Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00298

 

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2021/00298

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Баянгол дүүрэг,  тоотод оршин суух, рд:йю83060126, Боржигон овогт Зоригтын Энхбаярын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 9 хороо, Дэнж 3 гудамж, 0045 б тоотод бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Толгойтын 128-р гудамж, 102 а тоотод оршин суух, рд:ею62070317, Дэлгэр овогт Жамбалдоржийн Даваасүрэнд холбогдох,

 

эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Энхбаяр, хариуцагч Ж.Даваасүрэн нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч З.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... би 6 настай нэг охиндоо тэтгэлэг гаргуулах гэж нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ж.Даваасүрэнтэй 2012 онд танилцсан. Нэг байгуулагад ажилладаг байсан. 3 жилийн турш үерхэж байгаад, 2014 оны 05 сарын 09-ний өдөр Э.Маралмаа гэдэг охинтой болсон. 2014 оны 4 сарын сүүл хүртэл уулзаж байгаад, хүүхэдтэй болсноос хойш холбогдохоо больсон. 2018 онд холбогдоод, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг төлөхийг шаардсан боловч төлөөгүй. Одоо охин Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 1 дүгээр ангид сурдаг, 6 настай. Гэрлэлтээ батлуулж байгаагүй. Хамт ч амьдарч байгаагүй. Охин минь миний нэрээр овоглодог. Шүүхээр хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна... гэв.

 

Хариуцагч Ж.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгчийн хэлсэн зүйлс үнэн. Хамт ажилладаг байхдаа танилцсан. Бидний хувьд хамт амьдрах, хайр сэтгэлийн холбоо байгаагүй. Насны зөрүү ихтэй болохоор амьдрах хүнээсээ хүүхэдтэй бол гэж хэлдэг байсан. Сүүлдээ хүүхдээр далимдуулж барьцаалах гээд байхаар нь хөндийрсөн.Жирэмсэн болсноо хэлсэн. Миний охин мөн бол хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Охинтой нэг ч удаа уулзаж байгаагүй. Эцэг тогтоолгох шинжилгээгээр миний охин гэж гарсан учир тэтгэлэг төлнө. Гэхдээ одоо би ажилгүй боломжтой хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг тогтоож өгнө үү... гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч З.Энхбаяр хариуцагч Ж.Даваасүрэнд холбогдуулан эцэг тогтоох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч З.Энхбаяр, хариуцагч Ж.Даваасүрэн нар нь 2010 онд танилцаж, гэр бүлийн харилцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2014 оны 5 сарын 09-ний өдөр охин Э.Маралмаа төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-7 дугаар тал/

 

З.Энхбаяр, Ж.Даваасүрэн нар гэр бүлийн хамтын амьдралтай байгаагүй, хууль ёсны гэрлэлтийн бүртгэлгүй бөгөөд 2014 оны 05 сарын 09-ны өдөр төрсөн охин Э.Маралмаагийн төрүүлсэн биологийн эцэг Ж.Даваасүрэн болох нь 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 69 дугаар шинжээчийн дүгнэлт баримтаар тогтоогдож байна.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 5 сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Маралмаагийн эцэг Ж.Даваасүрэн мөн болохыг тогтоон, сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 37030 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтоов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 5 сарын 09-ний өдөр төрсөн охин Э.Маралмаагийн эцэг Жамбалдоржийн Даваасүрэн мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014 оны 5 сарын 09-ний өдөр төрсөн, одоо 06 настай, охин Э.Маралмааг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ж.Даваасүрэнгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 37030 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ