Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1203

 

                                                                       МАГАДЛАЛ

 

2018.05.23                                                     Дугаар 1203                             Улаанбаатар хот

 

 

 

 

Д Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00897 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б-т холбогдох,

 

9 040 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Б.Б нь 2009 оноос Д Ф ХХК-д ажиллаж байгаад 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр №БГ0819 дугаартай Хүнсний бараа зээлээр борлуулах гэрээ байгуулан, Нарантуул зах дээр хүнсний бараа худалдан борлуулж эхэлсэн. Б.Б нь 2008-2010 онуудад тус компанид борлуулагчаар, 2010-2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Нарантуул захад компанийн гэрээт борлуулагчаар, 2012 оны 12 дугаар сарын 27-ноос 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Хүнсний бараа зээлээр борлуулах гэрээгээр, 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2013 оны 08 сар хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 30 517 277 төгрөгийн зөрүү гарсан болохыг тооцоо нийлсэн акт үйлдэж өр төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн. Ингээд үүссэн өр болох 30 517 277 төгрөгийг барагдуулах зорилгоор 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Д З ХХК , Д Ф ХХК-ийн ерөнхий захирал У.М , түүний төлөөлөгч Б.М , борлуулагч Б.Б-ын төрсөн эгч Б.Ч нар Барьцаат зээлийн гэрээ байгуулан харилцан тохиролцож 9 482 723 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн зээлээр олгож, нийт 40 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаанд 1.4%-ийн хүүтэйгээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Б.Б 2013 онд тус компанийн ажилтнаар ажиллахдаа 3 549 699 төгрөг, 1 365 000 төгрөг, нийт 4 951 199 төгрөгийн дутагдлыг 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үүсгэсэн. 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Б.Б-ын үүсгэсэн өр 44 008 273 төгрөг болсон бөгөөд үүнээс 13 440 000 төгрөгийг төлсөн. Барьцаат зээлийн гэрээний үүрэг 44 008 273 төгрөгөөс түүний төлсөн 13 440 000 төгрөгийг хасаад үндсэн зээлийн үлдэгдэл 27 000 297 төгрөг, алданги 3 568 000 төгрөг, нийт 35 519 478 төгрөгийг нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тус тус шийдвэрлэж, Б.Б-оос 20 952 376 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн. Б.Б-оос   4 951 199 төгрөгийн авлагатай болохыг нотолсон баримтгүй тул түүний 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн өрөөс зөвшөөрснөөр 3 875 099 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн. Дээрх 35 519 478 төгрөгийн нэхэмжлэлд Б.Б-т 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зээлээр олгосон 9 040 500 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг оруулаагүй юм. Ер нь түүний үүсгэсэн өрөөс үлдэх 10 600 000 төгрөгийн талаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд 1 100 000 төгрөгийн баримт байхгүй учир хасаад түүнд 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олгосон барааныхаа падааныг үндэслэн 9 040 500 төгрөг нэхэмжилж байгаа болно. Өглөг, авлагын баримтад 40 000 000 төгрөгийг барагдуулсан гэж харагдуулсан боловч үлдэгдэл 9 040 500 төгрөгийг бодитойгоор төлөөгүй. Б.Б-той 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлэхэд             30 517 000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар тооцоо нийлсэн, үүнээс хойш 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 9 040 500 төгрөгний бараа, 400 000 төгрөг бэлнээр өгөөд үлдэгдэл тооцоон дээр 40 000 000 төгрөг гэж мухарлан гэрээ байгуулсан боловч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэ 9 482 723 төгрөгийг нэхэмжлээгүй юм. Хэргийн 16 талд байгаа     9 040 500 төгрөгийн зарлагын падаан бол шүүхээр шийдвэрлэгдээгүй, хэлэлцэгдээгүй баримт бөгөөд Б.Б-оос зээлээр олгосон барааныхаа үнийг нэхэмжилж байгаа болно. Иймд Б.Б-т 442 223 төгрөг өгсөн талаарх баримтгүй учир үүнээсээ татгалзаж, зээлээр олгосон барааны үнэ 9 040 500 төгрөгийг нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Д Ф ХХК-ийн нягтлан бодогч нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Б.Б-ыг урьдчилсан байдлаар тооцоо нийлье гэж дуудаад тооцоо нийлсэн байсан. Тухайн үедээ жилийн эцсээр тооцоо эцэслэн гарах тул урьдчилсан байдлаар тооцоо нийлэх талаар хэлсэн байдаг. Тэгсэн мөртлөө жилийн эцсээр өглөг, авлагын тооцоог тулгаж зөрүүг тасалбар болгосон зүйл байхгүй. Тухайн үед 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тооцоо нийлэхэд 30 517 227 төгрөгийн дутагдалтай гарсан бөгөөд түүнийг мөн өдөр ажлаас чөлөөлсөн. 2013 оны 03 дугаар сарын 01-нээс 2013 оны 8 сар хүртэл Д Х ХХК захирал У.М ын санал болгосноор Нарантуул зах дээр тус компанийн 309 тоот хүнсний агуулахад борлуулагчаар ажиллаад дахин 4 951 199 төгрөгийн өртэй болсон. Б.Б-ын өрийг барагдуулахын тулд 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Д Х ХХК захирал У.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М-тай 40 000 000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээ байгуулан, өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалсан. Энэ зээлийн гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлэн аваагүй гэдгийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдөр шийдвэрлэсэн. Д Х ХХК захирал У.М  нь 20 литрийн савлагаатай тосыг зөвхөн Б.Б давуу эрхтэйгээр Нарантуул зах дээр борлуулах, ийнүү борлуулсны ашгаар өрөө барагдуулах боломж олгосон учир орон сууцаа барьцаалсан барьцаат зээлийн гэрээ байгуулсан юм. Нарантуул захад тос борлуулах давуу эрхийг Б.Б-т эрх олгосон мөртлөө 3 сар ажиллуулаад дөнгөж ашигтай ажиллах нөхцөл бүрдэж байтал тэр эрхээ өөр хүнд шилжүүлээд ажиллуулаад эхэлсэн. Б.Б-той өмнөх бүх тооцоог 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгож тооцоо нийлэхэд 30 517 277 төгрөг гэж нийлсэн, дараа нь 2013 оны 8 сар хүртэл ажиллуулаад 4 951 199 төгрөгийн өр гарсан, энэ бүгдийг нийлүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгосон. Түүнтэй холбоотой үүссэн өр дутагдлыг шүүх шийдсэн гэж үзэж байна. Гэтэл 2012 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 9 040 500 төгрөгийн зарлагын падаан гаргаж ирээд нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Иймд Б.Б-оос 9 040 500 төгрөг нэхэмжилсэн Д Ф ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Б-оос 9 040 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д Ф ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д Ф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 166 674 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Энэ     9 040 500 төгрөгийн зарлагын падаан бол шүүхээр шийдвэрлэгдээгүй, хэлэлцэгдээгүй баримт бөгөөд Б.Б-оос зээлээр олгосон барааныхаа үнийг нэхэмжилж байгаа болно. Иймд Б.Б-т 442 223 төгрөг өгсөн талаарх баримтгүй учир үүнээсээ татгалзаж, зээлээр олгосон барааны үнэ 9 040 500 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг шүүх 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 669 дүгээр шийдвэрээр Б.Б-оос               20 952 376 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр ажиллагаа явагдаж Б.Б нь Д Ф ХХК-д  дээрх төлбөрийг төлж барагдуулсан гэж шүүх үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж үзэж 2010 он, 2012 онд байгуулсан гэрээний үүргийг дүгнэсэн гэж үзэж Д Ф ХХК-иас Б.Б-т олгосон барааны үнэ болох 9 040 500 төгрөгийг шийдвэрлэсэн гэж үзэж болохгүй юм. Д Ф ХХК-иас өмнө нь              35 519 478 төгрөгийг нэхэмжлэхдээ 9 040 500 төгрөгийг хэдий дурьддаг боловч баримтаар гаргаж өгөөгүй учраас 9 040 500 төгрөгийг нэхэмжлээгүй, мөн шүүх шийдвэрлээгүй байдаг. Мөн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д "өөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно", мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ" гэжээ. Шүүх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдриин 884 дүгээр шийдвэрээр 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний үүрэг шаардсан У.М ын нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж нэхэмжлэгч Д Ф ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээгээр олгосон төлбөр болох 9 040 500 төгрөгийг нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзжээ. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргаан давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч Б.Б-оос 20 952 378 төгрөгийг Д Ф ХХК-д  олгохоор шийдвэрлэсэн. Иймд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д Ф ХХК нь хариуцагч Б.Б-т холбогдуулан барааны үнэ 9 040 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч төлбөрийн тооцоо дууссан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2010 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан “Хүнсний бараа зээлээр борлуулах” гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч компанид бараа борлуулагчаар ажиллаж байсан, талуудын хооронд 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэргийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1071 тоот шийдвэрээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагчаас одоо нэхэмжилж байгаа мөнгөн төлбөрийн асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа энэ талаар “...9 040 500 төгрөгийг төлсөн гэж харагдаж байгаа боловч энэ мөнгийг төлөөгүй...” гэх харин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо нэхэмжлэгч “...2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр              9 482 723 төгрөгийн барааг Б.Б-т олгож, нийт 40 000 000 төгрөгийн өр шинээр үүсгэж сарын 1.4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн барьцаат зээлийн гэрээ байгуулсан...” гэсэн байна. /хэргийн 39, 51 дэх тал/

Б.Б , Б.Ч нарт холбогдуулан зээл 40 000 000 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 884 дүгээр шийдвэрлэсэн байна.

                                                                                                            /хэргийн 140-143 дахь тал/

Түүнчлэн нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримтад 2012 оны 12 дугаар сарын    29-ний өдөр Б.Б-т 9 040 500 төгрөгийн барааг олгосон гэсэн ба нэхэмжлэгч нь энэ мөнгийг гаргуулахаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл      гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж зааснаар нэхэмжлэгч шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00897 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 159 598 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   

                        ШҮҮГЧИД                                            Н.БАТЗОРИГ                                    

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ