Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

Б.Цйн нэхэмжлэлтэй Р.Бт

холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 131/ШШ2018/00424 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Цйн нэхэмжлэлтэй

Хариуцагч Р.Бт холбогдох

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө малын зохих хувийг болон Элентра маркийн машины үнэ 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Р.Бийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Цас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Ц би Р.Бтэй 2009 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин Б.Сундуйсүрэнг 2010 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 382 дугаар Сум дундын шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, Р.Б нь шүүхийн шийдвэрээр охин Сундуйсүрэнг 18 нас хүртэл тэжээн тэтгэхээр болсон. Энэ хүнтэй хамтран амьдарч байхад нийт 156 малтай Жинст сумын өрхийн бүртгэлийн 03-05-04 бүртгэлийн дугаартай малын А данстай. Мөн БНА12-35, БНА 89-17 гэсэн улсын дугаартай 2 автомашин болон хүрэн өнгийн хятад мотоцикльтой байсан бөгөөд бид 2 гэр бүл цуцлуулахад Р.Б нь бүх хөрөнгөө өөрөө авсан тул насаараа амьдралаараа хохирч аав, ээжтэйгээ өсөх амьдралаар дутмаг, өөрийн гэсэн орон, өмч хөрөнгөгүй солих хувцасгүй энэ хүний төрсөн үр болж, төрөөд хаягдан амьдралаараа хохирсон тул миний охинд Р.Бийн өөрийн өмч болох 30 сая төгрөгийн өмч хөрөнгөнөөс 8.000.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн шаардлагадаа:

Би Р.Бтэй гэр бүл болон амьдарч эд хөрөнгөтэй болж түүнийгээ хамтдаа зарцуулж байгаад гэрлэлтээ цуцлуулахдаа эд хөрөнгө авч чадаагүйн улмаас бага ч гэсэн хөрөнгө авч хүүхдэд нь өгүүлэх гэж 3 шатны шүүхээр явж байгаа билээ. Р.Б хөрөнгөгүй хүн болж ах дүү нарынхаа нэр дээр малаа тоолуулж заль хэрэглэж байгаа юм.

Би Р.Бийн худалдаж авсан Элентра маркийн авто машины үнэ 3.500.000 төгрөгийг цалингаасаа төлсөн. Тэр үед Б ажилгүй байсан учир машины үнийг төлөх хөрөнгөгүй байсан. Биднийг хамт амьдарч байхад 156 толгой малтай байсан нь мал тооллогын бүртгэлээр харагддаг. Миний хэлсэн бичсэн бүх зүйл хэргийн материалд байгаа гэж бодож тайлбараа дэлгэрэнгүй байдлаар бичсэнгүй. Анх шүүхэд өргөдөл өгөхдөө охин Б.Сундуйсүрэнд Бийн хөрөнгөнөөс 8.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэж өргөдөл гаргасан. Гэтэл Б охиндоо мөнгө өгөх нь битгий хэл хүүхдээ тэжээх ямар ч сэтгэлгүй яваад нь үнэхээр харамсаж байна.Одоо би өмнө шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж бидний дундын эд хөрөнгө болох малын зохих хувийг болон миний зүгээс төлсөн Элентра машины үнэ 1.500.000 төгрөг зэргийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Цэрэнсангаас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би Р.Бтэй 2008 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин Б.Сундуйсүрэнг 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. Гэтэл Р.Б нь ярихдаа тухайн үед 500.000 төгрөг авах гэж гэрлэлтээ батлуулсан гэж намайг доромжилж худлаа ярьж байна. Бид хоёр хүүхдээ гарахаас өмнө нь гэр бүлээ батлуулаад хамт амьдарч байсан. Тэгээд 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн үед гэрлэлтээ цуцлуулахдаа дундын эд хөрөнгийн маргаангүй байсан. Тэгээд 2012 оноос хойш би 6 жилийн дараа дундын эд хөрөнгөө хуваалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Р.Б нь надтай хамтран амьдрах хугацаандаа зээл авч зээлийг би төлдөг байсан. Түүнийг нотлох баримтыг хэрэгт өгсөн. Элентра суудлын автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад ирэхэд нь гэрээ банкны барьцаанд тавьж зээлээр худалдаж авч байсан. Тухайн зээлийг миний аав ээж тэтгэврийн зээлээрээ төлж барагдуулсан. Р.Бтэй танилцах үед цагаан өнгийн пургон автомашинтай байсан. Ээж, аав нь хамт амьдрахад 156 мал Р.Бт өгч байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч байсан талаарх баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн. 2008 онд 1.500.000 төгрөгийн зээл авсан баримтыг гаргаж өгөөгүй архивт байгаа. Мөн Р.Б нь Таван толгойн уурхайд сарын 1.000.000 төгрөгийн цалинтай ажил хийж байгаа. Мөн Р.Б нь бичгээр гаргасан тайлбартаа намайг хүүхэдтэй уулзуулдаггүй гэсэн тайлбар бичсэн байсан. Гэтэл Р.Б нь өөрөө хүүхэдтэйгээ ирж уулздаггүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч үндэслэлгүй эд хөрөнгө бий болгож түүнийгээ үнэлж, 8.000.000 нэхэмжлээд зөвхөн охиныхоо өмчийг авна гэж байгаа. Хамтран амьдарч байх хугацаанд дундын эд хөрөнгөтэй байсан бол энэ хүн өнөөдөр надад юу ч үлдээхгүйгээр авах байсан. Нэхэмжлэлийн шаардлага дээрээ Пургон автомашин 5.000.000 төгрөг үнэлсэн байна. 2001 онд миний аав ээж хоёр моторгүй хуучин машиныг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Энэ машиныг 2007 онд хамаатны нэг дүүдээ 2.000.0000 төгрөгөөр зарсан. Хавар би Дарханаас очиж Элентра суудлын автомашиныг 3.500.000 төгрөгөөр худалдаж аваад машин зарсан 2.000.000 төгрөгийг өгөөд, гэртээ очоод 1.500.000 төгрөгийг нь явуулна гэж хэлээд авч ирсэн. Энд Банк бус санхүүгийн байгууллагад, хамтран амьдарч байгаа хүний хувьд гэрээ барьцаанд тавьж 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ автомашинууд бол миний өөрийн хөрөнгө, би малгүй байсан, бидэнд дундын эд хөрөнгө гэх зүйл байгаагүй гэжээ.

Хариуцагч Р.Бөөс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би Б.Цтай 2008 онд гэрлэлтээ батлуулж, 4 жил хамт амьдарч охин Б.Сундуйсүрэнг 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн. 2012 онд гэрлэлтээ цуцлуулсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар ч үндэслэлгүй эд хөрөнгө бий болгож түүнийгээ нэхэмжилж байна.

Б.Ц нь гэр бүлээ батлуулж 500.000 төгрөг авах гэж хөөцөлдөж, бичиг баримтыг нь бүрдүүлж 500.000 төгрөгийг авсан. Тухайн үед Б.Ц нь Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театрын үүдэнд уулзаж надад 250.000 төгрөг өгөөд, өөрөө 250.000 төгрөгийг нь авч явсан. Бид албан ёсоор ёс төр болж гэр бүл болоогүй, энэ айлын хүргэн болж аавынх нь гэрт ирж очин байдаг байсан. Хэдэн төгрөгийн цалин авдаг байсныг нь ч би мэддэггүй байсан. Энэ автомашинууд бол миний өөрийн хөрөнгө, би малгүй байсан, бидэнд дундын эд хөрөнгө гэх зүйл байгаагүй. Хүүхэдтэйгээ уулзах цаг ирээсэй гэж хүсч байна. Мөн 156 толгой мал гэдэг нь манай аав, ээж хоёр миний нэр мал тоолуулж байсан. Тухайн үед миний ямар ч малгүй байсан. Харин Б.Цтай хамт амьдарч байхад мал байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126 .2.1, 126.2.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Р.Б нарын 2009 онд тоолуулсан 156 толгой мал, Элентра маркийн 87-16 БНА тээврийн хэрэгсэл зэргийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамааруулж, Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 ,129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д заасныг тус тус баримтлан Элентра маркийн машины үнэ 1.000.000 төгрөгөөс 660 000 төгрөгийг, хонь-7, ямаа-97, нийт 104 толгой малыг хариуцагч Р.Бөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 -д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Р.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Би 2009 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Б.Цтай гэрлэлтээ батлуулсан, бид хурим найр хийж албан ёсоор тусдаа гараагүй нэг нэгнийхээ гэрт ирэн очин байдаг байж байгаад 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бидний охин Б.Сундуйсүрэн төрсөн.

Бидний гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн шалтгаан нь төрөөс анхны гэр бүлд олгодог 500.000 төгрөг авах байсан бөгөөд гэрлэлтээ батлуулаад л энэ мөнгийг авсан. Нэгэнт бид анхнаасаа хамт амьдрах шалтгаан байгаагүй, цаашид хамтдаа байх боломжгүй байсан, тэгээд бидний дундаас нэг хүүхэд төрсөн байсан учраас 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 382 дугаартай Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, би охин Б.Сундуйсүрэнг 18 нас хүртэл тэжээн тэтгэхээр болсон. Би шүүхийн шийдвэр гарснаас хойш сар болгон охин Б.Сундуйсүрэнд шүүхийн шийдвэрийн дансаар дамжуулан тэтгэлэгийг нь төлдөг.

Б.Цйн 1.500.000 төгрөгөөр үнэлээд байгаа "Элентра" маркийн автомашиныг би Б.Цтай гэр бүл болохоосоо өмнө 2008 оны 06 дугаар сард Д.Доржсүхээс худалдаж авч байсан. Энэ тухай нотлох баримтыг шүүх хуралдаан дээр нотлож Д.Доржсүхээс тайлбар авч байсан. Хэргийн материалд хавсаргасан байгаа. Мөн Элентра автомашиныг 2010 онд 800.000 төгрөгөөр хуучин мотоциклоор зарсан. Тухайн үед тэр мөнгөний 400.000 төгрөгийг Б.Цйн аав Баатарсүрэнгийн малчин нь мөнгө зээлээч гэхээр нь аав нь шөнө мөнгө гаргахгүй чи өг гэж надад хэлэхээр нь би өгсөн. Энэ машин биднийг гэрлэлтээ цуцлуулаагүй байхад зарагдсан, тус машины мөнгөний 400.000 төгрөгийг Б.Цйн тал авсан байхад яагаад шүүх энэ машиныг одоо байгаа гэж үзэж түүний үнийг гаргуулаад байгааг ойлгохгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай аав, ээж хоёр миний хүваарьт хөрөнгө болгож миний нэр дээр 2008 онд 40 мал, 2009 онд 156 мал тоолуулсан байсан. Малын "А" дансан дээр ам бүл нэг, тоолуулсан хүн нь манай аав Равжаа тоолуулсан байсан. Энэ малыг тухайн үед амьдрал ахуйдаа хэрэглэж банкны өрөө дарж үлдсэн хэдэн мал нь 2009 оны зуднаар үрэгдэж хорогдсон. 2009-2010 онд Жинст суманд мал их хорогдож үрэгдсэнийг тухайн үеийн сумын удирдлагууд болон малчид нотлоно. 2011 онд биднийг хамт амьдарч байхад хэрвээ манайх малтай байсан бол манай нэр дээр, миний нэр дээр энэ мал тоологдох байсан. Үүнийг Б.Ц өөрөө сайн мэдэж байгаа. Гэсэн ч шүүхэд намайг малтай байсан мэтээр, намайг малаа нууж аав, ээжийнхээ нэр дээр тоолуулж байгаа мэтээр худлаа хэлж, хүүхэд худлаа тайлбар гаргаж байна.

Энэ гэр бүлийн хөрөнгө нэхэмжлэх үйл ажиллагаанд хөөн хэлэлцэх хугацаа орж, тухайн хугацаа нь 6 жилээс хэтрэхгүй гэж би үзэж байна. Учир нь гэр бүлийн хөрөнгийн тал дээр гэрээ байгуулах эрхтэй, гэрээнээс үүдэлтэй шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг гэж би сонссон. Гэтэл шүүх энэ бүхэнд бодитой дүгнэлт хийхгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар 131/ШШ2018/00424 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Р.Б охин Сундуйсүрэнд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүүхдийн тэтгэлэг төлж байсан гэж бичсэн байна. Р.Б сайн дураараа тэтгэлэг төлөх нь битгий хэл бөөн хэл ам болж эрэн сурвалжлагдаж хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж энэ тухай би прокурорт өргөдөл гаргаж байсан одоо ч гэсэн хүүхдийн тэтгэлгээ төлөөгүй байгаа нь гүтгэлэг биш энэ тухай прокурорын газар болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрэн сурвалжилж байсан бичгүүдээр нотлогдоно гэдгийг хэлье.

Дундын хөрөнгөнөөс зохих хувийг гаргаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байна. Биднийг хамт амьдарч байхад мал тоологын бүртгэлээр гарсан малын тоо, би өөрийн цалингийн зээл авч машины зээлийг төлж байсан гэдэг нь хэргийн материалд авагдсан баримтаар нэгэнт тогтоогдсон баримт байгаа тул шүүх надад өчүүхэн өмч гаргаж шийдвэрлэснийг буруу гэх үндэс байхгүй гэж бодож байна. Миний аав ээжийг машины мөнгө авсан гэж худлаа бичсэн байна. Гэрлэлтээ батлуулаагүй байсан ч гэсэн түүний машины өрийг дарахад миний зүгээс зарцуулсан цалингаа л авах гээд байгаа юм. Би хүнээс хэзээ ч илүү мөнгө авахыг хүсэхгүй.

Би анх шүүхэд өргөдөл өгч дундын хөрөнгийн зохих хэсгийг гаргуулахаар малын тоо, Р.Бийн авсан машины үнийг төлөх гэж банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн баримтыг шүүх үгүйсгэж намайг хохироосон шийдвэр гаргаж байсан бол Хяналтын шатны шүүхэд бичсэн гомдлоор анхан шатны шүүхийн алдаа засагдаж үнэн зөв шийдвэр гаргаж өгсөн юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж Р.Бийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ний өдрийн 382 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Ц хариуцагч Р.Б нарын гэрлэлтийг цуцлаж, охин Б.Сундуйсүрэнг эх Б.Цйн асрамжинд үлдээж, эцэг Р.Бөөс тэтгэлэг тогтоон шийдвэрлэсэн боловч зохигч талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар маргаан гаргаагүй тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг шийдвэрлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Ц нь 2016 оны 12 дугаар сард шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс охин Б.Сундуйсүрэнд оногдох найман сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж дараа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, дундын эд хөрөнгөнөөс малын зохих хувийг болон Элентра маркийн машины үнэ 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Элентра маркийн машины үнэ 1.000.000 төгрөгөөс 660.000 төгрөгийг, хонь-7, ямаа-97, нийт 104 толгой малыг хариуцагч Р.Бөөс гаргуулж нэхэмжлэгч Б.Цд олгож шийдвэрлэсэн байна.

 Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад зохигч талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тал дээр зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулав. Тухайлбал хариуцагч Р.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан машины үнэ 660.000 төгрөг, хонь-7, ямаа-97, нийт 104 толгой малыг мөнгөн дүнд шилжүүлж, 4.000.000 төгрөгийг Б.Цд төлөхөөр, нэхэмжлэгч Б.Ц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд нийт 4.000.000 төгрөг авахаар харилцан тохиролцсон байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Мөн талууд эвлэрлийн гэрээнд охин Б.Сундуйсүрэнгийн нэр дээр хадгаламжийн дэвтэрт 2018 ондоо багтааж мөнгийг хийхээр тусгасан байна.

Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Р.Б нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тал дээр эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Р.Бөөс 4.000.000 төгрөгөнд оногдох улсын тэмдэгтийн хураамж 78.950 төгрөг гаргуулж төвлөрсөн төсвийн дансанд оруулж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж Р.Бт олгох үндэстэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 131/ШШ2018/00424 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Ц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнд нийт 4.000.000 төгрөг гаргуулж, бусад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзахаар, хариуцагч Р.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрээр гаргуулахаар заасан машины үнэ 660.000 төгрөг, хонь-7, ямаа-97, нийт 104 толгой малыг мөнгөн дүнд шилжүүлж 4.000.000 төгрөгийг Б.Цд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Р.Бөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Р.Бөөс улсын тэмдэгтийн хураамж 78.950 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйийн 74.4-т зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР