| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2021/00495/И |
| Дугаар | 102/ШШ2021/00497 |
| Огноо | 2021-03-01 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2021/00497
| 2021 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2021/00497 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 хороо, үйлдвэрийн бүс гудамж, 53/8 байр, 18 тоотод оршин суух, рд:рг82100908, Мянган овогт Зинамидирийн Даваадэлгэрийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 хороо, Мандал овоо, 12-р гудамж, 12 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 20 хороо, үйлдвэрийн бүс гудамж, 53/8 байр, 18 тоотод оршин суух, рд:чс80052912, Боржигин овогт Арслангийн Батсайханд холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууц, автомашин, гэрийн бүх тавилга, цахилгаан хэрэгсэл гэх мэт бүх зүйлсүүдийг хүүхдүүдийн нэр дээр буюу миний нэр дээр үлдээж өгөхийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Даваадэлгэр, хариуцагч А.Батсайхан нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Мөнх-Ундраа шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... Зинамидир овогтой Даваадэлгэр миний бие нь Арслан овогтой Батсайхантай 2006 онд танилцан хамт амьдарч эхэлсэн бөгеөд 2015 оны 1 сарын 20-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж 1116750135 тоот гэрлэлтийн гэрчилгээ авсан. Хамтран амьдрах хугацаанд 2007оны 09-р сарын 16-ны өдөр хүү Батсайханы Анхбаяр төрсөн. 2011 оны 09-р сарын 28-ны өдөр хүү Батсайханы Азбаяр төрсөн. 2019 оны 05-р сарын 18-ны өдөр хүү Батсайханы Тулга төрсөн. Батсайхан нь архины байнгын хэрэглээтэй болоод 5 жил болж байгаа учраас бид зан харилцааны тааламжгүй байдал үүсэн байнгын хэрүүл маргаантай хүүхдүүдийн дэргэд эхийг нь элдэв муу үгээр доромжлох, архи уух, /тэр ч бүү хэл 2021 оны 1 сарын 28-ний орой өөрийн мэдрэлгүй болтлоо согтон хүүхдүүдийн нүдэн дээр гал тогооны тавилга руугаа шээсэнд би маш их цочролд орж байна мөн ажил төрөл хийж амьдралынхаа төлөө гэх зорилго төлөвлөгөө муутай үглэж уурлаж биднийг өөрийнхөө ая тааваар байлгах гэдэг нь хүүхдүүдийн хүмүүжилд маш муугаар нөлөөлж нэг ёсондоо гэр бүлийн хүчирхийлэл хэлбэрт шилжиж байна хэмээн үзэж байна. Архинаас хол хөндий байлгах гэж би маш их хичээсэн жишээ нь Америк болон Солонгос улсруу хүртэл өр зээлгүй машинаа зараад мөнгөөр нь виз зардал гаргаад ажил сайн хийгээд орлого мөнгө олоод газар үзээд ирээрэй гээд явуултал 2 хоног ажиллаж үзээд л буцах зардал өг гэж нэхсээр ямар ч ажил хийлгүйгээр барахгүй дээрээс нь америк ирж очих бүх нислэгийн мөнгөнүүд буцаалт авахгүй боломжгүй болгоод намайг санхүүгийн хүндрэлд оруулаад буцаад ирсэн байдаг.
Архины нөлөөтэй орчинд инээд хөөр аз жаргалгүй хүйтэн хөндий нөхцөл байдалд 3 хүүгээ өсгөх боломжгүй гэж эх хүн миний бие үзэж байна. Мөн байнгын сэтгэл зүйн дарамт миний эрүүл мэндэд ч муугаар нөлөөлдөг болсон. Урьд нь хэд хэдэн удаа архи ууж маргалдсаны улмаас цагдаад дуудаж өгч байсан. Нэг бус удаа надад гар хүрч байсан. Иймд архины байнгын хэрэглээтэй, сэтгэл санаа болон бие махбодийн гэр бүлийн хүчирхийлэлтэй, гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн эрх зөрчигдөж хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандахгүйгээр нэхэмжлэлээ гаргасан болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлд зааснаар байнгын сэтгэл санааны дарамт хүчирхийллээс болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн эрх зөрчигдөж хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй тул бидний гэрлэлтийн баталгааг эвлэрэх хугацаа өгөхгүйгээр цуцалж 3 хүүхдийг минь гэр бүлийн тухай хуулийн 14.5 зүйлд зааснаар миний асрамжинд үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү. БГД 20 хороо, үйлдвэрийн бүс гудамж 53/8 байр 18 тоотод байрлах ЗОмвк 1өрөө орон сууц, 05-18 УАК тоёота Акуа маркийн машин болон гэрийн бүх тавилга цахилгаан хэрэгсэл гэх мэт зүйлсүүдийг хүүхдүүдийн нэр дээр буюу тодруулбал миний нэр дээр үлдээж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэлийн 4 шаардлагынхаа 2 шаардлагаасаа татгалзаж байгаа. Эд хөрөнгийн маргаантай холбоотой нэхэмжлэл, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Эд хөрөнгө болон хүүхдийн тэтгэлгийн талаар бид хоорондоо яриад тохиролцсон учир татгалзаж байна. Би А.Батсайхантай 2006 онд танилцаад, 2007 оноос хойш хамтран амьдарсан. Бидний дундаас 2007 он, 2011 он, 2018 онуудад 3 хүүхэдтэй болсон. Салах болсон гол шалтгаан хоорондын таарамжгүй байдлаас болж байнга хэрүүл маргаантай байдаг. Мөн хариуцагч А.Батсайхан архи их уудаг учир шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Хүүхдүүдийн хажууд эцэг, эх нь байнга хэрүүл маргаантай, сайн муугаа дуудаад байх хэцүү байдаг. Хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байгаа учир салах шаардлагатай болсон. Бид хоёр нилээн таарамжгүй байдаг. Сүүлийн жилүүдэд архийг их уух болсон. Архи согтууруулах ундааг хүүхдүүдийн дэргэд хэрэглэж байгаа нь нэг талаараа хүчирхийлэл гэж үзэж байгаа. Хэрэлдэж муудсанаас болж, гар хүрэх тохиолдолд гарч байсан. Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, эд хөрөнгийн маргаан байхгүй... гэв.
Хариуцагч А.Батсайхан 2021 оны 02 сарын 09-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: ...хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байна бусад бүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна ... гэжээ.
Хариуцагч хуралдаанд гаргасан тайлбартаа: .... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хэлсэн бүхэн үнэн. Нэмж хэлэх зүйл байхгүй... гэв.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Даваадэлгэр хариуцагч А.Батсайханд холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууц, автомашин, гэрийн эд хогшил хөрөнгийг хүүхдүүдийн буюу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдааны үед нэхэмжлэгч эд хөрөнгөтэй холбоотой, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар хариуцагч талтай харилцан тохиролцсон үндэслэлээр татгалзаж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага дэмжсэн болно.
Шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзсаныг баталж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч З.Даваадэлгэр, хариуцагч А.Батсайхан нар 2007 оны 01 сарын 05-ны өдөр гэр бүл болсноо 2015 оны 01 сарын 20-ны өдөр бүртгүүлж хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2011 оны 9 сарын 28-ны өдөр хүү Б.Азбаяр, 2007 оны 9 сарын 16-ны өдөр хүү Б.Анхбаяр, 2019 оны 5 сары 18-ны өдөр хүү Б.Тулга нар төрсөн болох нь гэрлэгсдийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 7-14 дүгээр тал/
Хариуцагч архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдгээс үүдэн зохигчид хоорондоо байнгын хэрүүл маргаантай байх болсон, энэхүү эцэг эхийн таарамжгүй бие биенээ үл хүндэтгэсэн харьцаа, байнгын хэрүүл маргаан, элдэв муу үгээр биенээ доромжлох, гар хүрч зодох зэрэг хүчирхийлэл дарамт нь хүүхдүүдийн сэтгэл санаа, эрүүл мэнд, сурлага хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй тул талуудад эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар тохиролцож, маргаагүй.
Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2011 оны 9 сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Азбаяр, 2007 оны 9 сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Анхбаяр, 2019 оны 5 сары 18-ны өдөр төрсөн хүү Б.Тулга нарыг эх З.Даваадэлгэрийн асрамжид үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Мянган овогт Зинамидирийн Даваадэлгэр, Боржигин овогт Арслангийн Батсайхан нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 9 сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Азбаяр, 2007 оны 9 сарын 16-ны өдөр төрсөн хүү Б.Анхбаяр, 2019 оны 5 сары 18-ны өдөр төрсөн хүү Б.Тулга нарыг эх З.Даваадэлгэрийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч эд хөрөнгө хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор шийдвэрийн хувийг гэрлэлтийг бүртгэсэн Иргэний Гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ