Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/166

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч С.*******жаргал,

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт ******* *******жаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2405000000039 дугаартай эрүүгийн  хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 6 дугаар сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн *******, ******* *******од оршин суух хаягтай, урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 515  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, /РД:ЦВ*******/, ******* овогт Санжаагийн *******жаргал.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.*******жаргал нь 2023 оны 12 дугаар сарын 17-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” шатахуун түгээх станцын 31 дүгээр байранд иргэн *******ий биед "бензин өгсөнгүй” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар гараар түлхэж цээж хэсгээр нь ширээ мөргүүлсний улмаас баруун 7-р хавирганы зөрүүгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч С.*******жаргал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******жаргал мэдүүлэхдээ “2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр би өвөө болоод анх удаа худуудтайгаа уулзах гээд Яармагт очсон. Би тэр өдөр машин бариад явж байсан бөгөөд  буцах гээд явж байтал бензин дуусах гэж байсан учраас шатахуун түгээх газарт автобусны буудлаас эхлүүлэн 2 цаг 40 минут орчим дугаарлаж зогссон. Бид нарыг шатахуун түгээх газарт эхлээд очиход   бензин түгээгүүрийн машин ирж бензин өгч байсан. Тэгэхээр нь энэ том машин нь  40, 50 тонн байгаа байх, хангалттай хүрнэ гэж бодоод дугаарлаж зогссон. Тэгээд оочирлоод очтол бензин дууссан гэж хэлсэн. Олон хүмүүс энэ хүний ажлын байр руу орж бензин өг гэж шаардсан. Намайг ороход 10 гаруй хүн байсан. Тэгэхээр нь би та нар байж бай, учир зүйгээ ольё гэж хэлсэн. Би энэ хүүхдэд эхлээд хараалын үг хэлсэн байж магадгүй. Гэхдээ чи ядахдаа 5 литр бензин өгчих гэж хэлсэн чинь энэ хүүхэд над руу босож ирээд хараал хэлээд зогссон. Тухайн үед би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Би тухайн үеийг хэлж мэдэхгүй байна, ухамсартай үйлдэл биш миний буруу. Би энэ хүнийг түлхсэн, гэтэл босож ирээд утас гаргаж ирээд нэг хүнтэй ярьж байсан. Ирсэн бензин чинь хүрэхгүй хүмүүс хэл ам болж байна гэж ярьж байсан. Тэгээд би энэ хүүхдийг замаасаа холдуулж түлхээд яваад өгсөн өөр зүйл болоогүй. Тэр өдрөөс хойш ажил төрөл хийж чадаагүй. Хохиролын төлбөр төлөх тал дээр өөрт мөнгө төгрөг байхгүй болохоор би худлаа хэлж чадахгүй байна. Би гэм буруугаа ойлгож байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “2023 оны 12 дугаар сарын 17-ны оройн 19 цагт бензин ирсэн. Хүмүүс 2 цаг гаруй хугацаанд оочирлосон нь үнэн. 2-3 тонн бензин ирээд дуусаж байгаа тохиолдолд түгээгч бид нар юу ч хийж чадахгүй. Намайг дулаацах гээд өрөө рүүгээ ортол араас 6-7 хүн өрөөнд орж ирж над руу уурлаж дайрсан. Тэгэхээр нь би та нар манай өрөөнөөс гар гэтэл энэ ах намайг цохих гэж байна гэж бодсон уу намайг шууд түлхэж унагаасан. Тэгээд утсаараа цагдаа дуудсан бөгөөд тухайн хүнийг та байж бай гэж хэлээд үүдэнд очиход дахиж намайг машин руу түлхсэн. Машин мөргөж унахад надад гэмтэл учраагүй. Тэр өдрөөс хойш 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлаа хийж чадаагүй. Банкны зээлээ төлж чадахгүй байдалд орсны улмаас банкнаас намайг шүүхэд өгнө гэсэн. Би ээж 4 дүүгээ тэжээдэг, ээж маань бие муутай. Би ээжийнхээ эмийг 2 сар гаруй хугацаанд авч чадаагүй. Өөрийнхөө гэмтэлд эм тариагаа бүрэн авч хэрэглэж чадаагүй. Ажлын газраас 500.000 төгрөг өгснөөс 160.000 төгрөгөөр томографт харуулаад эм уухгүйгээр 2 сар гаруй хугацаанд гэртээ байсан. Би сард борлуулалтын нэмэгдэлтэй нийтдээ 1.000.000 төгрөгийн цалин авдаг. Үүнээсээ зээлэнд 500.000-600.000 орчим төгрөг төлдөг. Би эрүүл мэндээрээ хохироогүй ажлаа хийж байсан бол ийм хүнд байдалд орохгүй байх байсан.Эмчилгээний 466.520 төгрөгийн баримтын зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилж байна.  Тухайн үед хэдэн төгрөгийн зарлага гарсан гэдгийг мэдэхгүй байна, баримтгүй олон зардал гарсан. Би гомдолтой байна гэв.

Гурав: Эрүүгийн 2405000000039 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...цаанаас улбар шар өнгийн хувцастай тухайн шатахуун түгээх станцын ажилтан сандлаас босож байгаа харагдана. 20 секундэд тухайн хүмүүс гарсны дараа тухайн хэргийн хохирогч холбогдогч нар үлдэх бөгөөд холбогдогч хохирогчийг баруун гараараа зуураад нааш цааш савж байгаа харагдана. 22 дахь секундэд хохирогч газарт дээш харан түлхэгдээд унаж байгаа харагдана. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд 27 секундэд хохирогч газраас сандал түшин босож байгаа харагдана. 37 секундэд хохирогч нь баруун гараараа хавирган тус газартаа дарж байгаа харагдана...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-08 дахь тал),   

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн хохирогчоор өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 17-нд би Шунхлай ШТС 24 цагаар ажиллах ээлжтэй байсан. Тэгээд 19 цагийн үед АИ92 бензин дуусаж байсан тул саваа шалгачхаад гадаа оочирлож байсан машинуудад бензин дуусах гэж байна цөөхөн машинд бензин өгөөд зогсоолоо гэж хэлээд ажлынхаа өрөөнд орж ирж бага зэрэг дулаацсан. Тэгтэл миний араас 7-8 хүн орж ирэхээр нь гадны хүн орж болохгүй шүү гээд хүмүүсийг гаргахаар хаалгаа түгжих гэтэл үл таних 40-50 орчим насны хар куртиктэй өндөр бүдүүн ах дайрч орж ирээд пизда минь чи яахаараа бензин өгдөггүй юм гэхээр нь би ахаа би мэдэхгүй шүү дээ гэж хэлтэл шууд намайг түлхээд ажлын ширээний буланг баруун цээжээр минь мөргүүлсэн. Тэгээд би босож ирээд цагдаа дуудаад тэр хүнийг явуулахгүй гэж хэлтэл намайг хаалга руу түлхчхээд яваад өгсөн. Би тухайн хүнийг одоо харвал танина. Тэр хүн цагаан өнгийн “Prius 30” маркийн УАО улсын дугаартай машинд суугаад явсан. Би гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дах тал),

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ийн гэрчээр өгсөн: “Тухайн өдөр тээврийн хэрэгслийг манай нөхөр С.*******жаргал нь жолоодож явж байсан. Бид хоёр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станцаас бензин авахаар 2 цаг 30 минут орчим оочерлож байгаад оочер ирэхэд манай урд талын авто машинаас оочер таслаад бензин дууссан гэж нэг бичиг наачхаад тухайн эмэгтэй цааш хараад яваад өгсөн. Би болон манай нөхөр бид хоёр тухайн үед охиныхоо бага насны хүүхэдтэй явж байсан бөгөөд учирлаж хэлэх гэтэл тухайн түгээгч эмэгтэй огт сонсоогүй цааш ажил руугаа орсон. Тэгтэл манай нөхөр болон урд хойд талд зогсож байсан машины хүмүүс бүгд бензин авъя гээд тухайн эмэгтэйн араас ажил руу нь орсон бөгөөд манай нөхөр мөн дагаад орсон. Удалгүй манай нөхөр 1-2 минутын дараа гарч ирээд машиндаа орж ирээд тухайн түгээгч өөдөөс дайраад байхаар нь би түлчхээд гараад ирлээ гэж хэлээд машинаа бариад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

5. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 642 дугаартай “*******гийн биед баруун 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******жаргалын сэжигтнээр өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эхнэрийнхээ нэр дээр  байдаг УАО улсын дугаартай “Toyota Prius 30” маркийн тээврийн хэрэгсэлтэй Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шунхлай шатахуун түгээх станц дээр 2 цаг 40 минут оочерлож байгаад яг бензин авах гэтэл шатахуун түгээгч нь бензин дууссан гээд бичиг наачхаад цааш алхаад өрөө рүүгээ орсон. Би болон надаас гадна 7-8 хүн тухайн шатахуун түгээгчийн ажлын байр руу нь ороод маргалдаад байхаар нь би араас нь ороод ингээд хэрүүл маргаан хийгээд байвал бензин олдохгүй ээ хэдүүлээ эвтэйхэн ярилцъя гээд тухайн хүмүүсийг гарч бай гээд гаргаад тухайн шатахуун түгээгч эмэгтэйтэй эвээр ярилцъя гэтэл тухайн эмэгтэй сандлаасаа босож ирээд бензин хүрэхгүй байна, бензин бага ирээд дуусчихсан байхад та нар над руу дайрлаа гэж хэлээд над руу дөхөхөөр нь би тухайн эмэгтэйг цааш түлхэхэд тухайн эмэгтэй баруун гараараа ширээгээ савж цохиод газарт унасан. Тухайн эмэгтэй босож ирээд намайг цохих гээд дайрахаар нь би тухайн эмэгтэйд хандаж чи хүний биед хүрэхгүй шүү гэж хэлээд гараад явсан үйл явдал маш хурдан болсон. Тухайн эмэгтэй утсаа гаргаж ирээд энэ бензин чинь дуусчихсан хүмүүс над руу дайраад байна гээд хүнтэй утсаар яриад үлдсэн...Тухайн  эмэгтэй нь миний биед халдаагүй тул надад ямар нэгэн гэмтэл шарх учруулаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.*******жаргалын яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед бензин хомс маш их оочиртой байсан бөгөөд миний уур бага зэрэг хүрсэн байсан бөгөөд би тухайн эмэгтэйг өөдөөс босоод ирэхээр нь түлхсэн. Миний буруу би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),

8. Хохирлын  баримтууд (хавтаст хэргийн 47-48 дахь тал),

9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 44 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 51 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч С.*******жаргал нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны оройн 19 цаг орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” шатахуун түгээх станцын 31 дүгээр ажлын байранд түгээгч *******г “бензин өгсөнгүй” гэх шалтгаанаар түүнийг гараараа түлхэж цээж хэсгээр нь ширээ мөргүүлж баруун 7 дугаар хавирганы зөрөөгүй хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-08 дахь тал),  *******гийн хохирогчоор өгсөн: “...үл таних 40-50 орчим насны хар куртиктэй өндөр бүдүүн ах дайрч орж ирээд пизда минь чи яахаараа бензин өгдөггүй юм гэхээр нь би ахаа би мэдэхгүй шүү гэж хэлтэл шууд намайг түлхээд ажлын ширээний буланг баруун цээжээр минь мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12-14 дэх тал), ийн гэрчээр өгсөн: “...тухайн түгээгч өөдөөс дайраад байхаар нь би түлчхээд гараад ирлээ гэж хэлээд машинаа бариад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 642 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), С.*******жаргалын сэжигтнээр өгсөн: “...над руу дөхөхөөр нь би тухайн эмэгтэйг цааш түлхэхэд тухайн эмэгтэй баруун гараараа ширээгээ савж цохиод газарт унасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),  хохирлын  баримтууд (хавтаст хэргийн 47-48 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******жаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч С.*******жаргал нь хохирогчийг гараараа түлхэж ширээ мөргүүлж унагасан шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос С.*******жаргалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч С.*******жаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч *******гийн биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хавтаст хэргийн 47-48 дахь талд хохиролтой холбоотой нийт 466.520 төгрөгийн эмчилгээтэй холбогдох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч С.*******жаргалаас гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон хохирол хор уршигтай холбоотой бусад нэхэмжлэлийг нотлох баримтгүйгээр энэ шүүх хуралдаанаар тооцоолон бодож, хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй.                                 

Эдгээртэй холбогдох нэхэмжлэлээ хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.*******жаргалаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдаж байна.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч С.*******жаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.*******жаргалд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Иймд шүүхээс шүүгдэгч нь хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан шүүгдэгч С.*******жаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, С.*******жаргал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                    

ТОГТООХ нь:

1. ******* овогт Санжаагийн *******жаргалыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч С.*******жаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.                        

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.*******жаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******жаргалаас 466.520 төгрөг гаргуулж хохирогч *******д олгосугай.

6. Хохирогч ******* өөрт учирсан хохирол хор уршиг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.*******жаргалаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

7. Хэргийн хамт ирүүлсэн камерын бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, С.*******жаргал нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ