| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2020/00369/И |
| Дугаар | 102/ШШ2021/00369 |
| Огноо | 2021-02-08 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 102/ШШ2021/00369
| 2021 оны 02 сарын 08 өдөр | Дугаар 102/ШШ2021/00369 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Энканто таун 210-р байр, 45 тоот хаягтай, рд:вю76101915, Даянбүүвэй овогт Базарсадын Бат-Очир,
нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг, Уурхайчин 41 тоот хаягтай, рд:тк82111311, Даянбүүвэй овогт Дашдэлэгийн Доржсүрэн нарын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 11 хороо, Энэбишийн өргөн чөлөө, Очир хотхон үйлчилгээний 26 байр 401 тоот хаягтай, рд:6098274, Алаг тогоо ХХК-д холбогдох,
түрээсийн гэрээний үүрэгт 464 391 642 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнтэвчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Б.Бат-Очир, Д.Доржсүрэн нар Алаг тогоо ХХК-д холбогдуулах дараах нэхэмжлэлийг гаргасан байна. Б.Бат-Очир, Д.Доржсүрэн бид нар Алаг тогоо ХХК-тай 2018 оны 11 сарын 07-ны өдөр 81-80 УНҮ улсын дугаартай норд маркийн өөрөө буулгагчийг мэргэжлийн операторын хамт сарын 7.000.000 төгрөгөөр, 2019 оны 01 сарын 03-ны өдөр тус гэрээг шинэчлэн байгуулж, дээрх техникийг 7.000.000 төгрөгөөр, мөн нэмэлт гэрээгээр 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл сунгасан. 2018 оны 03 сарын 16-ны өдөр 10-17 УБ улсын дугаартай DX520LC маркийн эксковаторыг мэргэжлийн 1 операторын хамт сарын 35.000.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд түрээсийн гэрээ хийсэн. 2019 оны 06 сарын 27-ны өдөр 43-00 УБ улсын дугаартай хьюндай-500 маркын эксковаторыг мэргэжлийн 1 операторын хамт сарын 35.000.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож тухайн гэрээнүүдийг байгуулсан. Бидний зүгээс бүрэн бүтэн техник түрээслүүлж, гэрээний үүргээ гүйцэтгэсэн боловч Алаг тогоо ХХК нь 2020 оны 01 сараас эхлэн техникийн түрээсийн төлбөрөө төлөөгүй. Тиймээс бид тооцоо нийлж, тооцооны үлдэгдлээ баталгаажуулсан. Гэрээний 6.4-д Түрээслэгч түрээсийн төлбөрөө заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутамд 0.1 хувийн алданги түрээслүүлэгчид төлнө гэж заасны дагуу 2020 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл техникүүдийг түрээсийн үүрэг гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангийг бодохоор маг өндөр болж байна. Гэвч алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж хуульд заасан учир алдангийг 50 хувиар бодсон болно. Алаг тогоо ХХК нь өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөхгүй бидэнд санхүүгийн хохирол учруулж байна. Иймд түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 309.594.428 төгрөг, алданги 154.797.214 төгрөг, нийт 464.391.642 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бат-Очир, Д.Доржсүрэн нар нь хариуцагч Алаг Тогоо ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 464.391.642 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч ...түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 464 391 642 төгрөг гаргуулах... нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ ...талуудын хооронд өөрөө буулгагч болон эксковатор техник түрээслэх гэрээ байгуулагдсан, түрээслэгч түрээсийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тул алдангийн хамт нэхэмжилж байна... гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Д.Доржсүрэн өөрийн өмчлөлийн 81-80 улсын дугаартай норд маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг техникийг мэргэжлийн 1 операторын хамт хариуцагч буюу түрээслэгч Алаг тогоо ХХК-д 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл түрээслэж, түрээсийн төлбөрт хариуцагч 1 сарын 7000 000 төгрөг төлөхөөр харилцан тохирч 2018 оны 11 сарын 07-ны өдөр 18/08 тоот түрээсийн гэрээ бичгээр байгуулсан байна.
Энэхүү гэрээний хугацааг дээрх нөхцөлөөр 2019 оны 01 сарын 03-ны өдрөөс 2019 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл, 2019 оны 06 сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл тус тус сунгасан байна. /хэргийн 6-14 дүгээр тал/
Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Б.Бат-Очир өөрийн өмчлөлийн 10-17 УБ улсын дугаартай DX520LC маркийн эксковатор тээврийн хэрэгсэл техникийг мэргэжлийн 1 операторын хамт хариуцагч буюу түрээслэгч Алаг тогоо ХХК-д 2018 оны 03 сарын 16-ны өдрөөс 2018 оны 06 сарын 16-ны өдөр хүртэл түрээслэж, түрээсийн төлбөрт хариуцагч 1 сарын 35 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохирч 2018 оны 03 сарын 16-ны өдөр 2018/02 тоот түрээсийн гэрээ бичгээр байгуулсан байна. /хэргийн 13-18 дугаар тал/
Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Б.Бат-Очир өөрийн өмчлөлийн 43-00 улсын дугаартай хюьндай-500 маркийн эксковатор тээврийн хэрэгсэл техникийг мэргэжлийн 1 операторын хамт хариуцагч буюу түрээслэгч Алаг тогоо ХХК-д 2019 оны 06 сарын 27-ны өдрөөс 2019 он дуустал хугацаагаар түрээслэж, түрээсийн төлбөрт хариуцагч 1 сарын 35 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохирч 2019 оны 06 сарын 27-ны өдөр 19/08 тоот түрээсийн гэрээ бичгээр байгуулсан байна. /хэргийн 19-22 дугаар тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасан түрээсийн гэрээ тус тус байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзлээ.
Түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч нарын шаардах эрх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.4, 232.7, 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.Доржсүрэн, хариуцагч Алаг тогоо ХХК-ийн хооронд 2018 оны 11 сарын 07-ны өдөр байгуулагдсан 18/08 тоот түрээсийн гэрээний 5.1-д түрээсийн төлбөр 1 сарын 7 000 000 төгрөг байхаар, нэхэмжлэгч Б.Бат-Очир, хариуцагч Алаг тогоо ХХК-ийн хооронд 2018 оны 03 сарын 16-ны өдөр байгуулагдсан 2018/02 тоот түрээсийн гэрээний 5.1-д түрээсийн төлбөр 1 сарын 35 000 000 төгрөг байхаар, нэхэмжлэгч Б.Бат-Очир, хариуцагч Алаг тогоо ХХК-ийн хооронд 2019 оны 06 сарын 27-ны өдөр байгуулагдсан 19/08 тоот түрээсийн гэрээний 5.1-д түрээсийн төлбөр 1 сарын 35 000 000 төгрөг байхаар талууд тус тус тохиролцжээ.
Алаг тогоо ХХК дээрхи түрээсийн гэрээнүүдийн дагуу техник эд хөрөнгүүдийг өөрийн эзэмшил ашиглалтдаа шилжүүлэн авч ашигласан бөгөөд өөрөө буулгагч болон эксковатор техник эд хөрөнгийн түрээсийн төлбөрт нийт 309 594 428 төгрөг төлөөгүй төлбөрийн үлдэгдэлтэй болох нь Алаг тогоо ХХК-ний хийсэн үлдэгдэл тооцоо баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 23-25 дугаар тал/
Хариуцагч түрээсийн гэрээний 5 дугаар зүйлд заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ тохирсон хугацаанд, зохих ёсоор бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч гэрээний 6.4, Иргэний хуулийн 232.4, 232.7-д зааснаар гэрээний хариуцлага буюу алданги шаардах эрх үүссэн гэж үзнэ.
Хариуцагчид 2020 оны 11 сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй. /хэргийн 27-29 дүгээр тал/
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Алаг тогоо ХХК-аас түрээсийн гэрээний үүрэг үндсэн төлбөр 309 594 428 төгрөг, алданги 154 797 214 төгрөг нийт 464 391 642 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Доржсүрэн, Б.Бат-Очир нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2479909 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Алаг тогоо ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 2479909 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор тогтоов.
2021 оны 01 сарын 11-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч ханган шүүх хуралдааныг хойшлуулсан, энэ хугацаанд өмгөөлөгч ирээгүй, 2021 оны 02 сарын 04-ны өдөр хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч талын хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг тайлбарлах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Алаг тогоо ХХК-аас түрээсийн гэрээний үүрэг үндсэн төлбөр 309 594 428 төгрөг, алданги 154 797 214 төгрөг нийт 464 391 642 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Доржсүрэн, Б.Бат-Очир нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 479 909 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 479 909 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 14-ны өдрийн 102/ШЗ2021/00655 дугаар Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ