| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/43 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2024/0042/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Т.А нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Жавзандуламаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.А-т холбогдох 2439000000011 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Т.А нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "******* уурхай" гэх газарт байрлах ажилчдын монгол гэрт С.А-тай "бичлэг хийсэн" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн нүүр, толгой хэсэгт нь өшиглөж, гараараа цохих зэргээр зодож, түүний эрүүл мэндэд "уруулын дотор талд няцарсан шарх, цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч С.А-ын өгсөн: ...Би Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт байдаг ******* гэх газарт 2023 оны 10 дугаар сараас хойш жонш олборлох ажил хийж байсан юм. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хамт ажилладаг З гэдэг залуу эхнэр *******, *******, ******* гэдэг хүмүүсийн хамт амарч байхад ******* гэх залуу ******* сум яваад 0,75 литрийн 4 шил Хараа нэртэй архи авч ирсэн. Тэгээд *******, З , ******* нар архи задлахаар нь би эхний нэг шил архинаас нь 2,3 хундага уучихаад дахиж уухгүй гээд утсаа хараад хэвтэж байсан. Тэгээд 21 цагийн орчим З , *******, ******* нар үлдсэн 3 шил архиа бүгдийг нь ууж дуусгаад З нь эхнэр *******тойгоо хэрүүл маргаан үүсгээд байхаар нь чи яагаад дандаа эхнэртэйгээ хэрэлдэж байдаг юм гээд утсаа бариад хэвтэж байхад чи муу бичлэг хийгээд байгаа юм уу гээд намайг баруун орон дээр хэвтэж байхад ирээд нүүр хэсэг рүү маань 1 удаа өшиглөсөн. тэгтэл миний амнаас цус гарахаар нь доошоо тонгойтол нүүр хэсэг рүү өвдөглөөд дээрээс цохиод байсан. Тэгтэл гаднаас ******* гэх залуу орж ирээд З надаас салгах гээд дийлэхгүй байгаа юм уу эсхүл согтчихоод тэр юм уу хажууд унаж өгөөд л байсан. Тэгээд би сүүлдээ аргаа бараад болъё оо гэж гуйгаад болихоор нь гал тогооны гэрт ороод хэсэг сууж байтал тэд нар унтчих шиг болсон. Тэгэхээр нь би гэртээ ороод унтах гэтэл З гэх залуу сэрээд дахиад миний нүүр хэсэг рүү гараараа цохиод байхаар нь хөнжил, гудасаа аваад гал тогооны гэрт орж унтаад маргааш нь Бэрх тосгонд ирж эмнэлэгт үзүүлсэн...Бид нар З гэж дуудаад сурчихсан юм албаны нэрийг нь А гэдэг...Би З гэх хүнд хийсэн гэм байхгүй эхнэртэйгээ муудаж хэрүүл хийгээд байхаар нь үг хэлснийхээ төлөө ийм болтлоо зодуулсандаа гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуу/
Гэрч ******* өгсөн: ...Тэгээд би юу болсон талаар мэдэхгүй тасраад унтчихсан байсан. Би шөнө сэрээд гал тогооны гэрт ороход А ах гал тогооны гэрт нүүр ам, нүд нь битүү хаван цус болчихсон байсан. Тэгээд та яагаа вэ гэж асуухад ax надад Т.А намайг зодоод гэж хэлсэн. Тэгээд би эргэж гэртээ ороод унтсан...гэх мэдүүлэг /хх-ийн 28 хуу/
Гэрч Б.*******баатарын өгсөн: ...Тэгээд би гал тогооны гэрт ороод тогооч эгчтэй юм яриад сууж байхад зүүн гэрт чимээ гараад түжигнээд байсан санагдаж байна. Би тухайн үед архи уусандаа манараад зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. Тэгээд би гэр рүүгээ ороод унтах гэж байхад А эхнэртэйгээ хамт хэвтэж байсан. Мөнхтулга бас унтаж байсан. Тэгээд би унтаад маргааш өглөө нь сэрэхэд А ах гэртээ унтаагүй байхаар нь яасан юм гэхэд баруун талын гал тогооны гэрт унтаж байгаа гэсэн. Тэгтэл дараахан нь А ах нүүр ам, хамар нь битүү хаван болчихсон гэрт орж ирээд А аа чи арай ч дээ би чамд ямар гэм хийсэн юм гэж хэлээд гараад яваад өгсөн. Дараахан нь машин ирээд А ах явсан...Би маргааш нь сэрэхэд А , А нар хоорондоо муудаж маргалдсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32 хуу/
Гэрч өгсөн: ...Би Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* уурхай гэх газарт тогооч хийдэг юм. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр би гал тогооныхоо гэрт оройн хоолоо хийгээд ажилчдаа хоолоо ид гэж дуудсан юм. Тэгтэл А гэх залуу түрүүлээд орж ирээд сууж байхад араас нь А гэдэг залуу орж ирээд хоорондоо маргалдаад байх шиг байсан. Тэгээд хоёулаа хоолоо идчихээд гарч яваад хэсэг хугацааны дараа А манайд нүүр ам, хамар нь битүү цус болчихсон орж ирэхээр нь чи яагаа вэ гэхэд А т зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд орой нь А өөрийнхөө унтдаг гэрээсээ гудас, хөнжлөө авч орж ирээд манайд унтаад маргааш өглөө нь босоод машин дуудаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт:
1.2. С.А-ын биед уруулын дотор талд няцарсан шарх, цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
6. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмыэ 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-ийн 46-47 хуу /
Т.А ийн яллагдагчаар өгсөн: ...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ойролцоогоор 21 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг ******* уурхай гэх газарт байрлах ажилчдын монгол гэрт хамт ажилладаг А гэх залууг зодож цохин биед нь гэмтэл шарх учруулсан, надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна... би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...тухайн үед А гэх залуу гар утсаа над руу харуулчхаад бичлэг хийгээд байх шиг болохоор нь би уурлаад л А гэх залууг зодоод цохичихсон юм...намайг манай ах дүү, хамаатан садан, найз нөхөд, танилууд маань З гэж дууддаг. Уг нь миний жинхэнэ нэрийг маань А гэдэг...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Т.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 хуу/
Т.А ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 102-103 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.А т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Т.А нь 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн орчим согтуурсан үедээ Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг "******* уурхай" гэх газарт байрлах ажилчдын гэрт С.А-тай "бичлэг хийсэн" гэх шалтгаанаар маргалдаж, түүний нүүр, толгой хэсэгт нь өшиглөх, гараараа цохих зэргээр зодож, уруулын дотор талд няцарсан шарх, цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Т.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч С.А, гэрч , гэрч Б.*******баатар, гэрч , шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Т.А нь хохирогч С.А ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан уруулын дотор талд няцарсан шарх, цус хуралт, зүүн зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Т.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч С.А нь эмчилгээний зардалтай холбоотой ямар нэгэн нэхэмжлэл, нотлох баримт гаргаагүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, мөн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагаар тогтоох дүгнэлтийг гаргасан.
Хэрэгт авагдсан “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолын хуулбараас үзэхэд шүүгдэгч Т.А т Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. гэж заасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлэх гэмт хэрэгт хамаарч байх тул түүнд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсэн гэж үзэн энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэх ялгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.А ийг 640 /зургаан зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ