| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2020/05229/И |
| Дугаар | 101/ШШ2021/00761 |
| Огноо | 2021-03-10 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2021/00761
| 2021 03 10 | 101/ШШ2021/00761 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.А ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.О-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт нийт 20,894,409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.А ХХК нь ******* ХХК-ийн *******-ийн 32-р хороо, 22-ын товчооны баруун талд байрлах 55.09 м.кв талбай бүхий /Хүнсний дэлгүүр сендвичин/ МТ-4 дэлгүүрийг түрээслэн 2015 оноос ажиллуулж байгаа ба 2015 оны 05 дугаар сарын 15-ний өдөр иргэн С.Од сарын 500.000 төгрөгөөр түрээслэхээр болж 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Түрээсийн гэрээ-г байгуулан, дэлгүүрийн үндсэн хөрөнгө болон бараа материалыг хүлээлцэн шилжүүлсэн. Үндсэн хөрөнгөний асуудалд маргаан байхгүй. С.Отай 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тооцоо нийлэхэд 23.890.650 төгрөгийн тооцоо гарсан тул 1.123.450 төгрөгт чихэр, 1.010.000 төгрөгт архи, 8.000.000 төгрөгийн барааг тооцон аваад үлдэгдэл 13.757.200 төгрөгийн бараан дээр 10 сарын түрээс болох 500.000 х10 cap 5.000.000 төгрөгийг нэмээд нийт 18.757.200 төгрөгийн өр үлдсэн. Мөн 2015 оны 06 дугаар сарын 01-ээс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цахилгааны төлбөр 2.137.209 төгрөгийн өр үүссэнийг манайх төлсөн болно. Иймд С.Огаас нийт 20.894.409 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барааны үнэ 13 757 200 төгрөг, түрээс 5 сая төгрөг, хэрэглээний зардал 2 137 209 төгрөг, нийт 20 894 409 төгрөг нэхнэ. Хариуцагчтай 2016.9.2-нд тооцоо нийлсэн. Энэ актын дагуу өмнөх үед өгсөн мөнгийг хасаад нэхсэн боловч өгөөгүй тул шүүхэд хандсан. Түрээсийн гэрээ байгуулагдсан талаар зохигч маргаагүй. Хариуцагч нь гэрээний огноо зөрүүтэй гэж маргадаг. Тухайн үед хийгдсэн түрээсийн гэрээ хэрэгт байдаг. Хариуцагчийн гаргасан гэрээ нотариатаар гэрчлүүлсэн боловч засвартай. Нэхэмжлэгч нь гэрээ засвартай байж болохгүй гээд шинэчилсэн. Хариуцагч нь цахилгааны төлбөр төлөөгүй гэдэг тодорхойлолт байдаг бөгөөд энэ нь гэрээ 2 жил үргэлжилсэн гэдэг нь нотлогдоно. Гэрээний гарын үсгийг биш гэж дүгнэлт байдаг боловч шүүх үүнийг баримтлах үүрэггүй. Хэрэгт байгаа гэрээ нь агуулгын хувьд зөрүүгүй. Гэрээ байгуулсан хугацааг мөн зөвшөөрдөг. Мөн хариуцагчийн нь түрээсийн гэрээтэй холбоотой аливаа үйлдэлд өөрөө оролцож байсан. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү. Хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэлтэй адил бөгөөд мөнгөн дүн дээр жоохон зөрүүтэй байдаг. Буцаан өгсөн барааг хасаж тооцоход нэхэмжлэгч тал татгалзахгүй. Ийнхүү хасвал 12 446 719 төгрөгөөр хангах үндэслэлтэй. Зохигч дэлгүүртэй холбоотой маргадаг. Иргэний хуулийн 318-д зааснаар түрээсийн төлбөр төлөх ёстой. Гэрээний хугацаа ач холбогдолтой биш. Дэлгүүрийг түрээсэлсэн гэдгээ хэлдэг. Хариуцагчийн гаргасан 1 650 000 төгрөг төлсөн баримт нь энэ хэрэгт хамааралгүй тул зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч С.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.А ХХК-аас надад холбогдуулж тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг энэ сарын 03-ны өдөр хүлээн авсан бөгөөд дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.
Нэг. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын тухай буюу гэрээний тухай: Хэдийгээр бидний хооронд тухайн үед түрээсийн гэрээ байгуулагдаж байсан боловч нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээ бол хуурамч гэрээ байна гэж үзэж байна. 1) гэрээ байгуулсан талуудыг өөрчилсөн, 2) он, capзасвартай, хугацаа зөрүүтэй, 3) миний гарын үсгийг дуурайлган зурсан гэсэн асуудлууд байгаа ба шүүх уг асуудалд эхэлж анхаарлаа хандуулах ёстой болов уу.
Хоёр. Хариуцагчийн тухай: Гэрээг 2 хүн байгуулсаар атал зөвхөн нэг хүнд нь хамаатуулж нэхэмжлэл гаргасан байгааг ойлгохгүй байгаа ба энэ талаар жич хүсэлт гаргах болно.
Гурав. Үйл баримтын тухай:
1. Анх С.О, Б.Оюунцэцэг нар нь 2015 оны 6 сарын 1-нд Хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд тухайн өдрөө М.А ХХК-ны Ерөнхий Захирал Г.*******тэй түрээсийн гэрээ байгуулан МТ-4 дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн.
2. Гэрээний дагуу 23 890 650 төгрөгийн бараа хүлээн авсан.
3. Гэрээний хугацаа нэг жилээр байгуулсан байсан ба гэрээг албан ёсоор сунгаагүй боловч үргэлжлүүлэн ажиллуулсан.
4. 2016 оны 9 сарын 2-нд тооцоо нийлсэн акт гаргасан. (тус актад барааны төлбөрт 2015 оны 11 сарын 27-нд шилжүүлсэн 1 500 000 төгрөгийн төлбөрийг оруулаагүй)
5. 2016 оны 10 сарын 14-нд М.А ХХК-нд 8 477 690 төгрөгийн барааг хүлээлгэн өгснөөр гэрээ дуусгавар болсон.
Дөрөв. Төлбөр тооцооны тухай:
1. 2015 оны 6 сарын 1-нээс 2016 оны 10 сарын 14-ийг хүртэл М.А ХХК-нд барааны төлбөрийг дараах байдлаар хийсэн. Дансаар 9,500,00 төгрөг, бараагаар 2,482,750 төгрөг, буцаан хүлээлгэн өгсөн барааны дүн 8,477,690 төгрөг, нийт дүн 20,460,440 төгрөг. Эндээс үлдэгдэл барааны төлбөрийн дүн 23 890 650 - 20 460 440 = 3 430 210 төгрөг.
2. Үүн дээр түрээсийн үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөг, цахилгааны үлдэгдэл төлбөр болох 2,137,209 төгрөг нэмээд 10 567 419 төгрөгийн өглөг үлдсэн.
3. Тухайн үед дэлгүүрийн программ суулгасан компьютер, принтер болон бусад 4 199 000 төгрөгийн эд хөрөнгийг үлдээсэн.
4. Иймээс нийт үлдэгдэл төлбөрөөс үлдээсэн эд хөрөнгийн үнийг хасаж тооцон 6 368 419 төгрөгийн үлдэгдэлтэй болохоор байна.
Эдгээрийг үндэслэн М.А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ковид вирусийн хөл хорионоос үүдэн бүх байгууллагууд ажиллахгүй байгаа тул нотлох баримтаа цуглуулах, баталгаажуулах ажил хийгдэж чадсангүй. Хөл хорио тавигдсаны дараа хуулийн шаардлага хангасан нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх боломжоор хангахыг хүсье.
2015.6.1-нд Оюунцэцэгтэй хамтран гэрээ хийсэн. Ингээд 2016.10.14-н хүртэл хамтран ажилласан. Нэхэмжлэгчтэй тооцоог гэрээний дагуу төлбөрөө өгөөд явж байсан. 2015.7.2-с сар бүр 1 650 000 төгрөгийг 5 сар МТ шатахуун түгээгүүрт төлж байсан. Дэлгүүрээ 2016.10.14-нд хүлээлгэж өгөхдөө 8 сая гаран төгрөгийн бараа хүлээлгэж өгсөн. Надтай холбоо барьсан зүйл байхгүй. Бараагаа хүлээлгэж өгөөд тооцоогоо авъя гэхэд нисэхийн салбар уруу шилжүүлсэн гэсэн. Сарын 1 650 000 төгрөгийг захирлынх нь данс уруу шилжүүлсэн байсан тул энэ тооцоог оруулаасай гэж хүсэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 8 сая төгрөг дээр асуудал ярихгүй байна. Гол нь ******* гэж хүн өөрийн дансаар 9 750 000 төгрөг авсан ба энэ тооцоо огт тооцогдоогүй байна. 2015.11.27-нд нэмж 1 500 000 төгрөг төлсөн. Нийт 9 750 000 төгрөг нь 2016.9.2-ны тооцоонд огт ороогүй тооцоо юм. Мөн гарахдаа компьютер гэх мэт зүйлээ үлдээгээд явсан ба үүнийг өгөөгүй. 448 850 төгрөгийг 2015.10.8-нд авсан боловч дараа нь гарын үсэг зураад өгнө гэсэн боловч тэгээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2 жилээр байгуулсан гэрээг яриад байна. Гэтэл гэрээ 1 жилээр байгуулагдаад цаашдаа хамтран ажиллана гээд 2016.10.14 хүртэл хамтар ажилласан. Түрээсийн гэрээн дээр 1 650 000 төгрөг төлөх талаар байхгүй. ******* хэлэхдээ төлчих дараа нь тооцоо нийлнэ гэдэг байсан. Түрээс болон барааны төлбөрөөс төлж байна гээд төлж байсан. *******тэй ямар нэг харилцаа үүсээгүй. Төлбөрөө төлсөн бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.А ХХК нь барааны төлбөрт 13,757,200 төгрөг, түрээс төлбөрт 5,000,000 төгрөг, хэрэглээний буюу цахилгааны зардалд 2,137,209 төгрөг, нийт 20 894 409 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.О нь түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар маргаагүй боловч төлөх ёстой төлбөрийг төлж дуусгасан гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр сарын 500,000 төгрөг төлөх үнэ бүхий түрээсийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч нь уг гэрээг 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатайгаар байгуулсан гэж тайлбарлан баримт гаргасан боловч уг гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 354 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон. /хэргийн 8-10, 62-65 дугаар тал/
Харин хариуцагч нь гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан хэмээн маргаж холбогдох гэрээний хуулбарыг шүүхэд ирүүлсэн. /хэргийн 98-99 дүгээр тал/
Үүнээс үзэхэд зохигч түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар түрээсийн гэрээний харилцаа 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар нь түрээсийн гэрээний дагуу дэлгүүрт худалдах тодорхой үнэ бүхий барааг хүлээлгэн өгсөн, улмаар төлбөрийг мөнгөөр болон бараагаар буцаан төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан. Энэ хэлцэл тодорхой хүрээнд хэрэгжсэн болох нь тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.
Гэвч хэн аль нь анх гэрээ байгуулах үед хэдэн төгрөгийн үнэ бүхий бараа хүлээлгэж өгөөд улмаар хэдэн төгрөг төлсөн, хэдэн төгрөгийн бараа буцаан авсан талаар санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд бүрэн ирүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд зохигч хэн аль нь нотлох баримт гаргах хангалттай хугацаа өнгөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Зохигчид 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр дээрх түрээсийн гэрээний үүрэг болон хүлээлгэн өгсөн барааны талаар тооцоо нийлсэн акт үйлдсэн байна. /хэргийн 11 дүгээр тал/ Хариуцагч нь энэхүү актыг үйлдэж, гарын үсэг зурсан болох нь дээрх шинжээчийн 354 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хэн аль нь энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Уг актаар хариуцагч нь нийт 18,757,200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тохиролцсон байна.
Хариуцагч нь энэхүү актыг үйлдэхэд өмнө нь төлсөн 1,500,000 төгрөг тооцогдоогүй гэж маргаж байх боловч өөрийн тайлбарыг хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй. Харин нэхэмжлэгчийн төлөөлөгч нь акт үйлдсэний дараа 8,477,690 төгрөгийн үнэ бүхий барааг буцаан хүлээлгэн өгсөн гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрсөн. Тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь актаар тогтоогдсон 18,757,200 төгрөгөөс сүүлд хүлээлгэн өгсөн барааны үнийг хасаж 12,446,719 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзахгүй гэж тайлбарлаж байна.
Дээрхийг дүгнээд нэхэмжлэгч нь барааны төлбөрт 13,757,200 төгрөг нэхэмжилсэн тул буцаан өгсөн барааны үнэ болох 8,477,690 төгрөгийг хасаж, үлдэх 5,279,510 төгрөгийн хэмжээнд хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгч талын шаардлагаар нэхэмжлэгчийн захирал Г.*******ийн хувийн дансанд төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж, холбогдох дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгч нь төлбөрийг Г.*******ийн дансаар авч байсан гэдгийг зөвшөөрсөн боловч эдгээр төлбөр нь дээрх тооцоо нийлсэн актыг үйлдэхээс өмнөх цаг хугацаанд байх тул акт үйлдсэнээс хойш төлбөр төлсөн гэх үндэслэлгүй тул хариуцагчийн төлөх төлбөрөөс хасаж тооцох боломжгүй юм.
Түрээсийн гэрээний 3.1, 3.3-т зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрт сард 500,000 төгрөг төлж, улмаар ашиглалтын зардлыг хариуцахаар тохиролцсон байна. Үүнээс тооцвол хариуцагчид түрээсийн гэрээ хэрэгжсэн 2015 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх нийт 15 сар 15 хоногийн хугацаанд түрээсийн төлбөрт 7,750,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь цахилгааны төлбөрт 2,137,209 төгрөг тооцогдсон гэх тайлбараа нотлоогүй. Тодруулбал, гэрээ хэрэгжих хугацаанд хэдэн төгрөгийн цахилгаан эрчим хүч ашигласан талаар холбогдох эрх бүхий байгууллагын тооцоо буюу тоолуурын заалтын талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Харин Магнай петролиум ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 200/19 дугаар албан тоот нь хариуцагчийн ашигласан цахилгаан эрчим хүчний хэмжээг нотлохгүй тул шийдвэрийн үндэслэл болохгүй.
Хэдийгээр хариуцагчид түрээсийн гэрээний үүрэгт 7,750,000 төгрөг төлөх үүрэг үүссэн, улмаар нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг шаардсан боловч нэхэмжлэгчид үүнийг шаардах эрх үүссэнээс хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Мөн нэхэмжлэгч нь цахилгааны төлбөрийн талаарх шаардлагаа нотлоогүй бөгөөд дээрхээр хуульд зааснаар мөн адил хөөн хэлэлцэх хугацаа дууссан.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид төлбөр төлөхөөс татгалзах эрх үүсжээ. Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч тайлбар гаргаагүй.
Үүнээс гадна хариуцагч нь шүүхэд 6,368,419 төгрөгийн үлдэгдэл тооцоотой гэсэн агуулга бүхий тайлбар ирүүлсэн боловч нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан болохыг дурдах нь зүйтэй.
Хариуцагч нь гэрээний дагуу 2 этгээд үүрэг хүлээсэн тул 1 үүрэг гүйцэтгэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргасан. Гэвч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч нь өөрийн үзэмжээр аль нэг үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагчийг сонгох эрхтэй. Харин хариуцагч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн үүргийг дангаар бүхэлд нь хариуцаж, үүний улмаас хохирол учирсан гэж үзвэл энэ талаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
Мөн хариуцагч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг үлдээсэн тул төлбөрт тооцох ёстой гэж тайлбарласан. Гэвч энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул шүүх уг асуудлыг дүгнэх боломжгүйг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл харилцан шаардлага бүхий үүргийг тооцох талаар үндсэн болон сөрөг нэхэмжлэл гаргаагүй.
Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас 5,279,510 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,614,899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6, 318 дугаар зүйлийн 318.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч С.О-гаас 5,279,510 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,614,899 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 99,422.16 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД