Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/244

 

       2024         03          06                                          2024/ШЦТ/244

 

                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ариунзаяа,

Улсын яллагчаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Булганчимэг,

Хохирогч Б.Э, түүний өмгөөлөгч М.Ч,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийж,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн 2309000002656 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19.... оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, А бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн .................................. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:

1.2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 560 цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн,

2.2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

3.2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, ...................... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт иргэн Б.Эийг түлхэж унаган эрүүл мэндэд дух зүүн доод зовхины шарх, зүүн дээд доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.

 

Энэ нь эрүүгийн 2309000002656 дугаартай хэрэгт авагдсан:

Хохирогч Б.Эийн өгсөн: " Би 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 01 цагийн орчим Халиун болон Халиуны найз гэх нэг эмэгтэйтэй Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байх “А" бааранд орсон. Би бааранд орохоосоо өмнө 250 грамм архи уусан байсан учир бага хэмжээний согтолттой орсон. Тэгээд бааранд ороод 2 найзын хамтаар 0.75 л хэмжээтэй "Gin" цагаан архи уусан. Тэгээд тухайн бааранд тасарсан байсан. Би өөрийн гар утсаа цэнэглүүлэх гээд тухайн баарны барменд өгсөн байсан бөгөөд гар утсаа авах гээд очсон. Тэгээд нэг мэдэхэд нэг өрөө рүү орж байсан бөгөөд дахиад нэг сэрэхэд машин дотор явж байгаад сэрсэн гэмтлийн эмнэлэг рүү явж байсан. Машин дотор 2 хүнтэй явж байсан бөгөөд "А" баарны хамгаалагчид байсан. Тэр 2 эрэгтэйн нэг нь надад чамайг бид нар камергүй өрөөнд дотор зодсон чи яаж ч чадахгүй гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хүн надтай цуг гэмтлийн эмнэлэг рүү орсон бөгөөд би толгой хэсэгтээ 13 оёдол тавиулсан. Намайг гэмтлийн эмнэлгээс гараад ирэхэд тэр хүмүүс байхгүй байсан. Би тухайн хүнийг одоо харвал танина. Нэг эрэгтэй нь 170 орчим өндөртэй хамгаалагчийн ногоон хувцас өмссөн халимаг бага үстэй том гүзээтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар арын 31-ний өдрийн 13689 дугаартай "...Б.Эийн биед дух, зүүн доод зовхины шарх, зүүн дээд доод зовхи, алимын салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 12-13/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 14/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/  зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Бнь хохирогч Б.Эийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь дух, зүүн доод зовхины шарх, зүүн дээд доод зовхи, алимын салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан  нь хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Улсын яллагчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Эийн эрүүл мэндэд дух, зүүн доод зовхины шарх, зүүн дээд доод зовхи, алимын салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: "...Би нүүрэндээ сорвитой болсон. Тухайн сорвийг гадаад улсад арилгах боломжтой гэж эмч хэлсэн. Иймд би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ..." гэж мэдүүлсэн бөгөөд шүүх ирээдүйд гарах эмчилгээний зардлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй тул дээрх эмчилгээгээ хийлгэсний дараа баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага бусад асуудлын талаар:

Улсын яллагч шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Бүрэн дунд боловсролтой, эрэгтэй, 31 настай, мэргэжилгүй, А бааранд хамгаалагч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн ............. . ................................ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, сүүлд

2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 хэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан талаар ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 26, 27-57, 58-64/ зэрэг авагджээ. Түүний урьд ял шийтгэгдэж байсан талаарх тэмдэглэл нь эрх зүйн үр дагавар үүсгэхгүй ч түүний хувийн байдлыг тогтоосон баримт болно. 

 

Шүүгдэгч Б.Бийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, үйлдсэн гэмт хэргээ ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Ийнхүү шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

 

Эрүүгийн 2309000002656 дугаартай хэрэгт хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6-36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 550 /таван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 550 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, ялыг Нийслэлийн Хот тохижилтын газарт эдлүүлсүгэй.

 

4.Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бнь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

6.Хохирогч Б.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

 8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Т.БАТЖАРГАЛ