| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 205/2018/0008/Э |
| Дугаар | 295 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 295
В.Мя-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр магадлалтай, 201713000042 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй В.Мя- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч В.Мя-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хохирогч Д.Цэ-ий нэхэмжилсэн 1.259.225 төгрөгөөс 622.515 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч В.Мя- хохирогчид 640.000 төгрөг төлсөн болохыг, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч В.Мя-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хохирогч Д.Цэ-ий хууль бус үйлдлийг анхаарч үзээгүй. Түүний үйлдэл В.Мя-д хүч хэрэглэсэн ба хүч хэрэглэж заналхийлсэн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд орон сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнд гэмтэл учруулсан гэж үзэхээр байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунцэцэг хэлсэн саналдаа “...В.Содномцэрэн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх хохирогч Д.Цэ-ий хууль бус үйлдлийг анхаарч үзээгүй. Түүний үйлдэл В.Мя-д хүч хэрэглэсэн ба хүч хэрэглэж заналхийлсэн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд орон сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнд гэмтэл учруулсан гэж үзэхээр байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар зүйлчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг зөв шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.Мя- нь 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1500 цагийн үед Завхан аймгийн Идэр сум, Цэцэрлэг багт иргэн Д.Цэ-тэй маргалдаж, түүний хэвлий, цээж рүү өшиглөж, цохих зэргээр зодож хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч В.Мя-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, түүний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч В.Мя- нь Д.Цэ-ий эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах баримт сэлт, нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болгохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт маягаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч В.Мя- нь санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН