| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 1150/2024/0020/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/23 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Шүүгдэгч *,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, ***** овогт Б. М*** холбогдох эрүүгийн * тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, **** оны *** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, **** аймгийн *** эрхэлдэг, ам бүл *, эхнэр *** хүүхдийн хамт ***** аймгийн ****** сумын ** дугаар баг *** тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б. М**** (РД:*****).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ****** аймгийн ****** сумын ***** нэртэй зоогийн газрын ойролцоогоос хохирогч ***** гээгдүүлсэн эд хөрөнгө болох ZTE blade V41 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
1.2024 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн хохирогч ******* өгсөн: ...01 цагийн үед санагдаж байна гарах гээд үүдэнд нь байж байгаад утсаа хайгаад олохгүй байхаар нь хамт явсан найзуудаасаа асуусан чинь ширээн дээр ямар ч байсан утас үлдээгүй гэж хэлж байсан. тэгээд орой ч болсон байсан учраас тэр өдрөө гэр рүүгээ харьчихсан юм. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ***** зоогийн газрыг ажиллуулдаг **** гээд охин руу чатаар камер шүүгээ өгөх боломжтой юу гээд асуусан чинь **** явж байна гэсэн байсан. ZTE blade V41 VITA3 маркийн хятад утас байсан. 2023 оны 09 дүгээр сард ***** М***** 1.059.000 төгрөгөөр худалдаж авч байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-р хуудас/,
2.2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” 2433000180013 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,
3.2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч Б.М******* мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 27 хуудас/
4.2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ****** ХХКомпанийн “Хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай” шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хавтаст хэргийн 9-10-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих байдлуулыг нотолсон байх тул шүүх дээрх баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үнэлсэн болно.
Прокурорын газраас шүүгдэгч ******* гээгдүүлсэн эд хөрөнгө болох гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэлэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.
Шүүгдэгч Б****** гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Шүүгдэгч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоогдсон эсэхийг хянаж, шүүгдэгч Б.М****** холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас яллагдагчтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн болох нь Прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, эрүүгийн хариуцлагын талаарх” саналаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 70-р хуудас/,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж зааснаас үзвэл шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага нь хуульд заасан төрөл, хэмжээний дотор байх тул хуульд нийцсэн гэж дүгнэлээ.
Энэ хэргийн улмаас хохирогч ******* нь “...гээгдүүлсэн эд хөрөнгө болох ZTE blade V41 загварын утсыг бүрэн хүлээж авсан тул гомдол саналгүй...” гэсэн байх тул шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хавтаст хэргийн 57-р хуудас/,
Иймд шүүгдэгч Б.М******** прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон хэмжээгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б. М***** гээгдүүлсэн эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М**** 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.М**** мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М****** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН