| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2017/0065/э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-04-20 |
| Зүйл хэсэг | 089.2., 175.2., 18.5.1., 19.14.1., |
| Улсын яллагч | Б.Баярмагнай |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 25
Ц.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Туяа, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Б-д холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай, 4 хавтас хэргийг шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор Б.Баярмагнай, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа нар оролцов.
Монгол улсын иргэн, 1983 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын .. оршин суух, Т овогт Ц-ийн Б, регистрийн дугаар:...
Шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогч З.С-ын олон тооны буюу 9 тооны адуу хулгайлж 6.850.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 11-ний шөнө хилийн 176/2 дугаар тэмдэгтийн чиглэлээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.С-ын 7 тооны адууг Оросын Холбооны Улсын тал руу хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримтлан Увс аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
шүүгдэгч Ц.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан олон тооны мал хулгайлах, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, мөн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1, 89 дүгээр зүйлийн 89.1-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох боломжтой гэж ойлгож байна. Мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхдээ Ц.Б миний эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэсэнд би гомдолтой байна. Хохирогч З.Сын 2 тооны мал хэзээ үхсэн нь тодорхой бус долоон тооны малыг хулгайлснаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлж барагдуулсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугар зүйлийн 145.1-т зааснаар хариуцлага хүлээлгэн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.Б-ын ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:”Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.Бын давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 201620000087 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 11-ны өдрийн хооронд Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутаг “Тарвагатайн хөдөө” гэх газраас хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлж, 2016 оны 4 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Монгол Улсын хилийг нэвтэрч 7 тооны адууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, уг дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдын олон тооны буюу 9 тооны адууг хулгайлсан, улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.
Шүүгдэгч Ц.Бын “Анхан шатны шүүх миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь 2002 оны Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болох байсан. Мөн миний бие хохирогчийн 7 тооны адуу хулгайлсан байхад олон тооны буюу 9 тооны адуу хулгайлсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан тул миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү “ гэх утга агуулга бүхий гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Прокурорын газраас “Ц.Быг бусадтай бүлэглэж 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багийн нутгаас хохирогч З.Сын 9 тооны адуу хулгайлсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн бусадтай бүлэглэж 2016 оны 04 дүгээр сарын 11-ний шөнө Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч, хохирогч З.Сын 7 тооны адууг хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт” зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчлөж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн шүүх Ц.Бын 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Харин Ц.Бын улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг нь 2002 болон 2015 оны Эрүүгийн хуулийн аль алинаар нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Учир нь:
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр ангилалын гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар заасан, харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар тус тус зохицуулсан бөгөөд Ц.Б нь хууль бусаар улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жилийн хугацаа өнгөрөөгүй байна.Шүүх шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэх зарчмыг баримтлаж, шүүгдэгчийн хууль бусаар улсын хил нэвтэрсэн үйлдлийг зүйлчлэхдээ оногдуулах торгох ял нь хөнгөрсөн гэж дүгнэж, түүний үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилсэнийг буруутгах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Б нь хохирогч З.Сын 9 тооны адуу буюу олон тооны мал хулгайлсан болох нь хохирогч З.Сын “ ...2016 оны 2 сард манай адуунаас 9 адуу тасарсан ба адуу бөөргийн бөгс гэдэг газар бэлчиж байсан бөгөөд 2 морь, 4 гүү, 3 даага, нийт 9 тооны адуу алга болсон. Өвлийн ид хүйтний үе байсан тул адуугаа хайж чадаагүй. Тэгтэл ОХУ-ын талд аагт олом тамгатай адуу хураагдсан тухай сонсоод асуухад миний гүү байсан юм. Уг адууг 4-р сард улсын хилээр нэвтрүүлж, нядлагдсан гэж хэлж байсан. Би өөрийнхөө адууг хайгаад 4 дүгээр сарын сүүлээр буюу 20-ны үед Зүүнговь сумын нутаг буюу Тарвагатайн хөдөө гэдэг газар явж байхад миний хонгор гүү, хул гүү 2 үхсэн байсан. Би сэг дээр нь очиж үзэхэд 10-аад хоногийн өмнө үхсэн болов уу гэмээр нэг их муудаагүй байсан.
Миний хоёр гүү хоёулаа хээлтэй гүү байсан, хөөгдөж яваад үхсэн болов уу гэлтэй цувраад үхсэн байсан“ гэх мэдүүлгээр нотлогдсон, уг мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт авагдаагүй байх тул Ц.Быг бусдын олон тооны буюу 9 тооны адуу хулгайлсан гэж дүгнэж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хуулинд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 75 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б-ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Б-ын 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Н.МӨНХЖАРГАЛ