Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0356/З |
Дугаар | 128/ШШ2022/0462 |
Огноо | 2022-06-15 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2022/0462
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х***** н***** т***********” ХХК
Хариуцагч: С****с*******,
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******** нарын хоорондын тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан талаарх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, Х.Т******, хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********, хариуцагч С****с*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х***** н***** т***********” ХХК-иас Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дүгээр дүгнэлт, С****с*******ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х***** н***** т***********” ХХК”-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч тус шүүхэд 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасан.
3. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 153 дугаар албан бичгээр “Дундговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2021 онд зарласан ДУГАОНӨГ/202101030 кодтой “Сумдын албан хэрэгцээнд бохир сорох автомашин”, ДУГАОНӨГ/202101001 кодтой “Сайнцагаан сумын Далай хорооллын 0,4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил” болон ДУГАЦДСЗДТГ/202101005 кодтой “Трактор” худалдан авах цахим тендерүүдэд хуурамч материал бүрдүүлж оролцсон Тодбаярт ХХК, Х***** н***** т*********** ХХК, Оттомир ХХК болон Мета менежмент ХХК-иудыг илт худал мэдээлэл бүхий ирүүлсэн гэж үзэн дээрх компанийн материалыг шалгуулан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлд хамруулахаар холбогдох мэдээлэл, нотлох баримтын хамт хавсралтаар хүргүүлж байна” гэжээ. /х.х-н 43/
4. Уг албан бичгийн дагуу Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч хяналт шалгалт хийж, улмаар 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дүгээр дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Х***** н***** т***********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж шийдвэрлэжээ.
5. Улмаар С****с*******ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 75 дугаар тушаалаар “Х***** н***** т***********” ХХК-ийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах этгээдийн жагсаалтад оруулсан байна.
6. “Х***** н***** т***********” ХХК-ийн захирал Б.Б****** шүүхэд гаргасан нэхэмжлэл, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, Х.Т************р нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан ДУГАОНӨГ/202101001 дугаартай ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцохоор 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр "Шүүхийн тусгай архив"-ийн газраас тодорхойлолтыг өмнө нь авч байсан журмын дагуу цахим шуудангаар тодорхойлолт хүссэн албан тоот, тодорхойлолтын төлбөрийг илгээсэн боловч цахим шуудангаар тодорхойлолт өгөхгүй www.tender.gov.mn -аас цахимаар авна yy гэсэн хариу ирсэн бөгөөд уг вэб сайтаас тодорхойлолтыг тендер нээхээс 2 хоногийн өмнө авах гэсэн боловч ажлын 3-аас доошгүй хоногийн өмнө хүсэлт илгээнэ үү гэж хүсэлт хүлээн авахгүй байсан. Иймд тендер нээх хугацаа тулсан тул аргагүй байдалд орж урьд авсан байсан "Шүүхийн тусгай архив" тодорхойлолтын утга агуулгад /Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаагүй болох өөрчлөлт оруулахгүйгээр зөвхөн огноог өөрчлөн илгээсэн. Гэтэл Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********гийн гаргасан илт худал мэдээлэл илгээсэн гэх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн" гэх шалтгаанаар тендерт оролцох эрх хязгаарлах шийдвэр гаргасан. Бид энэхүү шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бид ямар нэгэн худал мэдээлэл илтгээгүй ба ямар нэгэн иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй. Бид аль нэг шүүхэд хариуцагчаар татагдсан тухай тодорхойлолтыг шүүхэд хариуцагчаар татагдаагүй гэж эрх бүхий байгууллагын тодорхойлолтыг илт худал мэдээллээр сольсон бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг эрх бүхий улсын байцаагч тогтоосон. Харин хуурамч бичиг баримт гэж эрх бүхий байгууллага хуулийн байгууллагаар шалгуулан тогтоолгох боломжтой. Өөрөөр хэлбэл илт худал мэдээлэл гэдгийг тодорхойлсон тодорхойлолт бөгөөд харин бидний шүүхэд хариуцагчаар татагдаагүй гэсэн тодорхойлолтыг энэ тодорхойлолтод илт худал мэдээлэл гэж үзэх боломжгүй бөгөөд үүнээс үүдэн манай байгууллагын худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг гурван жилээр хязгаарласан улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Гэтэл нотлох баримтаар ашигласан ахлах байцаагчийн улсын УБ/49 дугаар дүгнэлтэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтыг баримтлаагүй. Зөвхөн ерөнхий заалт буюу мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтын баримталсан. Тендерт оролцуулах эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх 3 үндэслэл байдаг. Энэ үндэслэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.1.5, 14.1.6, 14.1.7-д заасан байдаг бөгөөд яг аль үндэслэлээр манай компанид холбогдуулан дүгнэлт гаргаад байгаа нь тодорхойгүй байна. Мөн С****с*******ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хавсралтаар "Х***** н***** т***********" ХХК-ийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-ын 2.4-т "Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ гэж заасанд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
7. Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Ч.Б******** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтад “энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах" эрхийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчид олгосон ба тус заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад "илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж заасан байдаг. Дээрх хуулийн дагуу зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд "Х***** н***** т***********" ХХК нь хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн тухай мэдээллийг захиалагч байгууллагаас тус яаманд ирүүлсэн тул хуульд зааснаар хяналт шалгалтын ажил хийсэн. Сонсох ажиллагааны үеэр "Шүүхийн төрөлжсөн архивд хандаж иргэн, хуулийн этгээдтэй маргаангүй талаар тодорхойлолт авахыг хүссэн боловч цахимаар тодорхойлолт авах болсныг мэдэгдсэний дагуу худалдан авах ажиллагааны системээр хүсэлт илгээсэн боловч тендерийн нээлт хийхээс ажлын 3 хоногийн өмнө хүсэлт илгээсэн байх ёстой гэсэн үндэслэлээр тодорхойлолт авах хүсэлт идэвхжээгүй тул өмнө авч байсан тодорхойлолтыг тендерт илгээсэн. Тус компани шүүхийн аливаа асуудалд хариуцагчаар оролцож байгаагүй нь үнэн тул бодит байдлыг харгалзаж үзнэ үү” гэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн тусгай архиваас дээрх тодорхойлолтын талаар 2021 оны 6 дугаар сарын 1/8580 тоот албан бичгээр “ ... "Х***** н***** т***********" ХХК нь тус архиваас 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6049 тоот албан бичгээр Төрийн худалдан авах ажиллагааны газарт, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/8223 тоот албан бичгээр "Тэгш плант" ХХК-д тус тус хаяглуулан тодорхойлолт авсан байна. Тус компани нь дээрх албан бичгүүдийн тэргүүг “ТОДОРХОЙЛОЛТ” гэж өөрчлөн засварлаж, баримт бичиг хуурамчаар үйлдэн танайд хүргүүлсэн болох нь тогтоогдож байна." гэсэн тайлбар ирүүлснийг Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 153 тоот албан бичигт хавсаргаж ирүүлсэн. Дээрх мэдээлэлд үндэслэн Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм-ийн 2.1.3-т зааснаар "асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх" зарчмыг хэрэгжүүлж ажилласан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
8. Хариуцагч С****с*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц*********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа , ажил , үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтад “ энэ хуулийн 14.1.4 , 14.1.6 , 14.1.7-д заасан оролцогчийг тендерт оролцох хамруулах тухай санал байцаагчид олгосон ба тус нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд эрхийг худалдан авах ажиллагааны улсын заалтад дурдсан 14.1.6 дахь заалтад " илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон" гэж заасан байдаг. "Дээрх хуулийн дагуу зохион байгуулсан худалдан авах ажиллагаанд "Х***** н***** т***********" ХХК нь хуурамч баримт бичиг бүхий тендер ирүүлсэн тухай мэдээллийг захиалагч байгууллагаас тус яаманд ирүүлсэн тул хуульд зааснаар хяналт шалгалтын ажил хийж, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн "Хяналт шалгалтын тухай" УБ/49 дүгээр дүгнэлт гарсан. Улсын байцаагчийн дүгнэлт, саналд үндэслэн С****с*******ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын хавсралтаар "Х***** н***** т***********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах этгээдийн жагсаалтад бүртгэж, тус яамны 2022 оны 04 дүгээс сарын 11 ний өдрийн 03/2153 тоот албан бичгээр мэдэгдсэн.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Х***** н***** т***********” ХХК-ийн нэхэмжлэлтэй С****с*******, Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б******** нарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр хариуцагч Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн УБ/49 дүгнэлт болон С****с*******ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х***** н***** т***********” ХХК-д холбоотой хэсгийг Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч дахин акт гартал 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Сайнцагаан сумын Далай хорооллын 0,4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил”-ын тендерт “Х***** н***** т***********” ХХК материал бүрдүүлж оролцжээ. / х.х-н 43/
3. Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дүгээр дүгнэлтээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14.5 дахь хэсэг, 521 дүгээр зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Х***** н***** т***********” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх шийдвэрийг гаргасан нь учир дутагдалтай байна.
4. Учир нь хэрэгт авагдсан “Шүүхийн тусгай архив”-ийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1/8580 тоот албан бичигт ““Х***** н***** т***********” ХХК нь тус архиваас 2021 онд нийт 2 удаа буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 6049 тоот албан бичгээр “Төрийн худалдан авах ажиллагааны газар”-т, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1/8223 тоот албан бичгээр “Тэгш плант” ХХК-д тус тус хаяглуулан тодорхойлолт авсан байна. Тус компани нь дээрх албан бичгүүдийн тэргүүг “ТОДОРХОЙЛОЛТ” гэж өөрчлөн засварласан гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд дээрх албан бичгийн огноо болон тэргүүг нь өөрчилснөө хүлээн зөвшөөрч байх боловч тухайн үед шүүхийн тусгай архив 1 хоногийн дотор цахимаар лавлагаа өгдөг байсан журам нь өөрчлөгдөж, 3 хоног болсон, техникийн хувьд саатал үүссэн учраас бид яах ч аргагүй цаг нь тулсан нөхцөл байдалд өмнө нь авч байсан тодорхойлолтоо засварлаж өгсөн, мөн бид шүүхэд хариуцагчаар оролцож байгаагүй нь үнэн гэж тайлбарлаж байна.
6. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарлаж байгаа дээрх үндэслэлүүдийг шалгаж тогтоосны үндсэн дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг...” гэдэгт хамаарах эсэхийг хариуцагчаас дахин нягтлан шалгах шаардлагатай гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд шүүхэд ирүүлсэн баримтын хүрээнд уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй, дээрх ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********гийн дүгнэлт болон С****с*******ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х***** н***** т***********” ХХК-д холбоотой хэсгийг тус тус Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчаас дахин акт гартал 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 521 дүгээр зүйлийн 521.1 дэх заалтыг баримтлан Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********гийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дугаар дүгнэлт болон С****с*******ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х***** н***** т***********” ХХК-д холбогдох хэсгийг тус тус Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч дахин шинэ акт гартал 30 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар Сангийн яамны худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б********гийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн УБ/49 дүгээр дүгнэлт болон С****с*******ын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар тушаалын “Х***** н***** т***********” ХХК-д холбоотой хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дугаар зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ