Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 213/МА2018/00024

 

*******ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох

иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 131/ШШ2018/00341 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******т холбогдох

Худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.774.420 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор аймгийн 1 дүгээр багт байрлах Есөн-Эрдэнэ зах дээр хүнсний худалдаа эрхэлдэг. ******* нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эко цэцэрлэгтээ зориулж надаас гурил, будаа, сахар, хүнсний ногоо, гоймон, гурвалжин будаа, өндөг, бусад хүнсний бүтээгдэхүүн, 2.516.280 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан. Түүнээс хойш тохирсон хугацаанд мөнгөө төлөөгүй явсаар байсан учир хугацаа тохиролцон 2015 оны 10 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулна гэсэн хэлцэл хийсэн боловч одоог хүртэл төлбөрөө төлөхгүй байна. Бараа авсан тухай бичгээр хэлцэл хийсэн ба үндсэн дүнгээс хоногийн 0,5 хувиар бүтэн жилээр тооцоход 4.592.211 төгрөг болж байгаа боловч бид хуулинд нийцүүлэн алдангийн хэмжээг үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тооцон 1.258.140 төгрөг байхаар нэхэмжилж байна.

Иймд *******аас Үндсэн зээл 2.516.280 төгрөг, алданги 1.258.140 төгрөг, нийт 3.774.420 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* надаас 2013-2014 онуудад хүнсний бүтээгдэхүүн худалдаж аваад мөнгийг нь төлөөгүй байсан учир 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нөхөж хэлцэл хийсэн юм. ******* нь хувийн цэцэрлэгтэй бөгөөд бид нар гэр бүлийн найзууд байсан тул итгээд өгдөг байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ. Мөн ******* нь гурван баримт дээр гарын үсэг зурсан учраас тухайн мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

*******ийн гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* 2014 онд 200.000.000 төгрөгийн төсөл бичүүлсэн ба хөлсөнд нь 2.000.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсоны дагуу төсөлийг хугацаанд нь бичиж өгсөн билээ. Иймд би ажлын хөлс болох 2.000.000 төгрөгтөө *******аас хүнсний зүйл авсан бид хоёрын дунд одоо төлбөр тооцоо байхгүй болно. *******тай 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ хэлцэл хийгээгүй болно. Харин 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах тухай хэлцэл гэсэн толгой байхгүй гэрээний загвар авчирч гэрийн хаяг болон гарын үсэг зуруулж банкинд өгнө гэж хэлсэн. Би тэр үед эхнэр Б.Баярмаагийн хамт явж байсан. *******ийн нэхэмжилсэн 3.774.420 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* нь намайг гүтгэж байна, би алтанд явдаггүй байсан. *******т алтан явж ирээд мөнгийг чинь өгнө гэж ерөөсөө хэлээгүй. Би хувийн цэцэрлэгээ ажиллуулаад сардаа 500.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Тухайн үед нь би мөнгөө өгдөг байсан. ******* нь 2015 оны 1 дүгээр сарын 1-ний надтай хэлцэл хийсэн гэж гүтгэлгийн чанартай зүйл ярьж байна. Гэтэл тухайн өдөр ажлын бус цаг буюу бүх нийтийн амралтын өдөр байсан учраас тухайн хэлцийг *******тай хийгээгүй, хуурамч хэлцэл гэж үзэж байгаа учраас энэ асуудлыг би цагдаагийн байгууллагад өгсөн. Хэлцэл дээрх гарын үсэг минийх мөн боловч хоосон цаасан дээр зуруулсан юм. Дараа нь нөхөн бичсэн байна. Мөн би *******т 200.000.000 төгрөгийн төсөл бичиж өгсөн. Тэгээд дараа хүнээс сонсоход миний бичиж өгсөн төсөл хэрэгжсэн гэж сонссон. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан худалдах худалдан авах гэрээний үүрэг 3.774.420 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******ийн төлсөн 75.340 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 75.340 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Хариуцагч ******* миний бие нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн дугаар 131/ШШ2018/00341 шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Хариуцагч ******* миний бие нь шүүх хуралдаан дээр гэрч асуулгах, “Софтвишн” ХХК-ын 2014 оны аж ахуйн нэгжийн тайланд надаас нэхэмжилж байгаа 3.774.420 төгрөг тухайн компанийн өр авлагат тусгагдсан эсэхийг татварын албанаас гаргуулах гэсэн хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтээр нэгэнт *******ын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон учраас хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн нь анхан шатны шүүх шүүх хуралдаанаас өмнө хэргийн талаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Мөн хавтаст хэргийн 50 дугаар талд авагдсан *******ын өр авлагын дэвтэрт 100.000 төгрөг бэлнээр өгөв гэж бичигдсэнийг шүүхэд хэлж тайлбарласаар байтал шүүх үнэн зөв дүгнэлт хийж чадаагүйн дээр үндэслэх хэсэг болон тогтоох хэсэг 2 зөрсөн нь шүүхийн үийдвэр үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Тиймээс Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн дугаар 131/ШШ2018/00341 шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлсэн барааны үндсэн дүн 2.516.280 төгрөг, түүний алданги 1.258.140 төгрөг нийт 3774.420 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар зохигч талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдэж, ******* нь 2012 оноос 2015 оны 1 дүгээр сар хүртэлх хугацаанд хариуцагч *******т Эко цэцэрлэгт нь зориулж зээлээр хүнсний ногоо, бүтээгдэхүүн худалдаж байсан болох нь зохигчидын тайлбар болон бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Талуудын хооронд ажил хэргийн хүрээнд, тогтсон заншил ёсоор байнга тогтвортойгоор зээлээр хүнсний ногоо бүтээгдэхүүн худалдах, худалдан авах дараа мөнгийг нь төлөх зэрэг ажиллагаа хийгдэж байжээ.

Нэхэмжлэгч *******аас тайлбарлахдаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдаж байсан тухайгаа баталгаажуулах ёстой гэж үзсэн учраас *******тай хэлцэл хийнэ гэхэд зөвшөөрсөн учраас төлбөр барагдуулах тухай 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хэлцэлийг нөхөж хийсэн. Тухайн үед ******* зөвшөөрч гарын үсэг зурсан. Одоо зээлсэн барааны үнэ 2.516.280 төгрөг гаргуулах ёстой гэж тайлбарладаг байна.

Хариуцагч *******аас тайлбарлахдаа *******аас хүнсний бүтээгдэхүүн авдаг байсан. ******* нь банкинд өр авлагатай гэсэн бичиг үзүүлэх гэсэн юм гээд хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан, би *******т төсөл бичиж өгсөны хөлсөнд 2.000.000 төгрөгийн авалтай байсан тул энэ мөнгөндөө хүнсний бараа авсан гэж тайлбарлажээ.

Хариуцагч *******аас би *******т төсөл бичиж өгсөны хөлсөнд 2.000.000 төгрөгийн авалтай гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухай нэхэмжлэгч *******аас тайлбарлахдаа “…Дархан-Уул аймагт нэг таньдаг хүн нь төсөл авна гэж байсан тэр хүний утасны дугаарийг *******т өгсөн..” гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн төсөл бичиж өгсөны авалтай гэх асуудал нь энэ хэрэгт ямар нэг хамааралтай болох нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******т зээлээр авсан хүнсний бүтээгдэхүүний үнэ 2.516.280 төгрөгийг төлөх үндэстэй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

1. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл дээр /хх-ийн 53 дугаар тал/ Б тал дээр зурсан ******* гэсэн гарын үсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 669 дүгээр шинжээчийн дүгнэлтээр хариуцагч *******ын гарын үсэг мөн болохыг тогтоосон байна.

2. Нэхэмжлэгч *******ийн хувийн дэвтэр дээрх гар бичмэл дээр 2.516.280 төгрөг, 565.600 ээж гэсний дор ******* гэсэн гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч ******* миний гарын үсэг мөн гэж анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт / хх-ийн 124, 138 дугаар тал/ тайлбарладаг байна.

3. Хариуцагч ******* нь анхан шатны шүүхэд өгсөн тайлбартаа /хх-ийн 16 дугаар тал/ *******аас зоорний төсөл бичүүлсэний хөлсөнд 2.000.000 төгрөгийн авалтай байсан бөгөөд энэ мөнгөндөө хүнсний ногоо авсан гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгч *******т хүнсний ногооны өртэй гэдэг нь өөрийнх нь тайлбараар тогтоогджээ.

4. Хариуцагч *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 10-ний өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл /хх-ийн 45 дугаар тал/ дээр ******* нь *******т нийт 3.081.880 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр тохиролцов гээд Б тал дээр ******* гарын үсгээ зурсан бөгөөд энэ гарын үсэгийг хариуцагч *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт миний гарын үсэг мөн гэж тайлбарладаг байна /хх-ийн 140 дүгээр тал/

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* нь гэрээний үүргээ шаардах эрхтэй байна.

Хариуцагч ******* нь Софтвишн ХХК –ийн 2014 оны аж ахуйн нэгжийн тайланд надаас нэхэмжилж байгаа 3.774.420 төгрөгийн авал нь өр авалтай байдлаар тусгагдсан эсэхийг татварын албанаас гаргуулах хүсэлттэй байгаа энэ хүсэлтийг хүлээн аваагүй гэж гомдол гаргаж байгаа боловч анхан шатны шүүх ******* гэдэг хувь хүний нэхэмжлэлийг хүлээн авсан, *******, ******* нарын хоорондын өр авлагын тооцоо нь Софтвишн ХХК-иас татварын албанд гаргаж өгдөг аж ахуйн нэгжийн өр авлагын тайланд юу тусгагдсан байгаагаас үл хамаарч шийдвэрлэгдэх үндэслэлтэй байгаа тул давж заалдсан гомдолд дурьдаад байгаа үндэслэл нь няцаагдаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “…хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 79.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэв..” гэсэн өгүүлбэр байгаа бөгөөд хэргийн оролцогч биш ******* гэдэг нэрийг олон удаа бичээгүй боловч анхан шатны шүүхийн хайхрамжгүй, техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75.340 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 131/ШШ2018/00341 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 75.340 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                               ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                 Г.УЛАМБАЯР