Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/40

 

 

  2024      01         25                                           2024/ШЦТ/40

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Төгөлдөр

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бт холбогдох эрүүгийн 2425000000034 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  О ургийн овогт Х.Б /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 01 цаг 13 минутын орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “С” нэртэй ресторанд хохирогч Б.Дг үл ялих шалтгаанаар толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь “зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Х.Бын мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

       Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

-хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р тал/

-эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-р тал/

-хохирогч Б.Дгийн мэдүүлсэн...2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 18 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багийн нутаг дэвсгэр Есөн-Эрдэнэ худалдааны төвийн хашаан дотор байдаг С ресторанд манай Ц фитнесийн шинэ жилийн баяр болсон юм. Тэгээд шинэ жил тарах үеэр буюу барагцаагаар шөнийн 01 цагийн үед би Быг шалан дээр сууж байхаар нь 2 давхарын шинэ жил болсон зааланд оруулж суулгаад түүний гадуур хувцасыг хайж авчирч өгсөн юм. Тэгэхдээ би 2 куртик түүнд харуулаад “энэ хоёрын аль нь чинийх вэ” гэтэл тэрээр шууд пивоны шилээр миний толгой руу 1 удаа цохисон юм. Тэгээд толгойноос цус гарч эхэлсэн юм. Ийм л үйл явдал болсон бөгөөд Б нь соггуу байсан бөгөөд юу хийж байгаагаа мэдээгүй байх. Тэрнээс бид 2 хоорондоо маргалдаж муудалцаагүй юм. Би Быг цохиж зодоогүй. Тухайн үйл явдлыг хүмүүс харсан байх, би нэр зааж хэлж мэдэхгүй байна. Би Бтай хамт фитнест явдаг зүс таньдаг бөгөөд өөр ямар нэг холбоо хамаарал байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, надад сэтгэцтэй холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй." гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/

 

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 41 дугаартай ...Б.Дгийн биед зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх зулайд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-ийн 19-22-р тал/

 

-Шүүгдэгч Х.Бын яллагдагчаар мэдүүлсэн... 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19 цагаас Ц спорт центр клубын шинэ жилд найз бүсгүй Нын хамт орсон юм. Тухайн шинэ жил нь С рестораны 2 давхарт болсон юм Тэгээд би согтууруулах ундаа их хэрэглээд согтоод тасарчихсан бөгөөд юу болсныг мэдэхгүй байгаа юм. 2023 оны 12 дугаар сарын 17-ны өглөө Н хэлэхдээ “чи Д руу залгаж уучлалт гуйгаарай, өчигдөр түүнийг чи пивоны шилээр цохичихсон" гэж хэлсэн. Ингэж л би юу болсон талаар мэдсэн. Би Дтай найзууд бөгөөд түүнтэй өш хонзон өр авлаганы асуудал байхгүй, түүнтэй ерөөсөө маргалдаж байгаагүй ээ. Би яагаад цохисноо мэдэхгүй байна. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би түүний томографикийн зураг авхуулсаны төлбөр болох 120,000 төгрөгийг төлсөн. Мөн түүнээс болон нөхрөөс нь уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/

 

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-51-р тал/

-Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18/250 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хх-ийн 53-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.Б нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 01 цаг 13 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт “С” ресторанд хохирогч Б.Дг шилатгаангүйгээр толгойн тус газарт нь пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь зулайд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, эрүү, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.

      

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Х.Бын үйлдлийн улмаас Б.Дгийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг,гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

    Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Хохирогч төлбөр нэхэмжлээгүй байна.    

      Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 800 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй,торгуулийг 5 сарын хугацаанд төлнө гэж тус тус санал дүгнэлт гаргасан.

      

        2.Эрүүгийн хариуцлагын талаар.

      

        Шүүгдэгч Х.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ахнгид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

       Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.            

       

         3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Б.Д нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О ургийн овогт Х Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ