсан газартаа очиж хэсэг байж байгаад машинд ачсан сүүгээ гэрт хүргэхээр болоод би 5000 төгрөгийг хамт ажиллаж байсан Цт өгөөд “Бг сэрэхээр өгчихөөрэй” гэж хэлээд гэртээ харьсан...Б Д нар сүү өргөөд явж байх үед А нь ирээд би сүү өргөнө гэхээр нь талийгаач Б нь чамаар өргүүлэхгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан. А нь Бгийн нүүрэн тус газар гараа нэг удаа цохих шиг болсон. Энэ үед Б хойшоо унасан. Унах үедээ толгойгоороо газарт хүчтэй савж унасан. /тас гэх чимээ гарсан/ юм. Б унаад хэсэг ухаангүй хэвтсэн. А нь баруун талын гараараа цохисон. Гараа зангидаж байгаад цохисон. Б цохиулсныхаа дараа хэсэг хэвтсэн, хэр удаан хэвтснийг би мэдэхгүй байна. Тухайн үед баяр наадмын олон хоногийн амралт дуусаад зах 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс ажиллаж эхэлсэн юм. Ажиллаж эхэлсэнээс хойш 2-3 хоногийн дараа л болсон. Тэгэхээр 2022 оны 07 дугаар сарын 16 юм уу 17-ны өдрийн үдээс хойш буюу барагцаагаар 15-16 цагийн үед болсон юм. Х захын баруун урд талын шатны хажууд цементен дээр унасан юм. Унахдаа тас гээд их хүчтэй унасан. Грушик Д бид 2 хажууд нь байсан бөгөөд мөн ус асгаж явсан манай найз Ц нь талийгаачийг уначихсан байхыг нь харсан юм. Тухайн үед би Аг хүн алчихлаа шүү дээ гэхэд тэрээр юм дуугарахгүй хараад зогсож байсан. Б ухаан алдсан бөгөөд Д нь хамрынх нь доор дарж байгаад сэрээсэн юм. Барагцаагаар 2-3 минут ухаангүй байсан. Тэгээд ухаан орохоор нь Д, А нар нь талийгаачийн сугадаад захын ард буюу ертөнцийн зүгээр зүүн талд аваачиж шатан дээр суулгасан юм. Би талийгаачаас яаж байна, зүгээр үү гэтэл зүгээр зүгээр би жаахан хэвтээдэхье гэж хэлээд хэвтсэн юм. Тэгэхээр нь би яваад өгсөн. Тэгэхдээ би Цт Бг сэрэхээр өгчихөөрэй гээд 5.000 төгрөгийг үлдээсэн юм. Тэгээд маргааш өглөө нь би зах дээр ирээд Цоос Б яасан бэ гэтэл тэрээр сэргэчихсэн, Д, А нарын хамт ирээд надаас мөнгөө аваад явсан гэж хэлсэн... ” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 67-68, 70-р тал/
-гэрч С.Цын мэдүүлсэн:...Тухайн өдөр би лангууны шалыг нь угааж цэвэрлэж дуусаад бохирын усаа асгах гэж явж байтал тас гэх чимээ гарсан, ямар нэгэн зүйл унах чимээ гарсан. Би эргээд хартал манай найз Б ээжээ гэж орилох шиг болсон. Би яасан бэ гэж асуугаад хажууд нь очиход Бнөө газарт уначихсан ухаангүй хэвтэж байсан, хажууд нь А, Д, найз Б нар байсан. Энэ үед Д нь Бгийн хамарны доор хуруугаараа дарж байтал Б ухаан ороод сэргэсэн. Д, А нар Бг хоёр талаас нь сугадаж босгоод захын ар талын цементэн дээр очиж суулгасан. Б бид 2 ажпаа хийхээр яваад өгсөн. Найз Б гэр лүүгээ явахаар болоод Бг сэрэхээр нь өгөөрэй гэж хэлээд 5,000 төгрөгийг надад үлдээгээд явсан. Тухайн өдөр ажил тарах хүртэл Х зах дээр Б, Д, А нар байсан...зах ажиллаж эхэлсэнээс хойш барагцаагаар 2 хоногийн дараа л болсон үйл явдал байгаа юм. ...талийгаач нь цохиулсныхаа дараа хэсэг захын хойно хэвтсэн бөгөөд хэсэг хугацааны дараа Д, А нартай захын урд гурилын шатны дээр архи уугаад сууж байсан.Энэ үед зах хаагаагүй байсан бөгөөд түүнээс хойш талийгаачийг дахин хараагүй юм...” гэх мэдүүлэг. /1-р хэргийн 72-73, 86-р хуудас/
-гэрч Б.Н мэдүүлсэн: Би яг огноог нь санахгүй байна. Тус өдрийн орой буюу харуй бүрий болж байхад манай дүү гэрээс гарч дэлгүүр явсан юм. Би тэгээд балкон дээр гарч дүүгээ харахад манай балконы доор нэг эрэгтэй хүн хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би юм бодолгүй буцаж гэр лүүгээ ороод барагцаагаар 10-20 минутын дараа балкон руу буцаж гарахад нөгөө хүн хэвтэж л байсан. Ингээд би тогтоод нөгөө хүнийг харахад аман дээр нь ялаа суучихсан, тэр хүн хөдлөхгүй болохоор нь ерөөсөө болохоо байчихаж гэж бодсон. Тэгээд би өөрийнхөө 99963816 дугаараас цагдаа болон түргэн рүү дуудлага өгсөн. Ингээд хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн бөгөөд би гэрээс гараагүй юм. Ийм л үйл явдал болсон. Манай байрны 1 давхарт ертөнцийн зүгээр зүүн талын булангийн айл бөгөөд тухайн хэвтэж байсан хүн нь яг манай балконы доор байсан. Тухайн газарт өвс их ургасан байсан учир гадуур явж байгаа хүмүүс түүнийг харахгүй байсан байж магадгүй ээ... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-р тал/
-гэрч Б.Д мэдүүлсэн:.. Би яг огноог нь санахгүй байна. Энэ оны зун буюу 07 дугаар сард тус өдрийн өглөө Орхон аймгийн Х захын гадаа би зүс таних Бтэй тааралдсан юм. Тэгтэл тэрээр намайг ганц юм уучихъя гэхээр нь би за гээд 2 давхарын шатаар гарч очдог дэлгүүр орсон. Тэгээд нэг шил архи аваад бид 2 Х захын ар талд буюу ертөнцийн зүгээр зүүн талд байх цементэн шатан дээр очиж сууж архиа хоёулаа хувааж уусан. Архи дуусаад бид 2 ажилдаа оръё гээд захын ертөнцийн зүгээр урд талд явж байтал өөдөөс зүс таних А ирээд шууд Бгийн нүүр лүү гараараа 2 удаа цохисон юм. Тэгтэл Б нь хойшоо савж унасан бөгөөд ухаангүй таталт өгөөд байсан. Тэгэхээр нь би Бгийн хамрын доод талд нь дарахад тэрээр барагцаагаар 2-3 минутын дараа ухаан орсон юм. Энэ үеэр хажуугаар явж байсан хүмүүс наад хүнээ алчихлаа шүү дээ гээд байсан. Би тэдгээр хүмүүсийг танихгүй ээ. Тэгээд Бг ухаан ороод байж байтал А нь түүний нүүр, цээж рүү нь нэг нэг удаа өшиглөсөн. Тэгчихээд А нь өөрөө яваад өгсөн юм. Тэгээд би Бг захын хойно буюу ертөнцийн зүгээр зүүн Хэсэгт аваачиж хэсэг суулгасан бөгөөд дараа нь би түүнийг захын төв хаалган дээр аваачиж суулгасан. Би тэгээд гражаас ногоо зөөх гээд зах дээр ажилладаг шар эмэгтэйн хамт явсан. Тэгээд маргааш нь би “Бг 6-1 дүгээр байрны ард өвсөн дотор нас барчихсан байна" гэж хүмүүс ярьж байхыг сонссон юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84-р тал/
-гэрч С.Д мэдүүлсэн:...2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай эхнэр Даваасамба, хүү Д, бэр О, ач хүү Батсуурь, охин А нар Хөвсгөл аймаг явсан бөгөөд би хүү Бн хамт гэртээ хоёулаа үлдсэн. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө эрт 06 цагийн үед хүү маань гэрээсээ гарч яваад ахиж гэртээ ирээгүй. 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гэртээ ирж хонож байсан бөгөөд өдрийн цагаар гэртээ байхгүй, Х зах дээр грушик хийдэг байсан юм. Талийгаач хүү маань гэртээ байнга ирж хонодог байсан юм. Манай хөгшинг Хөвсгөл явсанаас хойш талийгаач хүү маань гэртээ байнга ирж хонож байсан бөгөөд харин 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн өглөө гэрээсээ гарч яваад ахиж гэртээ ирээгүй...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 88-р хуудас/
-гэрч Ц.Цгийн мэдүүлсэн:... Тэгтэл тус өдрийн үдээс хойш нэг зүс таних охин нь над дээр ирээд “Бг тэнд хүн цохичихлоо Цэндээ эгчээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд Х захын ертөнцийн зүгээр чанх урд талд байх Гурилын павилон руу ордог шатны тийшээ очиход тус шатны урд талд Б нь газар уначихсан хэвтэж байсан. Намайг очиход тэнд хүмүүс зогсож байсан бөгөөд яг хэн хэн байсныг яг нэр зааж хэлж мэдэхгүй байна. Тэгээд тэнд байсан хүмүүс зүс таних нэг залуу руу “чи хүн цохиод алчихлаа шүү дээ” гээд байсан. Тэр зүс таних залуу нь Бгийн хажууд зогсож байсан бөгөөд Бтэй хамт архи уугаад захаар явдаг залуу байсан. Тэгээд удалгүй Б газраас өндийхөөр нь би буцаад жимс рүүгээ явсан. Мөн би Бг цохисон гэх зүс таних залууг “чи яаж байгаа юм бэ” гээд түүнийг гараараа 1 удаа цохисон юм. Тэгээд намайг жимсээ зарж байхад Б нь газраас босоод ирчихсэн Х захын хаалганы урд шатан дээр ганцаараа сууж байсан юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд тус өдрөөс хойш барагцаагаар 2-3 хоногийн дараа би Бг нас барсаныг сонссон юм. Тухайн өдрөөс хойш би Бтэй тааралдаагүй юм... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-р тал/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 97 дугаартай:.. Амь хохирогч Д Бгийн / / цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дагзны ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, дагзны хуйханд цус хуралт, дух, хоёр хөлийн гуя, өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дагзны ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, дагзны хуйханд цус хуралт нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дух, хоёр хөлийн гуя, өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгуй. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ. Амь хохирогчийн ходоодонд агууламжгүй байна. Амь хохирогчид цогцсын гадна үзлэг хийгдэхээс 12-24 цагийн өмнө нас баржээ... гэх дүгнэлт /1-р хх-ийн 114-122-р тал/
-Шинжээч Ч.Б-ийн мэдүүлсэн:.. Дээрх дурдсан гэмтлүүд нь бүгд нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шалтгаант холбоотой гэмтлүүд байна. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл дээр дух, хоёр хөлийн гуя, өвдөг шилбэнд зулгаралтууд нь тус бүрдээ нэг нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхээр байсан учраас дүгнэлтийн хэсэгт олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж дүгнэлтэнд бичсэн байгаа юм.Дагзны ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, дагзны хуйханд цус хуралт нь хатуу гадаргуу буюу цементэн гадаргуу дээр арагш савж унах үед үүсгэгдэх боломжтой гэмтэл байсан. Энэ нь өөрөө өөрийнхөө хүндийн төвөөр унах, цохилтын улмаас унасан аль ч тохиолдолд үүсэх боломжтой. Дагзны яс баруун хэсэгтээ босоо байрлалтай, 2 талын үзүүр нарийн, 10.5 см урт, доод үзүүр нугасны хөндийн ирмэгт хүрсэн шугаман хугаралтай байжээ. Уг хугарал нь дунд хэсгээсээ дээш, доош хоёр тал руугаа үргэлжилсэн нэг ширхэг, салаалаагүй хугарал байсан байна. Үүнийг шугаман хугарал гэж ойлгож болно. Дагзны ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, дагзны хуйханд цус хуралт нь хүн гараараа цохих, нүцгэн хөлөөр өшиглөх, зөөлөн ултай гутлаар хүч багатай өшиглөх зэрэг үйлдлүүдэд үүсгэгдэх боломжгүй. Дух, хоёр хөлийн гуя, өвдөг шилбэнд зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтлүүд ба нас барахаас 1-3 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Цогцост гадна үзлэг хийхэд арьс цэврүүтсэн, гарын аясаар амархан хуурсан, хоёр нүд, хамар, ам өтсөн, өт 0,2 см урттай, нүдний салст цагаан шаргал хүүхэн хараа сааралтсан, хүүрийн хөшилт бүх булчинд тод үүссэн, хүүрийн тог цээжний урд дээд хэсэг, их биеийн хоёр хажуу хэсэг, ар дарагдаагүй хэсгээр хөхөлбөр ягаан өнгөөр үүссэн, дарахад цайж байсан учраас нас барсан хугацааг ойролцоогоор 12-24 цагийн өмнө нас барсан гэж тогтоосон. Дагзны ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, дагзны хуйханд цус хуралт гэмтэл нь нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэж үзсэн. Учир нь хатуу хальсны доор тархины зүүн дэлбэнгийн дух, чамархайн доод хэсэг, суурь хэсгийг хамарсан шингэн ба бүлэгнэсэн цустай байсан ба уг цусан бүлэн нь хатуу хальстай наалдаагүй, амархан салсан, толгойн хуйхны дагзны хэсэгт цус хурсан байсан ба тухайн тархины гэмтлийн хэсгүүдэд наалдац, эмгэг шингэн үүсээгүй байсан. Гэмтэл авсанаас хойш толгой өвдөх, хэл яриа ээдрэх, гуйвж дайвах, босож чадахгүй болох, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Ямар нэгэн зовиур илрэхгүй байх боломжгүй. Дээрх гэмтлийг авсан хүн богино хугацаанд явах, ярих бусадтай харилцах зэрэг үйлдлүүдийг хийж болно. Тархины цусан хурааны хэмжээ ихсэх тусам ухамсарт үйлдэл хийх боломжгүй болно. Дээрх тархины гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гавлын яс хугарч хуйханд цус хурах, тархины хатуу хальсны судас тасрах, зөөлөн бүрхүүл бага тархины аалзан хальс гэмтэж хатуу хальсан доорхи цусан хураа үүсэх, аалзан хальс доорхи цус харвалт үүсэх зэрэг нь нэг зэрэг үүсгэгдэх ба аль нь түрүүлж үүссэнийг тогтоох боломжгүй. Хүн нас барсны дараа бодисын солилцооны үйл ажиллагаа бүрэн зогсодог тул амь хохирогчийн цогцосны цусанд байх этилын спиртын агууламж өөрчлөгдөхгүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 125-128-р тал/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 931 дугаартай:..Шүүх эдийн шинжилгээнд ирүүлсэн бага тархины эд дэх цусан хураанд үүссэн үрэвслийн урвал, фибрин үүссэн нь нас барахаас өмнө 24 цагийн дотор үүсэн байна. Харин тусдаа ирүүлсэн цусан бүлэнд нь ялзралын өөрчлөлттэй тул хугацааг нарийвчлан тогоох боломжгүй байна... гэх дүгнэлт /1-р хх-ийн 133-137-р тал/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “...У.А нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн хийж буй үйлдлийг үнэн зөвөөр ойлгож, мэдэх удирдан жолоодох чадвартай… гэх дүгнэлт /1-р хх-ийн 150-р тал/
-шүүгдэгч У.Аын ял шитйгүүлсэн, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 258 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын тооцоо бодсон талаархи Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангийн лавлах тодорхойлолт /1-р хх-ийн 183-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 211-212-р тал/
--Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 213-214-р тал/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 215-217--р тал/
-хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай ...Х захаас 6-22-р байрны зүүн урд булан хүртэл 458,4 м зайтай байх ба ...гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 75-79-р тал/
-гэрч Б.Д дахин мэдүүлсэн:..талийгаачийг би ухаан орсных нь дараа түүнийг захын хажууд суулгасан, мөн захын урд ч аваачиж суулгасан. Мөн ухаан орсных нь дараа шатаар дээш гарч ордог дэлгүүр лүү орж 100 граммын 1 шил архи авч талийгаачтай хувааж уусан. А ч ирээд уг архинаас ууж дуусгасан юм. А тэгээд яваад өгсөн. Тэгээд байж байхад намайг бас хүн дуудаад би бас явсан. Талийгаач ганцаараа захын төв хаалган дээр үлдсэн юм. Одоо цаг хугацаа өнгөрсөн болохоор зарим зүйлийг мартаад дутуу болон урд хойно нь оруулаад ярьсан байж магадгүй. Би талийгаач Бг цохиулаад ухаан алдаад унасан өдрийн маргааш зах дээр очоогүй бөгөөд тэр өдрийн маргааш нь зах дээр очиход хүмүүс тэгж яриад байсан. Би яг тэрнээс сонссон гэж нэр зааж хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 81-р тал/
- гэрч Д.Бын дахин мэдүүлсэн:...үдээс хойш 15-17 цагийн хооронд цохьсон гэж барагцаалж байна. Би цагийг нь мэдэхгүй болохоор тодорхой хэлж мэдэхгүй байна цохиулсныхаа дараа захын хойно Дтой цуг байсан бөгөөд би хэсэг хугацааны дараа ажлаа тараад явсан. Түүнээс хойш талийгаачийг хараагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 83-84-р тал/
-гэрч С.Цын дахин мэдүүлсэн:...талийгаач нь цохиулсныхаа дараа хэсэг захын хойно хэвтсэн бөгөөд хэсэг хугацааны дараа Д, А нартай захын урд гурилын шатны дээр архи уугаад сууж байсан. Энэ үед зах хаагаагүй байсан бөгөөд түүнээс хойш талийгаачийг дахин хараагүй юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-87-р тал/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 908 дугаартай:... Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022.09.02-ны 97 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Д.Бд дагзны баруун хэсгийн хуйханд цус хуралт, дагз ясны шугаман хугарал, тархины зүүн дух, чамархай, суурь хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн духны дэлбэнгийн няцрал, дух, хоёр гуя, өвдөг шилбэнд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан байна. Духны зулгарал, дагзны баруун хэсгийн хуйханд цус хуралт, дягз ясны шугаман хугарал, тархины зүүн дух, чамархай, суурь хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн духны дэлбэнгийн няцрал гэмтлүүд нь урдаас цохилтын хүч үйлчилснээс арагш савж унах үед үүссэн байх ба мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн цохилтын хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд хүргэсэн гэмтэл байна. Бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн үхэлд хүргээгүй гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтлүүд байна. Гавал тархины гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Дагзны баруун хэсгийн хуйханд цус хуралт, дагз ясны шугаман хугарал, тархины зүүн дух, чамархай, суурь хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн духны дэлбэнгийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2; 3.1,3-т зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Амь хохирогч Д.Бд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас нь аврагдах боломжийг үгүйсгэхгүй. Д.Б нь дагз ясны шугаман хугарал, тархины зүүн дух, чамархай, суурь хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн духны дэлбэнгийн няцрал бүхий гавал тархины хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Д.Бн нас барсан хугацаа цогцост гадна үзлэг хийсэн хугацаанаас 12-24 цагийн өмнө гэж тогтоогдсон байх ба үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь дээрх цаг хугацааны өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд ямар нэгэн зовуурь шаналгаагүй, эрүүл хүн шиг байх боломжгүй, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж хязгаарлагдмал байх ба гэмтэл авсанаас хойш хэсэг хугацаанд амьд байх боломжтой...гэх дүгнэлт /2-р хх-ийн 98-103-р тал/
-шинжээч О.Н-ийн мэдүүлсэн:... Эмнэлэгийн нарийн мэргэжпийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эмчилгээнд үр дүн үзүүлэх боломжийг үгүйсгэхгүй. Тархины цус хуралт, няцралыг шимэгдүүлэх, тархины хаван буулгах, нөхөн сэргээх змчилгээг хийдэг. Гавлын ясны шугаман хугаралд тусгайлсан эмчилгээ хийхгүй, дангаараа байсан бол бороолж эдгэрнэ. Гэхдээ гавлын ясны хугарал дангаараа тохиолдох нь ховор, уураг тархины гэмтэлтэй хавсарч үүсдэг. Гавал тархины хавсарсан гэмтэл гэдэг нь хуйх, гавал, тархины хальс, уураг тархи гэсэн толгойн бүтцийн хэсгүүдэд олон тооны гэмтэл байхыг хавсарсан гэмтэл гэдэг. Битүү гэмтэл гэдэг нь хуйх болон ясны хальс бүтэн, уураг тархи гадаад орчинтой шууд харьцаагүй гэмтлийг битүү гэмтэл гэдэг. Тэгэхээр энэ 2 ойлголт нь хоорондоо ялгаатай ойлголт юм. Энэ 2 тайлбарт ямар ч ялгаа байхгүй. Талийгаачид учирсан толгойн гэмтлүүдийн улмаас хамгийн түрүүнд тархи хавагнана. Тархи хавагнахад уураг тархи гавлын яс дотроо багтахгүй болж доош хүндийн жингээрээ гавлын том нүх рүү шаантаглаж ирдэг. Энэ хэсэгт амьсгал зүрх судасны төв ойр байдаг учраас тархи шаантаглахад амьсгал зүрх судасны төв дарагдаж зүрх судас зогсоно. Энэ процессыг төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдал гэдэг. Дээрх хавсарсан гэмтлүүд учирсан үед тархины гэмтлийн эмнэлзүйн шинж илэрнэ. Үүнд: тархины гэмтлийн ерөнхий шинж болох толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, ухаан санаа будунгуйрах, улмаар ухаан алдах шинжүүд илэрнэ. Дээрх ерөнхий шинжүүд илрэх хугацаа гэмтлийн хамрах хүрээ, хувь хүний онцлог байдлаас хамаараад хүн бүрт харилцан адилгүй хугацаатай илэрнэ. Ухаан балартах хүртэл босох, суух, явах, ярих, хөдлөх гэх мэт хөдөлгөөн хийнэ. Ухамсарт ухаан алдагдаж комд ороход идэвхитэй үйл хөдөлгөөн хийхгүй ээ. Дээрх ерөнхий шинжүүд илрэх хугацаа гэмтлийн хамрах хүрээ, хувь хүний онцлог байдлаас хамаараад хүн бүрт харилцан адилгүй хугацаатай илэрнэ. Хэдэн минутаас хэдэн цаг, хоног ч байж болно. Ер нь бол үхэлд хүргэсэн гэмтэл дээр гэмтлийн зэрэг тогтоох шаардлагагүй байдаг. Хэрэв гэмтлийн зэрэг тогтоолгохоор асуулт тавигдаж байвал гэмтлийн хүнд зэрэг тогтоох тохиолдол байдаг. Энэ хоёрын хооронд шүүх эмнэлэгийн хувьд зарчмын ялгаа байхгүй. Талийгаач Д.Бн хувьд гавал тархины хүнд гэмтэл нь үхэлд хүргэсэн... гэх мэдүүлэг /2-р хх-ийн 123-125-р тал/
-шүүгдэгч У.Аын яллагдагчаар мэдүүлсэн... Яллагдагчаар татсан тогтоолыг танилцахад мэдүүлэг өгсөн Д нь худал мэдүүлэг өгч намайг гүтгэсэн байна. Д нь өөрийгөө тэнсэнтэй гэж байсан бөгөөд өөрийгөө энэ хэргээс мулталж намайг гүтгэж байна гэж бодож байна. Амь хохирогч бид 2 хоорондоо муу харьцаа байхгүй, тэрээр манай аавын нутаг гэж л ярьдаг. Хааяа бид 2 архи хувааж уудаг байсан. Амь хохирогч нь унаж татдаг юм. байна лээ, 2022 оны хавар Пирамид хочит Төрөө, Д, талийгаач бид 4 явж байтал Их хаадын цуваа хотхоны тэнд талийгаач нь татаж унасан юм. Тэгэхээр нь би гүйж очоод түүний хамрын доор дарж сэрээгээд замын хажууд суулгасан. Тэгээд би дэлгүүр лүү усанд явж байтал тэрээр босож явснаа ахин татаж унасан юм. Тэгээд гудамжинд явж байсан хүний утсаар түргэн дуудсан бөгөөд талийгаач нь ахин татаж унасан юм. Тэгээд түргэний машинтай талийгаач, Д бид 3 хамт явж би эмнэлэгт хүргэж өгчихөөд явсан, Д эмнэлэг дээр үлдсэн юм. Ер нь талийгаачийг уначихлаа гэж ярьж байсан юм. Тухайн өдрийн огноог нь санахгүй байна. Түүнээс хойш талийгаач нь татаад уначихлаа, толгой өвдөж байна, архи байна уу гэж асууж явдаг байсан мөн түүний толгой нь хагарчихсан ч явж байсан. Би яг огноог нь санахгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 171-173-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.
ТОГТООГДСОН ҮЙЛ БАРИМТ: Шүүгдэгч У.А нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум “Х” хүнсний захын гадна, уг зах дээр ачигч хийдэг байсан, амь хохирогч Д.Бгийн өргөж байсан савтай сүүнээс өргөлцөнө гэж маргалдан “чамаар өргүүлэхгүй” гэхэд нь нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисны улмаас Д.Б цементэн гадаргуу дээр дагзаараа унаж дагз ясны шугаман хугарал, тархины зүүн дух, чамархай, суурь хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, их бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн духны дэлбэнгийн няцрал бүхий гавал тархины хавсарсан гэмтэл учирсны улмаас амь нас нь хохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн, цогцост үзлэг хийсэн, хувцас, хүний биед үзлэг хийсэн ажиллагаануудын тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, эд мөрийн баримт, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлтүүд, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч У.А нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр *******Х хүнсний захын гадна цементэн талбай дээр амь хохирогч Д.Бтай маргалдан нүүрэн тус газар гараараа цохисны улмаас унаж амь насанд аюултай гавал тархины гэмтэл авч нас барсан шууд шалтгаант холбоотой болох нь,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Агийн... Бид нар 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгаас буцаж явахад манай ээж рүү дүү С залгаад -дүү Бг нас барсан байж болзошгүй талаар хэлсэн. Ингээд бид нар Орхон аймагт ирээд дүү Бг нас барсныг мэдсэн.... гэх мэдүүлэг, гэрч Д.Бын мэдүүлсэн:...Сүүлд уулздаг өдөр би талийгаач Б болон Д хоёроор Х захын дотор хөргүүрээс 40 литрийн хоёр сав сүү зөөлгөж Х захын гадна байсан машин дээр ачуулсан…А нь “би хамт өргөлцөе" гэж хэлээд дагаад яваад байсан. Ингээд Б, Д нар сүүг миний машин дээр гаргаж тавьчихаад явах гэтэл Б, А хоёр хоорондоо маргалдаж, нэг нэгнийгээ түлхээд байсан. Энэ үед А нь гараараа Бгийн нүүрэн тус газарт цохих шиг болсон, энэ үед Б эгц хойшоо цементэн талбай дээр толгойгоороо савж унасан /тас гэж дуу гарсан/. Аймаар хүчтэй унасан би толгойноос нь цус гарах байх гэж дотроо бодсон боловч гараагүй. Б газарт унаад хэсэг ухаангүй хэвтсэн, энэ үед Д нь хамрын доор, уруулны дээр нь гарынхаа хуруугаар хэсэг дарж байтал Б сэргэж ухаан орсон.... гэх мэдүүлэг, гэрч С.Цын мэдүүлсэн:...Тухайн өдөр би лангууны шалыг нь угааж цэвэрлэж дуусаад бохирын усаа асгах гэж явж байтал тас гэх чимээ гарсан, ямар нэгэн зүйл унах чимээ гарсан. Би эргээд хартал манай найз Б ээжээ гэж орилох шиг болсон. Би яасан бэ гэж асуугаад хажууд нь очиход Бнөө газарт уначихсан ухаангүй хэвтэж байсан, хажууд нь А, Д, найз Б нар байсан. Энэ үед Д нь Бгийн хамарны доор хуруугаараа дарж байтал Б ухаан ороод сэргэсэн....”гэх мэдүүлэг, гэрч Б.Н мэдүүлсэн: ...Би яг огноог нь санахгүй байна. Тус өдрийн орой буюу харуй бүрий болж байхад манай дүү гэрээс гарч дэлгүүр явсан юм. Би тэгээд балкон дээр гарч дүүгээ харахад манай балконы доор нэг эрэгтэй хүн хэвтэж байсан юм. Тэгэхээр нь би юм бодолгүй буцаж гэр лүүгээ ороод барагцаагаар 10-20 минутын дараа балкон руу буцаж гарахад нөгөө хүн хэвтэж л байсан. Ингээд би тогтоод нөгөө хүнийг харахад аман дээр нь ялаа суучихсан, тэр хүн хөдлөхгүй болохоор нь ерөөсөө болохоо байчихаж гэж бодсон. Тэгээд би өөрийнхөө 99963816 дугаараас цагдаа болон түргэн рүү дуудлага өгсөн.... гэх мэдүүлэг, гэрч Б.Д мэдүүлсэн:..Архи дуусаад бид 2 ажилдаа оръё гээд захын ертөнцийн зүгээр урд талд явж байтал өөдөөс зүс таних А ирээд шууд Бгийн нүүр лүү гараараа 2 удаа цохисон юм. Тэгтэл Б нь хойшоо савж унасан бөгөөд ухаангүй таталт өгөөд байсан. Тэгэхээр нь би Бгийн хамрын доод талд нь дарахад тэрээр барагцаагаар 2-3 минутын дараа ухаан орсон юм... гэх мэдүүлэг, гэрч Ц.Цэндсүрэнгийн мэдүүлсэн:...Тэгтэл тус өдрийн үдээс хойш нэг зүс таних охин нь над дээр ирээд “Бг тэнд хүн цохичихлоо Цэндээ эгчээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд Х захын ертөнцийн зүгээр чанх урд талд байх Гурилын павилон руу ордог шатны тийшээ очиход тус шатны урд талд Б нь газар уначихсан хэвтэж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Сгийн мэдүүлсэн...2022 оны 07 дугаар сарын 17-ны өглөө эрт би хөдөө гэрээсээ Эрдэнэт рүү орж ирээд Х зах дээр сүүгээ бөөндөж зарсан. Ингээд барагцаагаар өглөөний 06 цагийн орчимд аавын гэрт очиход дүү Б гарах гээд хувцсаа өмсөж байсан...Тус өдрийг 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байсан гэдгийг яаж санаад байна гэхээр өмнөх өдөр нь буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Орхон сум Мааньт гэх газар морин уралдаан болсон бөгөөд тус уралдаанд морио уралдуулчихаад маргааш өглөө нь сүүгээ аваад Эрдэнэт явсан. Тухайн үед манайх Оросын булаг гэх газар малтайгаа зусаж байсан ...” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 97 дугаартай:.. Амь хохирогч Д Бгийн /И/ цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дагзны ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, дагзны хуйханд цус хуралт, дух, хоёр хөлийн гуя, өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дагзны ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорхи цус харвалт, дагзны хуйханд цус хуралт нь үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Дух, хоёр хөлийн гуя, өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгуй. Амь хохирогчид үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн биед учирсан гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж нас баржээ. Амь хохирогчийн ходоодонд агууламжгүй байна. Амь хохирогчид цогцсын гадна үзлэг хийгдэхээс 12-24 цагийн өмнө нас баржээ...гэх шинжээчийн дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, талийгаачийн өмсөж байсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.
Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, нотлох баримтууд зөрүүгүй, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.
Хохирогч 2022 оны 7 дугаар сарын 17-ны өглөө гэрээсээ ажилдаа гарсан, тус өдөр үдээс хойш шүүгдэгч У.А нь амь хохирогчийг нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж цементэн гадаргуу дээр унагасан үйлдлийн улмаас амь насанд аюултай гавал тархины гэмтэл авч Д.Б нас барсан, цогцосыг үйл явдал болсон “Х” захаас 458,4 м зайд баруун талд байрлах 6-22-р байрны зүүн урд талаас олсон, цогцосны задлан шинжилгээгээр амь хохирогчид цогцсны гадна үзлэг хийгдэхээс 12-24 цагийн өмнө нас барсан болох нь тус тус тогтоогдсон. Шүүхийн шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон, нотолгоо хангалттай байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: шүүгдэгч У.А нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр *******Х хүнсний захын гадна амь хохирогч Д.Бн нүүрэн тус газар гараараа цохисны улмаас цементэн гадаргуу дээр дагзаараа унаж “гавал тархины битүү гэмтзл буюу дагз ясны шугаман хугарал, тархины зүүн дэлбэнгийн дух хэсэгт хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины бүх хэсгийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт” гэмтлийн улмаас нас барж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хохирогч оршуулгын зардалд 7,633,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч хохирол төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц: Шүүгдэгчийн үйлдэл хангалттай нотлогдоогүй гэж үзэж байгаа. Эргэлзээтэй байна. Хэрэг гарсан өдөр тодорхой тогтоогдоогүй, хэн ч мэдүүлээгүй. Орчин тойрны камерын бичлэгүүдийг шалгаагүй. Гэрч Д мэдүүлэг эргэлзээтэй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж,
-хохирогчийн өмгөөлөгч А.Т: Шүүгдэгчийн үйлдлийн улмаас Бн амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Хохирогчийн гаргасан 3ш хохирлын баримтаар 7,633,000 төгрөгийг гаргуулна уу гэж,
-Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч: У.А нь зохих шийтгэлээ хүлээх нь зөв гэж бодож байна гэсэн дүгнэлт тус тус гаргасан байна.
Хохирогчийн амь хохирсон цаг хугацааг шинжээч цогцост үзлэг хийхээс 12-24 цагийн өмнө нас барсан байна гэж тогтоосон ба хэргийн газрын үзлэгийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн оройн 21 цаг 18 минутад гаргасан гэрчийн мэдээллийн дагуу 21 цаг 20 минутад эхэлсэн,цогцосны үзлэгийг мөн өдрийн 23 цаг 20 минутад эхэлсэн байна.Мөн амь хохирогчийг 7 дугаар сарын 17-ны өглөө гэрээсээ гараад явсаныг гэрч С нотолсон. Үйл явдлыг шууд харсан гэрч Б, Ц, Доржсүрэн нарын мэдүүлэгт өдрийг шууд хэлээгүй ч,наадмын амралтын дараа захын үйл ажиллагаа нээгдснээс 2-3 хоногийн дараа үйл явдал болсоныг мэдүүлсэн,эдгээр нотлох баримтууд хоорондоо ноцтой зөрүүгүй байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэмэлт шинжээчийн дүгнэлтэд “...Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд ямар нэгэн зовуурь шаналгаагүй, эрүүл хүн шиг байх боломжгүй, идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж хязгаарлагдмал байх ба гэмтэл авсанаас хойш хэсэг хугацаанд амьд байх боломжтой...гэж,шинжээч О.Н-ийн мэдүүлэгт... Дээрх хавсарсан гэмтлүүд учирсан үед тархины гэмтлийн эмнэлзүйн шинж илэрнэ. Үүнд: тархины гэмтлийн ерөнхий шинж болох толгой өвдөх, эргэх, дотор муухайрах, бөөлжих, ухаан санаа будунгуйрах, улмаар ухаан алдах шинжүүд илэрнэ. Дээрх ерөнхий шинжүүд илрэх хугацаа гэмтлийн хамрах хүрээ, хувь хүний онцлог байдлаас хамаараад хүн бүрт харилцан адилгүй хугацаатай илэрнэ. Ухаан балартах хүртэл босох, суух, явах, ярих, хөдлөх гэх мэт хөдөлгөөн хийнэ. Ухамсарт ухаан алдагдаж комд ороход идэвхитэй үйл хөдөлгөөн хийхгүй ээ. Дээрх ерөнхий шинжүүд илрэх хугацаа гэмтлийн хамрах хүрээ, хувь хүний онцлог байдлаас хамаараад хүн бүрт харилцан адилгүй хугацаатай илэрнэ. Хэдэн минутаас хэдэн цаг, хоног ч байж болно... гэсэн нь зөрүүгүй буюу амь хохирогч гэмтэл авсаны дараа хэсэг хугацаанд сэргэж, бусадтай харьцаж ярих, “Х” захаас 458,4 м газарт өөрөө хөдөлгөөн хийж явж очих боломжтой болох нь нотлогдсон. Дээрхи нотлох баримтуудыг няцаах, эргэлзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар,дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч У.Аын, Д.Бн амь насыг хохироосон үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийн эсрэг, Эрүүгийн хуульд заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч У.А өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн... Магадлуулагч У.А нь сэтгэцийн хувьд эрүүл, өөрийн хийж буй үйлдлийг үнэн зөвөөр ойлгож, мэдэх удирдан жолоодох чадвартай…гэх дүгнэлтээр... /1-р хх-ийн 150-р тал/ У.А нь сэтгэцийн хувьд эрүүл хэрэг хариуцах чадвартай байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч У.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо шүүх, хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргийн улмаас 1979.4.25-ны өдөр төрсөн 44 настай залуу хүн амь насаа алдсан зэргээр учруулсан хор уршгийн хэр хэмжээг харгалзан ялын хэмжээг тогтоосон болно.
Шүүгдэгч нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 2 сар 28 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн болох нь ял эдлүүлэх байгууллагын ялын тооцоо тодорхойлолтоор нотлогдсон тул энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч У.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахдаа, хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх саналтай, гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц: Ял хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй тул 10-аас дээшгүй жилийн ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ үү гэж,
-хохирогчийн өмгөөлөгч А.Т: шүүгдэгч хохирлыг сайн дураар төлөх үүрэгтэй гэж тус санал гаргажээ.
Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд, хувь хүний төлөвшилгүй байдал, согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ шууд нөлөөлсөн гэж дүгнэлээ.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.А оршуулгын зардалд 7,633,00 төгрөг нэхэмжлсэн нь баримтаар нотлогдсон тул шүүгдэгч У.Ааас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар заалаа.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Б.Бгаас авсан биологийн дээж болох толгойн үснүүд, гарын 9 хуруунаас авсан 9 ширхэг хумс, хатаасан цусны дээж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овгийн У.Аыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч У.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 / арван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У.Ат Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 28 хоногийн ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 10 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн эдлэх ялыг 11 жил 2 сар 28 хоногийн / арван нэгэн жил, хоёр сар, хорин найм хоног/ хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар У.Аын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Аын цагдан хоригдсон 260 хоногийг эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Ааас 7,633,000 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ад олгуулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн цогцосноос авсан биологийн дээж болох толгойн үснүүд, гарын 9 хуруунаас авсан 9 ширхэг хумс, хатаасан цусны дээж 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНГАДАС
Б.НАРМАНДАХ