Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 1280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2020/01016/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ...  тоотод оршин суух, ...  регистрийн дугаартай, М овогт А.А нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...  тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Б овогт О.Х холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2010 танилцаад хамтын амьдралын хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Х.У, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Х.Х, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр охин О.Ан нар төрсөн. О.Х нь бага охин Х.Аныг төрөхөөс нэг сарын өмнө гэрээсээ гараад ирээгүй. Бага охиноо тэвэрчиж үзээгүй. Сүүлийн үед миний эрүүл мэнд муудаж, эмчлүүлэх шаардлагатай болоод гурван хүүхдээ харж чадахгүй байна, хэд хоног хараад өгөөч гээд Хаас гуйсан тэгтэл 2-3 цагийн дараа хүүхдүүд чинь уйлаад байна гээд буцаагаад авчирч өгсөн байсан. Миний бие нь эрүүл мэнд муу, ажилгүй, гурван хүүхдээ тэжээн тэтгэхэд хэцүү байх тул бага охин Х.Аныг өөрийн төрсөн ахдаа өргүүлэх санал тавьж, ах маань зөвшөөрсөн байгаа. Одоо хэтэрхий бага байгаа учир нэг ой гарсны дараагаар өргүүлэхээр болсон. Өнгөрсөн 2020 оны 04 дүгээр сард О.Хтай уулзахаар гэртэй хэлэлгүй очиход О.Х нэг хүүхэнтэй хамт хэвтэж байсан, тэр хүүхэнтэйгээ амьдарна, чамаас салахаар шийдсэн гэж надад хэлсэн. Иймээс О.Хаас гэрлэлтээ цуцлуулж, гурван хүүхдээ өөрийн асрамжид авч, гурван хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч О.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Би 1989 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дархан хотод төрсөн. 2010 онд ТЭМС-д сурч байгаад Атэй танилцаад хамт амьдарч эхэлсэн. Бид эхний жилүүдэд сайхан амьдарч байсан. Хамтын амьдралын хугацаанд би хөдөөд ажиллаж байгаад ирэхээр А нь янз бүрээр хэлж, гэр орноосоо хөөдөг. Энэ байдал надад хэцүү байдаг учир гэрээсээ гараад архи дарс хэрэглэдэг байсан нь үнэн. Бидний дунд хэрүүл маргаан, уур уцаартай үеүд байсан. Гэхдээ эхнэр хүүхдүүдээ зодож айлгаж байгаагүй. Сэтгэл санаа тогтворгүй байх үедээ нэг хүүхэнтэй хамт амьдарч байсан. Одоогоор гэртэй ганцаараа амьдарч байгаа гэв.  

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч О.Хт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч А.А, хариуцагч О.Х нар нь 2010 онд танилцаж, 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болон 2012 оны 05 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулан хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 05 сарын 02-ны өдөр охин Х.У, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр охин Х.Х, 2020 оны 03 сарын 06-ны өдөр охин Х.Ан нарыг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зохигч талууд нь сүүлийн жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь эвлэрэн хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачилга гаргаагүй, тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 136 дугаартай Эвлэрлийн гэрээгээр талууд эвлэрэн хэлэлцээгүй байна.

 

Мөн тус хэргийг шүүхээр хянан хэлэлцэж, шүүхийн шүүгчийн 2020 оны 09 сарын 30-ны өдрийн ... дугаартай захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн боловч энэ хугацаанд гэрлэгчид эвлэрэн хэлэлцээгүй байна. 

 

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч А.А, хариуцагч О.Х нарын дундаас 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Х.Ан нь 9 сар 5 хоногтой болох нь тогтоогдож байх бөгөөд энэ тохиолдолд дээрх хуульд зааснаар гэрлэлт цуцлахыг хориглосон байх тул нэхэмжлэгч А.Аийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Зохигчид нь цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх талаар хэн аль нь санаачлага гаргах шаардлагатай бөгөөд боломжгүй тохиолдолд дахин нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар нэхэмжлэгч А.Аийн О.Хт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА