Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/165

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305022590071 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 06-нд Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн*******, ******* *******од оршин суух хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүргийн *******, ******* од түр оршин суудаг гэх, урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 362 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 сарын хугацаагаар хойшлуулсан, /РД:УХ/, ******* овогт *******ын *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч З.******* нь 2023 оны 6 дугаар сарын 01-нд Төв аймгийн Заамар сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчихоор хохирогч Л.ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд сууж 2023 оны 6 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 01 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5 шарын автобусны буудал орчим буухдаа хохирогчийн гар цүнхнээс 840.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч З.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Дахиж ийм алдаа гаргахгүй.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305022590071 дугаартай хэргээс

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал)

2. Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Л. нь 1-ээс 6 хүртэл дугаарласан зургаан хүний зургийг харуулахад ямар нэгэн эргэлзээгүйгээр 5 дугаараар тэмдэглэсэн хүнийг зааж энэ хүн мөн байна гэж хэлэв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-37 дахь тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Л.ийн өгсөн: “Би Улаанбаатар хот болон Заамар сумын хооронд өөрийн машинаараа хүн тээвэр хийдэг юм. 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Шижир алтаас 4 хүн аваад Улаанбаатар хот руу явсан. Би өөрийнхөө гар цүнхийг машиныхаа голд суудлын хажууд тавьсан байсан. Улаанбаатар хотод шөнийн 01 цаг өнгөрч байхад орж ирсэн. Хамт явсан 3 хүнийг 5 шарын автобусны буудал дээр буулгасан. Нэг хүнээ саппорогийн автобусны буудал дээр буулгасан. Тэр хүн зардлаа өгөхөөр нь би цүнхэндээ хийх гэтэл миний цүнхэн дотор байсан түрийвчтэй мөнгө алга болсон байсан. Би тэр даруй сүүлд буусан 2 хүн рүү залгаж асуухад гэх хүн нь таны хажууд явсан ******* гэх залуу таны цүнхийг ухаж байгаад мөнгө аваад энгэрийнхээ халаас руу хийсэн гэж хэлсэн. 840.000 төгрөг байсан бөгөөд Заамар сумаас хамт ирсэн гэх залуутай би холбогдож асуухад тэрээр Баянхонгор аймагт байна. Би *******той хамт караоке орсон. Тэгэхэд ******* Заамар сумаас ирэхдээ мөнгөгүй надаар зардлаа төлүүлж ирсэн. Улаанбаатар хотод очоод караоке ороход ******* мөнгөтэй болсон байсан. Тэгэхээр нь би чи юун мөнгөтэй болсон юм бэ гэхэд тэр би жолооч эгчийн цүнхнээс мөнгийг нь авчихсан юм гэж хэлсэн гэж утсаар ярьсан. Би алдсан мөнгөө олж авмаар байна. ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.ын өгсөн: “******* бид хоёр уурхайгаас буугаад сум дээр ирээд явах унаагаа хүлээж байх хоорондоо биллиард тоглож байх үедээ 0.5л нэг шил архи, 0.33 граммтай 1 шил нийт 2 шил архи хувааж уугаад нэлээд согтсон бөгөөд унаандаа суугаад би Улаанбаатар хот ортол унтсаар байгаад ирсэн. ******* бид хоёр 5 шарын автобусны буудлын ойролцоо машинаасаа буугаад таксинд суугаад 100 айлын ойролцоо караокед орохоор болоод тэгээд би *******т чамд мөнгө байхгүй биз дээ чиний зардлыг би өгчихсөн харин чи маргааш банк ороод над руу шилжүүлээрэй гэсэн чинь ******* зүгээрээ найзаа найзад нь мөнгө байгаа би сая сууж ирсэн машины жолооч эгчийн мөнгийг нь хулгайлчихсан юмаа гээд их хэмжээний мөнгө гаргаж харуулж байсан бөгөөд би тэр үед нь *******т хандан чи яаж байгаа юм бэ болохгүй шүү дээ гэж хэлтэл огт тоосон шинжгүй зүгээрээ л гэж байсан тэгээд ******* нэг найзыгаа дуудчихъя гээд утсаараа найз руугаа яриад дуудсан...******* уг мөнгөө юунд зарцуулсан талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн З.*******ийн өгсөн: “... Би тэгээд манай нэг хамт ажиллаж байсан найз болон ахиад танихгүй өөр 2 хүнтэй дөрвүүлээ тухайн эгчийн машинд суугаад тохиролцоод явсан. Би тухайн машины урд сууж байсан ба тухайн таксины эгч гол их үерлэсэн байна би бууж хараад ирье гэж хэлээд машинаас буугаад өгсөн тэр үед хамт явж байсан 2 хүн ч гэсэн бие засахаар надтай хамт ажиллаж байсан залуу тамхи татахаар гараад явсан байхад жолооч эгчийн цүнх нь онгорхой түрийвч нь ил харагдаад байхаар нь аваад нээгээд үзэхэд маш их 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байхаар нь би атгаж аваад гадуур хувцасны дотор халаасанд хийсэн. Удалгүй бүгд машинд орж ирээд бид нар цаашаа замдаа гарсан. Гэгээ тасарч байхад хотод орж ирээд би болон надтай хамт ажиллаж байсан залуу бид 2 эгчид тооцоогоо өгөөд Цамбагаравын автобусны буудал дээр буусан. Би тэгээд хамт ажиллаж байсан залуудаа машинаас буугаад цаашаа явж байхдаа би чамд нэг юм үзүүлэх үү гэж нөгөө мөнгөө гаргаж ирээд тоолоход надтай хамт ажиллаж байсан залуу гайхаад асуухад миний мөнгө өнөөдөр хоёулаа шоудна гэж хэлээд тоолоход 769.000 төгрөг байсан. Тэгээд бид хоёр тухайн өдрөө тухайн мөнгийг үрээд дуусгасан. Би тухайн үед бага зэргийн согтолттой явж байсан болохоор архины халуундаа авчихсан. Би хохирлоо нөхөн төлнө.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал)

6. Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хохирогч Л.т 800.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дахь тал),  

7. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч З.******* нь 2023 оны 6 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Заамар сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчихоор Л.ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд суугаад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр 5 шарын автобусны буудал орчим буухдаа хохирогчийн гар цүнхнээс 840.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 840.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 08 дахь тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 30-37 дахь тал), хохирогч Л.ийн өгсөн: “...Улаанбаатар хотод очоод караоке ороход ******* мөнгөтэй болсон байсан. Тэгэхээр нь би чи юун мөнгөтэй болсон юм бэ гэхэд тэр би жолооч эгчийн цүнхнээс мөнгийг нь авчихсан юм гэж хэлсэн. Надтай гэж надтай 89280013 дугаарын утсаар ярьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),  гэрч Т.ын өгсөн: “...******* зүгээрээ найзаа найзад нь мөнгө байгаа би сая сууж ирсэн машины жолооч эгчийн мөнгийг нь хулгайлчихсан юмаа гээд их хэмжээний мөнгө гаргаж харуулж байсан бөгөөд би тэр үед нь *******т хандан чи яаж байгаа юм бэ болохгүй шүү дээ гэж хэлтэл огт тоосон шинжгүй зүгээрээ л гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал) сэжигтэн З.*******ийн өгсөн: “...жолооч эгчийн цүнх нь онгорхой түрүүвч нь ил харагдаад байхаар нь аваад нээгээд үзэхэд маш их 20.000 төгрөгийн дэвсгэртүүд байхаар нь би атгаж аваад гадуур хувцасны дотор халаасанд хийсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал), эд зүйл хүлээлгэн өгсөн “...хохирогч Л.т 800.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн...” мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 28 дахь тал)  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

Уг гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Энэ хэргийн тухайд хохирогчийн мэдүүлснээр “...Би өөрийнхөө гар цүнхийг машиныхаа голд суудлын хажууд тавьсан байсан...Тэр хүн зардлаа өгөхөөр нь би цүнхэндээ хийх гэтэл миний цүнхэн дотор байсан түрийвчтэй мөнгө алга болсон байсан...” гэх үйл баримт нь мөрдөн байцаалтын явцад цуглуулж бэхжүүлсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд хохирогч нь өөрийн цүнхтэй мөнгийг машины голд ил тавьж үлдээсний улмаас өөрийн өмч хөрөнгийг хадгалах, хамгаалах чадвар нь түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж, шүүгдэгч З.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд хяналтын прокуророос З.*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Тав: Хохирол төлбөрийн талаар.   

Шүүгдэгч З.*******ийн үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 840.000 төгрөгийн хохирол учирсан байх ба хавтаст хэргийн 28 дахь талд хохирогч Л.т 800.000 төгрөгийг бэлнээр өгч гарын үсэг зуруулсан мөрдөгчийн тэмдэглэл, хавтаст хэргийн 68 дахь талд хохирогч нь “гомдол санал байхгүй, хохирлоо авлаа” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар шүүгдэгч З.*******ийг энэ хэрэг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч З.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал дүгнэлтийг гаргалаа.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

З.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч З.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр /01/ нэг жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүхээс З.*******од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг З.*******т мэдэгдэв.

Хэрэгт З.******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. З.*******од тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан  “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг З.*******т мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

6. Шүүгдэгч З.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт З.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг  тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ