Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 23

 

Б.Б, К.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр шүүгчийн захирамжтай, Б.Б, К.М нарт холбогдох эрүүгийн 1935004260241 дугаартай, 3 хавтас хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргал илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Булгаа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч К.М, шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Бунжаа нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1993 оны 3 дугаар сарын 16-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агротехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Увс аймгийн Улаангом сумын .. багт оршин суух, Ш овогт Б-ийн Б.

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 26-нд Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сумын ... багт оршин суух И овогт К-гийн М.

Шүүгдэгч Б.Б, К.М нарыг бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Арсай гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн П.Э, Б.Балдорж нарын 41 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлж 3.375.000 төгрөгийн хохирол,

-Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Гурвалжин гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө иргэн Б.Жгийн 23 тооны ямаа, 1 тооны хурга нийт 24 тооны бог мал хулгайлж 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Хээр морьт  гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө иргэн Ш.А-ийн 65 тооны буюу олон тооны бог мал хулгайлж 5.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Гурвалжин гэх газраас 2019 оны 10 дугаар  сарын 16-ний өдрөөс 17-нд шилжих шөнө иргэн Б.Одвогмэдийн 76 тооны ямаа буюу олон тооны  мал хулгайлж 5.780.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Коло гэх газраас 2019 оны 10 дугаар  сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө иргэн Б.Мын 16  тооны ямаа  хулгайлж 954.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шорнууд овогт Батсүхийн Баянмөнх, Изиг овогт Колягийн Мөнхбаярт нарт  холбогдох  1935004260241 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах журмаар гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2020/ШЗ/119 дүгээр шүүгчийн захирамжаар Б.Б, К.М нарт холбогдох эрүүгийн 1935004260241 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний нэхэмжлэгч С.Б, гэрч И.Эрдэнэбаатар, яллагдагч Б.Б нарын мэдүүлгүүд болон Б.Бийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн “Улаанаа буюу С.Бийг малын эзэн гэж хүнтэй яриулсан, гэхдээ Эрдэнэбаатартай яриулаагүй, Улаанаа ах хэнтэй ярьж байснаа мэдэхгүй байсан, би К.Маар яриулсан” гэх мэдүүлэг, яллагдагч К.М, гэрч Т.Хашхүү, Х.Намсрай нарын мэдүүлгүүдээр И.Эрдэнэбаатарын үйлдэл нь Б.Бтэй, хохирогч П.Э, Б.Балдорж нарын 41 тооны бог мал буюу олон тооны малыг хулгайлахад хамтран оролцсон, “гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж авсан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах...” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон, хэрэгт цугларсан нотлох баримтууд прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс дээрх үйлдлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг ямар байдлаар үнэлээгүй талаар бодитой дүгнэлт хийгээгүй байна. Мөн дээрх гэмт хэрэг буюу П.Э, Б.Балдорж нарын 41 тооны бог малыг хулгайлсан үйлдэлд шүүгдэгч Д.Мөнхбаяртай бүлэглэн үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй эргэлзээ бүхий дахин шалгах шаардлагатай нөхцөл байдал үүссэн байна. Жишээлбэл: тухайн өдөр Сарлагын баяр болсон эсэх, Сарлагын баяр болсон бол шүүгдэгч Б.Б хэнтэй тэр баярт очсон, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж байгаа УАЗ-469 загварын 52-49 УВХ улсын дугаартай машин эвдэрсэн эсэх, эвдэрсэн байсан бол хэзээ эвдэрсэн, хэзээ хэн зассан зэргийг зайлшгүй тогтоох шаардлагатай байна” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яллагдагч Б.Бөөс сарлагын баярт явж, ирсэн тээврийн хэрэгсэл, хамт явсан хүмүүсийг асуух, заавал хэлүүлэхийг шаардах нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-д заасан мэдүүлэг өгөхөөс татгалзах эрх, дуугүй байх эрхэд халдах учраас Б.Бийг хэнтэй тэр баярт очсон, мөн буцаж ирсэн талаар мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох боломжгүй юм. Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Эийн “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Улаангом сумын 2 дугаар багийн төв дээр Сарлагын баяр /өдөрлөг/ зохиогдсон юм” гэх мэдүүлгээр тухайн өдөр сарлагын баяр болсон болох нь тогтоогдож байгаа ба дээрх ажиллагааг дахин мөрдөн шалгах шаардлагагүй байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж байгаа УАЗ-469 загварын 52-49 ВХ улсын дугаартай машин эвдэрсэн, ах Хундага нь засаж өгсөн талаар яллагдагч К.М мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлдэг, хэрэгт авагдсан баримтуудаар К_Х нь УАЗ-469 загварын 52-49 УВХ улсын дугаартай автомашины эзэмшигч, яллагдагч К.Мын төрсөн ах нь болох нь тогтоогдсон. К_Хас гэрчийн мэдүүлэг авахад “К.М нь автомашин унаж яваад эвдээд Б.Бийн хашааны гадна хаясан байсныг засаж авсан” гэж мэдүүлдэг ба автомашиныг зассан гэх этгээдийг тогтоосон байна.

Мөн шүүхээс Н.Цыг энэ гэмт хэргийн улмаас 1.850.000 төгрөгийн хохирол хүлээсэн, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна. Мөн 1.850.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн эсэх асуудлыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-д заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй гэж үзэх үндэслэл болно гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Б.Б, К.М нар нь бүлэглэн Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Гурвалжин гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө иргэн Б.Одвогмэдийн 76 тооны ямаа буюу олон тооны мал хулгайлж, олсон малаа зарсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.Цын мэдүүлгээр тогтоогдож байна. Яллагдагч Б.Б нь мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Одвогмэдэд учруулсан хохиролоо өөрийн Арсайд байх хадлангийн газраа өгч барагдуулсан талаараа мэдүүлдэг ба Н.Ц нь Б.Б, К.М нараас худалдаж авсан малаа хууль ёсны эзэнд нь буцаан өгсөн талаар мэдүүлээгүй, энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болно.

Мөн Н.Ц нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ яллагдагч Б.Б, К.М нараас өөрт учруулсан хохиролоо нэхэмжлэх талаар ямар нэгэн санал гаргаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага гаргаагүй тул түүнийг иргэний нэхэмжпэгчээр тогтоогоогүй гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

Иймд хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид дурдагдсан асуудал бүр нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй, хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/119 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Д.Бунжаа тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар  сарын 20-ны өдрийн 119 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй  болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б, К.М нарт холбогдох эрүүгийн 1935004260241 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч Б.Б, К.М нарыг бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Арсай гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө иргэн П.Э, Б.Балдорж нарын 41 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлж 3.375.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Гурвалжин гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө иргэн Б.Жгийн 23 тооны ямаа, 1 тооны хурга нийт 24 тооны бог мал хулгайлж 1.960.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Хээр морьт  гэх газраас 2019 оны 10 дугаар  сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө иргэн Ш.Аийн 65 тооны буюу олон тооны  бог мал хулгайлж 5.070.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Гурвалжин гэх газраас 2019 оны 10 дугаар  сарын 16-ний өдрөөс 17-нд шилжих шөнө иргэн Б.Одвогмэдийн 76 тооны ямаа буюу олон тооны  мал хулгайлж 5.780.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Коло гэх газраас 2019 оны 10 дугаар  сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө иргэн Б.Мын 16 тооны ямаа  хулгайлж  954.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд  шилжүүлсэн байх ба шүүх уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Ингэхдээ анхан шатны шүүх “шүүгдэгч нарын  хохирогч П.Э, Б.Балдорж нарын малаас хулгайлсан 27 тооны малыг Б.Баянбилэгт зарах үйлдэлд И.Эрдэнэбаатарын үйлдэл оролцоо байгаа эсэх, энэ гэмт хэргийг Б.Б нь К.Мтай бүлэглэн үйлдсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий дахин шалгах шаардлагатай нөхцөл байдал үүссэн, гэрч Н.Ц нь гэмт хэргийн улмаас 1.850.000 төгрөгийн хохирол хүлээсэн, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байна” гэж дүгнэн, хэргийг прокурорт буцаасан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлийн зарим хэсэг нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байна. Үүнд:

Гэрч С.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр  мэдүүлэг өгөхдөө “...Баянмөнхийн гэрт очиход хашаан дотор нь ямаа уяатай, бор өнгийн супер Уаз-469 маркийн автомашин дотор ямаа ачсан байсан. Би хашаан дотор уясан мал болон автомашин дотор байсан малыг үзэхэд Баянмөнх намайг утсаар нэг хүнтэй яриулаад би тэр хүнтэй ямааны үнийг тохироод тэр хүний Хаан банкны 5800474861тоот  данс руу ямааны үнийг  шилжүүлсэн” гэх / 2 дугаар хх-ийн 123 дугаар тал/ мэдүүлэг өгсөн бол дахин иргэний нэхэмжлэгчээр  2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр  өгсөн мэдүүлэгтээ”...Б.Бийн хашаанд уяатай 15 ямаа, бор өнгийн супер УАЗ-469 маркийн автомашин дотор 12 тооны ямаа, нийт 27 тооны ямаа байсныг надад үзүүлсэн, тэгээд би тэр ямаануудыг үзээд 1.850.000 төгрөгөөр үнэлж авъя гэхэд би “хүнтэй яриад хариу хэлье” гээд цаанаа хүнтэй яриад “за болж байна” гэж хэлсэн. Намайг анх очиход тэдний хашаанд Б.Б ганцаараа байсан”/ 2 дугаар хх-ийн 112-113 дугаар тал/ гэх мэдүүлэг өгсөн байна.

Мөн хэрэгт 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр С.Бийн  Хаан банкны 5819059776 данснаас И.Эрдэнэбаатарын Хаан банкны 5800474861 дансанд 1.800.000 төгрөг шилжүүлсэн депозит дансны хуулга /2 дугаар хавтасны 169-р тал/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Гэрч /иргэний нэхэмжлэгч/ С.Б нь болсон үйл явдлын талаар зөрүүтэй мэдүүлсэн байх тул С.Бийн мэдүүлгийн зөрүүг арилгаж, И.Эрдэнэбаатар энэ хэрэгт оролцоотой эсэхийг тодруулах нь зүйтэй.

Түүнчлэн хохирогч П.Э, Б.Балдорж нарын малыг Б.Б нь К.Мтай бүлэглэн хулгайлсан эсэхийг шүүгчийн  захирамжид заасны дагуу нарийвчлан шалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зорилт, зарчимд нийцнэ гэж үзлээ.

Харин шүүгчийн захирамжийн Н.Цыг иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох тухай дүгнэлт нь хуульзүйн хувьд үндэслэлгүй ба иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлагагүй гэж дүгнэв. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “ мөрдөгч, прокурор , шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно” гэж заасан.

Гэрч Н.Ц “...27 тооны ямааг 1.850.000 төгрөгөөр худалдаж авсан “ /1 дүгээр хх-ийн 225-227 дугаар тал/ гэж, хохирогч Б.Одвогмэд “...27 тооны ямааны хохирлыг Мөнхбаяр, Баянмөнх нар барагдуулсан. Мөнхбаяр нь би ах дүү нараасаа гуйж , таны хохирлыг барагдуулж байна гээд надад яг тоо ёсоор ямаа авч ирж өгч, миний хохирлыг барагдуулсан тул одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” /1 дүгээр хх-ийн 219 дүгээр тал/ гэж тус тус мэдүүлснээс үзэхэд Б.Б, К.М нар гэмт үйлдлийн замаар олсон 27 тооны ямааг Н.Цт  1.850.000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдсон ба энэ гэмт хэргийн улмаас Н.Ц эд хөрөнгийн хохирол хүлээсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн тэрээр эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй байна.

Иймд Н.Цыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд нөгөө талаар шүүх иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэлтэй гэж үзвэл  шүүгчийн захирамжаар иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжтой.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийн зарим хэсэг буюу “гэрч Н.Цыг иргэний нэхэмлжэгчээр тогтоох хуульзүйн үндэслэлгүй “ гэх хэсгийг хүлээн авах нь зүйтэй.

Харин шүүгчийн захирамжид заасан “Б.Б, К.М нарыг бүлэглэн Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг Арсай гэх газраас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө иргэн П.Э, Б.Балдорж нарын 41 тооны бог мал буюу олон тооны мал хулгайлж 3.375.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл, мөн энэ гэмт хэрэгт И.Эрдэнэбаатарын үйлдэл, оролцоо байгаа эсэх зэргийг нарийвчлан шалгах шаардлагатай гэх дүгнэлт нь үндэслэлтэй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийг анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 119 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсэг буюу “шүүгчийн захирамжид дурьдсан Н.Ц-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох хууль зүйн үндэслэлгүй” гэх хэсгийг хүлээн авч, эсэргүүцлийн бусад үндэслэлийг хэрэгсэхгүй болгосугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                     Л.АЛТАН

 

                                                                        Н.МӨНХЖАРГАЛ