Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2022/0443

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Б.А*******

Хариуцагч: Монголбанкны төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.О********** нарын хоорондын бараа, бүтээгдэхүүний худалдаа хийхдээ койныг ашигласантай холбоотой зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э******, хариуцагч Монгол банкны төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.О**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж***********нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гомдол гаргагч нь Б.А******* Монголбанкны төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.О******* 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 0013456 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
  2. Уг шийтгэлийг эс зөвшөөрч Б.А******* 2022 оны 2 дугаар сарын 17-ний өдөр тус шүүхэд гомдол гаргажээ. 
  3. “Ш*********” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б********* 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11/18 дугаар албан бичгээр Монгол банкинд хандан www.ardshop.mn цахим худалдааны сайт нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн заалтыг зөрчиж байгаа тул хуулийн дагуу зохих арга хэмжээ авч өгнө үү гэсэн гомдлыг гаргажээ. /х.х-н 48/
  4.  Улмаар Монголбанкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч “Э*** И*** С*** **” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баяраа овогтой Ариунаад холбогдуулан 2201000001 дугаартай зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг явуулжээ.
  5. Гомдол гаргагч Б.А******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.А******* би "Э****И****С*** П******" ХХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд манай компани нь гадаад худалдаа, худалдааны зуучлал, програм хангамж зэрэг үндсэн үйл ажиллагааг явуулдаг. Манай “Э*** И*** С*** **” ХХК нь А**С***** Н******* ХК-ийн хөрөнгө оруулалттай “Т*** С*******” ХХК-ийн 61.24 хувийн өмчийн компани юм. Өөрөөр хэлбэл, “Э*** И*** С*** **” ХХК-ийн 61.24 хувийн хувьцааг Т*** С******* ХХК эзэмшдэг бөгөөд тус компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч нь А**С***** Н******* ХК билээ. Э****И****С*** П****** ХХК нь бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай, хэрэглэгчдэд хямд үнээр худалдах гүүр болох гол зорилгоор цахим буюу онлайн худалдааны платформ ardshop.mn (АрдШоп) системийг нэвтрүүлэн компанийн үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Бид борлуулагч/мерчант болон худалдан авагчдыг тус платформоор дамжуулан хооронд нь уулзуулж, тухайн үйлчилгээг үзүүлснийхээ төлөө төлбөр, шимтгэл авч үйл ажиллагааг явуулдаг. АрдШоп худалдааны цахим хуудсаар худалдаалагдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нь Монгол Улсын Үндэсний мөнгөн тэмдэгт буюу төгрөгөөр илэрхийлэгдэж борлуулагддаг ба худалдагч нь худалдаалж буй барааныхаа төлбөрийг өөрийн харилцах дансанд төгрөгөөр хүлээн авдаг. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцсэн билээ. Мөн АрдШоп худалдааны платформоор дамжуулан худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд А**С***** Н******* ХК болон түүний хамаарал бүхий компаниудын 2018 оноос эхлэн нэвтрүүлсэн Ардкойныг тодорхой хязгаартайгаар урамшуулал оноо болгон олгодог болно. Тухайлбал, АрдШоп худалдааны платформоор дамжуулан худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд үнийн дүнгийн тодорхой хувьд нь Ардкойныг урамшуулал оноо болгон дагалдуулахаас гадна хэрэглэгчид А**С***** Н******* ХК, түүний хамаарал бүхий компаниудын гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа тухайн цуглуулсан АрдКойны оноогоороо худалдан авалтаасаа хөнгөлүүлэх боломжийг олгодгоороо бусад цахим худалдааны платформууд, томоохон дэлгүүрүүд болох "Номин, Emart, Redpoint, CU" нартай ижил төстэй юм. Эдгээр дэлгүүрүүд мөн хэрэглэгчдийг өөрсдийн урамшуулалт оноогоор урамшуулж, түүгээрээ худалдан авалтаасаа хөнгөлүүлэх замаар үйл ажиллагааг явуулдаг билээ. Хэдийгээр лоялти, урамшуулал оноо зэргийг зохицуулсан хууль тогтоомж байхгүй боловч бидний үйл ажиллагаа хууль тогтоомжийг зөрчөөгүй болно. Гэтэл, манай “Э*** И*** С*** **” ХХК-ийн дээрх үйл ажиллагааг буюу АрдШоп худалдааны платформоор дамжуулан худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд үнийн дүнгийн тодорхой хувьд нь Ардкойныг урамшуулал оноо болгон дагалдуулан өгч байгаа, хэрэглэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээг авахдаа тухайн цуглуулсан АрдКойны оноогоор худалдан авалтаасаа хөнгөлүүлэх боломжийг олгож байгаа үйл ажиллагааг “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай” хуулийг зөрчиж байна гэх мэдээллийг Ш********* ХХК-иас 2021 оны 12 дугаар сарын 16-ний өдөр Монголбанканд гаргасан. Улмаар, Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.О*************2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр А**С***** Н******* ХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд "Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих” заасан зөрчилд 2201000001 дугаартай зөрчлийн хэргийг нээж Б.А******* намайг зөрчлийн хэрэгт холбогдогчоор татан эрх, үүрэг танилцуулж, 2022 оны 1 дүгээр сарын 07-ний өдөр мэдүүлэг авсан байдаг. Улсын байцаагч Б.О*********** А**С***** Н******* ХК-д холбогдуулан нээсэн 2201000001 дугаартай зөрчлийн хэрэгт иргэн Б.А******* намайг Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1-т "бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил үйлдсэн гэж үзэж, 2022 оны 1 дүгээр сарын 25-ний өдрийн 0013456 дугаартай шийтгэлийн хуудсаар 4,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчлөө. Хүн, хуулийн этгээд нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн тохиолдолд улсын байцаагчаас Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн зохих заалтыг үндэслэн шийтгэлийг оногдуулах хуульд заасан үндэслэл бий боловч эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан журмын дагуу хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг шалган тогтоох нь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцнэ. Мөн "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д "Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хун, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ" гэж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1-д тус тус заасан. Улсын байцаагч Б.О********* 2021 оны 12 дугаар сарын 27-ний өдөр А**С***** Н******* ХК-д холбогдуулан 2201000001 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн атлаа А**С***** Н******* ХК, түүний хамаарал бүхий манай “Э*** И*** С*** **” ХХК-ийг зөрчил үйлдсэн эсэхийг тогтоож шалгасан зүйл байхгүй. 2022 оны 1 дүгээр сарын 25-ний өдрийн 0013456 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийдвэрээр иргэн Б.А*******г 4,000,000 төгрөгөөр торгосон нь хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй гэж үзэж байна. Мөн захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар заасан захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл 4.2.1-т "хуульд үндэслэх", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй шийдвэрийг улсын байцаагч Б.О********** гаргаснаараа Б.А******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Тухайлбал, Б.А******* би АрдШоп (ardshop.mn) эзэмшиж, өмчилдөггүй бөгөөд миний гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Э****И****С*** П****** ХХК-ийн өмч юм. Б.А******* би хувь иргэнээр бараа, ажил, үйлчилгээг үзүүлээгүй, ийм үйл ажиллагааг явуулаагүй бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй учир Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлийн 1.1-д заасан зөрчилд холбогдуулан шийтгэл оногдуулсан улсын байцаагч Б.Оюундарийн шийдвэр хуульд үндэслэсэн, ботид нөхцөлд тохирсон шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна. Нөгөөтээгүүр, манай “Э*** И*** С*** **” ХХК-ийн явуулж байгаа үйл ажиллаагаа нь дээр дурдсанаар АрдШопоор дамжуулан худалдаалагдаж буй бараа бүтээгдэхүүн төгрөгөөр илэрхийлэгдэж, төлбөр тооцоо хийгддэг ба хэрэглэгчдэд урамшуулал болгон (лояалти оноогоор) хөнгөлөлт үзүүлж байгаа үйл ажиллагаа нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал байхгүй. “А**С***** Н*******” ХК түүний хамаарал бүхий манай “Э*** И*** С*** **” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.30 дугаар зүйлд “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль зөрчих” заасан зөрчил үйлдээгүй болно. Иймээс, Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.О********* 2022 оны 1 дүгээр сарын 25-ний өдрийн 0013456 дугаартай "Зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна.
  6. Хариуцагч Монголбанкны төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.О**********, түүний  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н************ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М********** нь “ Төлбөрийн системийн тухай хууль " -ийн дагуу төлбөрийн системийн оролцогчидтой холбоотой асуудлаар ирсэн өргөдөл, гомдолд шаардлагатай тохиолдолд зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэдэг. Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч , Улсын байцаагч Б.О********** би, Ш********* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Б******** 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гаргасан www.ardshop.mn цахим худалдааны сайт нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэх бүртгэлийн МБ-ТТГ-01 дугаартай гомдол, мэдээллийг шалгаад А**С***** Н******* ХК-ийн www.ardshop.mn нь хэрэглэгчдэд худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 50 хүртэлх хувийг Ардлояалти оноогоор хөнгөлөх урамшуулал зарлаж, нэгж Ардкойныг 300 төгрөгөөр тооцон бараа, бүтээгдэхүүний төлбөрт тооцохоо мэдэгдсэн байх тул Монголбанканд 2021 оны 12 дугаар сарын 21-нд ирсэн гомдол, хавсаргасан материалд үндэслэн шалгах ажиллагааг хийсэн. Гэвч цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглох үйлдэл /эс үйлдэхүй/-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэргийн холбогдогчийн тухай Зөрчлийн хэрэг нээгдсэн тухай А**С***** Н******* ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Г******** 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим шуудангаар мэдэгдэхэд түүнээс “Хаяг андуурч. Би Ардшопод хамааралгүй болно" гэх хариуг ирүүлсэн. Хамааралтай этгээдийг олох зорилгоор Монголбанкнаас цахим мөнгөний зөвшөөрөл эзэмшигч Ардкредит ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Т******** утсаар холбогдоход надад хамааралтай тул миний цахим шуудан руу мэдэгдлээ явуулна уу гэсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цахим шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн. Гэвч, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “Э*** И*** С*** **” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А******* нь утсаар болон цахим шуудангаар холбогдож, зөрчлийн хэргийн талаар холбогдох мэдээлэл, материалтай танилцах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэнээр цаашид зөрчлийн хэргийн холбогдогч болсон. Ардшоп хууль зөрчсөн тухай Ардшоп нь тодорхой хугацаанд нэг ширхэг Ардкойн урамшууллын оноог 300 төгрөгт тооцох урамшуулалт аяныг зохион байгуулж, Ардшоп.мн цахим худалдааны сайт болон Ард апп-аас худалдан авалт хийхдээ нийт үнийн дүнгийн 50 хүртэлх хувийг нэг ширхэг Ардкойныг 300 төгрөгөөр тооцуулан хэрэглэгчдэд Ардкойн гэх виртуал хөрөнгийг төлбөр тооцоонд ашиглах боломж олгосон. Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төгрөг нь өөрийн нэрлэсэн дүнгээрээ Монгол Улсын хуулийн 8.2 дах хэсэгт "Төгрөгийг орлох төлбөрийн бусад хэрэгслийг Монголбанкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэнэ" гэж, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23 дах заалтад "төлбөрийн хэрэгсэл гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг" гэж мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно" гэж тус тус заасны дагуу хуулиар зөвхөн Монголбанкнаас зөвшөөрсөн хууль ёсны төлбөрийн хэрэгсэл болох төгрөг, төлбөрийн карт, цахим мөнгө болон биет, биет бус хэрэгслийг Монгол улс дахь бүхий л бараа, ажил, үйлчилгээний төлбөрт ашиглах шаардлагыг тогтоосон байдаг. Ардкойны хувьд мөнгөн тэмдэгт, төлбөрийн карт, цахим мөнгөний шинжийг агуулахгүй мөн Монголбанкны зөвшөөрөлтэй биет бус хөрөнгө биш боловч Ардкойн нь виртуал хөрөнгийн цахим биржээр арилжаалагддаг, шилжүүлэх, хөрвөх боломжтой, ханш нь зах зээлийн эрэлтээс хамаарч хэлбэлздэг, тархмал бүртгэлийн системд байршсан виртуал хөрөнгийн шинжийг агуулж байгаагаараа зах зээлд хэрэглэгдэж буй бусад урамшууллын онооноос ялгаатай юм. Иймд, Монголбанканд ирүүлсэн гомдлын хавсралт болон Э****И****С*** П******ийн гаргасан тайлбар, холбогдох хуулийн зохицуулалтад үндэслэн Ардшоп.мн нь худалдан авагчаас авсан Ардкойныг худалдагч талд төгрөг болгон шилжүүлж байгаа нь төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх гэсэн зохицуулалтыг зөрчиж байна гэж үзсэн. Хувь хүнийг торгох шийтгэл оногдуулсан тухай Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.О********** би “Эм И Партнерс” ХХК-ийн хариуцан ажиллуулдаг www.ardshop.mn цахим худалдааны сайтад зарлагдсан Ардкойн урамшууллын оноог 300 төгрөгт тооцох урамшуулалт аяныг “Зөрчлийн тухай хууль”-ийн 11 дүгээр зүйлийн 11.30.1.1-т заасан "бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр торгох шийтгэлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд заасан эрх бүхий албан тушаалтны бүрэн эрхийн хүрээнд оногдуулсан. Ингэхдээ, “Э*** И*** С*** **” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.А*******гаас ирүүлсэн мэдээлэлд тус урамшууллын аян нь өөрийн компанид нь алдагдалтай туссан тухай албан ёсны мэдээлэл болон уг зөрчлийн хэрэгт мөнгөн дүнгээр хохирсон өөр иргэн, байгууллага гараагүй, мөн "Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэж заасны дагуу тус байгууллагын захирлыг хариуцлага хүлээх этгээд гэж үзэн дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 4,000,000 төгрөгөөр, түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Захиргааны хэргийн шүүх Монголбанкны хянан шалгагчийн шийтгэл оногдуулсан шийдвэрт оролцогч гомдол гаргасан эсхүл прокурорын дүгнэлт гаргасан тохиолдолд зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар заасан бөгөөд энэхүү гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 93.1 дэх хэсэгт "Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана." гэж мөн хуулийн 93.2."Энэ хуулийн 93.1 д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно." гэж тус тус заасны дагуу Монголбанканд гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх бүрэн боломжтой болно. Зөрчлийн 2201000001 дугаартай хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр дуусгаж, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хэргийг хянуулахаар хүргүүлсэн бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хяналтын Прокурор Ц.Алдархишиг хавтаст хэргийг хянаж буцаан олгосон. Иймд гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад, дараах хууль зүйн үндэслэлүүдээр Б.А*******гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан зөрчлийн хэргийн материалаас үзвэл “Э*** И*** С*** **” ХХК нь цахим худалдаа, программ хангамж зэрэг олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг байх бөгөөд www.ardshop.mn цахим худалдааны сайтыг ажиллуулдаг байна.

3. Уг худалдааны сайт нь урамшуулалт аяны хүрээнд хэрэглэгчдэд худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн 50 хүртэлх хувийг АрдЛояалти оноогоор хөнгөлөх урамшуулал зарлаж, нэгж ардкойныг 300 төгрөгөөр тооцон хэрэглэгчдээс худалдан авах замаар бараа, бүтээгдэхүүний төлбөрт тооцдог байсан болох нь зөрчлийн материалаар тогтоогддог бөгөөд үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй.

4. Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2.”Төгрөгийг орлох төлбөрийн бусад хэрэгслийг Монголбанкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэнэ.”, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.23."төлбөрийн хэрэгсэл" гэж бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монголбанкны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг;” гэж зааснаас үзвэл цахим мөнгө буюу койныг төлбөрийн хэрэгслээр ашиглах тохиолдолд Монголбанкнаас зөвшөөрөл авахаар байна.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл АрдШоп худалдааны платформоор дамжуулан худалдан авалт хийсэн хэрэглэгчдэд үнийн дүнгийн тодорхой хувьд нь Ардкойныг урамшуулал оноо болгон дагалдуулахаас гадна А**С***** Н******* ХК, түүний хамаарал бүхий компани болох “Э*** И*** С*** **” ХХК-ийн эрхлэн явуулж байгаа сайтаар гаргасан бараа бүтээгдэхүүн үйлчилээг авахдаа цуглуулсан Ардкойны оноогоороо худалдан авалтаасаа хөнгөлүүлж байгаа нь тогтоогдож байх бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.” гэсэн заалтыг “Э*** И*** С*** **” ХХК зөрчжээ.

6. Гэтэл Монголбанкны төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч шийтгэл ногдуулахдаа “Э*** И*** С*** **” ХХК-ийн гүйцэтгэх захирал иргэн Б.А*******г 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1–д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ.”,11.30 дугаар зүйлийн 1.1 “бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэх, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй…хүнийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг зөрчин хуулийн этгээдийг бус, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын ажлыг гэрээгээр гүйцэтгэж байгаа иргэн Б.А*******д шийтгэл ногдуулсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчжээ.

7. Хариуцагчаас зөрчлийн шинж байдлыг харгалзан бага төгрөгөөр торгосон гэж тайлбарлаж байх боловч сонгох санкцыг хэрэглэх хууль зүйн ойлголт нь тухайн иргэн, хуулийн этгээдэд ногдуулах шийтгэл нь дотроо сонгож болох зохицулалттай байхыг ойлгохоос биш, хуулийн этгээдэд ногдуулах шийтгэлийг хүнд ногдуулсныг хамааруулан үзэхгүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2. “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно.” гэж заасныг ноцтой зөрчсөн шийдвэрийг хариуцагч гаргажээ.

8. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр Б.А*******гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголбанкны төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.О******2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 0013456 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шүүх шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь;

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 11.30 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.А*******гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголбанкны төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн ахлах хянан шалгагч, улсын байцаагч Б.О********** 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 0013456 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Монголбанкнаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А*******д олгосугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Л.ӨЛЗИЙЖАРГАЛ