| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2020/04216/И |
| Дугаар | 102/ШШ2021/00129 |
| Огноо | 2021-01-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2021/00129
| 2021 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2021/00129 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 11 хороо, Ургах наран хороолол, 6-р байр, 05 тоотод оршин суух, рд:уе87020208, Боржигон овогт Энхцэцэгийн Болорын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 6 хороо, 10-р хороолол, ЭТӨЧ гудамж, 44 а байр, 23 тоотод оршин суух, рд:чр80082910, Чонос овогт Отгоны Отгон-Эрдэнэд холбогдох,
10 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Болор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Болор шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... О.Отгон-Эрдэнэ бид хоёр 2017 онд гэрлэлтээ цуцлуулсан. 2008 онд хүү О.Маргад, 2012 охин О.Мишээл нар төрсөн. Хүү О.Маргад одоо Хишиг бүрэн дунд сургуулийн 7 б ангид, охин О.Мишээл 3 б ангид суралцдаг. Жилийн сургалтын төлбөр 1 хүүхдийн 3.500.000 төгрөг, 2 хүүхэд явдаг учир хөнгөлөгдөөд 6.500.000 төгрөг болдог. О.Отгон-Эрдэнэтэй 2007 онд танилцаж, 2008 онд гэр бүл болж, 2013 онд гэрлэлтээ батлуулсан. 2017 онд гэр бүл салах үед хүү О.Маргад Хишиг бүрэн дунд сургуулийн 4 б ангид сурдаг байсан. Анх сургуульд ороход нь О.Отгон-Эрдэнэ өөрөө оруулан гээд төлбөртэй сургуулийг сонгож оруулсан байгаа. Хятад хэлээр нь дагнаад ирээдүйд Хятад руу сургуульд явуулан гэсэн зорилготой байсан. Гэрлэлт цуцлуулснаас хойш 2 хүүхдийн тэтгэлэгт сард 300.000 төгрөг өгдөг. Тэрийг би хангалтгүй гэж үзсэн. 2017 онд гэрлэлтээ цуцлуулахдаа бид 2 хүүхдээ өөрийнхөө асрамжид аваад, О.Отгон-Эрдэнэ зөвхөн 2 хүүхдийн тэтгэлэг төлдөг. Өмнө бид гэр бүл болж амьдрах хугацаандаа Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Ургах наран хороолол-д 8 хувийн лизингээр байр авсан. Тухайн байрныхаа лизинд сарын 530.000 төгрөгийг би өөрөө төлдөг. Хүүхдүүдийн хэрэгцээ, бүх зүйлийг би дангаараа даадаг. Гэр бүл салахад 8 хувийн зээлтэй байраа миний нэр дээр шилжүүлж өгсөн, одоо гэр бүлийн хэрэгцээнд унаж байгаа машиныг өгсөн. Би энэ хүнээс өөр юу ч аваагүй. Гэр бүл салах үед бид хамтын бизнес эрхэлдэг байсан. Одоо ч тэр хүн бизнесээ эрхэлж байгаа. Бизнес эрхэлж байхад миний тооцоолсноор 80.000.000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн байсан, тэрнээс би нэг ч төгрөг аваагүй. Тэр орлогоороо бид 4-үүлээ амьдраад, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж болдог байсан. Ашиг орлого олдог байсан бүхнийг өөрөө авчхаад, одоо тухайн мөнгийг төлөхгүй гэж байгааг гайхаж байна. Одоо 2 хүүхдийн 3 жилийн сургалтын төлбөрийн 50 хувь төлүүлнэ. Цаашид 2 хүүхдийнхээ сургалтын төлбөрийн 50 хувийг төлүүлэхийг нэхэмжилж байгаа. Харилцан адилхан үүрэг хүлээсэн эцэг, эх хүмүүс учир 50-50 хувиар нь төлнө. 2017 оноос 2020 оны хүртэл 2 хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувь нь 10.250.000 төгрөг болж байгаа. 2020 оноос 2021 оны сургалтын төлбөрийн нэхэмжлэл байгаа. Миний төлсөн мөнгөний 50 хувь нь 10.250.000 төгрөг, цаашлаад 2 хүүхдээ сургуулиа төгсөх хүртэл нь сургалтын төлбөрийн 50 хувийн төлүүлэх шаардлагатай байгаа... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ....нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэгдүгээрт Үндсэн хуулийн 16 зүйлийн 16.7 болон Боловсролын тухай хуулийн 6.2-т заасны дагуу төрөөс ерөнхий боловсролын буюу 1-12 ангийн төсвийг төрөөс үнэ төлбөргүй олдог Энэ нь хүүхдийн нэмэлт зардалд тооцогдохгүй гэж үзэж байна. Мөн 2017 онд гэрлэлтээ цуцлуулах үед эд хөрөнгийн маргаан гаргаагүй. 8 хувийн зээл нь дуусах гэж байгаа зээл байгаа. О.Отгон-Эрдэнийн зүгээс орон сууцыг бүхэлд нь өгсөн байгаа. Тоёота кровн 200 маркийн автомашиныг өгсөн. Нэхэмжлэгч Э.Болор нь 17.000.000 төгрөгөөр зарсан байсан. Тухайн эд хөрөнгийг 2 хүүхдэдээ зориулж үлдээсэн болохоор нэхэмжлэгчийн өөр хүнтэй амьдрах нь зориулж үлдээгээгүй. О.Отгон-Эрдэнэ нь цүнхтэй хувцаснаас өөр юмгүй гаргасан. Бараа бүтээгдэхүүн үлдээсэн зүйл байхгүй. Бизнесийн зээлтэй, ганц контнерийн газар нь түрээсийн гэрээтэй, өмчлөлийн юм бол биш. Нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг 80.000.000 төгрөгийн бараа бол байгаагүй. О.Отгон-Эрдэнэ түрээсийн байраар амьдарч байгаад, түрээсийн төлбөрөө ч дийлэхгүй одоо аав ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Ийм учраас хүүхдүүдийн төлбөрийг төлөх боломж байхгүй. Гэрлэлт цуцлуулах үе 2017 оноос 2018 онд ээж нь хүүхдүүдээ харж хандахгүй байсан. Энэ хугацаанд хүү О.Маргад аавынхаа асрамжид байсан. Нэхэмжилж байгаа мөнгөний 1.000.000 төгрөгийг 2017 оны 10 сарын 09-ний өдөр өөрийнхөө данснаас 4б маргад гэсэн агуулгатайгаар шилжүүлсэн. Охин О.Мишээл хувьд сургуульд оруулах талаар огт зөвлөлдөөгүй. О.Отгон-Эрдэнийн ганцхан гомддог зүйл нь гэрлэлт цуцлуулснаас хойш утсаа авдаггүй, дугаарын блоклодог. 2020 оны 09 сараас хойш 2 хүүхдийг өөрийнхөө төрсөн эцэгтэй уулзах нөхцөл боломжоор хязгаарлаж, мөнгө нэхэх болсон. Хүүхдүүдийг фэйсбүүк, гар утсыг нь блоклож, холбогдох ямар ч боломжгүй болгосон. О.Отгон-Эрдэнэ хүүхдүүдтэйгээ уулзаагүй 4-5 сарыг болж байна. Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг эх хүүхдийг асран хамгаалах үүргээ биелүүлэхэд нөгөө талаас саад болох ёсгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн нэхэмжлэгчийн төлсөн мөнгө, сургалтын төлбөр нь хоорондоо зөрүүтэй. Хишиг бүрэн дунд сургуулийн нягтлан бодогчоос бодож өгсөн тооцооллоор 2017 оноос- 2020 он хүртэл 13.000.000 төгрөг төлсөн гэсэн байна. Үүнээс 2017 оны 10 сарын 09-ний өдөр 1.000.000 төгрөг аавынхан данснаас гарсан. 2018-2020 оны төлбөрүүд нь хэн яаж төлсөн нь тодорхойгүй, нотлох баримт хангалтгүй байна. Хүү О.Маргадыг хувийн сургуульд оруулах үед О.Отгон-Эрдэнэ гэр бүлийн гадуур харилцаа үүсгээгүй байсан. Энэ хүмүүс хоорондоо эвтэй, найртай бизнесээ хийж байсан. Нэхэмжлэгч байр, машинаа аваад үлдсэн учир санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгараагүй байх. Цүнхтэй хувцсаа аваад гарсан хүний хувьд нөхцөл байдал өөрөөр эргэнэ. Хувийн сургуульд төлөх мөнгө байхгүй. Охин О.Мишээлийн хувьд нэхэмжлэгч хариуцагчтай зөвлөлдсөн зүйл байхгүй. Өөрөө мэдээд хүүхдүүдээ нэг сургуульд өгсөн. Иймээс хариуцагчийн зүгээс төлөх мөнгө байхгүй учир нэхэмжлэгч өөрөө зохицуулах хэрэгтэй байх. О.Отгон-Эрдэнэ 2 хүүхдийн тэтгэлэг төлөхөөс гадна, хүүхдүүдээ сургуульд ороход нь цүнх, гутал, хувцас, гар утас зэргийг боломжоороо авч өгч тэжээн тэтгэдэг. Одоо нэхэмжлэгчид 10.250.000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Тухайн төлбөр нь их сургуулийн төлбөр биш, төрөөс үнэгүй олгодог учир төлөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Болор хариуцагч О.Отгон-Эрдэнэд холбогдуулан хоёр хүүхдийн сургалтын зардал 10 250 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Болор хариуцагч О.Отгон-Эрдэнэ нар нь 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 3518 дугаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, 2008 оны 02 сарын 07-ны өдөр төрсөн хүү О.Маргад, 2012 оны 09 сарын 29-ны өдөр төрсөн хүү О.Мишээл нар эх Э.Болорын асрамжид үлдсэн байна. /хэргийн 21 дүгээр тал/
Хүү О.Маргад 2017 оноос, охин О.Мишээл 2018 оноос эхлэн Хишиг бүрэн дунд сургуульд суралцаж эхэлсэн, О.Маргад 7 анги, О.Мишээл 3 ангид тус тус сурч байгаа бөгөөд О.Маргадын 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 1500.000 төгрөг, 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2 хүүхэд 5000 000 төгрөг, 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 2 хүүхэд 6500 000 төгрөг, нийт 13 000 000 төгрөгийг Э.Болор төлсөн, 2020-201 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 6500 000 төгрөгийг сургууль байгууллагаас нэхэмжилсэн нь Баянзүрх дүүрэг Хишиг бүрэн дунд сургуулийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 1/23 тоот тодорхойлолт, төлбөр төлсөн тухай хүснэгт баримт, нэхэмжлэх, бэлэн мөнгөний болон банкны баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-9 дүгээр тал/
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25, 26 дугаар зүйлд заасны дагуу зохигчид гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч О.Маргад, О.Мишээл нарын эцэг эх болохын хувьд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, өсгөж хүмүүжүүлэх, асрах, тэжээн тэтгэх, боловсрол эзэмшүүлэх үүрэгтэй тул хүүхдүүдийн сургалтын төлбөрийг эцэг буюу хариуцагч О.Отгон-Эрдэнэ адил тэнцүү хэмжээгээр төлөх үүрэгтэй.
Хариуцагч О.Отгон-Эрдэнэ хүү О.Маргадын 2017-2018 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрт 1000.000 төгрөг төлсөн нь түүний Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байгаа бөгөөд үлдэх төлбөрүүдээс төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 46 дугаар тал/
Хариуцагч төрөөс хүүхдийг ерөнхий боловсролын сургууль үнэ төлбөргүй сургаж байгаа, бага охин О.Мишээлийг төлбөртэй сургуульд сургахдаа эцэг О.Отгон-Эрдэнэтэй зөвшилцөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгааг шүүх үндэслэлгүй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 7-д сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно гэж заасан бөгөөд хувийн төлбөртэй сургуульд сурахыг хуулиар хориглоогүй, сургуулиа өөрсдөө чөлөөтэй сонгох эрхтэй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар О.Маргад, О.Мишээл нарын 2017-2021 оны хичээлийн жилийн сургалтын зардал төлбөр нийт 20 500.000 төгрөгөөс хариуцагчийн төлөх 10 250 000 төгрөг, үүнээс төлсөн 1000 000 төгрөгийг хасаж үлдэх 9 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Болорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 162 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан хариуцагч О.Отгон-Эрдэнээс 9 250 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Болорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 162 950 төгрөгийг төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ