| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/34 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/34
2024 01 18 2024/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд
Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Гт холбогдох эрүүгийн 2425000000007 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймаг Дархад суманд төрсөн, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум, Баян-Цагаан баг, Шинэ хороо 26-3 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээгээр шийтгүүлж байсан, тэнсэх ял 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дууссан, Дархад ургийн овгийн Даваагийн Г /регистрийн дугаар: РВ88070639/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, .....................................тоот гэртээ хохирогч Ш.Г нь иргэн М.От хандан “наад Гөө алаад өг” гэж хэлсэнд уурлан түүний нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Д.Гийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:
-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6-р тал/
-шүүгдэгч Д.Гийн согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 9-р тал/
-хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /14-16-р тал/
-хохирогч Ш.Гын мэдүүлсэн:... 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө би хуурай дүү Гийн гэрт Гийн хамт 0,5 литрийн 1 шил архийг хуваагаад ууж байтал Гийн хүргэн О орж ирсэн. Ингээд бид 3 ууж эхэлсэн. Тус архийг уухаас өмнө Г бид 2 хугас шил архийг уучихсан байсан юм. Тэгээд би согтоод хэсэг хэвтсэн бөгөөд нэг мэдсэн чинь хүмүүс шуугилдаад байсан. Тухайн үед согтолтын улмаас би болсон явдлыг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан Г намайг гараараа нүүр лүү маань цохичихсон. Тэгтэл миний зүүн нүд хавдаад юм харахаа больсон юм. Тэгээд байж байтал цагдаа ирчихсэн байсан. Намайг яагаад цохисныг мэдэхгүй байна, би өөрөө бодохдоо би хэн нэгэнтэй маргалдаагүй байх. Намайг Гөөс өөр хүн цохиогүй бөгөөд би хэн нэгнийг цохиогүй.Бусад хүмүүс яагаад шуугилдаад байсныг мэдэхгүй байна. Би Гтэй хуурай ах дүүсийн холбоотой бөгөөд урд өмнө маргалдаж муудалцаж байгаагүй юм ... Одоо миний бие зүгээр болсон, би шүүх хуралд суухгүй. Надад өөр ярих зүйл байхгүй " гэх мэдүүлэг /хх-ийн 19, 21-р тал/
-гэрч Ц.Нмэдүүлсэн... 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би хамтран амьдрагч Гийн гэрт Г, О, Г ах нарын хамт архи уусан. Тэгтэл О нь над руу агсараад миний үснээс зулгаасан тэгэхэд Г Оыг надаас салгаад дээр нь дарсан юм. Г ах тэгтэл Од хандан “Гийг ал ал гээд орилоод байсан юм”. Г тэгтэл Г ахыг гарынхаа араар нүүр рүү нь хальт цохисон. Тэгтэл Г ахаас цус гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/
-гэрч М.Оын мэдүүлсэн:.. 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр би хадам ах Гийн гэрт Г ах, Н, Г ах нарын хамт 2 шил архи хувааж уусан юм. Ннамайг Г ахынд ороход хөөгөөд байдаг байсан болохоор тэр асуудлаас болж Нбид 2 хэрэлдсэн. Тэгээд байж байтал хадам ээж орж ирээд цагдаа дуудсан. Би тухайн үед согтуу байсан учир зарим явдлыг санахгүй байна. Харин Г ах тухайн үед согтчихоод олон юм яриад байхаар нь Г ах түүний нүүр рүү гараараа нэг удаа цохисон юм... гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Бын 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1071 дугаартай ...Ш.Гын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-ийн 32- 33-р тал/
-Шүүгдэгч Д.Гийн яллагдагчаар мэдүүлсэн.... Тэгтэл О нь “пязда нарыг бүгдийг нь ална” гэж босож ирээд Н үсдээд авсан юм. Тэгэхээр нь би зууралдаж байгаад салгасан. Тэгтэл Г ах Од хандан “наад Гийгөө алаад өг” гээд байсан юм...би Г ахын нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Тэгтэл Г ахын зүүн нүд хавдаад, миний баруун гарын алганы хойд хэсэг хавдаад, гар тулчихсан байсан юм. Тэгээд байж байтал цагдаа ирсэн юм... Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/
-Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-75-р тал/
-Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/460 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 77-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Д.Г нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан баг Шинэ тосгон 26-03 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хамт архи ууж байсан Ш.Гын нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, зүүн нүдний зовхинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Гийн үйлдлийн улмаас Ш.Гын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Д.Гийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Хохирогч төлбөр нэхэмжлээгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 1 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял санал болгосон гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй гэж тус тус санал дүгнэл гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Д.Гийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Ш.Г нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д ургийн овгийн Д.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Д.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон ургийн овгийн Шагдаржавын Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нарангэрэлд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нарангэрэлд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ш.Нарангэрэлд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ