Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 333

 

Д.Э-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал, өмгөөлөгч Б.Өлзийбаяр, гуравдагч этгээд В.С нарыг оролцуулан хийж, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0421 дүгээр магадлалтай, Д.Э-гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээд В.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэрээр: 1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.3, 21 дүгээр зүйлд заасныг баримтлан нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Бд холбогдох хэсгээс зарим хэсгийг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжийн  Л.Бд газар эзэмших эрх олгосон хэсгийг тус тус хүчингүй болгох нэхэмжлэгч Д.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамж 70 тоот хаягт байрлалтай 404 кв м газраас хасагдсан 139 кв м газрыг Д.Э надад өмчлүүлэх шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0421 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.5, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр захирамжийн Л.Бд холбогдох хэсэг, нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжийн Л.Бд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут амины орон сууц, 4 дүгээр гудамж 70 тоот хаягт байрлалтай 139 м.кв газрыг Д.Э-д нэмж өмчлүүлэх шийдвэр гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: иргэн Д.Э-гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр захирамжийн иргэн Л.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0421 дүгээр магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Баянзүрх дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг дарга нар нь Д.Эгийн тус газарт амьдарч байсныг, 2005 оноос үл хөдлөх эд хөрөнгө үүсч бий болсон зэрэг нөхцөл байдлыг хянан шалгалгүйгээр гуравдагч этгээд Л.Бд тус газрыг давхцуулан эзэмшүүлж, улмаар өмчлүүлж шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411, нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамж нь Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд нийцээгүй, хууль бус шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших, өмчлөх хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн байна” хэмээн дүгнэсэн нь газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр хууль ёсоор эзэмших Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгтэй зөрчилдөж байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3 дахь хэсэгт “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” хэмээн газар эзэмшүүлэх харилцааны онцлогийг тус тус зохицуулсан.

Нэхэмжлэгч нь 2005 оноос хойш тухайн маргаан бүхий газар дээр үл хөдлөх хөрөнгө барьж, бодитоор эзэмшиж байхад өөрийн эзэмшлийн газар дээр бусдад давхардуулан газар олгосон гэж маргадаг боловч 2005 оноос 2011 онд дүүргийн Засаг даргын захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх албан ёсны шийдвэр гарах хүртэлх хугацаанд төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмшиж, ашиглаж байсан нэгэн юм. Нэхэмжлэгч Д.Э нь 2005 оноос хойш 2011 он хүртэл хугацаанд амьдарч буй тухайн газраа баталгаажуулж авахаар эрх бүхий захиргааны байгууллагад хандаж байсан баримт, нотлох баримт архиваас шүүж үзэхэд байхгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 2011 оны 484 дүгээр захирамжаар 404 м.кв газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлж шийдвэрлэсэн. Улмаар нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар тус газраас 265 м.кв газрыг өмчлүүлж шийдвэрлэсэн нь хариуцагчийн зүгээс Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэсэн ажиллагаа байсан.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 484 дүгээр захирамжаар 404 м.кв газрыг эзэмшүүлж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжаар 265 м.кв болж өмчлүүлэхэд уг талбайн хэмжээ багассаныг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй хэдий ч ... бусдын газартай давхцуулан газар эзэмшүүлж, өмчлүүлсэн нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 484 дүгээр захирамж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн А/41 дүгээр захирамжуудыг зөвтгөх үндэслэл болохгүй” хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийг эс зөвшөөрч тухайн үед захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсаар байтал давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн хэмээн дүгнэж нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0421 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 254 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд В.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 421 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийг тухайн үед нь эс зөвшөөрч эрх бүхий албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргаагүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж зөв дүгнэсэн байхад, давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлийг хянаж үзээгүй, магадлалд дурдаагүй байгаа нь хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Иймд хэргийг хяналтын журмаар үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 411 дүгээр захирамжаар “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуу-Овоот АОС 5-4” хаяг (байршил)-т иргэн Л.Бд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, уг захирамжаар эзэмшүүлэх газрын хэмжээг заагаагүй, 2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон газар эзэмших эрхийн 12-411-1581 дугаар гэрчилгээнд “...230 ам дөрвөлжин метр газрыг ... /Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 411 дүгээр шийдвэрийг үндэслэн/ эзэмшүүлэхээр олгов” гэж дурдсан, нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 159 дүгээр захирамжаар “...Чулуутын 4 дүгээр гудамжны 69 б тоот” 243 м.кв газрыг Л.Бд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Нэхэмжлэгч Д.Э-гаас “... Л.Бд газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ ... миний хашааны газраас ... /байшингийн суурийг оролцуулан/ 139 м.кв газрыг давхцуулан олгосон ... нь хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “... хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 2/1776 дугаар албан бичгээр шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн,  Д.Э, Л.Б нарын эзэмшиж, ашиглаж буй газрын кадастрын мэдээллийн санд хадгалагдаж байгаа зурган мэдээллийн 2005-2007, 2010-2015 онуудын агаарын болон сансарын зургууд зэрэг бусад нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Э болон Л.Б нар нь хил залгаа хашааны газрыг дээрх захирамж гарахаас өмнө, газар эзэмших гэрээ, гэрчилгээгүйгээр хэн алин нь бодитоор ашиглаж байсан, маргаан бүхий 139 м.кв газар нь Д.Э-гийн хашаанд, уг газар дээр Д.Э-гийн байшин баригдсан байсан, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар уг үйл баримттай маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.Э-гийн хашаа, газрын байршил, хэмжээ 2005 оноос хойш өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй байхад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2007 оны 411, нийслэлийн Засаг даргын 2008 оны 159 дүгээр захирамжаар иргэн Л.Бд газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч Д.Э-гийн бодитоор ашиглаж байсан газраас хашаан дотроо барьсан байшин, түүний суурийн газрыг оролцуулан 139 м.кв газрыг Л.Бд эзэмшүүлж, өмчлүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч Д.Э-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн, иргэнд газар эзэмшүүлэх харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Тухайлбал, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “... /иргэн/ газар эзэмших хүсэлтээ ... гаргах”-аар, 32.2.2-т “... /хүсэлт гаргахдаа/ эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг... /-г хавсаргах/”-аар заасан, уг хүсэлт гаргасан газар нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар “... бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байх” тусгай шаардлага хуулиар тавигдсан, уг хуулийн зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан дүгнэвэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга 2007 онд иргэн Л.Бд газар эзэмшүүлэхдээ “...газрын хэмжээ, байршил, заагийг харуулсан тойм зураг” байхгүй, “Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуу-Овоот АОС 5-4” гэх хаяг зааж, “хэмжээ нь тодорхойгүй” газар эзэмшүүлэхээр захирамж гаргасан, нийслэлийн Засаг дарга 2008 онд “...Чулуутын 4 дүгээр гудамжны 69 б тоот” 243 м.кв газрыг Л.Бд өмчлүүлэх шийдвэр гаргахдаа өөр бусад хүн байшин барин амьдарч байгаа, иргэн Л.Бы бодитой эзэмшдэггүй 139 м.кв газрыг түүнд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2-т “....../иргэний/ газар өмчилж авах хүсэлт гаргасан ... /газар нь/ бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа /бол/ ... тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх”-ээр заасантай нийцээгүй, үүний улмаас нэхэмжлэгч Д.Э-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна.

Давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий 139 м.кв газрыг нэхэмжлэгч Д.Э “хууль ёсоор эзэмшиж байсан” гэж дүгнээгүй, “... /хариуцагч/ нар нь Д.Э-гийн тус газарт амьдарч байсныг, 2005 оноос үл хөдлөх эд хөрөнгө үүсч бий болсон зэрэг нөхцөл байдлыг хянан шалгалгүйгээр гуравдагч этгээд Л.Бд тус газрыг давхцуулан эзэмшүүлж, улмаар өмчлүүлж шийдвэрлэсэн ... нь ... Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд нийцээгүй” гэж дүгнэсэн тул хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... /давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь/ газрыг зөвхөн эрхийн гэрчилгээний үндсэн дээр хууль ёсоор эзэмших Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгтэй зөрчилдсөн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, хариуцагч нар маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа дээрх байдлаар, хуулиар тогтоосон журам зөрчиж, газар эзэмших, өмчлөх хүсэлт гаргагчийн хүсэлтэд дурдсан газар нь өөр бусад этгээдийн бодитой ашиглаж байгаа газартай давхцсан эсэхийг нягтлан шалгаагүй, тухайн маргаан бүхий 139 м.кв газрын хувьд иргэн Л.Б эзэмших, өмчлөх хүсэлт гаргах эрхтэй эсэхийг тодруулалгүй шийдвэр гаргасан нь хууль бус гэх үйл баримтын талаар шүүх нэгэнт дүгнэсэн байх тул хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “... Д.Э нь 2005 оноос хойш 2011 он хүртэл хугацаанд амьдарч буй тухайн газраа баталгаажуулж авахаар эрх бүхий захиргааны байгууллагад хандаж байсан баримт, нотлох баримт архиваас шүүж үзэхэд байхгүй” гэх хяналтын гомдол үндэслэлгүй, уг үйл баримт нь хариуцагч Баянзүрх дүүргийн болон нийслэлийн Засаг даргыг дээр дурдсан хуулиар хүлээлгэсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.  

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2011 оны 484 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуут АОС 4-70 тоот, амины хашааны зориулалттай 404 м.кв газрыг иргэн Д.Э-д гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлсэн, энэ нь нэхэмжлэгчийн 2005 оноос хашаа хатган байшин барьж бодитоор ашиглаж байгаа газар болох нь тогтоогдсон, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжаар нэхэмжлэгч Д.Э-д газар өмчлүүлэх шийдвэр гаргахдаа “...бусдын газартай давхцсан” гэх үндэслэлээр газрын хэмжээг 139 м.кв-аар багасгаж, 265 м.кв газрыг өмчлүүлжээ.

Гуравдагч этгээд В.С болон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “...нэхэмжлэгчийн зүгээс нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийг эс зөвшөөрч тухайн үед захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдол, хүсэлт гаргаагүй, ... хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх боловч Д.Э-гийн эзэмшил, ашиглалтад бодитой (хашаан дотор нь) байгаа 139 м.кв газар эзэмших эрхийн талаар Л.Б болон түүнээс газар өмчлөх эрхийг 2008 онд шилжүүлэн авсан В.С нар маргаж байгаагүй, 2016 онд нэхэмжлэгч Д.Э нь газар өмчлөх эрхээ Т.Ганхуягт шилжүүлснээр “газар чөлөөлөх асуудлаар” В.С, Т.Г нарын хооронд маргаан үүссэн, иргэн Т.Ганхуяг, Д.Э нараас нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанд хандаж гаргасан өргөдөлд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 07/2877, Нийслэлийн газрын албаны даргын 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 5/225 дугаар албан бичгээр "... бусдын өмчилсөн газартай давхцсан зөрчлийг арилгаж, ... 265 м.кв газрыг Д.Э-д өмчлүүлсэн байна. ... шийдвэрт гомдолтой бол шүүхэд хандах эрхтэй" гэх хариу өгсөн байх тул 2016 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр уг асуудлаар шүүхэд хандсан нэхэмжлэгчийг “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд В.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0421 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Номин-Эрдэнэ, гуравдагч этгээд В.С нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээд В.С-ээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                         Д.МӨНХТУЯА