Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/31

 

2024       01         16                                          2024/ШЦТ/31

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2325002540594 дугаартай хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Б.М, /регистрийн дугаар:0000000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, шүүгдэгч Б.Мыг 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын 19-нийг хүртэл хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын .............тоот гэртээ жижиг бор өнгийн цүнхэнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг 5,1508 гр жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

      

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Мын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Хуучин нөхөр өвс хэрэглэдэг байсан. Юмнуудаа аваад манайхаас явахдаа гадаа болконы шкафанд үлдээсэн байсан. Би 2 охинтойгоо амьдардаг. Хорихоос өөр төрлийн ял оногдуулна уу. Би дахиж хэзээ ч ийм зүйл хийхгүй гэсэн мэдүүлэг,

 

эрүүгийн 2325002540594дугаартай хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад заасан: 

- Хэргийн газар үзлэг хийсэн тухай ...4-20 дугаар байрны ...2 дугаар орцны 6 дугаар давхарын зүүн зүг рүү харсан ногоон өнгийн төмөр хаалгатай 118 тоот хаягтай айл байна. ... нэг мөрөвчтэй бор өнгийн баавгайн дүрсэн хэлбэртэй цахилгаантай жижиг цүнх байх бөгөөд нээж үзэхэд 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, барьцаалан зээлдүүлэх гэрээний бичиг 1 хуудас, хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, жинлэн үзэхэд 3,8 гр цайвар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, жинлэн үзэхэд 6,3 гр тус тус байна. Тус жижиг цүнхний дотор талд ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл асгарсан мэт байна...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-16-р тал/

 

-гэрч Б.Нын мэдүүлсэн:..Би 2019 онд ял шийтгэгдэх үедээ өөрт байсан нотлох баримтуудыг бүгдийг нь хураалгасан. Би ямар нэгэн ургамал түүж бэлтгээгүй, Б.Мын гэрт ямарч ургамал үлдээгээгүй. Б.М худлаа хэлж байгаа юм. Өөрөө түүсэн юм уу хүнээс авсан байх гэж бодож байна. 2017 онд надтай танилцах үедээ хар тамхины ургамал хэрэглэдэг байсан. Хэнээс авдаг эсэхийг сайн мэдэхгүй байна. Өөрөө ч түүж хэрэглэж болзошгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

 

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл зориулалтын шээсний саванд бие засуулж шээсийг авч улмаар “Мulti Drug Screen Cup” тестерийг 5 минутын хугацаатай шээстэй нь байлгасны дараа “...ТНС хэсгийн ТС түвшинд 1 улаан зураас эерэг илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-28-р тал/

 

-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-28-р тал/

- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №3433 дугаартай...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.М гэж хаягласан зип лок уутанд хийж ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 1,7197 грамм, буцах үеийн цэвэр жин 1,6873 грамм байна. Цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3,4311 грамм буцах үеийн цэвэр жин нь 3,3911 грамм байна...” гэх дүгнэлт /хх-ийн 33-35-р тал/

-Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №3434 дугаартай ...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.М 0000000000, 2023.06.19 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р тал/

 

-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн... магадлуулагч Б.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шинжилгээ хийлгэх үед сэтгэц мэдрэлийн ямар нэгэн өвчингүй байна.  Б.М сэтгэцийн өвчингүй тул албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй. Өөрийн хийж буй үйлдлийг үнэн зөвөөр санах болон ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. Өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах чадвартай, мөн хэрэг харицуах чадвартай. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадартай. Б.Мд мансуурлын шинж тэмдэг илрээгүй болно. Б.М мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдэд хамааралгүй болно... гэх дүгнэлт /хх-ийн 44-45-р тал/

- Яллагдагч Б.Мын мэдүүлсэн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Б.Н гэдэг залуутай 2017 онд танилцаж 2017 ондоо дундаасаа Е, Е гэдэг хоёр ихтэй охинтой болсон боловч намайг жирэмсэн байх үед хаяад явчихсан. Тэгээд Б.Н нь өвсний хэргээр шоронд суучихаад гарч ирэн эргээд надтай дахин холбогдож 2021 оны 05 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд Хүрэнбулаг багийн 4-20-118 тоотод хамтран амьдарч миний биед гэмтэл учруулсан асуудлаас болж эргээд салсан.Энэ асуудалд гомдол гаргаж хуулийн дагуу шийдүүлсэн.Сүүлд хамтран амьдрах хугацаанд Б.Н нь Булган аймгийн Ингэт гэх газар луу явчихаад ирье гэж хэлээд шөнө гэрт орж ирэхдээ шуудайтай нойтон өвс авч орж ирээд тагтан дээр дэлгэж тавиад хатаагаад өөрөө тамхи шиг болгож байгаад татаж хэрэглээд байдаг байсан. Энэ үед нь би нэг ч удаа хамт хэрэглэж байгаагүй. Хүүхдүүдийнхээ аав нь гэж бодоод хуулийн байгууллагад хэлдэггүй байсан. Тэгээд салж явахдаа өөрийнхөө өвснүүдийг бүгдийг нь авч явсан гэж бодсон боловч тагтан дээр байдаг шүүгээнд маш бага хэмжээний хатсан өвс байж байхаар нь би 2023.06.18-аас 19-нд шилжих шөнө анх удаа тамхи шиг ороож татаж хэрэглээд үлдэгдлийг нь бор өнгийн баавгайны дүрстэй жижигхэн цүнхэн дотор хийчихсэн юм. Хэрэглэсэн шалтгаан нь миний өмнө ажиллаж байсан. Орхон Эмпати дунд сургуулийн зарим эрэгтэй багш нар ажлын байрны бэлгийн дарамт учруулж янз бүрийн зураг чат бичээд байдаг байсан болохоор стрессдсэн байсан юм, Тэгээд тамхи байхгүй болохоор нь өөрийгөө тайвшруулах гээд татаж үзсэн чинь тайвшрахгүй зөвхөн нойр хүрээд байсан, өөр мэдрэмж аваагүй… гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р тал/

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 91-95-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Үйл баримт: Шүүгдэгч Б.М нь 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 06 дугаар сарын 19-нийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын ................. тоот гэртээ хувцасны шкаф дотроо жижиг бор өнгийн цүнхэнд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг нийт 5,1508 гр жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан байна.

           

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд мөрийн баримт бэхжүүлсэн тэмдэглэл, гэрэл зураг,яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд  хангалттай гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.М нь Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан ”дельта-9 тетрагидроканнабинолын” агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд болох 5,1508 гр жинтэй өвсийг худалдаалах зорилгогүйгээр гэртээ хадгалсан болох нь  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, Б.М нь мансууруулах бодис сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн №3433 дугаартай “...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.М гэж хаягласан зип лок уутанд хийж ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 1,7197 грамм, буцах үеийн цэвэр жин 1,6873 грамм байна. Цагаан өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 3,4311 грамм буцах үеийн цэвэр жин нь 3,3911 грамм байна...” гэх дүгнэлт,Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №3434 дугаартай “...ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Б.М 0000000000, 2023.06.19 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг болно...”гэсэн дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон...сэтгэцэд нөлөөт бодис,тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар... хадгалсан... бол... ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, санаатай, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг нийгэмд аюултай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгчийн үйлдэл хуулийн дагуу цугларсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон ба хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон... сэтгэцэд нөлөөт бодис” гэдгийг, Нэгдсэн Үндэстний Байгууллагаас /НҮБ/ 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцид зааснаар “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт уг конвенцийн I, II, III, IV  жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Тухайн бодис нь:1) хараат байдлыг үүсгэх чадвартай бөгөөд 2) төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, эсхүл хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямраах чадвартай; эсхүл I, II, III, IV жагсаалтад орсон аль нэг бодисын адил урвуулан хэрэглэхэд хүргэх буюу хортой үр дагавар үүсгэх чадвартай... гэж заажээ. Монгол Улс уг конвенцэд 1999 онд нэгдэн орсон бөгөөд Мансууруулах бодисуудын тухай 1961 оны конвенцэд 1991 онд нэгдсэн байна.

 

Монгол Улсын МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ЭРГЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ хуулийн 3.1.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг,  3.1.2-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор тогтоосон үйл ажиллагааг, 3.1.4-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд” гэж хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий  ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг бодисыг ойлгоно” гэж тус тус заасан. Мөн хуулийн 13.1-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх; 13.1.8-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зэргийг хориглоно” гэж заасан тул эдгээр олон улсын гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжид заасныг зөрчсөн аливаа үйлдлийг хууль бус гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.М, Эрүүгийн хуулиар хориглосон нийгэмд аюултай үйлдлийг санаатай хийсэн гэм буруутай үйлдэл нь дээрхи шүүхийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн нотлогдсон тул,

 Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

   2.Эрүүгийн хариуцлагын талаар

    

         Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт” Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж

           2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

        -шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг сонгож оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж, хувийн байдалд тохирно гэж дүгнэж шийдвэрлэв.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх саналтай гэж,

-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа: Гэм буруугаа хүлээж ойлгож байгаа. Зорчих эрх хязгаарлах ялын хугацааг багасгаж оногдуулна уу гэж тус тус дүгнэлт гаргасан байна.

Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нийгмийн аюулын хэмжээгээр олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг байдгаараа хор уршиг ихтэй боловч Б.М нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, ажил эрхэлдэг, асрамжинд нь бага насны 2 хүүхэд байгаа зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах  ял оногдуулахаар шийдвэрлэсэн ба оногдуулах хариуцлагыг хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бор өнгийн баавгайн дүрсэн хэлбэртэй цахилгаантай жижиг цүнх 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, барьцаалан зээлдүүлэх гэрээний бичиг 1 хуудас, 3,8 грамм хар  өнгийн гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, 6.3 грамм цайвар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг заалаа.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мыг 1 /нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хязгаарлах зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн баавгайн дүрсэн хэлбэртэй цахилгаантай жижиг цүнх 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, барьцаалан зээлдүүлэх гэрээний бичиг 1 хуудас, 3,8 гр хар  өнгийн гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл, 6.3 гр цайвар өнгийн гялгар ууттай ногоон өнгийн нунтаг ургамал мэт зүйл/ нийт 5,0784 гр/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүнйий өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АРИУНЦЭЦЭГ